Wednesday 18 April 2012

”Цагдаа нар тушаалаар буудсанаа хүлээсэн”

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа долдугаар сарын 1-ний хэргээр дахиад ноцтой мэдээлэл дэлгэнэ гэсэн байсан. Өнөөдөр болох Ардчилсан намын 4:11 уулзалт дээр бас долдугаар сарын 1-ний хэргээр мэдээлэл хийхээр зарлагдсан байна лээ. Үнэхээр танд энэ хэргийн талаар шинэ мэдээлэл байгаа юм уу, эсвэл зүгээр сүүлийн үед ийм мэдэгдэл “моод” болоод байгаа учраас уу?


-Шинэ мэдээлэл гэхээсээ илүү олон нийтэд шууд ил болоогүй зарим нэг мэдээллийг ил болгох юм. Жишээлбэл, М.Алтанхуяг Ерөнхий прокурорын үед энэ хэргийг ямар үндэслэлээр, ямар тогтоолоор хаасан, Өршөөлийн хуульд хамруулсан гэх мэтчилэн. Энэ бол зөвхөн цагдаагийн дөрвөн даргатай холбоотой хэрэг биш шүү дээ. Доор нь ажиллаж байсан эргүүл хамгаалалтын цагдаа нартай холбоотой хэрэг бас шалгагдаж байгаа. Нэг хэсэг нь үймээнийг тараах явцдаа галт зэвсэг хэрэглэж, хүний амь нас хохироосон тухай, нөгөө хэсэг нь албан тушаалдаа хайнга хандсан, эсхүл ямар нэг тушаал заавар өгсөн эсэхтэй холбоотой хоёр тусдаа хэрэг байгаа. Харамсалтай нь, одоо зарим нэг улстөрчид, нэр бүхий улс төрийн нам цагдаагийн дарга нартай холбоотой хэргийг л улстөржүүлээд, хамгаалаад байгаа болохоос биш жирийн цагдаа нартай холбоотой хэргийг огт ярихгүй байгаа шүү дээ.

-Цагдаа нарын хэргийг ч бас шалгаж байгаа юм биз дээ?

-Шалгаж байгаа. Зохион байгуулалттайгаар, зэвсэг хэрэглэж, санаатай хүн алсан гэдэг маш хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа. Энэ хэрэг нь цаазын ялтай. Цагдаагийн дарга нар өөрсдийгөө Өршөөлийн хуулиар өршөөгдчихсөн, хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж яриад байгаа боловч цаана нь байгаа жирийн цагдаа нарын хэрэг хэрэгсэхгүй болоогүй. Гол асуудал энэ дарга нарт байхад “Бидний хэрэг хамаагүй, шалгагдаад дуусчихсан” гээд зугтаачихдаг, гэтэл цаана нь байгаа үнэхээр тушаал заавраар ажилласан эргүүлийн, жирийн цагдаа нар нь бүр хүнд зүйл заалттай шалгагдаж байгаа шүү дээ. М.Алтанхуяг Ерөнхий прокурор байхдаа “цагдаагийн удирдлагууд галт зэвсэг тараагаад, цагдаа нар нь буудсаны улмаас дөрвөн хүний амь хохирч, хэд хэдэн хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр шархаджээ” гээд хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр нь цагаан дээр хараар бичээстэй байна. 2010 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр гаргасан Нийслэлийн прокурорын туслах, Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах хоёрдугаар албаны хяналтын прокурор, Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжлэх зөвлөх Алтангэрэл, Сагсай, Солонго гэсэн гурван хүний гарын үсэгтэй, дээрх хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол энэ байна. Тогтоолд “Эргүүл хамгаалалтын газрын зургадугаар тасгийн нэр бүхий албан хаагч нар 2008 оны долдугаар сарын 1-ний шөнө 01-02 цагийн орчимд байлдааны сум, галт зэвсэг хэрэглэж, нийтийн амгалан байдлыг тогтоох явцад дараах хүмүүс бууны суманд оногджээ” гээд юу тогтоогдсоныг нь ч дурьдсан байгаа. “Нэр бүхий албан хаагчид танилцуулахүйгээр байлдааны сум, галт зэвсэг тараан өгч хэрэглүүлсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүн хүнд хөнгөн бэртсэн” гэсэн байна. Цагдаагийн дөрвөн дарга “Бид өршөөлийн хуульд хамрагдсан, бид шүүх хурал хийлгэхгүй” гээд явахаар цаана нь байгаа жирийн цагдаа нарын хэрэг улам хүндрээд “Дарга нар нь тушаал заавар өгөөгүй байхад тушаалгүйгээр хүн буудсан, санаатай алсан байна” гэдэг хэрэг нь болно.

