Ярилцлага: "Ням гариг"
"Акуа фитнесс"-ын Ука буюу Б.Уянгын гэрт зочиллоо.
-Гэрийнхэн тань эзгүй байгаа юм уу танилцахыг хүссэн юмсан.
-Зуслан дээр байгаа. Би өөртэй чинь уулзана гээд зуслангаасаа эрт ороод ирлээ. Гэрийнхэн бүгд үлдсэн.
-Ямартай ч цаг гаргасанд баярлалаа. Бидэнд ярилцаж болохгүй сэдэв бий юү?
-Миний тухай, надад хамаатай бүхний талаар чөлөөтэй ярилцаж болно. Харин хүний өмнөөс, бусдын тухай ярих дургүй.
-Бусад гэдэгт гэр бүлийн хүн тань багтаж байгаа юу?
-Яг тийм.
-Тэгвэл өссөн гэр бүлийнхээ талаар ярьж болно биз дээ?
-Гурван хүүхэдтэй айлын том нь. Аав инженер, ээж Үндэсний номын санд олон жил ажиллсан. Би таван настайдаа уран гимнастикийн дугуйланд явж, бүжгээр хичээллэх болсон. 1990 онд байх аа, хоёрдугаар ангид байхдаа төв бассейны анхны сурагчийн нэг болсон. Тэр үед цуг хичээллэж байсан хүүхдүүд одоо олон улсын зэрэгтэй мастер багш нар болжээ. Би 4-5 жил бассейнд явсан ч дагнаж хичээллээгүй. Уг нь би СУИС-ийн урлагийн менежментийн анги төгссөн. Гэсэн ч одоо сонирхлынхоо дагуу эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр бизнес эрхэлж байна. Багын хүсэл, сонирхол маань ажил болсон юм байна гэдгийг саяхан бодож суулаа. Өмнө нь энэ талаар ер бодож байгаагүй, ажлаа л хийгээд явдаг байж.
-Тэр үед ус амьдралын тань чухал байрыг эзэлнэ гэж бодоогүй байсан биз?
- Зургаан жилийн өмнө клубээ нээсэн. Тэр үед акуа фитнессийг хүмүүс мэддэггүй байсан. Оюутан байхдаа “Хар ирвэс” клубт багшилж байгаад Японд гэрээгээр ажиллахаар болсон. Тэнд очиход заалны фитнесс, хэрэгсэл дээр ажиллах, бүжгийн багш, усан фитнессийн багш гэсэн сонголт байсан. Харьцангуй үр дүнтэй, олон давуу талтай, шилдэг төрөл нь усан фитнесс байсан болохоор энэ төрлийг сонгож ажилласан. Гэрээгээ дуусгаад Монголд ирээд, клуб нээхээр шийдсэн юм.
-Ямарч бизнес эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг.
-Багагүй мөнгө хэрэгтэй. Гэхдээ би бизнес эхлүүлэхэд өөрийн гэсэн төлөвлөгөө, бэлтгэл, менежментээ боловсруулсан байсан. Фитнесс бол ямарч зааланд хичээллэж болдог, акуа фитнесст 1.4-1.5 метрийн гүнтэй бассейнтай байх ёстой. Харин манайд төв бассейнаас өөр газар олдохгүй гээд хэцүү асуудал байсан. Тэгээд л Чингис зочид буудалд клубээ нээж байлаа. Тэр үед багш, нярав, нягтлан, зөвлөгөө өгөх, захирал гээд цэвэрлэгээнээс бусад ажлаа өөрөө хийдэг байсан.
-Сурталчилгаагаа ч бас өөрөө хийгээд ...?
-Өөр хүн сурталчилгаандаа оролцуулна гэж ер бодож байгаагүй. Угаасаа тэр үед акуа фитнессийг мэддэг хүн бараг байгаагүй.
-Усны хувцастай сурталчилгаа их зоригтой алхам байсан шүү, хүмүүс арай өөрөөр хүлээж авсан биз дээ?
