Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Ирээдүйд хөгжих том боломжийг үгүйсгэх сонирхол байна


МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид болон залуучууд хөгжлийн төлөвлөгөө боловсруулжээ. Монгол орны 2031 он хүртэлх хөгжлийн бодлогыг боловсруулсан ажлын хэсгийн дэд ахлагч Ж.Энхбаяртай энэ талаар ярилцлаа.
-Монгол Улсын 20 жилийн хөгжлийн бодлогыг МАН боловсруулсан байна. Энэ талаар мэдээлэхгүй юу?
-Юун түрүүнд өнгөрсөн хорин жилийн хугацаанд Монгол Улс ямар үр дүнд хүрснийг тодорхойлсон. Өнөөдөр манай улс хүний үндсэн эрхийг хангасан орон болжээ. Хоёрдугаарт олон өмчийн хэлбэртэй нээлттэй зах зээлтэй болсон. Мөн ардчилсан сонгуулиар төрийн эрх мэдлийг шилжүүлдэг орон болж чадсан. Гадаад бодлогод нээлттэй, олон улсын нэр хүндтэй байгууллагын гишүүн. Энэ бол Монгол Улсын өнгөрсөн хорин жилийн дүгнэлт. Гэхдээ цаашид шийдвэрлэх ёстой олон асуудал байна. Сонгуулийн дөрвөн жилийн хугацаагаар улс орны хөгжлийн асуудлыг авч үзэх нь зохисгүй. Хэт улстөржсөн шийдвэр гарч хөрөнгө оруулалт, эдийн засгийн чадварыг үрэлгэн зарцуулах нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. Бүхнийг зах зээл зохицуулна гэдэг явцгүй болох нь тодорхой боллоо. Яг энэ цаг үед дэлхий нийтээрээ шинэ бодлогын эрэл хайгуулд гарч байна. Улс орны хөгжлийг 20-30 жилийн хугацаатай төлөвлөсөн орнууд эдийн засаг гэлтгүй бүх салбартаа үсрэнгүй хөгжилд хүрсэн жишээ бий.
-Тухайлбал ямар орнуудыг нэрлэх вэ?
-Сингапур, Япон, Солонгосоос эхлээд сүүлийн үед Хятад, Казахстаныг нэрлэх байна. Катар, Норвеги, Финляндын загварууд ч бий. Улс орны хөгжлийг алс хэтийн зорилготой, хэрэгжүүлэх арга замтай байх нь шинэ түвшинд гаргаж байна. XX зууны Монгол Улс яаж хөгжсөн билээ. Энэ бол маш зөв төлөвлөлт байж. Зөв төлөвлөж, түүний төлөө нийгэм, эдийн засгийн хүчин чадлыг чиглүүлдэг байсан. Түүний хүчинд Монгол Улс өнгөрсөн зуунд дэлхий нийтэд гайхагдсан хөгжлийг бий болгож чадсан юм. 400 гаруй мянгахан хүнтэй, нүүдлийн соёл иргэншилтэй орон сансарт хүнээ нисгэтлээ асар том амжилт үзүүлсэн. Тиймээс энэ зуунд ч гэсэн бид хүрэх үр дүнгээ тодорхойлж, шаардлагатай асуудлаа шийдвэрлэж чадвал амжилтад хүрнэ.
-Төлөвлөнө гэдэг нэг хэрэг. Боломж нь бидэнд байгаа юм уу?
-Байна. Гол нь байгаа боломжийг хөгжилд хувиргах чухал. Гол нь хөгжлөө хүндээ хүргэх юм. Хүнээ хөгжүүлэх, монгол өрх гэрээ бэхжүүлэх, өрсөлдөх чадвартай болох, бүтээмжээ яаж дээшлүүлэхээ тодорхойлох ёстой. Яагаад Монгол инженер яг адилхан ажил гүйцэтгэдэг канад хүнээс тав дахин бага цалин авч байна вэ. Энэ нь хүний хөгжил дутуу байгаагаас үүдэлтэй. Монгол хүнийг чадавхитай болгох нь монгол хүний цөм нь юм.
-20 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо эдийн засгийн тооцоо гаргасан гэсэн. Ойрын хугацаанд Монгол Улсын хөгжил олон улсын хэмжээнд хаана нь явж байхаар харагдаж байна?
