Monday, 16 April 2012

Сангийн дэд сайд Ч.Ганхуяг: Би дөрвөн машинтай, Шаргаморьтод амьдардаг, Хас банкны таван хувийг эзэмшдэг

Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай цаг үеийн сэдвээр олон зүйлийг ярилцлаа. Тэрээр асуултуудад маань хэрхэн хариулсаныг доорх ярилцлагаас уншина уу.

- Луу жилд Монголын эдийн засаг ямар байх төлөвтэй байна?

- Монгол улсын эдийн засгийн ерөнхийдөө өөдөө хандсан байдалтай байна. 2011 он бол өндөр өсөлтийн гарааны жил байсан. Харин 2012 онд бид энэ өсөлтөө улам илүү баталгаажуулж, хурдаа тогтворжуулж ажиллана. Нөгөө талаас эдийн засагт нүүрлээд байгаа хэт халалтаас урьдчилан сэргийлж найдвартай үндэс суурийг нь илүү бэхжүүлэх ажлуудыг хийх шаардлагатай. Гэхдээ 2012 он бол сонгуулийн жил гэдгийг санах хэрэгтэй. Эдийн засаг хүмүүсийн итгэл үнэмшил, хоорондын итгэлцэл дээр тулгуурлаж явдаг учраас сонгууль болоод ирэхээр тодорхойгүй байдлаар нэмэгддэг талтай. Үүнээсээ үүдээд мөнгөний ханшинд тодорхой хэмжээний хөдөлгөөн үүсэхийг үгүйсгэхгүй.

- Гадны хэвлэлүүдэд эдийн засгийн хямралын хоёрдугаар давалгаа эхэллээ гэж бичиж байна. Гэтэл манайх тэтгэвэр, тэтгэмж халамжийнхаа хэмжээг тэлээд л байдаг. Манай эдийн засгийн бодлого дэлхийн хямралын цаг үетэй уялдаж чадаж байгаа юм уу?

- Дэлхийн эдийн засаг гэхээс илүү, Хятад улсын эдийн засаг ямар байхаас манай эдийн засаг хамааралтай болчихоод байгаа юм. Өмнөх хямралын үед Хятад дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж байсан учраас тэр үед манайх харьцангуй бага хохиролтойгоор даван туулж чадсан. Одоо ч мөн адил урд хөршийн үйлдвэрлэл болон үйлдвэрлэлдээ ашиглах манай орны уул уурхайн түүхий эд түүний хэрэгцээ эрэлт нь хэр байх вэ гэдгээс хамаарна. Алтны үнэ эдийн засгийн харилцаатай урвуу харилцаатай байдаг бол зэс болон нүүрсний үнэ эдийн засгийн өсөлттэй эерэг хамааралтай байдаг. Тэгэхлээр урд хөршид эдийн засгийн өсөлт удаашраад ирвэл зэс нүүрсний үнэ унана. Тэгсэнээр бидний төлөвлөөд буй экспортоос олох орлого түүгээр дамжих татварын орлого, хөрөнгө оруулалт зогсвол манай эдийн засагт хүнд байдал үүсэхийг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ зэс, нүүрсний үнэ 2008 оных шиг шаланд тултал унах магадлал туйлын бага байгаа. Тэгэхээр бид харьцангуй тайван байж болно. Хамгийн гол нь дунд хугацаанд манай эдийн засагт нүүрлэж болох эрсдэлүүдийг олж харах хэрэгтэй. Эдийн засгийн өөрийнх нь чадавхийг нэмэгдүүлэх, бүтээмжийг бий болгох зарим нэг саад тотгор болоод дэд бүтцийн цоргуудыг арай илүү өргөсгөх, дамжуулах чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нь цаг хугацаа алдалгүй хийх шаардлагатай байгаа. Тэр хөрөнгө оруулалтыг хийснээр манай эдийн засгийн өөрийн үйлдвэрлэх чадвар нэмэгдэж, илүү чанаржиж, нийт эдийн засгийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ингэснээр аливаа хямралыг даван туулах чадвар нэмэгдэх юм. Засгийн газраас ч эрчим хүч, төмөр зам, аймгуудыг засмал замаар холбох асуудлыг санхүүжүүлж, улсын төсвөөс нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай болчих вий гэсэндээ уламжлалт мал аж ахуйн салбарт хийх ажил болон махаараа дотоодыг хангаад зогсохгүй гадаад руу экспортлох алхамуудыг дэмжих, хүнсний ногоогоо дотоодоосоо хангадаг байх, улаан буудайгаасаа гурилаа гаргаж аваад дотоодын хэрэгцээгээ хангадаг байх, жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх гэх мэт уул уурхайгаас үүсэх өндөр хамааралыг аль болох бага байлгах тэр талын алхамуудыг хийж байгааг та бүгд харж байгаа. Төрийн бодлого нь гараад, санхүүжилтийн бондууд гараад ажлууд хийгдээд явж байна. Тэр ажил бол баялагийн хараал болоод Голланд өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

- Бинзений үнэ нэмэгдээд сар гаруйн хугацаа өнгөрлөө? Энэ тал дээр засгийн газраас ямар зохицуулалт хийх юм. 50 төгрөгөөр буулгаад л болоо юм уу?

