Wednesday 18 April 2012

”Сонгууль луйвардах 30 гаруй арга байдгийг би мэднэ”


Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.


-Та нэлээд удаан хугацаанд чимээгүй байлаа. Өнгөрсөн хугацаанд юу амжуулсан гэдгийг чинь сонирхохоос яриагаа эхлэх үү?


-Би 2008 оны сонгуулиас хойш хоёр жил хагасын хугацаанд МУИС-ын Хууль зүйн сургуульд хуулийн ангид суралцаад сая хоёрдугаар сард төгслөө. Энэ хугацаанд эрдэм номын мөр гайгүй сайн хөөлөө. Ингээд төгссөнийхөө дараа дөрвөн жил тутамд болдог сонгуулийн ажилд орсон. Сонгуулийн ажилд анхаарлаа тавьж, өөрөө нэр дэвшиж гарахаас илүү сонгуулийг шударга явуулах тал дээр нь илүү анхаарал тавих ёстой юм байна. Манай холбооныхон өмнөх сонгуулиуд дээр ямар луйвар бульхай хэрэглэж байсан талаар, саналын үр дүн үнэн зөв гардаг эсэх, олон улсын хэмжээнд сонгууль ямар байдлаар явагддаг талаар судалгаа хийсэн. Ингээд эцэст нь сонгуулийн санал авахдаа иргэний үнэмлэхнээс гадна Хүний хөгжлийн дэвтрийг нь ашиглах нь зүйтэй гэх дүгнэлтэд хүрлээ. Манайд иргэний үнэмлэхийг ашиглан сонгууль явуулсаар өдийг хүрсэн. Миний мэдэж байгаагаар сонгуулийг луйвардах 30 гаруй арга байна. Гол нь иргэн хүн хэнийг сонгох вэ гэх сонголтоо өгчихөөд байхад сонгоогүй хүнийг төрийн эрхэнд гаргана гэдэг Үндсэн хуулиар хангагдсан хүний эрхэнд халдаж, төрийн эрхийг хууль бусаар авч буй гэмт хэрэг шүү дээ. Энэ жилийн сонгуулиар эдгээр олон хууль бус аргуудыг хаах талаар Монголын ахмадын чөлөөт холбооныхон анхаарлаа хандуулсаар байх болно. Хүний хөгжлийн дэвтрийг иргэний үнэмлэхний хамтаар ашиглах нь сонгуульд их тустай. Энэ дэвтэр нь өөрөө нууцлал, тамга тэмдэгтэй, иргэний оршин суугаа хаягийн бичилт хийсэн зэргийг нь бодсон ч хамт сонгуульд ашиглана гэхэд буруудах зүйл байхгүй. Манайд иргэний үнэмлэхийг олон хувиар илүү хэвлэдэг. Мөн хаягийн наалтыг олон хувь илүү гаргадаг. Гадаадад амьдарч байгаа, нас барсан, цэрэгт явсан гээд сонгуулиа өгдөггүй хүмүүсийн оронд саналыг нь өгдөг. Бас Монголд байгаа Хятад иргэдэд манай иргэний үнэмлэхийг олноор олгосон байгаа. Тийм учраас Хүний хөгжлийн дэвтрийг давхар тулгаж үзэх хэрэгтэй гэж үзээд байгаа юм.

-Цахим үнэмлэхээр сонгууль өгөхөөр болсон шүү дээ. Түүгээр таны сая хэлсэн асуудлуудыг шийдчихэж байгаа юм биш үү?


-Цахим үнэмлэхэнд бид найдахгүй байгаа. Нэгдүгээрт, сонгууль өнөө маргаашгүй болох гэж байхад өнөөдрийг хүртэл цахим үнэмлэх хэвлэгдээгүй байна. Хоёрдугаарт, цахим үнэмлэх ашиглахдаа компьютер ашиглах гэж байна. Программ хангамж гэдэгт нь бас л асуудал үүсч болзошгүй. Тиймээс санал бодитоор гарч ирэх эсэх талаар эргэлзээ байсаар л байна.