-Ойрын дөрвөн жилийн дотор бид Турк, Чех, Чилийн түвшинд хүрэх бололцоо байна. Дараагийн дөрвөн жил буюу найман жилийн дараа БНСУ-ыг гүйцэхээр харагдаж байгаа. Харин 2030 он гэхэд Швейцарь, Норвеги, Катарын хэмжээнд хүрэх боломжтой. Монгол Улс нэг хүнд ногдох үндэсний орлогоороо ойрын хорин жилд дэлхийд тэргүүлж чадахаар байна. Эдийн засаг талаасаа маш их боломжтой. Энэ боломжийг хөгжилд хүргэх нь чухал. Үүнд бэрхшээл их бий.
-Бэрхшээлийг давах бодлого бий биз дээ?
-Засаглалын шинэтгэлийг яаралтай хийх ёстой. Ялангуяа авлигал, хууль ёсны гажуудлыг арилгах хэрэгтэй байна. Мөн нийгмийн баялгийн хуваарилалт, баян ядуугийн ялгааг үгүй хийхгүй бол болохгүй. Хөгжлийн гол бодлого нь хүн. Тиймээс дундаж, чинээлэг нийгэм бүхий улс орон болох ёстой юм. Баян ядуугийн хэт ялгаа байж болохгүй. Үүний тулд улс төрийн хэмжээний үндэсний зөвшилцлийг хийх хэрэгтэй.
-Зөвшилцлийн гол агуулга нь юу байх вэ?
-Уул уурхайн баялгийн бодлого, баялгийн хуваарилалт, гадаад аюулгүй байдлын бодлого тодорхойлох гэсэн гурван зүйлийг дор хаяж 20-30 жилийн хугацаатай хатуу зөвшилцлөөр гаргаж ирнэ. Ямар ч улс төрийн хүчин түүнийг хөндөхгүй байна. Зөвхөн энэ хүрээнд. Харин бусад зүйлд тэр олон ургальч үзэл, өрсөлдөөн байна л биз. Яагаад гэвэл гол сууриа бид эвдээд байна. Үндэсний зөвшилцлөөр тунхагласан Үндсэн хуулийн цогц шинэчлэлийг хийж чадаад, Үндсэн хууль маань ирэх хорин жилийн хөгжлийн гол харуул байна! Ингэж чадсан тохиолдолд бидэнд маш том бололцоо бий. Салбар бүрт том сорилтууд бий. Тэр бүхнийг бид тооцсон. Мөн гэнэтийн аюул байна. Нийгэм, улс төр, байгаль орчин гээд давагдашгүй хүчин зүйлүүд учирвал хэрхэн давж, туулах вэ гэх мэт. Үндэсний баялаг том хуримтлал бүхий ард түмэн болж, өнөөдрийн эдийн засгийн муу загвараас татгалзаж чадах нь чухал. Үүнийг дагасан санхүү, татварын шинэчлэл хийх хэрэгтэй. Ингэж байж ард түмэн төрдөө итгэнэ.
-Үндэсний зөвшилцөл хийнэ гэлээ. Хэнтэй хийх юм бэ. Улс төрийн намууд уу?
-Эхлээд улс төрийн намуудын хүрээнд. Бүр шаардлагатай гэж үзвэл ард түмэнтэйгээ нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Өнөөдөр уул уурхайг тойрсон нийгмийн том зөрчлүүд гүнзгийрч байгааг харж байна. Тиймээс нэг шийдэлд хүрэх ёстой юм. Тэр нь Монгол Улс газрын доорх баялгаа ашиглах уу, үгүй юу. Хэрэв ашиглахаар бол яаж гэдгийг тодорхой болгох ёстой. Орд газраа тойрсон баялгийн хуваарилалт тодорхой байх юм. Түүнээс биш нааш цааш авч давхиад савлуулаад байж болохгүй л дээ.
-Улсын хөгжлийг дөрвөн жилээр төлөвлөх нь буруу гэж хэллээ. Тэгэхээр УИХ-д суугаа МАН-ын гишүүдийн дэвшүүлсэн 20 жилийн хөгжлийн хөтөлбөр бодлого болно гэсэн үг үү?
-Хамгийн наад зах нь тэр бололцоог л бүрдүүлэх хэрэгтэй. Хэрээ хөтөлбөр маань намын бага хурлаас дэмжлэг авах юм бол МАН-ын ойрын хорин жилд баримтлах нийгэм, эдийн засгийн гол бодлого болно. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө намаас мандат авсан хэн ч гэсэн явах л ёстой.
-Зөвшилцлийг бусад улс төрийн хүчинтэй хийе гэхэд МАН-ын дэвшүүлсэн бодлогыг хүлээн авах болов уу?