- Засгийн газар бол тогтвортой байлгах захиргаадалтын бус арга хэмжээнүүдийг авдаг байгууллага. Тэр арга хэмжээнүүдийг нэрлэвэл нэгдүгээрт татварын нөлөөлөл байж болно. Санхүүжилт олох байдлаар явж болно. Жишээ нь Улаанбуудайг тарихад урамшуулал өгч, тоног төхөөрөмж нийлүүлэх, үрийг нь хангах мөн бүтээгдэхүүнийг нь татварын мөнгөөр худалдаж аван нөөцөлж байгаад буцаагаад борлуулах. Өмнөх хямралын үеэр бол бинзенийг нөөцлөх алхамыг хийж байсан. Мөн онцгой албан татвар болон бусад албан татвараар нефть импортлогч компаниудыг хөнгөлөх арга хэмжээнүүдийг авч үнийг зохицуулж байсан. Нэмэх үедээ нэмээд хасах үедээ хасаад явсан. Бинзений үнэ бол өссөн. Буцаад 50 төгрөгөөр буурсан. Нэмэгдэхээс өмнөх үнэ маань хэдэн жил тогтвортой байсан гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Энэ компаниудын хилийн үнэ гэж байдаг. Тэр нь хоёр жилийн өмнө ямар байж байгаад сая үнээ нэмэхэд хэд дахин нэмэгдсэнийг нь харах хэрэгтэй. Хоёр жилийн дотор гурав дахин нэмэгдсэн байна. Тэр хүмүүсийн Оросоос авдаг бинзений үнэ нь гурав дахин нэмэгдсэн ч бинзений компаниуд болон төрийн хувьд саяны нэг сар хүртэл тодорхой түвшинд бариад ирсэн шүү дээ. Бид нар хоёр жил барьж байсан. Сая нэг огцом нэмэгдээд одоо аажмаар буурч байгаа нь үнийг хэт удаан хүчээр барьсаны муу уршиг юм.

- Цагаан сарын урамшуулал гэж 50 төгрөгөөр бууруулсан юм биш үү?


- Зарим нэг компаниас ирсэн мэдээлэлүүд нь надад байж байна. Үүнээс үнэ яаж хэлбэлзэж байгааг харж болно. Нэгдүгээр сард дундаж үнэ нь 1460 байсан бол 1480 болоод дараа нь 1430 болтолоо буурсан хандлагатай байгаа. Өмнөх сарын дундажаас 18-30 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Хүмүүст хандаж хэлэхэд эрэлт нэмэгдэх тусам үнэ нэмэгдээд явна. Эрэлт буурах тусам үнэ буураад явна тэр зарчим л үйлчилж байна. Нэг зүйлийг хэлэхэд бид нарын зарж байгаа алт, зэс, нүүрсний үнэ өндөр байна. Үүнийг баяртайгаар уухайлж хүлээж авдаггүй. Тэгсэн мөртлөө авч байгаа юм маань хэт өндөр байна гэж халаглаад явж байгаа юм. Аливаа зүйл бол хоёр талтай. Ноолуур болон зэсийн үнэ өндөр байна. Монголчууд бид бол зарим нэг зүйлээ өндөр үнээр зарж байгаа. Тэгсэн мөртлөө гадны компаниуд үнээ нэмэхийг хүлээн зөвшөөрдөггүй.

- Вальютын ханш цаашид буурна гэж та хэлсэн? Та үүн дээр тодорхой прогноз хэлээч? Жишээ нь сонгуулийн өмнө хамгийн дээд дооддоо яг хэдэд барина гэж бодож байна?

- Яг тийм прогноз бол байхгүй. Монгол төгрөг болон долларийн эрэлт хэрэгцээ өөрөө өөрийгөө тодорхойлдог тогтолцоотой. Хөвөгч ханштай. Тэр нь болохоор чөлөөтэй хөрвөх нөхцөлтэй. Төв банк долларыг банкуудаас худалдаж аваад түүнийгээ эргүүлж банкинд зардаг. Банкууд нь эргүүлж харилцагч нарынхаа экспорт импортын хэрэгцээнд зориулаад тохиролцож зарж, авдаг жамтай. Ийм учраас ханш хэдээс хэдийн хооронд хэлбэлзэнэ гэж хэлэх боломж байхгүй. Ер нь бол яваандаа төгрөг чангарна.