-Тачаангуй, задгай гээд. Зарим нь бүр порно гэж ч ярьдаг байсан. Гэхдээ усны хувцас гэдэг эротик имиж биш. Акуа фитнессийг усны хувцаснаас өөр ямар хувцастай сурталчлах байсан гэж. Монголчууд бассейнаас өөр газарт усны хувцас хэрэглэдэггүй болохоор энэ их цочир, сонин санагдсан байх. Усны хувцас, дотуур хувцас өөр шүү дээ. Анх манайд хичээллэхээр ирсэн хүмүүс салангид бикини өмсөхгүй гэж дургүйцдэг байсан.
-Тийм дүр төрхтэй байсан нь хүмүүст сонин байсан болохоор одоо ч гэсэн Ука урлагийнхнаас дутахгүй олны анхаарлыг татдаг. Хэнтэй суусан, хаана амьдарч байгаа, хүүдээ хэн гэж нэр өгсөн бэ гээд л янз бүрийн яриа хөвөрсөөр л байдаг?
-Би ажлаа танилцуулах хэрэгтэй байсан, олны анхааралд өртсөн. Төгс хүн гэж байдаггүйгээс хойш тэгээд л янз бүрийн яриа гардаг байсан. Анхандаа эмзэглэнэ, уйлна, лав сайхан байгаагүй. Одоо бол дасчихаж дээ. Нэг талаас ийм боловч нөгөө талаас бахархалтай санагддаг юм. Фитнессийн клуб, тэнд ажиллаж байгаа багш олон байхад би ажлаа, өөрийгөө олонд хүргэж чадсан багагүй амжилт.
-Олны анхаарлын төвд байх тийм ч хүсээд баймаар зүйл биш шүү дээ?
-Янз бүрийн мэдээлэл гарахад эхэндээ хэцүү л байдаг байсан. Хүмүүсийн төлөө ажиллаж, өөрсдийг нь гоё сайхан болгоё гэж байхад яагаад ингэж ярьж байгаа юм бол гэж гомддог байсан.
-Өнгөрсөн хавар танай төвийн үйл ажиллагаа хэсэг завсарлахад хүмүүс хулхидууллаа энэ тэр гээд янз бүрээр ярьж байсан?
-Чингис зочид буудлын барилга олон жил болсон учраас сантехникийн асуудал гараад цаашид үйл ажиллагаа явуулах аргагүйд хүрсэн. Тэгээд шинэ байр хайж, засаж, тохижуулахад хугацаа хэрэгтэй болсон. Нэгэнт хөдөлгөөн хийснийх үйл ажиллагаагаа өргөжүүлье гэж бодоод балет, бүжиг, йогийн анги, гоо сайхан, саунтай болгосон. Цаг зав багатай бүсгүйчүүддээ гоо сайхны асуудлаа нэг дор шийдэхэд нь хэрэгтэй гэж бодсон. Хэдэн сар завсарлахад хүмүүс сурагласан гэхээр акуа фитнесс бүсгүйчүүдэд хэр чухал болсныг харж болно.
-Эмэгтэй хүн бүр хувьдаа гоо сайхан, финтессийн газартай болохыг мөрөөддөг. Харин Ука үүнийг жинхэнэ ажил хэрэг болгож чаджээ?
-Би ажлаараа бахархдаг. Дасгалаа заангаа өөртөө анхаарал тавьчихна. Мөн хүмүүсийн өөрчлөлтийг хараад кайф авна. Үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэх гэсэн гоо сайхны цогц үйлчилгээ маань миний ч гэсэн цаг завыг хэмнэдэг.
-Гоо сайхны үйлчилгээндээ долоон хоногт хэдэн удаа ордог вэ?
-Аливаа зүйлийн хэмжээ хэтрэхээрээ сөрөг үр дагавар гардаг. Тэр утгаараа маникюр, педикюр, гоо сайхандаа долоо хоногт нэг удаа орно. Харин бассейнд 4-5 удаа орно. Хаа нэг тийшээ явах үед энэ хэмнэл өөрчлөгддөг ч миний цүнхэнд усны хувцас байнга байдаг. Гадагшаа явах үедээ далайн эрэг рүү нь явах, үгүй бол бассейнд орох гээд л зохицуулна даа. Удаан хугацаагаар усанд орохгүй байх хэцүү байдаг.