-Яагаад энэ хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм, тухайн үед? Хэний буудсан суманд хэн гэдэг хүн оногдсоныг нь тогтоогоогүй гэдэг бил үү?


-Тийм. “Хэн нэгнийг онцгойлж санаатай буудах зорилго агуулаагүй учраас санаатай алсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэж үзсэн. Бүр их инээдэмтэй ч гэх үү, эмгэнэлтэй нь “Галт зэвсэг хэрэглэсэн нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн заалтад нийцэж байгаа учраас хүнийг санаатай алах гэмт хэргийн сэдэл зорилго байхгүй гэж тооцож байна” гээд, “хэний буудсан сум хэнийг оносон нь тогтоогдоогүй учраас гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байна” гэсэн байгаа. Цагдаа нар буудсан, гэхдээ хуулинд заасны дагуу буудсан гэсэн үг байхгүй юу. Хуулинд заасны дагуу буудсан юм бол хэн тушаал өгсөн нь тодорхой байх ёстой.

-Хэн буу, сум тараасан нь бол тодорхой байгаа биз дээ?

-Тодорхой байгаа. Тийм байхад олон нийтийг ингэж төөрөгдүүлээд, зөвхөн хариуцлага алдсан цагдаагийн дөрвөн даргатай холбоотой хэргийг шийдэх гээд байгаа юм шиг улстөржүүлж болохгүй л байхгүй юу. Энэ дөрвөн албан тушаалтны өгсөн тушаал заавартай холбоотой асуудлыг хөндөхгүй бол доор нь байгаа жирийн цагдаа нарыг хэрэг маш хүнд зүйл заалтаар явах нь ээ гэдгийг л ойлго. М.Алтанхуягийн үед ингэж муйхарлаад хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Дараа нь хохирогчдын ар гэрийнхэн гомдол гаргаад Улсын ерөнхий прокурор яг энэ зүйл заалтаар нь хэргийг сэргээгээд шалгаж байгаа. Одоо бол хэргийг түр түдгэлзүүлчихсэн.

-Яагаад?

-Яагаад гэвэл буу авч явсан, буудсан цагдаа нараас хоёр нь хэргээ хүлээгээд мэдүүлэг өгчихсөн. “Бид буудах тушаалтай гэж ойлгосон, буу сум тараасан, тараасан сумаар нь буудсан, одоо болохоор дарга нар маань “Буудаагүй, буу сум тараагаагүй, дээрээс тушаал ирээгүй гэж хэл” гэсэн гэдэг. Гэтэл бодит байдал дээр хүссэн хүсээгүй нотлох баримт болон олон зүйлээр цагдаа хүн буудсан гэдэг нь тогтоогдчихлоо. Хэрвээ бид тушаал өгөөгүй гээд хэлчихвэл сайн дураараа хүн буудчихаад, санаатай хүн алсан хэргээ өөрсдөө нуугаад байгаа юм шиг үл ойлгогдох байдал руу орчихлоо” гэж ярьж байна. Дээр нь байгаа албан тушаалтнууд өөрсдийнхөө арьсыг хамгаалахын тулд доор нь байгаа жирийн цагдаа нарыг цаазаар явах ялтай гэмт хэрэгт үлдээчихээд, өөрсдөө цэвэр гарч явах гэж улайраад байна шүү дээ. Шүүх хурал хийлээ л бол маш олон зүйл ил болох учраас шүүх хурлыг яаж ийгээд хийлгэхгүй байх сонирхол цагдаагийн хуучин удирдлагууд болон зарим улстөрчид байна.

-Тэр цагдаа нар шүүх хуралд гэрчээр дуудагдсан юм уу, цагдаагийн дөрвөн дарга л дуудагдаад, хурлаа хойшлуулаад яваа юм биш үү?


-Шүүх хурал хийлээ л бол тэд гэрчээр дуудагдана шүү дээ. Хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлгүүд нь бичигдсэн байгаа. Энэ хэрэг зөвхөн доор байгаа галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нарын асуудал биш, тэд өөрсдөө гэрч болоод хувирчихаар “Энэ дарга нарын асуудлыг бас шүүх ёстой юм байна” гэдэг логик гарч ирж байна. М.Алтанхуягийн хийсэн том алдаа энэ. “Цагдаагийн дарга нар албан тушаалдаа хайхрамжгүй ханджээ” гээд өршөөчихсөн. Яг логикоороо бол цагдаа нарынхаа эсрэг өгсөн хамгийн аймшигтай мэдүүлэг болж байгаа юм. “Бид албан тушаалдаа хайхрамжгүй ханджээ, хяналт тавих үүргээ биелүүлж чадаагүй учраас өршөөлд хамрагдья. Цагдаа хүн алсан бол бидэнд хамаагүй, тэдний өөрсдийнх нь дураараа хийсэн ажил аа” л гэж хэлсэн байна шүү дээ. Нөгөөдүүл нь “Үгүй ээ, бид тушаал гүйцэтгэсэн” гэхээр энэ чинь албан тушаалдаа хайхрамжгүй хандсан хэрэг биш, тушаал өгсөн, биелүүлсэн тухай асуудал болоод явчихаж байна. Тийм учраас цэргийн гэмт хэргээр шалгагдах нь байна.