- Багш нарын цалинг нэмнэ гэсэн амлалтандаа засгийн газар яагаад хүрэхгүй байгаа юм бэ? Засгийн газар бололцоогүй зүйл амалчихсан юм уу? Эсвэл бололцоотой ч гэсэн ирээдүйн эдийн засгийнхаа төлвийг хараад ингээд байгаа юм уу?

- Гурван талт хэлэлцээрийн үр дүнд тохиролцсон. Төсөв хэлэлцэж байхдаа хуульд жаахан өөрчлөлт оруулсан. Хууль бидний тохиролцсон байснаас өөрөөр гарсан учраас УИХ-руу эргээд залруулах саналыг явуулсан. Тэгэхээр ирэх нэг дэхь өдөр болох УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ асуудлыг шийдэж байж засгийн газар хэрэгжүүлэх боломжтой болно.

- Багаггүй хугацаанд хамтарч ажилласан С.Баярцогт сайдын ажилд ямар дүн тавих вэ?


- С.Баярцогт сайд маш сайн ажилласан. Хийх ёстой ажлуудаа сайн хийсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнгүүдээр бол сайн гэдэг дүнтэй л гарна. 90-ээд хувийн гүйцэтгэлтэй. Энэ яаман дээр хүнд суртал багассан. Илүү нээлттэй болсон. Шинэ хуулиуд гарсан.

- Ирэх сонгуульд нэр дэвших үү? Дэвшвэл аль тойргоос нэр дэвших вэ? Хот, хөдөөгийн альнаас?


- Мэдээжийн хэрэг улс төрийн том үүрэг хариуцлага болох сангийн дэд сайдын ажлыг надад даалгасан байгаа. Тэгэхээр манай намаас дараагийн сонгуулиар надад тодорхой чиглэл өгнө. Сонгуулийн тойргийн хувьд бол бодсон санасан зүйл байна. Журмын нөхөдтэйгээ ярьж тохирсон зүйл ч байгаа. Би Улаанбаатарын унаган хүүхэд. УИХ-д нэр дэвшээд улс орныхоо төлөө бодлого гаргах хамгийн дээд шатны байгууллагад ажил гэсэн итгэл үзүүлбэл Улаанбаатар хотоос нэр дэвшээд сонгуульд өрсөлдөнө.

- Ер нь нийслэлийн нутгийн зөвлөл гэдэг зүйлийг яагаад байгуулсан юм бэ?

- Улаанбаатарт амьдардаг хүмүүс төрж өссөн газраараа хуваагдаад аймаг сумын төлөөлөлтэй болдог. Үүнтэй адилаар Улаанбаатар хотод олон үеэрээ амьдарсан хүмүүст өөрсдийнхөө хэмжээнд эрхээ хамгаалдаг асуудлаа ярьдаг тийм иргэний нийгмийн байгууллага хэрэгтэй болсон юм. Хотын нутгийн зөвлөл хотынхоо удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж болохгүй байгаа зүйлийг нь хэлж, болж байгаа зүйлийг урамшуулж, хамтран төслүүд хэрэгжүүлж, шинэ гарцуудыг гаргаж, төсөв санхүүг илүү ил тодоор захиран зарцуулах тэр боломжийг хангах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Гэхдээ зөвхөн Улаанбаатарын уугуул иргэд цуглаад өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах биш хөдөөнөөс хот руу нүүж ирж байгаа иргэдэд тодорхой хэмжээний хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, тайлбарлаж ухуулан таниулах, шаардаж шахах ёстой л доо.

- Хөдөөнөөс хот руу шилжин ирж байгаа айлуудаас төлбөр авдаг тогтолцоотой болж болох уу? Гадны туршлагыг монголд хэрэгжүүлэх боломж байна уу?

- Нэгдүгээрт хөдөө орон нутагт нь сайхан амьдрах бололцоог нь сайжруулах хэрэгтэй. Тэнд малаа маллаад мэдээ мэдээллээс хоцрохгүйгээр сайхан амьдрах боломжтой болгох хэрэгтэй. Орон нутагт чанартай боловсрол, эмнэлэгийн үйлчилгээ аваад сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр үе үеийн засгийн газар ажиллаж ирсэн. Дархан, Эрдэнэтийг жишиг хот болгох хэрэгтэй. Тэнд хүмүүс нүүж очиж амьдардаг болгох хэрэгтэй.