-Бүсгүйчүүдийг гоолиг, сайхан бие галбиртай байгаасай гэж санаа тавьдаг хүн. Ингэхэд өөрөө илүүдэл жинтэй байсан уу?
-Багаасаа гимнастик, бүжгээр хичээллэсэн, “Хар ирвэс” клубт багшилж байсан болохоор ер нь форм алдаж байгаагүй. Гэхдээ жирэмсэн байхдаа, төрсний дараа илүүдэл жинтэй болсон. Тэр үед нэг их эмзэглээд байдаггүй. Санаа зовоод суухын оронд дасгал хийдэг. Төрсний дараа хоёр сар бассейнд орж болдоггүй, тийм болохоор өдөрт гурван цаг йогийн дасгал хийдэг байлаа. Хүмүүс дасгал хийхээр ядардаг бол спортынхон хөдөлгөөнгүй байхаар ядарч, бие хөшдөг. Тийм болохоор хөдөлж, хөлсөө гаргаж байж кайф авдаг.
-Турах хүсэлтэй бүсгүйчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүн бүрийн таргалалт янз бүрийн шалтгаантай байдаг. Манай клубт явбал сард 4-5 кг жин хасна гэдэг ч хувь хүн бүрийн онцлогоос ихээхэн хамаарна. Залуу эмэгтэйчүүд, жирэмслэлтээс тогтсон илүүдэл жинг богино хугацаанд хасаж болдог бол унаган тарга, чанга булчинтай хүмүүс турах нь удаан. Энэ бүхэнд зөв мэдээлэл, зөвлөгөө өгөх гэж уншиж, судлах хэрэгтэй болно. Ер нь гоо сайхан төдийгүй эрүүл мэндийн талаар багагүй мэдлэг, мэдээлэл хуримтлуулсан. Жингээ хасах хүсэлтэй хүн чин хүсэлтэй, шийдэмгий байх хэрэгтэй. Ер нь заавал таргалж байж турах гэж зовохын оронд урьдчилаад арга хэмжээ авчих хэрэгтэй. Зөв хоол, хөдөлгөөн хоёр л хамгийн сайн арга.
-Гоо сайхны цогцолбор ажиллуулж, бүсгүйчүүдийн гоолиг бие галбирын төлөө санаа тавьдаг Ука биеийн жингээ барих гэж хоолоо сойдог болов уу, тусгай дэглэм баримтладаг болов уу гэдэг нь сонирхолтой?
- Нарийн дэглэм барихгүй. Гэхдээ аль болох хөнгөн, эрүүл хоол сонгодог. Баяр, төрсөн өдөр, найз нартайгаа хооллох гээд хэт их идэх үе байлгүй яах вэ. Тийм үед маргааш нь мацаг барьдаг. Нэг хэсэг их хооллосон байлаа гэхэд дараа долоо хоног нь багасгах ч юм уу, тиймэрхүү байдлаар зохицуулдаг. Тэрнээс биш одоо юм идэхгүй, ийм юм идэхгүй, тэр ч болохгүй гэсэн тогтсон дэглэм байхгүй. Хэмжээг нь хэтрүүлэхгүй л бол торт, шоколад, мөхөөлдөс гээд дуртай зүйлээ идэж болно.
-Нэг хэсэг эзгүй байсан, аяллын чиглэлээ аль зүгт хандуулсан. Зун яаж амрав?
-Гэрийнхэнтэйгээ Сингарпурын Сентоза арал дээр амраад ирсэн.
-Ер нь голын усанд ордог уу. Энэ зун “River вeach” арга хэмжээнд оролдцсон уу?
-Найз нартайгаа 2-3 партид очсон. Сэрүүхэн байсан шүү.