Үнэхээр цагдаа үүргээ гүйцэтгэсэн, тушаал биелүүлсэн гэж байгаа бол доод тушаалын цагдаа нарын гэм буруугийн асуудал яригдахгүй, тушаал өгсөн дарга нартай холбоотой асуудал л болно. Тушаал заавар өгсөн дарга нар нь бас “Бид үүргээ гүйцэтгэсэн” гэж байгаа бол бүр дээрээс, Онц байдлын штабаас юм уу хаа нэгтэйгээс үүрэг өгсөн байж таарна, түүнийгээ хэлье. Тэгэхгүй цагдаагийн дарга нар арьсаа хамгаалах гээд зүтгэхээр доор байгаа цагдаа нар өөрсдөө галт зэвсэг аваад хүн буудсан болж таарч байна. Нөгөө үймээний хүнд нөхцөл рүү улаан гараараа орсон цагдаа нар нь сайн дураараа буу аваад хүн алсан, аягүй бол “өдөр намайг их зодлуу” гээд өш хонзонгийн сэдэлтэйгээр хөөж байгаад буудсан гэмт хэрэгт буруутгагдах гэж байна шүү дээ.

-Цагдаагийн дарга нарыг цэргийн гэмт хэрэгт буруутгасан нь угаасаа буруу, хуулинд өөрчлөлт орсон, ийм зүйн анги байхгүй ч гэж бас яриад байгаа шүү дээ. Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн сайд нь өөрөө?


-Ц.Нямдорж өөрөө маш сайн мэдэж байгаа. 2008 оны хоёрдугаар сард, өмнөх парламентын үед Эрүүгийн хуулинд өөрчлөлт орсон юм байна лээ. Энэ үед Ц.Нямдорж сайд өөрөө “Эндээс цагдаа, онц байдал гэх мэт хүмүүсийг хасч байна аа. Гэхдээ цэргийн гэмт хэрэг дотроо “бусад цэрэг” гэдэг ангилалд нь дотоодын цэрэг орж байгаа шүү” гэж оруулсан байна лээ. Цэргийн гэмт хэрэг дотор дотоодын цэрэг орж байгаа, дотоодын цэрэг нь өөрөө цагдаагийн бие бүрэлдэхүүний нэг хэсэг. Цагдаагийн дарга нь өөрөө дотоодын цэргийн командлагч. Тэгэхээр энэ гэмт хэргийн субьект нь Ч.Амарболд яах аргагүй мөн болж байна. Тийм учраас үүн дээр маргах зүйл байхгүй. Тэр ч байтугай Цагдаагийн байгууллагын тухай хууль УИХ дээр орж ирээд, ер нь энэ дотоодын цэрэг гэдэг юм байх ёстой юм уу гэдэг маргаан үүсэхэд “Үгүй ээ, байх ёстой” хамгаалсаар байгаад одоо хүртэл байлгаж байгаа хүн нь Ц.Нямдорж өөрөө шүү. Өөрийнхөө зүтгэж байж авч үлдсэн зүйлээ одоо болохоор байхгүй юм шиг ярьж болохгүй ээ.

-Хүн буудсан хэрэгт шалгагдаж байгаа цагдаа нар дандаа дотоодын цэргийн 805 дугаар ангийнх биз дээ?


-Доор байгаа тушаал гүйцэтгэсэн цагдаа нар нь. Тушаал өгсөн хүн маань өөрөө дотоодын цэргийн командлагч.

-Дотоодын цэргийг цагдаагаас салгах асуудал анхнаасаа яагаад яригдсан юм бэ, бас учир шалтгаантай л биз дээ?


