Tuesday 17 April 2012

Х.Баттулга: “Монголын төмөр зам”-ын 49 хувьд Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг оруулна

Засгийн газрын хуралдаанаар "Шинэ төмөр зам" төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-тэй танилцаж зарчмын хувьд дэмжжээ. Төслийг хэрэгжүүлснээр манай улс 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болох юм байна. Энэ талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас тодруулав.

-"Шинэ төмөр зам"-ын ТЭЗҮ-ийг танилцуулжээ. Засгийн газар ямар шийдвэр гаргасан бэ?

-Засгийн газрын хуралдаанд оруулахдаа явц ийм байна, ТЭЗҮ-ийг боловсруулж дууслаа гэсэн танилцуулга л хийсэн. Сайн мэдээ гэвэл шинэ төмөр зам ашигтай гэсэн тооцоо хийсэн байгаа. Бидний дараагийн алхам бол ажлынхаа санхүүжилтийг шийдэх. УИХ-аас төмөр замыг эхлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн ч ажлын явц удаан байна. Энэ нь янз бүрийн шалтгаантай. Тэр тусмаа хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйлүүд байгаа.

-Хөрөнгө оруулалтыг яаж шийдэхээр төлөвлөж байгаа вэ?

-УИХ-аас Хөгжлийн банкийг байгуулахдаа төмөр замыг санхүүжүүлнэ гэсэн. Тэгээд төсөвт мөнгө тусгаагүй. Гэтэл Хөгжлийн банкны бойжилт их удаан яваад байна.

-Төмөр замын өртөг ТЭЗҮ-ээр нэлээд өндөр гарсан байсан. Энэ нь юутай холбоотой вэ?

-Өртөг өндөр гараагүй. Бид нэлээд олон улсын төмөр замын жишгийг харсан. Нэг км төмөр замын өртөг 2.5-2.8 сая ам.долларт багтах тооцоо гарсан.

-Энэ нь тэгээд бусад улстай харьцуулахад бага гэсэн үг үү?

-Дундаж л өртөг. Их үнэтэй төмөр замтай улсууд байна. Ливи, Афганистан гэхэд 4.5-5 сая ам.долларын өртгөөр төмөр замтай болж байна. Энэ нь газар зүйн онцлог, ус, уул нуруудтай холбоотой л доо. Ер нь 1947 оноос хойш монголчууд өөрсдөө төмөр замын том сүлжээтэй болж байгаагүй. Бид уул уурхайг яриад байгаа болохоос уул уурхайгаа яаж ашиглах вэ, хэрхэн зөөх вэ гээд дэд бүтцээ мартчихсан. Харин УИХ маш том түүхэн шийдвэр гаргасан шүү дээ.

-Хөрөнгө оруулалтаар та тодорхой тайлбар өгсөнгүй?

-"Монголын төмөр зам"-ыг хувьцаат компани болгоё гэж байгаа. Хөрөнгийн биржээр 49 хувийг нь зарна. ТЭЗҮ-гээр шинэ төмөр зам ашигтай гарсан болохоор компаниуд орж ирнэ. Энэ талаарх саналаа яам "Монголын төмөр зам",санхүүгийн бусад байгууллагатай ярьж байгаа. Өмчлөлийн 51 хувь нь Монгол Улсад хадгалагдах юм. 49 хувьд нь компаниуд ороод ирвэл эндээс босгосон мөнгөөр төмөр замаа барина.

-Тавантолгойн хөрөнгө оруулагчдаас мөнгө авахгүй гэсэн үг үү?

-49 хувьд нь Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг оруулна. Угаасаа Тавантолгойн тендерт оролцогчдод төмөр замд мөнгө өгнө гэсэн шаардлага тавьсан.

-Барилгын улирал дуусаж байна. Төмөр зам дээр ямар ажил амжуулаад байна вэ?

-Хөрс хуулалт 250 км-т хүрсэн. Геологи, гедрогеологийн ажил дууссан. Одоо ажлаа улам эрчимжүүлэх хэрэгтэй байна. Үнэхээр хүнд нөхцөл байдалд байгаа нь үнэн. Эсэргүүцэж байгаа хүчнүүд ч цөөнгүй бий.

-Эсэргүүцэж байгаа хүчин гэдэг нь юу вэ?

-Тодорхой байгаа л даа. Бид ийм том төслийг шийдэж, бүтээж байгаагүй. Тиймээс арай ч чадахгүй байх гэсэн ойлголт нэг хэсэг хүмүүст байна. Нөгөөтэйгүүр, хувийн компаниуд нүүрсээ бэлэн мөнгөөр зарах сонирхол нь давамгайлаад байгаа. Иймээс төмөр замын бодлогын эсрэг нэлээд том хүчнүүд хөдөлж байна.

Юмаа хурдан зарж, мөнгө болгоё гэсэн сонирхол л яваад байна.

Энэ нь нэг зах зээлээс хараат байдлыг л хадгална гэсэн үг. Жишээ нь, 2010 онд гаргасан нийт нүүрснээс бид 1.5 тэрбум ам. доллар алдсан судалгаа байдаг. Харин далайд гарах юм бол зах зээлийн үнээр борлуулах болно. Гэтэл өнөөдрийн уушиг гэдэг сөрөг юм яваад байна.

-ТЭЗҮ-ээр Хөөт-Бичигт, Тавантолгой-Даланзадгад гэсэн чиглэлийг хассан байсан. Ингэхээр Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого зөрчигдөж байгаа юм биш үү?

-Хассан юм биш ээ. 2000 км төмөр замыг оруулбал ашгийн хувьд удаан байгаа юм. Тиймээс Даланзадгад-Тавантолгой чиглэлийн төмөр замыг концессоор барихаар төлөвлөж байна. Харин Хөөтийн чиглэлийн төмөр замыг мөнгөө гаргаад өөрсдөө тавих компаниуд байна. Тэгэхээр улсын хөрөнгөөр биш хувийн хөрөнгөөр зохицуулах бололцоотой гэсэн санаа явж байгаа.

Нийтлэлч
Ч.Ган
Эх сурвалж
Үндэсний шуудан

No comments:

Post a Comment