Гуравдугаарт, Сонгуулийн бүртгэл, саналын асуудлыг хариуцах гол хүнээр МАН-ын нарийн бичгийн дарга Л.Амарсанааг томилсон нь эдгээр эргэлзээг улам лавшруулж байна. Энэ нам нь өнөөдрийг хүртэл хулгайн аргаар сонгуулийн саналыг авч ирсэн гэж бодохоор их ноцтой байна. Өнгөрсөн сонгуулийн дүнгээ асуух гэж очсон хүмүүсийг буудаж устгасан харгис ажиллагаа явуулсан. Дахиж үүнийгээ явуулах вий гэсэн болгоомжлол байна. Чингэлтэй дүүрэг дээр 2008 оны сонгуулиар сонгуулийн саналын 100 хуудас хулгайлж байгаад баригдсан Баатарсайхан гэж нөхөр одоо Иргэний бүртгэл мэдээллийн газрын сонгуулийн ажил хариуцсан хэлтсийн дарга хийж байгаа. Ингэж хулгайчид албан тушаал өгч байгаа нь дээд шатанд саналын хулгай хийх нь гэж харахаас өөр арга алга. Тэдний энэ үнэмлэхний луйврыг гаргуулахгүйн тулд л 21 мянган төгрөгийн дэвтрийг ашиглах хэрэгтэй гээд байгаа юм.

-Нэлээд хугацаа зарцуулж байж баталсан хуулинд авах зүйл ч бий, алдаатай зүйл нь ч бий байх. Таны бодлоор бол сонгуулийн хуулиас авах зүйл нь юу байна?

-Сонгуулийн хуулийг удтал хэлэлцэж байж шахаж баталсан. УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг зэрэг явуулна гэж өмнө тохирсон атлаа одоо үүнээсээ буцах болж. Мөн гулсалт гэсэн нэг зүйлийг ашиглаад нэг хүнд хоёр боломж өгөх зорилготой заалт оруулсан. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч намаас гарч ирэх нь л дээ. Энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэдэгтэй ч санал нийлж байгаа. Мөнгө төгрөг, бэлэг сэлт тараасан тохиолдолд хариуцлага тооцох зэрэг хариуцлагын механизм сайн орсонд талархалтай л байна. Гэсэн хэдий ч өнөөдөр хүртэл мөнгө бэлэг тараасаар л байна. Ингээд бодохоор цаасан дээрх л хууль болохоос биш амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн үг. Тэгэхээр сонгуулийн хуулийг маш түүхий л гэж дүгнэнэ дээ. Магадгүй эрх баригчдын төрийн эрхэнд дахиж яаж гарах вэ гэсэн бодлыг нь гүйцээхээр л хууль юм уу. Иргэдийн саналыг авч гараад хийх ёстойгоо хийж байгаа хүнд хамаа алга. Гэтэл чадахгүй байж гарч ирнэ гээд байгаа нь ямар учиртай юм бэ.

-Ярианы эхэнд “өөрөө нэр дэвшиж гарахаас илүү сонгуулийг шударга явуулах тал дээр нь илүү анхаарал тавих ёстой юм байна” гэснээс чинь таныг нэр дэвшихгүй байхаар шийдэж гэж бодлоо. Тийм үү, үгүй юу?

-Би нэр дэвшинэ. Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвших бодолтой байна.

-Хэнтэй өрсөлдөх нь вэ. Учраагаа судалж байна уу, тэгвэл?

-Хэнтэй ч өрсөлдсөн яадаг юм бэ. Хэн ч ирээд өрсөлдсөн надад айх зүйл алга. Бид бүгдээрээ л Үндсэн хуулийн дагуу сонгох, сонгогдох эрхтэй. Тэгш эрхтэйгээр л өрсөлдөнө гэж найдаж байгаа.

-Хуулийн сургуульд суралцахаас өмнөх Г.Баасан, өнөөдрийн Г.Баасан нарын хооронд ямар ялгаа байна даа?