-Ер нь бол ардчилсан улс оронд дотоодын цэрэг гэдэг ойлголт байдаггүй. Цагдаа бол цагдаа л байдаг. Хуучин социалист орнууд, иргэддээ итгэдэггүй, хууль сахиулагчдаар биш, зэвсэг барьсан цэргээр мануулах гэж оролддог дарангуйллын төртэй оронд л дотоодын цэрэг байдаг. Тиймээс энэ дотоодын цэрэг гэдэг ойлголтоо алга болгооч ээ гэхээр “Үгүй ээ” гэж зүтгэдэг хүн нь Ц.Нямдорж өөрөө. Энэ үзэл бодлынх нь золиосонд Ч.Амарболд гэдэг хүн дотоодын цэргийн командлагч гэдгээрээ Эрүүгийн хуулийн ийм зүйл заалтаар яллагдаад явж байгаа юм. Энэ бол Д.Дорлигжавын ч буруу биш, Монголын хууль зүйн салбарыг 10 жил удирдсан Ц.Нямдорж сайдын өөрийнх нь буруу. Хууль зүйн сайд биш, дотоод хэргийн сайд хийх гэж зүтгэснийх нь гай.

-Уг нь бол долдугаар сарын 1-ний хэрэг дээр одоогийн сайд нь биш, Онц байдлын штабыг удирдаж байсан тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил илүү хамааралтай шүү дээ. Цагдаагийн дарга нарыг ч гэсэн хамгаалах ёстой бол тэр хүн л түрүүлж дуугармаар юм биш үү?


-Цагдаагийн дарга нартай холбоотой асуудлыг хамгийн их улс төржүүлж, цагдаагийн албан тушаалтнуудтай холбоотой хэргийг бүх цагдаагийн асуудал болгож, олон нийтийн дунд хагарал үүсгээд, сүүлдээ энэ нь хариуцлага алдсан албан тушаалтнуудын ч асуудал биш, Монгол Улсад шүүх засаглал байна уу үгүй юу гэдэгт хүртэл нь системийн том хямрал болгох гэж оролдож байгаа энэ сонирхол бол МАН-ынх. Тэнд байгаа хэдэн улстөрчидтэй мөнгө төгрөг, албан тушаал, эрх ашиг, амьдарсан түүхээрээ салшгүй холбоотой нь Ц.Нямдорж. Тийм учраас нөгөө хүмүүсийнхээ өмнөөс үхэн хатан, зуудаг нохой шиг л зүтгэж байна шүү дээ.

-Таны хэвлэлийн бага хурал дээр гаргаж ирсэн сумны хонгио энэ тэр бас их шуугиан дэгдээсэн. Яагаад гэмт хэргийн нотлох баримт Х.Тэмүүжинд явж байдаг юм, жинхэнэ юм уу, хуурамч юм уу гээд?

-Ц.Нямдорж нэг зүйлийг андуураад байх шиг байна. Энэ бол Х.Тэмүүжингийн үйл ажиллагаа ерөөсөө биш, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, энэ хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа. Ажлын хэсэг дээр маш олон хүний өргөдөл гомдлыг хүлээж авсан, маш олон баримт сэлт ирсэн. Түүн дотор цагдаагийн тэмдэглэл, тарааж өгсөн галт сум, дараа нь гэмт хэргээ нуун далдлахын тулд байлдааны сумныхаа хонгиог түүж аваад оронд нь цацаарай гэсэн сургуулийн сумны хонгио гэх мэтчилэн маш олон зүйл ирсэн. Шаардлагатай зарим зүйлийг нь хуулийн байгуулллагад шилжүүлсэн, зарим хэсэг нь УИХ дээр баримтаараа хадгалагдаж байгаа. Ц.Нямдорж гэдэг хүний санах ой их богино байх шиг байна. 2009 оноос хойш УИХ дээр нэг ч үйл ажиллагаа явуулахгүй, тэр тусмаа сонсгол хийлгэхгүй, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахгүй, болж байгаа үйл явдлыг бодит нөхцөл байдал руу нь оруулахгүйн тулд хамгийн их саад хийж, эсэргүүцэж, чуулган дээр гөлөг, нохойдоо хүртэл хэрэлдэж явсан хүн нь Ц.Нямдорж өөрөө. Тэгчихээд өнөөдөр тэнгэрээс гэнэт буугаад ирсэн хүн шиг ийм юм ярьж болохгүй л дээ. Би өнөөдөр тэр бүгдийг нь цаг хугацаа, баримт сэлтээр нь сануулна. Ө.Энхтүвшин, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Д.Зоригт гэх мэтийн хүмүүс юу юу хийж байсан бэ гэдгийг.