-“Гурван охин” хамтлагийнхан, Нара, Соко гээд л үе тэнгийн урлагийнхантайгаа найзалдаг байх аа?
-Уран бүтээлч, бизнесмэн гээд олон найзтай. Нэг цуглахаар 20-иод хүн ирдэг. Бид сардаа 2-3 удаа уулзана. Гоо сайханд орж, саунд сууна. Дэлгүүр хэснэ, нэгнийдээ очно, бүжигэнд явна гээд залуу хүмүүс уулзахаараа юу хийдэг билээ, тэр бүхнийг л хийнэ.
-Нээрэн “Гурван охин” хамтлагийн уран бүтээлийг ивээн тэтгэсэн гэж байсан?
-“Чихэнд минь шивнээч” гээд гоё дуу байсан. Найз нарынхаа уран бүтээлийг дэмжихээс гадна миний ажилд ч хэрэгтэй байсан учир тэр дууны клипийг хийхэд ивээн тэтгэсэн.
-Нууц биш бол хэчнээн төгрөгийн зардал гарсан бэ?
-5000 доллар. Би мөнгөтэйдөө ч тэр клипийг ивээн тэтгэсэн гэж туйлширч ойлгож болохгүй. Найз нарынхаа уран бүтээлийг дэмжихээс гадна миний бизнест хэрэгтэй байсан учир хамтран ажилласан.
-Укагийн хувьд мөнгө гэж?
-Би хадгалаад, хураагаад байдаг хүн биш. Олно, олсноо хэрэглэнэ. Гэхдээ бизнесийн зорилго байгаа, тиймээс хэзээ, юунд, яаж зарцуулах вэ гэдэг дээр төлөвлөгөөтэй байлгүй яах вэ.
-Одоо байгаа бүхэн тань тэмцэж олж авсан амжилт уу, эсвэл хувь тавилангийн бэлэг байв уу?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Хүсэл сонирхол байсан, сайхан боломжууд тохиож би тэрийг ашиглаж чадсан. Ингээд бодохоор хүүхдийн хүсэл сонирхолыг дэмжих хэрэгтэй. Олон зүйлд сорих хэрэгтэй. Тэр дундаасаа хэрэгтэй, сайн чадах, сонирхолтой зүйлээ олно. Тэр нь ирээдүйд амжилт олоход нь их нөлөөлнө.
-Хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлж байна уу?
-Том охин маань миний багатай төстэй. Урлаг, спортод дуртай. Янз бүрийн бүжгийн тэмцээнд орно. Бас fashion чиглэлээр нэлээд сонирхолтой байх шиг. Янз бүрийн загвар зохионо, хүүхэлдэйдээ хувцас оёно. Тэр үед нь ойр зуурын юм авч өгөх байдлаар дэмжиж байна. Одооны хүүхдүүд эрт биеэ даадаг болж. Надаар заалгаж, зааварлуулахаас өмнө бараг л надад заадаг юм. Компьютер, интернэтийн тал дээр би охиноосоо туслалцаа авдаг. Харин бага маань ой гарантай, одоохондоо тийм ийм гэж хэлэх болоогүй л байна. Хүүхдүүд маань усанд байх дуртай. Өсөлт хурдан, чийрэг байдаг болов уу гэж боддог юм.
-Намуухан дуутай, зөөлөн, тайван бүсгүй харагддаг. Харин үүний цаана хичээнгүй, шаргуу, зоригтой эмэгтэй байдаг бололтой?
-Зорьсон зүйлдээ хүрэхийг хичээдэг. Түүнээс биш хорон, ууртай, атаач биш. Хүрэх газартаа очих гэж бүхнээ дайчилна. Гэхдээ тэнд хүрэх ёстой гээд ядарч унатлаа зүтгээд байдаг махруу хүн биш. Миний хийж байгаа ажил хамгийн гол нь дур сонирхол байсан. Би ажлаасаа сэтгэл ханамжийг авдаг болохоор юм бүхэн нь сайхан санагддаг.
-Хөгшрөлтөөс хэр айдаг вэ?