-Хуулийн сургуульд суралцахаас өмнөх Г.Баасан таван удаа хууль бусаар баривчлагдаж байсан. Намайг өмгөөлөх өмгөөлөгч ч олддоггүй байсан. Мөн ямар нэгэн шүүх хуралд ороод үгээ хэлэх эрх хязгаарлагдмал байсан. Одоогийн Г.Баасан аль ч хуулийн чиглэлээр, хэний ч ярьсан яриаг хэн нь хуулийн дагуу зүйл ярьж байна, хэн хууль бус зүйл хэлж байна гэдгийг ялгаж салгах чадвартай болсон. Мөн өөрийгөө үндэслэлгүй баривчлуулаад байхгүй, өмгөөлөх хэмжээнд хүрсэн, өөр шигээ хүмүүст туслах хэмжээнд боломжтой боллоо.

-Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар хоёр сонгууль нэг өдөр зохион байгуулагдахаар байгаа. Гэхдээ хуулийн энэ заалтыг УИХ-ын зарим гишүүдийн улс төрийн тайлбар үгүйсгэж байх шиг байна. Боломжгүй, болохгүй гээд л. Энэ тал дээр эрх зүйч хүний хувьд тайлбар хэлээч?

-Хоёр сонгуулийг тусад нь, эсвэл хамтад нь хийх нь эрх баригчдын ашиг сонирхолтой нь холбоотой. Орон нутагт нэг нам нь, УИХ дээр нөгөө нам нь давамгайлсан байхад дээрээс гарсан шийдвэрийг орон нутагт нь унагадаг. Орон нутгаас санал санаачилга гарсан ч дээр нь дардаг. Бие биеэ чадах гээд ард түмнийг хохироодог. Хоёр сонгуулийг хамтад нь хийснээр үүнийг шийдвэрлэх боломжтой болно. 2,5-хан сая хүнтэй улсад сонгуулийг яагаад зэрэг хийж чадахгүй гэж. Тэгээд ч үүнээс нэг сая гаруй хүн л сонгуульд оролцоно шүү дээ. Бид энэ зэргийн зүйлийг шийдэх чадвартай болсон байлгүй дээ. 1990-ээд оноос хойш бид Ерөнхийлөгчийн сонгуультайгаа нийлүүлээд ес дэх удаагаа сонгууль өгөх гэж байна шүү дээ. Хэнд ямар ашиг сонирхол байгаа болоод ингэж хүчин төгөлдөр хуулийг үгүйсгээд байгааг харин тодруулж ил гаргах хэрэгтэй. Цаг хугацааны хувьд ч гэсэн хоёр сонгуулиа зэрэг явуулах нь үр дүнтэй. Бидэн шиг цөөхөн хүн ам, тархай бутархай оршин суудаг улс дахин, дахин сонгууль явуулаад байх ямар хэрэг байсан юм бэ.

-Та сонгууль луйвардах 30 гаруй арга байдаг гэлээ. Өмнөх сонгуулиар голлох ямар луйвар ашиглаж байсан бэ. Одоогийн хуулиар тэр луйврыг үгүйсгэж чадсан уу?

-Голлох луйвар нь иргэний үнэмлэхэн дээр л ажиллах шүү дээ. Иргэний үнэмлэхийг маш олноор хэвлэдэг. Тойрог хэсгийн хороодынх нь даргаар МАН-ын хуучин МАХН-ын л хүмүүс голдуу байдаг шүү дээ. Ганц хүнтэй айлыг таван ам бүлтэй болгочихсон ч байх шиг. Ер нь энэ намтай холбоотой зүйл их бий. Манай ард түмэн дандаа хожуу ухаардаг. Жишээ нь, лицензийн асуудлыг 2004 онд гаргаж тавиад “Монголын газар нутгийн дөрөвний нэгийг лицензээр худалдах нь гэж байна” гэж сэрэмжлүүлэхэд хэн ч ойлгохгүй байсан. Өнөөдөр ухуулж, түнхүүлээгүй газар нутагтай сум аймаг гэж байхаа больсон, газар болгон л жагсаал цуглаан хийж байна шүү дээ.

-2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг сонгууль дөхсөнтэй холбоотойгоор эрчээ авч байна. Улстөржсөн олон тайлбарууд, учир замбараагүй дүгнэлт дунд үнэн бодит байдал бүрхэг болох вий ч гэцгээж байна. “Жагсагч” хүний хувьд энэ хэрэгт ямар дүгнэлт өгч байна?