Үндсэндээ энэ долдугаар сарын 1-ний хэрэг чинь явж явж цагдаагийн буруутай үйл ажиллагаа болчихжээ. Тиймээс цагдаагаа дангаар нь хариуцлага хүлээлгэхээс илүүтэйгээр Онц байдал зарласан үед энэ эмгэнэлт хэрэг болсон гэдэг утгаар нь төр уучлал гуйя аа. Эхлээд амь насаа алдсан хүмүүсийн ар гэрээс, галт суманд өртөж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсээс, үймээний үед үүрэг гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон цагдаа нараас, айдас хүйдэст автсан ард түмнээсээ уучлал гуйя, дараа нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилох ажиллагаа явуулсан Засгийн газрын өмнөөс хэвлэлийнхнээсээ бас уучлал гуйя гэх мэтчилэн хэн хэнээс уучлал гуйх вэ гэдгийг хүртэл тодорхой зааж өгсөн. Уучлал гуйж байгаагийн хувьд хариуцлагыг нь төр хүлээе, үүнд бид хэн нэгнийгээ буруутгахаасаа илүү дахиад ийм зүйл давтагдахгүй байх сургамж авах ёстой. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлагыг тооцно, гэхдээ тэр хариуцлагыг биечлэн эдлүүлэхээсээ илүү дараа дараагийн удаа ийм алдаа гаргавал ийм хариуцлага тооцогдоно шүү гэдгийг нь сануулаад Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх эрх нь байгаа учраас цагдаа нартаа ч гэсэн уучлал үзүүлье гэсэн юм.

-Магадгүй, цагдаагийн дарга нарт ч гэсэн үү?

-Тийм, цагдаагийн дарга нарт ч тэр. Улстөрчид нь бас ард түмнээсээ уучлал гуйчих. Дараа нь өөрсдөө ёс суртахууны хувьд ямар хариуцлага хүлээх вэ, ард түмэн ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг сонголтын л асуудал шүү дээ. Ингэж үзээд УИХ-д уучлал гуйх, эрх зүйн шинэтгэл хийх, цагдаа болон хуулийн байгууллагуудыг өөрчлөн шинэчлэхтэй холбоотой тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хорооноос өргөн барьсан. Гэтэл яг тэр тогтоолын төсөл дээр МАН-ынхан “Бид уучлал гуйхгүй ээ, төр яахаараа уучлал гуйх юм. Хэн буудсан, тэр хүмүүс нь л шүүхээрээ шийдүүлээд хариуцлагаа хүлээдэг юм байгаа биз” гэдэг үгийг Д.Зоригт, Э.Мөнх-Очир нар хэлээд, намынхан нь араас нь баадуудаж байгаад унагасан шүү дээ. УИХ, хууль тогтоох байгууллага дээр, төрийн төвшинд уучлал гуйгаад асуудлаа цэгцэлье гэхэд “Үгүй ээ, хууль шүүхийн байгууллагаараа шийдүүлэг” гэж явуулчихаад, одоо хууль шүүхийн байгууллага дээр ирэхээр шүүх хуралдаан хийлгэхгүй, шүүхийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулаад байгааг би лав ойлгохгүй байна. Яг хоёр үзүүртэй зүү шиг, энэ хүмүүс юу хүсээд байгаа юм бэ.

-Уг нь долдугаар сарын 1-ний асуудлыг шийдвэрлэж, гэм буруутай хүмүүст хариуцлага тооцох энэ тэр чинь хамтарсан Засгийн газрын гэрээнд ч бас байдаг л байх. Тэр ажлаа тэр цагт нь хийж чадаагүй. Харин одоо Ардчилсан нам өөрийнхөө мэдээллийн цагаар долдугаар сарын 1-ний асуудлаар мэдээлэл хийнэ гэхээр бас л “сонгуульд зориулж улс төрийн зорилгоор ашиглалаа” гэдэг хазайлт руу явах байх даа?


-Бид бол хэн буруутай, буруугүй тухай хөндлөнгөөс орж дүгнэлт хийхгүй. Зүгээр л өнгөрсөн гурван жилийн дотор явсан процессийг эргэж сануулах юм. Энэ гурван жил гаруйн хугацаанд юу юу болсон, тэр үед хэн, хэн юу ярьж байсан, одоо тэр нь яаж өөрчлөгдөөд байгаа тухай л эргэж сануулах юм. Гурван жилийн өмнө Ц.Нямдоржийн хэлж байсан үг, өнөөдөр хэлж байгаа үг хоёр нь ялгаатай байна. Дөнгөж оны өмнө хэлж байсан үг, өнөөдөр хэлж байгаа үг хоёр нь бас ялгаатай байна. Яагаад ялгаатай байгаа юм, ямар хурдан өөрчлөгддөг, дүрээ өөрчилдөг худалч хуурамч Хууль зүйн сайдтай юм бэ гэдгийг л харуулах юм. Яг юу хүсээд, яагаад ингэж худлаа яриад байгаа юм, ингэж улайраад байгаагийнх нь ард юу нуугдаад байгаа юм, шүүх, хуулийн байгууллагаас, ард түмнээсээс нуухыг, баллуурдахыг хүсээд байгаа юм чинь юу юм бэ гэдгийг л асуух юм.

