Monday 16 April 2012

Х.Баттулга: Бодлого байдаг ч хууль эрх зүйн орчин алга


УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгыг “Ажил хэрэгч ярилцлага” булангынхаа зочноор урилаа.

-Өмнөх Засгийн газрын үед 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүллээ гэсэн ч үр дүн нь хүртэх ёстой хүмүүстээ хүрээгүй. Одоо харин 100 мянган айлын орон сууц барина гэж байна. Хямралаас хамааралтайгаар үл хөдлөх хөрөнгийн буюу орон сууцны зах зээл түгжигдчихсэн байдаг. Том амлалтыг хэрэгжүүлэхэд танд юу саад болж байна вэ?

-Өмнөх Засгийн газрын үед 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг зарласан нь уначихаад байсан барилгын салбарт том дэвшил болсныг тэмдэглэх хэрэгтэй. Хөтөлбөрт хамрагдахын тулд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдий идэвх сэргэсэн гэж болно. Түүний хүрээнд 35-38 мянган айлын орон сууц барьсан гэсэн судалгаа байдаг. Барилын салбарыг эрчимтэй, хурдтай хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал байгаа. Дээр нь хямрал нэрвээд энэ салбарын хөгжил зогсонги байдалд орчихлоо. Ипотекийн хууль батлагдаад, барилгын компани, худалдан авагчийн харилцааг тодорхой болгоод өгвөл үр дүнгээ өгөх байх гэж найдаж байгаа. Хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаа нь бидэнд учирч байгаа хамгийн том бэрхшээл гэж ойлгож болно.

-Бодлогоо хэрэгжүүлэхэд яг ямар хууль батлах шаардлагатай байна.

-Ипотекийн хууль, Концессийн хууль, хувь, хувьсгал хоёр нийлээд бүтээж болдог гэсэн агуулгатай хууль, хувийн хэвшлийнхэн хөрөнгөөрөө бүтээн байгуулалт хийгээд түүнээ төрд хүлээлгэж өгдөг байх зэрэг харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид хуулийн хамгаалалт, үйл ажиллагаа явуулах тогтвортой орчныг чухалчилдаг. Яамны зүгээс УИХ-д өргөн барихаар боловсруулсан төслүүд бий. Түүнийг шийдээд өгчихвөл бодлогоо тууштай хэрэгжүүлэхэд бэлэн байна.

-40 мянган орон сууц хөтөлбөрт нэн хэрэгцээтэй хэсгийнхэн хамрагдаж чадаагүй байх. Цалингаараа амьдардаг болон төрийн албан хаагчид, дунд орлоготой иргэд орон сууцны үнийг хэзээ ч төлж хүчрэхгүй л дээ.

-Ипотекийн хуультай болчихвол наад асуудлыг чинь шийдэх боломж бүрдэх юм. Цалингийнхаа тодорхой хэсгээр орон сууцтай болох боломжийг хуульчилж өгнө л гэсэн үг. Тэгэхээр нэн шаардлагатай хууль.

-100 мянган айлын орон сууцны тухайд…

-100 айлын орон сууц хөтөлбөрийг зарласан нь нэг дэвшил. Сэдвийг нь гаргаад өгчихвөл түүнийг тойроод ажил өрнөх ёстой. 100 мянган айлын 80-иад хувийг нь орлогын эх үүсвэр багатай иргэдэд зориулна. Нэг гэр бүлээс 1-2 хүнийг сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлүүлдэг болъё гэсэн зорилготой байгаа. Ажилгүй иргэдийг мэргэжилтэй бас ажилтай болгох ёстой. Тэгж байж тодорхой орлого бий болж, орон сууцтай болох нөхцөл бүрдүүлэх ёстой. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хамтарсан тогтоол гарсан. Мэдээж энэ бол том амлалт. Цаана нь гарчихвал жижиг зүйл мэт харагдах байх. Гол нь хууль эрх зүйн орчин бүрдүүлээд өгмөөр байна. Улаанбаатар хот болон хөдөөд орон сууцны хэрэглээ бол асар их бий.

-Хэрэгцээ асар их бий нь ойлгомжтой. Гэтэл өнөөгийн орон сууцны өртгийг дундаж давхаргынхан дийлэхгүй байна шүү дээ. Орон сууцны зардлыг багасгахад бодлого, зохицуулалт дутдаг шиг санагддаг. Бас манайд барилгын материалын үйлдвэрлэл гэж бараг алга. Богино хугацааны том зорилт үгүйлэгдэж байгаа биш үү?

