Monday 16 April 2012

Х.Баттулга :Засгийн газар өргөн царигтай төмөр зам барих санал оруулсан

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв. Гэтэл Р.Раш гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлт гараагүй учраас байнгын хороо хуралдаж чадсангүй. Ажлын хэсэг хуралдахаар болсон ч ирц хүрсэнгүй. Уг нь ажлын хэсэг 11 гишүүнтэй ч хуралдахыг хүлээсэн цаг гаруйн хугацаанд гишүүдийн тал нь ч ирээгүй юм. Бусдыгаа чилтэл хүлээсэн гишүүдийн амнаас аль аль талдаа ашиг сонирхлын том зөрчил байгаа учраас хуралдаан хийх сонирхолгүй байгаа юм биш үү гэх аястай үгс ч цухалзаж байв. Тиймээс өчигдөр ажлын хэсгийн хуралдааныг 14.00 цаг хүртэл хойшлуулж, 16.00 цагаас байнгын хороо хуралдахаар болсон. Ингээд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Төмөр замын бодлогын асуудал урагшлахад гишүүдийн ирц саад болохооргүй баймаар. Ажлын хэсэг яагаад хуралдсангүй вэ?

-Ажлын хэсэг зургаа дахь удаагаа хуралдаж чадсангүй. Ирц бүрддэггүй. Юунаас болоод ирц бүрдэхгүй байгааг мэдэхгүй юм. Засгийн газраас өргөн барьсан төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн ч ажлын хэсэг дээр гацаад байна.

-Зургаан удаа хуралдах гээд чадаагүйг бодоход ашиг сонирхлын зөрчил байна уу?

-Мэдэхгүй, Ач холбогдлын хувьд төмөр замын төслөөс илүү том асуудал сүүлийн хэдэн жил УИХ-д орж ирээгүй. Тавантолгойн орд газрыг хэрхэн ашиглах талаар хэлэлцэж буй ийм үед төмөр замын төслөө урагшлуулах л ёстой.

-Өргөн, нарийн царигийн талаар салбарын сайдын хувьд юу хэлэх вэ?

-Засгийн газраас өргөн барьсан төсөлд өргөн царигийн асуудал тусгагдсан. Манай улсын 1800 км төмөр зам өргөн царигтай. Тиймээс төмөр замын нэгдсэн сүлжээтэй байж, түүгээрээ хоёр дахь далайн боомт уруу гаръя гэсэн санаа. Энэ нь түүхий эдээ дотооддоо боловсруулж, Европ, Солонгосын хойг, Хятад уруу гэхчилэн олон чиглэлд гаргах зорилготой. Өргөн царигийг хоцрогдсон гэх байдлаар ярьж болох ч технологийн шинэчлэл хийж болно. Ер нь дэлхийд 56 төрлийн цариг бий. Бүр ерөнхийд нь яривал энэ тоо 16 болно. Удахгүй наадам болно. Залгаад намар, өвөл болохоор газар шорооны бүх ажил зогсоно. Засгийн газар, яамны зүгээс яаравчлахыг хүсч байна. Үдээс хойш ажлын хэсэг хуралдаж Төмөр замын асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оруулсан ч шийдвэрт хүрч чадаагүй юм.

Б.НОМИН

Үнэн 2010/06/17

No comments:

Post a Comment