-Магадгүй тэр жагсаал цуглааныг анхлан зохион байгуулсан, тэр нь явсаар байгаад үймээн самуун болоод хүний эрх, амь настай холбоотой хохирол гарсан гэдэг утгаараа Ардчилсан нам ядахдаа ёс суртахууны хувьд гэх үү үүрэг хүлээж, энэ хэргийн үнэн мөнийг олохыг шаардаж байна гэж ойлгож болох уу. Эсвэл Ардчилсан нам буруугүй гэдгээ нотлохын тулд ч юм уу?


-Ардчилсан намын сүүлийн нэг сар орчмын хугацаанд баримталсан байр суурь бол хуулийн байгууллага үйл ажиллагаа явуулж байхад хөндлөнгөөс оролцож улстөржүүлээд, дэмжээд юм уу, хамгаалаад байгаа юм шиг байр суурь илэрхийлэх нь зохимжгүй, хуулийн байгууллага өөрийнхөө ажлыг хийг л гэсэн. 2010 оны нэгдүгээр сард УИХ-ын Хүний эрхийн дэд хороо УИХ дээр галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой асуудлаар сонсгол хийе гэхэд МАН-ын шаардаж байсан шаардлага ч тэр. Шүүхэд маргаан шийдэгдээгүй байхад УИХ болон улс төрийн нам хөндлөнгөөс нөлөөлөх зүйл хийж болохгүй гэсэн. Тэгээд бид сонсголоо зогсоосон. Гэтэл өнөөдөр шүүхэд асуудал шийдэгдэх гэж байхад МАН хажуугаас нь яаж орж байна. Тэр ч байтугай УИХ дээр Х.Жекейгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулчихсан сууж байна шүү дээ.

-Ямар зорилготой ажлын хэсэг?

-Өршөөлийн хуулиар өршөөгдсөн цагдаагийн дарга нарын хэргийг сэргээсэн Улсын ерөнхий прокурорын зүйлчлэл зөв үү, буруу юу гэдгийг шалгахаар ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Гурван жилийн өмнө Ц.Нямдорж өөрөө “Х.Тэмүүжин УИХ-ыг шүүх болгох гэлээ” гээд Хүний эрхийн дэд хорооны бүх ажлыг зогсоосон мөртлөө өнөөдөр өөрсдөө УИХ дээр ажлын хэсэг байгуулчихсан, Ц.Нямдорж нь сайдынхаа хувиар “Энэ зүйлчлэл чинь буруу, зөв” гээд прокурор луу бичиг шидээд сууж байгаа байхгүй юу. Гурван жилийн өмнө ярьж байсан зүйл нь өнөөдөр тэс өөр болчихсон байгаа нь юутай холбоотой вэ. Гурван жилийн өмнө 270 залууг хоморголон шоронд хийхэд нь “Зүйлчлэл нь буруу байна, улстөржүүлж байна, хийгээгүй хэргийг нь тулгаж хүлээлгэсэн байна” гэхэд “Чи дуугүй бай, шүүх ажлаа хийж байна” гэж байсан хүмүүс өнөөдөр яагаад “Шүүхийг би мэднэ, прокурор ингэж ажиллах ёстой” гээд өмнөөс нь ажлыг нь хийх гээд байгаа юм. Үүнийг л дэлгэж харуулна.

-Сүүлийн ярилцлага дээрээ ч гэсэн Ц.Нямдорж сайд хэлсэн байна л даа. УИХ шийдвэр гаргаад, ял төлөвлөөд, түүнийг нь шүүх хэрэгжүүлдэг боллоо гэж...


-УИХ юу ч хийгээгүй шүү дээ. Ц.Нямдоржийн тэр шаардлагаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаа бүрэн зогссон байхгүй юу. Д.Дэмбэрэл дарга хүртэл гайхаад надаас асууж байна лээ. “Энэ Ц.Нямдорж юу яриад байгаа юм бэ” гэж.

-Хэзээ?

-14 хоногийн өмнө. Ц.Нямдорж анхныхаа яриануудыг өгч эхлэхэд “Цагдаа хүн буудсан асуудлаар УИХ дээр нэг ч сонсгол, хэлэлцүүлэг явуулаагүй биз дээ” гэж надаас асуусан. Явуулаагүй ээ, иргэдээс ирсэн гомдлууд болон нотлох баримтууд л байгаа болохоос УИХ дээр юу ч явагдаагүй. Яагаад гэвэл М.Алтанхуяг прокуророос бичиг ирээд, та түүнийг нь над руу цохоод, Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Б.Бат-Эрдэнэ шаардлагууд тавьснаар Хүний эрхийн дэд хорооноос нэг ч үйл ажиллагаа яваагүй, зогссон. Цаана нь байсан гол хүн нь Ц.Нямдорж, хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн. Тэгэхээр нь УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах эрх мэдэлтэй болгоё гэхэд Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин хоёр зогсоосон. Харин Ц.Нямдорж сайд яагаад өнөөдөр УИХ дээр ямар нэг үйл ажиллагаа явсан юм шиг худлаа яриад байгааг би ойлгохгүй байна гэдгээ би Д.Дэмбэрэл даргад хэлсэн.