-Айгаад суухын оронд аль болох удаашруулах арга хайдаг. Үнэтэй, чанартай, ховор гоо сайхны бүтээгдэхүүн гэхээс илүү сайн амарч, стрессгүй, өөдрөг бодолтой байвал хамгийн сайн эм болно. Эерэг нөлөөлдөг байх. Хүний дотоод сэтгэл гадаад гоо үзэмжид их нөлөөлдөг шүү дээ.
-Эмэгтэй хүн хүүхэд, гэр бүл, ажил гээд бусдын төлөө ихэнх цагаа зориулдаг. Өөрийгөө яаж баярлуулдаг вэ?
- Дэлгүүр явна, таалагдсан зүйл үнэтэй байсан ч “Их ажилласан юм чинь” гэж өөрийгөө урамшуулаад авчихдаг юм. Залуу насандаа л гоёхоос биш хөгширсөн хойноо гоёод хайчих вэ дээ. Бас номын дэлгүүр орно. Эрүүл мэнд, гоо сайхан, эмэгтэйчүүдийн сэтгүүл, түүхэн ном, бясалгалын ном, дасгалын DVD цуглуулдаг. Сүүлд “Чонон сүлд”-ийг уншсан, “Монголын их хатад” гэдэг ном авсан ч уншиж амжаагүй л байна. Сардаа нэг удаа номын сангаа баяжуулдаг юм. Гэхдээ миний уншдаг ном бясалгал, эрүүл мэнд, түүхэн, сонгодог гэсэн сэдвийн хувьд хязгаарлагдмал. Адал явдал, зөгнөлт, аймшгийн гээд бусад төрлийн зохиолд дургүй.
-Гоо сайхан, имиж дүрх төрхийн хувьд яах аргагүй олны анхаарлыг татдаг. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг уу?
-Энгийн үед нүүрээ өөрөө будчихна. Харин зураг авалттай үедээ MPHS салоны Отгоогоор нүүрээ будуулж, тэдний үсчин Золоогоор үсээ засуулна. Бас “Матрикс” салоны байнгын үйлчлүүлэгч.
-Үснийхээ засалтыг хэр их өөрчилдөг вэ?
-Энэ тал дээр харин зоригтой өөрчлөлт хийдэг шүү. Саяхан цэнхэр сортой байж байгаад будуулсан. Дараа нь үс жаахан муухай болчихдог юм байна.
-Тэгвэл дуртай үнэртэн?
-Үнэртэй уснаас илүү биеийн лосьон хэрэглэдэг. “Victorias Secret”, “Dior”, “Channel”-ийн биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүн.
-Байнга цүнхэлж явдаг гоо сайхны бүтээгдэхүүн бий юү?
-Биеийн тос, лосьон.
-Усны хувцастай олон зургийг тань харсан. Хувцасны шүүгээндээ хэр олон бикинитэй вэ?
-Тэгэлгүй яахав, ихэнх усны хувцас маань ажил дээр байгаа. Энгийн үед голдуу даашинз өмсөнө. Бариу, зөөлөн, суналттай материалтайг сонгодог. Шаргал, цайвар шаргал, ягаан, хар өнгийнх байдаг юм, харин улаан хувцас бараг байхгүй дээ.
-Гутлын хувьд?
-Өндөр өсгийтөд дуртай.
-Хэдэн онд жолооч болж байсан бэ?
-2000 онд жолооч болсон. Спорт загварын машинд дуртай ч одоо “Infiniti” барьдаг.
-Машин гэдэг бүсгүйчүүдийн хоёр дахь гэр болдог. Таны хувьд?
-Би ер нь гоёж, гангалах сонирхолгүй юм шиг байгаа юм. Ээмэг зүүлт, гэр орон, машин тэргээ гоёж гангалаад байдаггүй. Машин дотор маань “No smoking” гэсэн үнэртүүлэгч, нүдний шилнүүд, цэвэр ус, хэдэн цомог л байгаа даа.
No comments:
Post a Comment