-Орон сууцны талбайн хэмжээг бууруулахын тулд барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлнэ гэсэн бодлого түлхүү баримталж байна. Арматур, цементийн үйлдвэрт хувийнхан хөрөнгө оруулъя гэсэн сонирхол их байна. Түүнийг төрөөс бодлогоор дэмжих асуудал харин удааширалтай байгаа. Төгрөгөөрөө юм аваад төгрөгөөрөө орон сууцаа борлуулахаар өртөг хямдрах бололцоотой. Тэгэхгүй бол гадаадаас бүх зүйлээ оруулж ирэхээр чинь ханшны зөрүүгээс болж, мөн гааль, тээвэрлэлт гэх мэтээр өртөг нэмэгдэхээс аргагүй болчихож байгаа юм. Дотоодын үйлдвэрлэлээ тууштайхан дэмжээд өгвөл орон сууцны үнэ буурах бололцоо бий.

-100 мянган айлын орон сууц хөтөлбөр батлагдаад 10 сар болж байна. Хүмүүсийн хүсээд байгаа чанартай, хямд өртөгтэй орон сууц баригдаж чадах уу. Хөтөлбөрийн ажил яг хэзээ эхлэх вэ?

-Хөтөлбөрийн хүрээнд яаман дээр маш их ажил хийгдэж байгаа. Хөтөлбөрийг хороолол байгуулах байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд, газар болон дэд бүтцийн зургийн ажил хийгдэж дууссан. Гадаадын технологи, хөрөнгө оруулалт татах талаар яриа хэлэлцээг эхлүүлээд явж байна.

-Сая барилгачид их хурлаа хийгээд Ассоциаци байгуулж, тэргүүнээр нь УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг сонгосон байх аа.

-Тэгсэн. Энэ хүн Монголбанкны ерөнхийлөгч байсан, одоо УИХ-ын гишүүн. Түүний давуу давуу тал, мэдлэг чадварыг ашиглах хэрэгтэй.

-Төрөөс барилгын салбарыг дэмжиж байгаа хөрөнгө оруулалтыг бага гэж бодохгүй байна. Мөн Хятадын Засгийн газрын 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийн гуравны нэгийг барилга, зам, тээврийн салбарт зарцуулах ёстой. Гэтэл орон сууцны үнэ хямдрах төлөв ажиглагдсангүй. Энэ бүхнээс үүдээд хэлэхэд энэ салбарт бодлого буруу яваад байна гэж ойлгогдоод байгаа.

-Том зорилт тавьж байгаа. Төрөөс барилгын салбарыг дэмжихийн тулд эхлээд хууль, эрх зүйн орчноо тодорхой болгож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор арилжааны зээлээр орон сууц барихаас өөр арга бахйгүй. Арилжааны зээл хүү өндөр учраас орон сууц болон барилга өндөр өртгөөр баригддаг. Хятадын Засгийн газраас олгох 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийн талаар мөн ч олон жил ярилаа. Түүний 210 сая орчим нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хамрах хүрээнд зарцуулагдах төсөл байгаа. 110 орчим саяыг нь орон сууц барих газрын, дулаан, цэвэр, бохирын шугам зэрэг дэд бүтэц байгуулахад зарцуулахаар төлөвлөсөн. Барилгын салбарыг хурдтай, үр өгөөжтэй хөгжүүлэхийн тулд гадаадын технологи импортлох талд сайдын хувиар анхаарч байгаа.

-300 сая долларын хөнгөлөлттэй зээл юунаас болж, хаана гацаад байгааг сонирхов уу?

-Хаана хаанаа л бэрхшээл байгаа бололтой. Зээл авахын тулд тодорхой төсөл байх хэрэгтэй. Гэтэл манайхан томоохон хөтөлбөрийн төсөл дээрээ сайн ажиллаж чаддаггүй юм билээ. Түүнээс болж удааширч байгаа тал бий.