-УИХ дээр долдугаар сарын 1-нээр нэг л удаа сонсгол явсан биз дээ, хүний эрх зөрчигдсөн эсэх талаар?

-Тийм. Эхний сонсгол бол галт зэвсэгтэй огт холбоогүй шүү дээ. Өөрөө хоёрдугаар ангийг нь зохиочихсон юм уу хаашаа юм. Дараагийн сонсголыг явуулахгүй байх бүх арга саамыг хийчихээд одоо “УИХ-ын гишүүд ялыг нь өгөөд прокурор, шүүх түүнийг нь батлах гэж байна” гэж яриад байгаа байхгүй юу. УИХ тийм үйл ажиллагаа явуулаагүй. Хэн зогсоосон бэ гэвэл Ц.Нямдорж, Ц.Мөнх-оргил, Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Х.Жекей, Б.Бат-Эрдэнэ гэдэг хүмүүс зогсоосон.

-Өршөөлийг хуульд хамрагдсан хэргийг дахиж сэргээхгүй гэдэг нь анх шалгаж байсан зүйл ангийг нь л дахиж сэргээхгүй гэсэн үг биз дээ. Одоо бол цагдаагийн дарга нарын зүйл анги өөрчлөгдсөн байгаа?


-Тийм. Өршөөлийн хуульд цагдаагийн дарга нарыг хамруулаад явчихаар доор нь ажилласан цагдаа нар тушаал зааваргүйгээр, санаатайгаар, бүлэглэж хүний амь хөнөөсөн цаазаар авах хэмжээний ялтай хүнд гэмт хэрэгтнүүд болчих гээд байна. Тийм учраас би цагдаагийн дарга нарт нэг зүйл хэлмээр байна. Та нарын энэ арьсаа хамгаалах гэсэн арчаагүй үйлдэл, цөөн тооны улстөрчдийн гар хөл болж, тэдний нэр хүнд, гэмт хэргийг нуун далдлахад оролцож байгаагийн чинь төлөө доор чинь ажиллаж байгаа жирийн, эргүүлийн хэдэн цагдаа нар чинь маш хүнд гэмт хэргээр шоронд суух болж байна. Ийм арчаагүй, арьсаа хамгаалсан зүйл байж болохгүй ээ гэж. Тэгсэн хэрнээ өөрсдийгөө цагдаагийн нэрээр хамгаалж, авч үлдэх гээд байж болохгүй биз дээ.

-Тийм байхад яагаад цагдаагийн ар гэрийн холбоо өөрсдийнхөө гэр бүлийн төлөө биш, цагдаагийн дарга нарыг өмгөөлж жагсаад байгаа юм?

-Хамгийн эмгэнэлтэй нь Цагдаагийн ар гэрийн холбоо ч тэр, цагдаагийн дарга нар ч тэр, энэ улстөрчид ч гэсэн доор нь байгаа тэр есөн цагдаагийн талаар нэг ч удаа хэвлэлийн бага хурал хийлгээгүй. Тэднийг Ганцхудагт хориход “Цагдааг хорилоо” гэж нэг ч удаа жагсаагүй, цаазын ялтай зүйл ангиар зүйлчлэгдэж байхад нь ч тэдний төлөө нэг ч үг хэлээгүй. Тэгсэн хэрнээ тэдний дэргэд 5-10 жилийн ялтай зүйл заалтаар буруутгагдаж байгаа цагдаагийн дарга нарын төлөө ямар их үг хэлж, ямар их пиар хийж, ямар олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн тархийг угааж, ямар олон цагдаа нарыг авчирч жагсааж, прокурорын байгууллага руу дайрч орж, шүүхийн үйл ажиллагааг тасалдуулж байна аа. Тэгэхээр энэ цагдааг хамгаалах тухай асуудал огт биш байна аа.

-Анх прокурорыг барьцаалдаг нь бас юунаас болсон юм бэ?