-Би ч яг долдугаар сарын 1-нд жагсаалд оролцоогүй л дээ. Харин маргаашнаас нь тэнд буудуулсан, шархадсан хохирогчдын араас явсан. Би үнэхээр чамгүй олон жил жагсч тэмцлээ. Сүхбаатарын талбай дээгүүр ч нэлээн эргэлдсэн. Цагдаа зоддог, Төрийн ордны хаалга ханз татсан гэх нэр ч авч үзсэн. Бишгүйдээ л муугаараа дуудуулсан. Энэ бүхнийг бодохоор долдугаар сарын 1-ний цуглаан тэгж их дийлэхээ болихоор тийм жагсаал, цуглаан болоогүй шүү дээ. Тэр өдөр өөрсдөө тэд шоу зарлачихсан байсан. Сургуулийн насны хүүхдүүд түүнийг нь үзэх гэж маш ихээр цугласан. Тэр өдөр МАН-ын гуравдугаар давхар, тавдугаар давхар шатсан. Яагаад дундах дөрөвдүгээр давхар нь шаталгүй тэгж сөөлжилсөн юм бэ. Дэлбэрсэн машины эзэд яагаад өнөөдрийг хүртэл гарч ирэхгүй байна. Тэнд шатсан машинуудын шатахууны саванд бензин байгаагүй. Бензинтэй байсан бол дэлбэрээд сүйд болох байсан.

Энэ бүхнийг ингээд бодохоор долдугаар сарын 1-ний жагсаалыг эрх баригчид өмнө нь бэлтгэчихсэн байсан гэж хэлэхээр байгаа юм. Цагдаагийн ажилтнууд өөрсдөө иргэдийн дунд энгийн хувцастай олноороо байсан баримтуудаас харсан ч цагдаа нар өөрсдөө өөгшүүлж байсан гэж дүгнэсэн ч болох биз. Энэ бүхнээс бид ямар дүгнэлт хийх ёстой вэ гэж бодохоор залуус сонгуульд идэвхитэй оролцож санал луйвардахаас урьдчилсан сэргийлж, дахиж ийм жагсаал цуглаан үүсэх нөхцөлд хүргэхгүй байхад цаашид анхаармаар байна.

-Талбай дээр өнгөрөгч онд их хурал, ард түмний цуглаан гээд л цөөнгүй улс төрийн арга хэмжээ болсон. Энэ бүхэнд иргэдийн оролцоо тийм ч их байсангүй. Иргэд жагсаалаас уйдчихсан уу, залхчихсан уу, айдаг болчихсон юм уу?

-Хэн жагсаал цуглаан зохион байгуулж байна гэдгээс их зүйл шалтгаална. Монголчууд уйдаж залхсан гэдгээс илүү хэн нь зөв буруу зүйл яриад байна гэдгээ ялгадаг болчихсон. Жишээлбэл, Н.Энхбаярын зарласан цуглаанд хүн ирэхгүй шүү дээ. Яагаад гэвэл Монгол Улсын газар шороог зараад, мөнгө төгрөг өгч албан тушаалд очдог, дургүй хүрснээ “нухдаг”, гаргасан хууль бус хэргийг илрүүлдэггүй энэ бүхнийг гардан гүйцэтгэгч нь Н.Энхбаяр өөрөө шүү дээ. Энэ хүн одоо миний хийсэн хууль бус үйлдлүүд энэ, миний эхнэрийн нэр дээрх ашигт малтмалын компани энэ гээд алдаагаа зарлаж, Оюутолгойг ингэж зарж байсан гэж үнэнээ хэлсэн цагт л түүнийг шударга гэж тооцъё. Ингээгүй байж өөрийгөө шударга хүн гэж ард түмнийг “доёолж” болохгүй биз дээ. Өөрийг нь төрийн өндөрлөгт байхад “Тэтгэвэр нэмээд өгөөч, олон хүүхэдтэй эхчүүдийн асуудлыг шийдээч” гэж хэлж байхад “Хүүхдүүд нь хулиган хүмүүсийн жагсч байна” гээд доромжилж байсан хүн.