-Энэ бол намын бус улс орны бодлого. Улс төрийн нам нийгэмд хүлээсэн үүргийнхээ дагуу бодлогын загвар гаргаад, нийгэмд нээлттэйгээр танилцууллаа. Түүнийг тойроод бүгдээрээ ярилцах ёстой. Энэ бол тэртэй тэргүй монголчуудын үйл хэрэг. Бид үүргээ ухамсарлан, хариуцлагаа хүлээгээд энэ асуудлыг тавьж байна. Түүний ус тосыг нь ялгаад шийдэж чадвал том ажил. Хамтарч чадвал бидэнд боломж байна. Маш богино хугацаанд Швейцарь шИг болох боломж байна шүү дээ. Гэтэл энэ боломжийг алдчих аюул басбайна. Тэр аюулыг монголчууд өөрсдөө бий болгож байгаа. Дээрээс нь гадны нөлөө. Нэг талаас асар их бололцоо, нөгөөтэйгүүр том эрсдэл дагуулсан туйлын эмзэг цагт ирээд байна.
-Ер нь бол Монголын хөгжил урагшлах уу, ухрах уу гэдэг ирэх сонгуулиар шийдэгдэнэ гэж хэлэх гээд байна уу?
-2012 он Монгол Улсын хувьд шийдвэрлэх жил. Ирэх сонгууль зөв, шударга болоосой гэж би дотроо залбирч байна. Сонгуулийг үймүүлж, бужигнуулах сонирхол их байгаа нь бодитой болоод байгаа. Тиймээс 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийг хэн болохыг харж байж сонгох шаардлага байна. Үнэхээрийн эх оронч, үндэсний эрх ашгийн төлөө зогсч чадах хумүүсийг гаргаж ирэх цаг хугацаа ирээд байна. Түүнээс биш хоосон үймүүлэгчид хэрэггүй.
-Сонгууль будилаантуулах сонирхол бодитой харагдаж байна гэдгийг тодруулахгүй юу?
-Тийм сонирхол гадна болон дотроос ч харагдаж байна. Баялаг тойрсон. Түүнийг л баялгийн хараал гэдэг. Монголчууд ухаан зарж сонгуулиа зөв хийгээд, гарсан УИХ, Засгийн газар нь тогтвортой ажиллавал ирэх дөрвөн жилд Монгол Улс шийдвэрлэх ажлаа хийх гээд байна. Гэтэл үүнийг үгүйсгэх гэх мэт олон оролдлого гарч байна. Сонгуулийн хууль өөрчлөх ёстой гэсээр байгаад өөрчиллөө. Хууль батлангуут буруу боллоо гэж байна. Ердөө л бүгдийг үгүйсгэж, харлуулах уур амьсгал үүсч, түүн рүү чиглэсэн ажил байгаа нь харагдаад эхэллээ. Гэтэл миний дээр хэлсэн дөрвөн том асуудлаар Монгол Улс урагшилчихсан байна шүү дээ. Мөн ирээдүйн том боломж бий. Энэ бололцоог үгүйсгэх том сонирхол ч байна.
-Намынхаа Бага хурлын гишүүдэд хэзээ танилцуулах гэж байна?
-Бид хоёр жилийн хугацаанд ард түмнээ сонслоо. Түүний үр дүнд ийм зүйл боловсрууллаа. Ард түмнээрээ хэлэлцлүүлж ус тосыг нь ялгасны дараа Бага хурлаараа батална. Тэгсэн тохиолдолд мөрдөх ёстой хөгжлийн бодлого болох юм.
-Монгол орны хөгжлийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийн ахлагчдын нэг нь та. Таньтай хамт ямар хүмүүс энэ ажилд оролцож байна?
-Манай намын залуучууд боловсруулсан. Ирээдүйгээ сайн сайхан байлгахын төлөө бид бодитой сэтгэж, олон улсын математик сэтгэлгээний аргачлалуудыг ашигласан. Монголын хөгжлийн загварыг гаргахын тулд залуус маань дэлхийн арав гаруй орны хөгжлийн туршлагыг судалсан. Бид өөрсдийнхөө ирээдүйг бүтээж амьдарна. Залуучууд ажилласан болохоор ажлын багийн уур амьсгал ч гэсэн арай өөр байдаг юм билээ. Дэлхий ертөнц ямар байгаа, Монголын хөгжил хаана нь байгааг бас уясан.
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан
2011 оны 12-р сарын 27, Мягмар гариг

No comments:

Post a Comment