-Ш.Батсүх хурандааг баривчилснаас л болсон шүү дээ. Буудсан цагдаа нар нь бол аль эрт Ганцхудагт хоригдчихсон л байсан. Тэгэхэд цагдаагийн дарга нар нь юу гэж хэлж байсан гээч. “Дулаан хувцсаа бэлтгээрэй. Бууг чинь бид янзална аа” гэсэн шүү дээ. Болсон явдлыг нуунаа, дулаан хувцсаа бэлтгээрэй гэж байсан хүмүүс өөрсдийг нь хорих болчихоор эмнэлэгт очоод хэвтчихэж байна шүү дээ. Тэгэхээр бид бодох ёстой. Яг үнэндээ цагдаагийн ар гэрийн холбоо болон цагдаа гэж гүйгээд байгаа хүмүүс жинхэнэ цагдааг биш, цагдаагийн хуучин удирдлагыг л хамгаалах зорилготой гар хөлүүд нь байна аа. Цагдаа гэдэг үгийг хэрэглээд байгаа болохоос биш яг үнэндээ цаазаар авахуулах хэмжээний ялтай гэмт хэрэгт буруутгагдчихаад байгаа хүмүүсийн төлөө хэн ч юу ч хэлэхгүй, зүгээр цагдаагийн дөрвөн албан тушаалтныг үхэн хатан хамгаалаад байгааг нь нуух юм нь энд байгаатай л холбоотой. Доор нь байгаа жирийн цагдаа нар бол “Бид уг нь тушаал л гүйцэтгэсэн юм даа, яахаараа санаатай хүн амины хэрэгт буруутгагддаг юм бэ” гэж хэлж байна. Тэгээд дарга нар дээр нь ирэхээр “Бид мэдээгүй, тушаал өгөөгүй. Цагдаа хүн буудсан бол тэдний л асуудал, бидэнд хамаагүй” гээд хаяж байна. Цагдаагийн нэрээр өөрсдийгөө хамгаалаад байгаа л мөртлөө жинхэнэ цагдаагаа “бидэнд хамаагүй” гээд хэрэгт нь үлдээгээд зугтаж байна. Ийм арчаагүй хүмүүс, ийм арчаагүй байдалд оруулж байгаа улстөрчид “бид цагдааг хамгаалж байна” гэж яриад хэрэггүй.

-УИХ-аас гарсан Онц байдлын үеэр хуулийн байгууллагууд хэрхэн ажилласан талаар шалгасан Ө.Энхтүвшин гишүүний ажлын хэсэг тайлангаа УИХ-д танилцуулаагүй. АҮБЗ-д танилцуулсан гэсэн, үнэн бол. Яг одоо цагдаагийн дарга нартай холбоотой хэрэг дээр УИХ-ын ажлын хэсгийн мэдээллийг авчирч ярих хэрэгтэй юм биш үү?

-УИХ-ын ажлын хэсэг дээр ямар мэдээлэл авагдсан, тэр дундаа УАБЗ дээр юу яригдсан гэдэг чинь шүүх хурал дээр л яригдана шүү дээ. Гэтэл тэр ярьдаг шүүх хурлыг нь хийлгэхгүй байна гэдэг нь нэлээн ноцтой юмнууд байгаа учраас хийлгэхгүй байна л гэсэн үг. Ө.Энхтүвшингийн ахалсан ажлын хэсгийн дүгнэлт ямархуу хэмжээнд гарсныг би мэдэхгүй. Гэхдээ хэн нэгэн хөндлөнгийн хүн гэхээсээ илүү тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг дуудах нь шүүхэд хамаагүй хялбар. Энэ утгаараа С.Баяр, Н.Энхбаяр, Д.Лүндээжанцанг дуудсан байх. Үүнээс гадна хамгийн гол нь онц байдал зарласнаас хойш буюу 01-02 цагийн үед болсон хэрэг учраас тухайн үед Онц байдлын штабыг ахалж байсан Ц.Мөнх-Оргилыг дуудах нь зөв байхгүй юу. Тэгээд л болсон бүх процесс шүүх хуралдаан дээрээ ил болно. Шүүх хуралдаан гэдэг, тэр дундаа цагдаагийн дарга нартай холбоотой энэ шүүх хуралдаанаар бодит үнэнийг л тогтоохыг эрмэлзэж байгаагаас биш хэн нэгнийг урьдчилан шүүх, яллах тухай асуудал биш. Одоо би нэг зүйлд улам бүр итгэлтэй болж байна. МАН сонгуульд зардагтайгаа ижил хэмжээний мөнгө зарж, хэвлэл мэдээлийн хэрэгслийг худалдаж аваад энэ хэргийг бүдгэрүүлэх, өөр тийш нь эргүүлэх, хаа хамаагүй зүйлтэй хольж хутгах, иргэдийн тархийг угаахад ийм их мөнгө зарж байгааг хараад “энэ хэрэг дээр тэдний нуухыг хүсч байгаа маш том зүйл байгаа юм байна” л гэж бодож байна.


Б.СЭМҮҮН

Ардын эрх 2012/04/05

No comments:

Post a Comment