-1970-80-иад онд барилгын салбар эрчимтэй хөгжиж, иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Тэр үед энэ чиглэлээр дагнасан төрийн өмчит орон сууцны компаниуд байлаа. Тэд ашгийн төлөө бус иргэдээ өртөг багатай орон сууцаар хангах, ингэхдээ гаргасан зардлаа нөхөх байдлаар ажиллаж байсан нь үр дүнгээ өгсөн юм болов уу гэж боддог. Хэдийгээр зах зээлийн нийгэм ч гэлээ, хэрэгцээ, иргэдийн худалдан авах чадамжийг бодоод төрийн өмчит барилгын компани байгуулж болохгүй гэж үү?

-Тэр үед Монголд барилыгн салбар хурдтай хөгжсөн. Бүх зүйл төрийнх байсан учраас үнэ өртгөөс эхлээд төр хариуцаж, тогтоодог байсан. Одоо зах зээлийн нийгэм учраас бүх зүйл хувийнх, ашгийн төлөө ажиллахаас арга байхгүй. Хүн амын 30-35 хувь нь нэн ядуу, 70 хувь нь ядуу байна. Ийм үед ажилгүйдэлтэй тууштай тэмцэх хэрэгтэй. Ажилтай хүн орлоготой, орлоготой хүн орон сууцтай болохын төлөө бодлого явуулахаас өөр аргагүй. ийм боломж, орчныг хуулиар бий болгоод өгөх л хэрэгтэй. Харамсалтай нь энэ асуудал удааширалтай байна.

Орон сууцны хэрэгцээ их, худалдан авах чадвар бага байгааг харгалзаад төрийн өмчит орон сууцны компани байгуулж болохыг үгүйсгэхгүй. Орон сууцны санхүүжилтийн корпораци үүний эхлэл юм. Гэтэл барьсан барилгууд нь зарагдахгүй л байгаа биз дээ. Цогц бодлого байхгүй учраас хямд өртгөөр орон сууц барих боломж байгаагүй гэсэн үг л дээ.
Бидэнд барилгын салбарыг хөгжүүлье, хүн амаа чанартай, хямд өртөгтэй орон сууцаар хангая гэсэн зорилт, бодлого байна. Гэтэл хууль эрх зүйн орчин тодорхойгүй байгаа нь саад болдог. Хэрвээ хууль, эрх зүйн орчин таатай орчин бүрдүүлээд өгвөл гадаадаас урт хугацааны хүү багатай зээл олох боломж бий. Түүнээс бус арилжааны банкуудын зээлийн одоогийн нөхцлөөр барилгын салбарыг хөгжүүлнэ гэвэл бүтэхгүй. Хүмүүс ч худалдан авч хүчрэхгүй.

-Хамгийн гол нь боловсон хүчний асуудал биш үү. Зам барилга дээр хятадууд л ажилладаг. Гэтэл Монголоор дүүрэн ажилгүй залуучууд. Тэднийг мэргэшүүлээд, ажлын байраар хангахад юу болохгүй байна вэ.

-Том хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр боловсон хүчин, тэднийг давтан сургах асуудал хамгийн их дутагддаг. Өмнөх нийгэмд бэлтгэгдсэн барилгын салбарын мэргэжилтнүүд өнөөгийн зах зээлийн нийгмийн шаардлага хангахгүй байгаа. Тэднийг давтан сургах талаар яамны зүгээс нэлээд анхаарч байгаа.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчид 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдгийг нэмээд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 108 мянган төгрөг болгох хэрэгтэй. Суралцагчдын тэтгэлгийн 50 хувийг төр үлдсэн хэсгийг нь барилгын команиудаас гаргах арга байж болно. Төр болосвон хүчнээ бэлтгээд өгье, тэгээд барилгын компаниуд тэр хүмүүсийг ажилд аваг. Хэдий хэмжээний барилга баримаар байна тэр квотыг нь ч яам өгье. Өөрөөр хэлбэл, барилгад ажиллах мянга мянган хүний суралцах зардлыг аж ахуйн нэгжээр гаргуулаад, ажлын байраар ханга. Тэгвэл төр бодлогоор дэмжье гэсэн зорилт дэвшүүлээд ажиллаж байна.

-Гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх, тэнд дэд бүтэц байгуулах зорилт байгаа. Энэ ажлын эхлэл ямар байгаа вэ.

-Хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудлын нэг бол яах аргагүй гэр хорооллын асуудал. Би гадаадын туршлага, технологи сонирхож үзсэн. Танай газрыг үнэлье, тодорхой хугацааны дараа тэр үнэтэй тэнцэх орон сууцаар хангая гэсэн зарчмаар асуудлыг ерөнхийд нь шийдэж ирсэн байдаг юм билээ. Манайхны гэр хорооллын хамар хашааны дөрвөн айлтай тохиролцлоо гэхэд тэр газар дээр 36 айлын орон сууц барьчих талбай элбэг гарчихна. Ийм маягын кампанит ажил эхлүүлсэн .

-Гэр хороололд амьдардаг иргэдтэй тохиролцоход хэцүү юү. Тэд газраа хэд дахин өндөр үнээр үнэлдэг нь бэрхшээл учруулдаг хэмээн мэргэжлийн улс хэлэх юм билээ. Уг нь учраа ололцох гарц баймаар санагдах юм.

-Үнэндээ бол гэр гэдэг маань Хүннүгийн үеийн, нүүдэлчдийн маань шийдэж олсон орон байр шүү дээ. Орчин цагийн монголчууд үүнээсээ салах цаг хэдийнэ болсон. Тухтай орон сууцанд амьдарч, орчин үежсэнээр нийгмийн ухамсрын түвшинд том өөрчлөлт хийж чадна. Тэгж өөрчлөгдсөн хүнээр дамжуулж нийгмээ хөгжүүлэх ёстой юм. Түүнийг дагаад хотын утаа, ажилгүйдлийг богино хугацаанд их хэмжээгээр бууруулах боломж бүрдэнэ. Энэ харилцааг хуульчлах шаардлага байгаа юм. 100 айл байлаа гэхэд 70 хувь нь бидний бодлогыг дэмждэг. Цөөхөн хутган үймүүлэгчид байдаг юм.

-Би хаа нэгтээгээс уншсанаа санаж байна. Японы нийслэлийг барилгажуулах, хуучны навсгар хорооллыг орчин үеийн тохилог орон сууцаар хангахын тулд тодорхой газар нийтийн байр байгуулаад ямар ч төлбөргүйгээр хэсэг хугацаанд байршуулсан юм байна. Тэгээд орон сууц ашиглалтад орох үед нь тухайн газрынх нь үнэд тохирсон орон сууцаар хангаж асуудлыг шийдсэн байх юм билээ. Ийм арга ч болов хэрэглэж болох уу?

-Түр амьдардаг орон сууц байгуулаад түүн рүүгээ нүүлгэн шилжүүлдэг, тодорхой хугацааны дараа орон сууц ашиглалтад орохоор оруулдаг жишиг байдаг юм байна. Японд иргэдтэй тохиролцох асуудал 30 жил үргэлжилсэн ч орон сууцжуулах хөдөлгөөнийг таван жилийн дотор хийсэн гэдэг юм. Энэ туршлагыг л тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Таны эрхлэх асуудлын хүрээнд зам, тээврийн салбар багтдаг. Лүнгийн замаас эхлээд л хайран хөрөнгө, мөнгө сүйдэж байна. Танил талаараа тендер авдаг, тэр нь дараа яайран болдог явдал баймааргүй байгаа юм. Ийм арчаагүй байдлын эсрэг та юу хийж байна.

-Замын асуудлыг том хэмжээнд авч үзэхгүй бол болохоо байсан гэдэгтэй санал нийлнэ. Сүүлийн 5-6 жил замын ажлаар дагнасан, туршлагатай компаниудаа сонгож зөвшөөрөл өгдөг байхгүй бол зам там болж гүйцлээ. Зөвхөн ашиг их олох гэсэн, танил талтай аж ахуйн нэгжүүдийг замын тендерт шалгаруулдаг болсноос технологи алдагдсан. Барилгын салбарт ч ялгаагүй. Ашигтай юм байна гээд л мэдэх, мэдэхгүй баахан компани энэ салбарт хошуурч бизнес эрхлэх болсон нь хамгийн том гажуудал, бас алдаа болсон. Тендер, тусгай зөвшөөрөл бүхэн авлига болсон гэдэгтэй санал нийлнэ. Энэ асуудлыг шийдэх гэхээр том асуудалтай тулгарах болдог. Хийж чадах ажлыг нь аж ахуйн нэгжид өгдөг тогтолцоог хэвшүүлэхгүй бол болохоо байсан юм билээ. Лүнгийн замын тухайд хэвлэл мэдээллээр хангалттай ярьсан учраас та бид хоёр энд ярих нь илүүц байх аа.

