Wednesday 18 April 2012

”Н.Энхбаяр даргыг хорлож, хороох вий”


МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбоотой мэдээлэл ар, араасаа хөвөрсөөр байгаа. Үүний нэг нь “МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Нарийн бичгийн дарга Л.Цог нарыг бас баривчилна” гэдэг яриа юм. Тиймээс МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг “Ярилцах танхим”-даа урьж цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-АТГ-аас болсон үйл явдал­тай холбоотойгоор мэ­дэг­дэл гаргасан. Мэдэг­дэл­дээ “МАХН-ынхан сэжигтэн Н.Энхбаярыг баривчлах ажил­­лагаанд саад учруулсан. Ажил­лагааг гүйцэтгэхээр очсон ажилтнуудын эрх чө­­лөөнд халдсан. Галт зэвсэг ашиг­лаж эсэргүүцсэн” гэж. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-МАХН-ынхан дотор буу­тай хүн нэг ч байхгүй. Зэр зэвсэг битгий хэл бич­гийн хавчаар ч байгаагүй. “Эсэр­гүүцэл үзүүлж, будилаан са­муун гаргая” гэж ч бодоогүй. Тухайн үед бид “Баривчлах тогтоол нь хаана байна. Энэ хү­нийг хамгаалах ёстой тө­рийн хамгаалалт хаачив. Аж­лын бус цагаар, харанхуй шө­нөөр баривчилж болохгүй гэсэн хуулийн заалт яав” гэдэг асуудлыг л тавьж байсан.

-АТГ-аас түүнийг ал­ба­дан саатуулж байгаа үндэс­лэлээ танилцуулсан. Та бүх­­ний хувьд улс төрийн өнц­­гөөс нь тайлбарлаж байх шиг ээ?

-Өнгөн талаасаа төрийн эрх барьж байсан хүн, хүчний байгууллагуудын хооронд болж байгаа үзэгдэл мэт хараг­даж байж болно. Гэвч тийм биш. УИХ-ын 2012 оны сонгууль болон ирэх онд болох Ерөнхийлөгчийн сон­гуулийн өрсөлдөөн яваг­даад эхэлчихсэн байна. Улстөрч­дийн гар хөл болсон хүмүүс МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа нь энэ. Баривчлах үйл явц маш хэрцгий, балмад байсан. Энэ нь Монголын ард түмний зэвүүцлийг хүргэсэн. Бидэнд иргэд захидал, мессеж ирүүлсээр байна. Монгол Улс харгис, хэрцгий болсныг үүнээс харж болно. Хүмүүсийг хядаж, хэлмэгдүүлдэг бүлэглэл төрд гарсны хоёр дахь жишээ нь ч энэ. Асуудал үүндээ л байна. Н.Энхбаяр уу, Ц.Элбэгдорж уу гэдэгтээ биш. Шүүхээр гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй хүнийг гэмт хэрэгтэн гэж үздэггүй. Гэтэл АТГ-ынхан Н.Энхбаяр даргыг гэмт хэрэгтэн болгон ярьж байна. Үнэндээ сэжигтнээр ч татаагүй байгаа шүү дээ. Ийм нөхцөлд хэн ч хууль бус үйлдлийг зөвшөөрөхгүй.

-АТГ-ынхны хэлж буй Н.Энхбаяр даргыг баривчлах шалтгаануудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үг үү?


-Яг мөнгө, эд хөрөнгө завшсан нь батлагдаж, нотлогдоогүй юм билээ. Миний л мэдэхийн Н.Энхбаяр дарга энэ талаар өчнөөн удаа ярьсан. Өөрт нь холбоотой нэг ч зүйл байхгүй. Юм олдохгүй болохоор зориуд буруутгаж байгаа хэрэг л дээ. Энэ хүн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол ялагдана гэдгээ мэдэж байна. Шударга өрсөлдөж үнэхээр чадахгүй байна.

-Улс төрийн зорилгоор баривчилсан гэдгийг юугаар нотлох юм бэ?

-Улс төрийн сэдэлтэй үйл ажиллагаа гэдэг нь олон зүйлээр батлагдаж байгаа. Энэ үйл ажиллагаа МАХН-ын гишүүд рүү хүртэл чиглэж байна шүү дээ.