-Н.Энхбаяр гэж ярьсных энэ хүн гуравдагч хүчин, сөрөг хүчний дуу хоолой болж ирэх сонгуульд оролцох гэж байгаа нь танд л лав таалагдахгүй байх нь ээ?


-Төрийн эрхэнд дахин гарч өөрийн олж авсан хөрөнгөө хамгаалж, хүмүүсээс хариу авах гэж байгаа юм. Монголын төрд Н.Энхбаяр бол хэзээ ч хэрэггүй. Түүнийг УИХ-ын дарга болгож үзсэн. Ерөнхий сайд ч, Боловсролын сайд ч болгож үзсэн. Бүр Ерөнхийлөгч хүртэл болгосон. Ямар ч албан тушаалд тавиад энэ хүнээс юу ч гарахгүй нь тодорхой болсон. Яах вэ, мөнгөтэй хүн мөнгөөрөө л тоглож сууна. Тэр хүн өөрчлөгдөөгүй.

-Тэр хүн өөрчлөгдөөгүй гэлээ. Харин өөр олон зүйл өөрчлөгдсөн. 2008 оноос хойш иргэний нийгмийнхэнд итгэх иргэдийн итгэл өөрчлөгдсөн. Иргэний нийгмийн нүүр царай, итгэл үнэмшил нь болж байсан хүмүүс намуудад дагаар орсон гээд л..?


-Би аль нэг намд дагаар ороогүй шүү дээ. /инээв/. Үнэн шүү. Зарим нь Ардчилсан намд орлоо. Зарим нь эсрэгээр нь унагах гэж байсан Ардын нам руугаа орлоо. Яах вэ дээ, хүн болгон адилгүй гэдэг. Хүний тэвчээр гэж зүйл бий. Ашиг сонирхол ч гэж бий. Бага мэдээлэлтэй байгаад түүндээ болоод хумигдсан байж болно. Хүн болгоныг заавал нийтийн төлөө өөрийгөө золигт гарга гэж хэлж чадахгүй нь. Миний хувьд хэзээ ч жижиг ашиг сонирхолд хууртахгүй.

-Таныг “орон сууц аваад чимээгүй болсон” гэх шүүмжлэлийг сонсч байсан юм байна?

-Нэгд, би ганцаараа байраар шагнуулсан хүн биш. Ардчилалд хувь нэмэр оруулсан гэж 56 хүнд байр өгсний нэг нь би. Нийтийн төлөө явсныг минь Монголын ардчилсан холбоо үнэлээд 2006 онд дээд шагналаа өгч, тэр шагналд нь байр өгсөн хэрэг. Олон хүн оромж, гэртэй болсон. Харин ч намайг дуугүй болоорой гэж өгөөгүй, эсрэгээрээ илүү сайн тэмцээрэй гэж шагнасан гэж бодож байгаа.

-Ер нь ингэж тэмцээд үр дүнд хүрэв үү?

-Үр дүнд хүрэлгүй яах вэ. Манай ахмадын тэмцлийн дүнд тэтгэврийн хэмжээ байнга өсч байна. Мөн олон хүүхэдтэй ээж нарын асуудал шийдэгдчихсэн. Тэдэнд одонгийнх нь мөнгө их хэрэг болж байна. Ахмадууд маань одоо 200 мянган төгрөгний тэтгэвэр авч байна. Маш олон ахмад дайчин орон сууцаар шагнуулсан. Ер нь бол үр дүнд хүрсэн, цаашид ч үр дүнд хүрсээр байх болно.

-Хуучнаар Нийслэлийн ахмадын хороо байсан байраа өгөхгүй гээд байсан. Алдчихсан уу?

-Манай өмч биш, нийслэлийн өмч байсан. Захиран зарцуулах эрх байхгүй ч дотор нь байрлаж гадныханд алдахгүй гэж тэмцэж байсан. Бид гадаадынханд алдаагүй.

Б.МАНДАХ
Ардын эрх

No comments:

Post a Comment