-Хотын замыг там гэвэл та шууд үгүйсгэхгүй байх…

-Зөвшөөрнө. Нийслэлийн замыг хот, хот, хоорондын замаа яам хариуцдаг. Улаанбаатарын 420-450 км замыг шинэчлэн засах шаардлагатай байгаа. Ачаалал ихтэй байдаг болохоор зам тавих өртөг өндөр гардаг. Хоттой хамтран ажиллах талаар санал солилцож байгаа.
Хямралтай холбоотойгоор шинээр зам тавих төсөв хасагдсан. Хөгжихийн тулд бид гадаадаас хөрөнгө босгож, зээл авах л хэрэгтэй. Түүнээ яаж төлөх вэ гэдгээ харин тодорхой болгож өгөх хэрэгтэй. Бидэнд уг нь боломж байгаа юм. Монгол Улс уул, уурхайн асар их баялагтай орон. Түүгээрээ зээл авъя л даа. Энэ асуудлыг шийдэж өгмөөр байгаа юм. Уул, уурхайн томоохон төслүүдээ эхлүүлвэл эхлүүлээд, үгүй бол зогсоолоо гэдгээ нэг мөр зарлачихмаар байна.

-Хот гэдэг том айлтай хоршиж, ойлголцож ажиллахаас аргагүй. Санал солилцож хамтран ажиллахаар болсон зүйл бий юу. Бас хүндрэл бэрхшээл юу байна. Тухайлбал, газар зохион байгуулалтын асуудлаас эхлээд маргаан гардаг байхыг үгүйсгэхгүй.

-Хот төлөвлөлт орхигдсон асуудлын нэг. Анх хот төлөвлөхдөө шилжилт хөдөлгөөнийг огт тооцоогүй юм билээ. 500-600 мянган хүнд зориулсан Улаанбаатар хотод 1.2 сая хүн амьдарч байгаа учраас төлөвлөлтийн асуудлыг зайлшгүй эргэж харах ёстой болж байна гэсэн үг. Японы ЖАЙКА-гийнхан өмнө нь хийж байсан төлөвлөлтийг шинэчилж, Улаанбаатарыг 2020 он хөгжүүлэх төсөл хийж өгсөн. Миний бодлоор хотод газар гэж байхгүй байх аа. Бүгд эзэнтэй болсон биз. Шинээр барилга барихын тулд газрын эзэнтэй тохиролцох л болох байх.

-Манай нийслэл төвдөө шавааралдсан олон барилгатай. Цаашдаа ч ийм замаар хөгжих юм шиг байна. Хотыг тэлэх бодлого гэж байна уу.

-Найрамдал төв, Улиастай, Налайх, Яармаг, Нисэхийн чиглэлд цоо шинээр иж бүрэн үйлчилгээ бүхий хороолол байгуулах цаг нь болсон. Тэр цагт нийслэлийн төвлөрлийг сааруулах боломж бүрдэнэ.

-Сонсоод байхад чамлахааргүй хөрөнгө төсөвлөдөг ч түүндээ таарсан үр дүн гарахгүй л байна. Сайд та бидний нүдэн дээр хотын зам сүйдэж байна. Чанарын талаар та юу амлаж чадах вэ?

-Замын тендерт шалгардаг, гэтэл гүйцэтгэсэн ажил нь шаардлага хангахгүй тохиолдолд байнга гардаг ч хариуцлага тооцдог механизм байхгүй болохоор чанартай бүтээн байгуулалт хийж чаддаггүй. Үүнийг өөрчлөх гэж хэрдээ л ажиллаж байна.

-Манайхан зам тавихдаа гадаадын технологи хэрэглэдэг. Гэтэл Монголын цаг уурын өөрчлөлтөд тэр нь таардаггүй. Өвөлдөө хөрсөндөө -40, зундаа +40 хүрдэг уур амьсгалтай оронд “Монгол” технологи хэрэгтэй баймаар. Энэ талаар танд бодсон зүйл байдаг уу.

