Tuesday 17 April 2012

Х.Баттулга: Нэг км төмөр зам 2.5 - 2.8 сая орчим ам.долларын өртөгтэй байх урьдчилсан тооцоо гарсан

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар олон чухал асуудал хэлэлцэж байна. Үүний нэг нь шинэ төмөр замын тухай юм. Шинээр баригдах төмөр замын асуудал ямар шатандаа явж байгаа талаар салбарын сайд Х.Баттулга сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Шинээр баригдах төмөр замын ажил ямар шатандаа явж байна вэ?

-Шинээр баригдах төмөр замын Техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсон. Сайн мэдээ нь, энэ төмөр зам ашигтай ажиллана гэсэн тооцоо хийгдсэн. Тиймээс энэ ондоо багтаад шинэ төмөр замын санхүүжилтийг хийх талаар ярьж байна. Хэдийгээр 2010 онд УИХ-аас төмөр зам барих тухай шийдвэр гарсан ч төсөл удаан байна. Удаан нь юутай холбоотой вэ гэхээр хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой. Одоо хүртэл санхүүжилтийн асуудал гүйцэд шийдэгдээгүй явж байгаад өнөөдрийн хурлаас нааштай шийдвэрүүд гарах өнгө аястай байна.

-2011 он дуусах гэж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ?

-УИХ-аас Хөгжлийн банкийг байгуулахдаа төмөр зам хөрөнгө оруулалтын асуудлыг тусгаж өгсөн. Гэвч Хөгжлийн банкны өөрийнх нь бойжилт нэлээн удаан байна. Гэхдээ бид зүгээр суулгүй зуныг ашиглаж тодорхой хэмжээний ажлыг урагшлуулсан.

-ТЭЗҮ-ээр бол шинэ төмөр замын өртөг нэлээн өндөр гарсан юм байна лээ.

-Өртөг өндөр гарсан гэж хэлж болохгүй. Бид олон орны жишгийг судалж тусгаад нэг км төмөр зам 2.5 - 2.8 сая орчим ам.долларт багтах болов уу гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Энэ нь бусад улс орны төмөр замын өртөгтэй харьцуулахад дундаж нь болж байгаа. Ер нь 1947 оноос хойш Монголчууд шинэ төмөр зам барьж байгаагүй. Тэгэхээр УИХ өнгөрсөн жил маш том шийдвэр гаргасан.

Өмнө нь энэ шийдвэр Кремельд гардаг байсан. Нэгэнт шийдвэр гарсан учир бид төмөр замаа барьж дуусгах асуудлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Ингэхдээ бид “Монголын төмөр зам” байгууллагыг хувьцаат компани болгох төлөвлөгөөтэй байгаа. 49 хувиа бирж дээр арилжих бодолтой байна. Бид өөрсдийн төмөр замын байгууллагатай болох гээд оролдоод байна гэсэн үг.

-Барилгын улирал дуусч байна. Тиймээс шинэ төмөр зам барих ажил одоо бараг зогсох байх даа?

-Хөрс хуулалтын ажил 250 км газарт хийгдчихсэн байгаа. Геологи, гидрогеологийн ажил дуусчихсан. Одоо ажлыг эрчимжүүлэх гээд бид үзээд л байна.

Нийтлэлч
Ч.Болор
Эх сурвалж
GOGO.mn

No comments:

Post a Comment