- Энэ зуны сонгуулиар аль нам хэдэн суудал авах бол? Таньд таамаг байна уу?

- Би өөрийнхөө намыг ялуулахын төлөө ажиллана. Бүх хүчээ зөвхөн түүнд л зориулна. Ирэх сонгуульд хувь хүний ялалт чухал биш. Нам ялах нь чухал. Нам бол хувь хүмүүсийн үзэл бодлоороо нэгдсэн нэгдэл. Бид олонхи болж байж яриад байгаа зүйлүүдээ хэрэгжүүлэх болно. Ардын нам бол арай бага яр,ж, амладаг. Бас арай илүү зүйлийг хийж байгаа. Яагаад гэхээр хувь гишүүд нь над шиг олон зүйл хийж үзсэн хүмүүс байдаг.

- Хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгсөн үү?

- Өгсөн.

- Та хэдэн машинтай вэ?

- Би өмнөх жил хоёр машин лизенгээр авсан нэг мотоциклтой, манай эхнэр нэг машинтай. Нийтдээ дөрвөн унаа хөлөглөж байна.

- Хаана амьдардаг вэ?

- Шарга морьтод амьдарч байгаа. Сая нүүж орсон. Өмнө нь зуслангийн газар байдаг байсан. Тэр газар дээрээ дөрвөн жилийн өмнөөс нэг байшин барьж эхэлсэн. Тэгээд шинэ жилийн өмнөхөн тэр байшиндаа нүүж орж дөрвөн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртлээ дээ.

- Хас банкинд таны хэдэн хувь байдаг вэ?

- 4-5 хувь байдаг.

- Үл хөдлөх хэдэн хөрөнгөтэй вэ?

- Орон сууц, хойно барьсан байшингууд байна. Шарга морьтод худалдаж авсан газар байгаа. Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хас банк, Хас лизинг гээд компаниудын хувь нийлээд 30-40 хувь болно.

- Талхны үнийг яагаад андуурсан юм? Алдаанаасаа сургамж аваад талхны судалгаа хийж байгаа гэсэн энэ үнэн үү?

- Би андуураагүй. Яагаад заавал атар талхыг хүн идэх ёстой юм. Судалгаа хийгээд нэмэргүй шүү дээ. Зөвхөн талх гэхээр Атараар бодож болохгүй. Өнөөдөр хүний сонголт болоод хаана зарагдаж байгаагаасаа хамаараад талхны үнэ 250-3000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Би бол талх авдаггүй, иддэггүй. Зөвхөн статистик мэдээ өдөр болгон ирдэг. Яахлаараа би өчнөөн олон талхнаас зөвхөн ганцхан атар талхны үнийг хэлэх ёстой юм.

- Таны хэлсэн 350 төгрөгийн ямар талх байна?

- Дөрвөлжин жижиг талх байгаа.

- 250 төгрөгийн талх байхгүй шүү дээ?

- Байгаа. Жижигхэн булочка 250 төгрөгөөр зарагдаж байгаа.

- Та блогтой юу? Эсвэл facebook twitter-тээл юм бичдэг хүн үү? Twitter-ee өдөрт хэд шинэчилдэг вэ?

- Блог байгаа. Би ойрд нэг зүйл бичиж байгаа. 7 сарын 1-нийг улс төржүүлж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж бичиж байгаа юм. 7 сарын 1-ны өдөр үймээн самууныг зогсоогоогүй байсан бол яах байсан юм. Намайг Монголдоо хүрээд ирэхэд манай эхнэр хүүхдийг гэмтээгээд, гэр орныг маань шатаачихсан ч байх байсан юм бил үү. Лив, Грек шиг юм болох ч байсан юм билүү. Яг юу болох байсан болоод өнөөдөр цагдаа нарыг буруутгаж байгаа юм. Саяхан би нэг ном орчуулсан. Тэр ном бол залуус руу хандсан их сонирхолтой ном байгаа. Эерэг зөв хандлагыг хэрхэн өөртөө бий болгох талаар болон бусад олон сонирхолтой зүйлийг багтаасан ном юм. Гарчиг нь их гоё. “Чи хэр мундаг байх нь хамаагүй, чи хэр мундаг байхыг хүсэж байгаа нь л хамаатай” гэсэн нэртэй. Би Facebook, twitter-ийн хувьд монголдоо айргийн тавд явдаг шүү дээ.

Т.Хулан

www.24tsag.mn 2012 оны 3 сарын 1

No comments:

Post a Comment