-“Монгол” технологи боловсруулах амаргүй л дээ. Харин Сибирийн технологи манайд хамгийн тохиромжтой. Оросуудын энэ технологийг худалдаж аваад нутагшуулах хэрэгтэй. Тийм боломж нь ч бий. Өдөрт нэг км зам тавьдаг Германы технологи бас бий. Худалдаад авчих л хэрэгтэй. Германд айлчлах үеэр энэ талын яриа хэлэлцээрийг эхлүүлсэн. Технологи эзэмшэг компанийн төлөөлөгчид удахгүй Монголд айлчилна. Түүний дараа нэлээн зүйл тодорхой болчих болов уу.

-Төмөр замыг тойрсон шуугиан тасардаггүй. Хэдэн зуун мянган долларын үнэтэй вагоныг хэдэн саяар авсан ч гэх шиг таагүй яриа байнга гардаг. Тэгэхээр энэ эмзэг, хариуцлагатай салбарт сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх талаар та юу хийж байна вэ гэж асуух ёстой болов уу?

-Анхаарал хандуулахгүй байхын аргагүй том айл. Монгол Улс 1100 км төмөр замтай. Том орнуудын дэргэд богинохон зам хэдий ч манай орны эдийн засгийн хамаг ачааг үүрч явдаг “ажлын мал” юм. 1949 оны хэлэлцээр огт өөр зорилготой байлаа. Одоо үеийн эдийн засаг, зах зээлийн нөхцөлд нь нийцүүлээд гэрээг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Монголын төмөр замыг ашигтай ажилладаг, улсад татвар төлдөг байгууллага болгох хэрэгтэй.
Төмөр замыг шинэчлэх эхний алхам хийгдэж байна. Оросын талын хувийг төрийн агентлаг хариуцдаг байсан бол одоо Оросын төмөр зам гэдэг байгууллагын мэдлийнх болсон. Энэ нь ашгийн төлөө ажилладаг аж ахуйн нэгж учраас хэл амаа ололцоход амар болсон. 1949 оны гэрээг өөрчилснөөр төмөр замыг ашигт ажиллагааны байгууллага болгох боломж бүрдэнэ. Монгол Улс уул уурхайд түшиглэж хөгжих тухай ярьж байна. Тэгвэл төмөр замгүйгээр уул, уурхайн хөгжлийг тодорхойлох боломж байхгүй. Тэгэхээр төмөр замын талаар төрөөс том бодлого төлөвлөж хэрэгжүүлэх ёстой болж байгаа. Удирдлагын менежментийг эрс өөрчлөх ёстой. Төмөр замд янз бүрийн асуудал байдаг л байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз янзын мэдээлэл гарч л байдаг юм билээ.

-Сайдын хувиар та гадаадын хэд хэдэн оронд айлчиллаа. Салбартаа хэрэгтэй ямар ажил амжуулсныг бас асууя. Монголын барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарыг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөх аргагүй. Мэдээж ганзага хоосон яваагүй байх.

-Улсын эдийн засгийн хөгжил, томоохон ачааг дэд бүтцийн салбар үүрч явдаг. Дэд бүтцийг хөгжүүлэхэд зургаан тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ хөрөнгийн 70-80 хувийг гадаадаас босгох боломжтой гэж үзсэн. УИХ, Засгийн газар эдгээр төслүүдийг дэмжээд шийдвэрээ даруйхан гаргаж өгөөсэй гэж хүсэх байна.
Эхний хэлэлцээрүүд эхэлсэн. ОХУ, Герман, Хятадад би ажлын айлчлал хийхдээ төслүүдээ санал болгож тайлбарласан. Гэрээ хийгдэх хэмжээнд зарим төсөл эхлэх боломжтой. Би гадаадынханд хэлдэг. Танай технологийг авъя, хариуд нь уул, уурхайн бүтээгдэхүүн нийлүүлье гэсэн байр сууриа байнга хэлж яваа. Зарим хүн уул уурхайн баялгаа бүгдийг нь өгчих юм байна гэж ойлгохыг үгүйсгэхгүй. Жаахан хэсгийг нь нийлүүлэхэд л гадаадаас орчин үеийн технологи нутагшуулах боломжтой болно.

-Таны санал болгосон төслүүдийг гадаадынхан хэр дэмжиж байх юм.

-Дэмжиж байгаа. Тухайн орны дэвшилтэт технологийг нутагшуулаад, тэр улсад хэрэгтэй бүтээгдэхүүнийг оронд нь нийлүүлнэ гэдэг харилцан ашигтай зарчим . Бид л ядуу, манайд “юм” өгөөч гэдэг сэтгэлгээнээс одоо салмаар байна. Байгаа юм аа бид өгье, танайх тийм зүйл өгөөч гэсэн харилцан ашигтай харилцаанд шилжих цаг нь болсон.
Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлүүд яхмралтай холбоотойгоор ихээхэн хумигдсаныг та бүхэн анзаарч байгаа байх. Харилцан ашигтай худалдааны нөхцөл бүхий зээлийг санал болгодог болж. Дэлхий дахинаараа ийм байхад монголчууд бид л буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл гуйгаад явах нь хоцрогдсон хэлбэр шүү дээ. Харилцан ашигтай, таатай нөхцөл бүхий худалдааны зээл авах талаар зоригтой ажиллах хэрэгтэй. Манай хэвлэл, мэдээллийнхэн ч эх оронч сэтгэлээр асуудалд хандмаар байгаа юм. Зөв зүйлийг нийгэмд хэвшүүлэхгүй бол манай хэвлэл мэдээллийнхэн нийгмийнхээ ухамсрын түвшин тааруулж ажиллаад байдаг нь харамсалтай санагддаг.

-БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мүн Бак Монголд айлчилна. Салбар хариуцсан сайдын хувьд танд сонирхолтой зочин байна байх гэж бодож байна. Учир нь энэ хүн Сөүл хотын даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан юм билээ. Түүний үед Сөүл хөгжсөн, ялангуяа зам, тээврийн асуудлыг шийдэж чадсан гэж үздэг юм билээ.

-Би хүний намтар унших дуртай. Ноён Ли Мүн Бакийн намтрыг уншсан юм байна. Сөүл хотын тулгамдсан олон асуудлыг шийдэж чадсан хүн юм билээ. Сөүл хотод нягтаршил нэмэгдээд ирэнгүүт дагуул хотууд байгуулаад, түүн рүүгээ дэд бүтцийг нь шийдээд өгсөн байна лээ. Тэр битгий хэл нэлээн хэдэн яамыг Сөүлээс гаргасан аж. Би сая БНСУ-д айлчлахдаа энэ туршлагыг нь харж л явлаа.

-Авлига, хүнд суртал бий болгодог тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх талаар сайдын хувиар юу хийж байна вэ. Барилга, зам тээврийн салбар бол маш эмзэг, эрсдэл ихтэй. Хариуцлага, сахилга батгүйгээр энэ салбарын хөгжлийн тухай ярих хэрэггүй.

-Ийм том салбарт хариуцлагын тогтолцоо бий болгохын тулд толгойноос нь эхлэх ёстой. Тэгэхлээр л асуудал босоод ирдэг юм. Томоохон ажил эхлүүлж, үр дүнг нь үзчихээд шүүмжлэх зүйл рүүгээ оръё гэсэн бодолтой байна. Хариуцлага, сахилга батыг дээшлүүлэхийн тулд АТГ-тай хамтран ажиллаж байна. МИАТ, ИНЕГ-ын дарга нартай хариуцлага тооцсон. Тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн аж ахуйн нэгжийн бүтээн байгуулсан ажлын туршлага, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага зэргийг харгалзаж байя гэсэн бодолтой байгаа.

-Та бол Монголын нэртэй бизнесмэн байсан хүн. Энэ хүмүүсийн туршлага төрд их хэрэгтэй гэж туршлагатай зарим улстөрч ч хэлдэг юм билээ. Олон жил амжилттай бизнес эрхэлж байсан туршлагаа төрийн үйл ажиллагаатай хослуулах шаардлага гардаг уу. Тэгээд ч зам, тээвэр, барилгын салбар бол бизнесийн менежмент хамгийн их шаарддаг талбар шүү дээ.

-Миний нэртэй бизнесмэн байсан гэж юу байхав. Хэвлэлийнхэн, та нар л тэгж бичдэг биз дээ. Яахав, өөрийн сурч мэдсэнээ төр, засагтаа зориулъя гэсэн бодол л байдаг. Хэвлэл мэдээллийнхэн маань бодлогын томоохон арга хэмжээнүүдийг маань дэмждэг байгаасай гэж эцэст нь хүсэх байна.

Го.ЭНХТӨР

Өнөөдөр сонин 2009/06/15

No comments:

Post a Comment