-Чухам яаж халдсан гэж?

-Орон нутагт ажиллаж байгаа манай намын мянгатын дэд даргын өсвөр насны охиныг масктай хүмүүс чирсэн байна. Булган аймгийн МАХН-ын зуутын даргатай цагдаа уулзаж дарамталсан байна. Намын аппаратад ажиллаж байгаа хүүхдүүд рүү дугаараа нууцалсан утаснаас залгаж “Сайхан мэдээрэй. Чамайг ингэнэ, тэгнэ” гэж дарамталсан. Нэг ажилтны маань машины цонхыг хагалсан. “Н.Удвал, Л.Цог нарыг баривчлах гэж байна” гэсэн мэдээллийг өнөөдрөөс /өчигдөр/ тарааж эхэллээ. Энэ бол урьдчилан зохион байгуулсан арга хэмжээ. Энэ намыг яаж устгах вэ, сонгуульд хэрхэн оролцуулахгүй байх вэ гэсэн тактик.

-Таныг болон МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цогийг баривчлах талаар танд мэдэгдсэн зүйл бий юү?

-Байхгүй. Миний хувьд хэнийг, юунд өдөөн турхирснаа мэдэхгүй байна. Эд нар юу ч гэж хэлж чаддаг. Өөрсдийнхөө хүссэнийг ярьдаг. Тэр хүн үхнэ үү, хохирно уу огт хамаагүй. Замаасаа зайлуулж л байвал болдог бололтой. Ерөнхийлөгч байсан хүнийг ингэж барьж байгаа юм чинь намайг бол “Хүн алсан” гээд баривчлахаас сийхгүй биз. УИХ, Улсын дээд шүүхийн эрх мэдэлд хүртэл халдсан аймшигтай төрөөр удирдуулаад явж байна шүү дээ.

-Та түрүүн “Энэ бол урьдчилан зохион байгуулсан хэрэг” гэсэн. Яагаад ингэж үзэж байгаа юм бэ?


-“Н.Энхбаярыг саатуулчихаар МАХН-ынхан аавыгаа алдсан хүүхэд шиг уйлаад, арчаагаа алдаад суучихна” гэж бодохгүй юу. Тэгтэл бид хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа болохоор “Ерөөсөө эд нарыг ч гэсэн дарахгүй бол болохгүй юм байна” гэж бодож байгаа хэрэг.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэрээс нь өргөөд аваад гарч байгааг иргэд телевизээр гарсан. “Түүнд ямар нэг тариа хийж ухаан алдуулсан байх” гэсэн таамаг хүртэл бий. Танд энэ талаар мэдсэн зүйл байгаа юу?

-Түүнийг гэрээс нь өргөөд авч гарсан. Баривчлах үеэр үнэхээр балмад үйл явдал болсон. Бид тийм зүйлийг кинон дээрээс л хардаг шүү дээ. УИХ-ын гишүүд хүртэл байсан. Н.Энхбаяр даргыг хөтлөөд эсвэл чирээд гараад явж болохоор байсан. Гэтэл гэрийнх нь хамаг юмыг эвдэлж хэмхэлсэн. Тэр ч хүү хэл өөр айлд орж танихгүй хүнийг бэртээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг таньдаггүй юм шиг байгаа юм. УИХ-ын гишүүдийг ч бүгдийг нь бэртээсэн. Н.Энхбаяр даргыг сонгуульд оролцуулахгүй гэсэндээ амь насанд нь хүртэл заналхийллээ.

-“Тариа хийсэн” гэсэн таамгийн тухайд?

-Тариа хийсэн гэж бодохгүй байна. Гэхдээ гэрээс нь авч гарахдаа толгойд нь хар уут угласан. Ингэхдээ боож ухаан алдуулсан байх магадлалтай. Хөлнийх нь хөдөлгөөнөөс харахад яавч өөрийн ухаантай байгаагүй. Түр зуур амьсгалыг нь боогдуулсан байж мэднэ.

-Одоо Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа бол?

-Бид Н.Энхбаяр даргад үнэхээр санаа зовж байна. Төр засаг маань үнэхээр шударга ажилладаг байсан бол “Төрийн өмнө тангараг өргөсөн хүмүүс Н.Энхбаяр даргыг харгалзаж байгаа” гээд санаа зовохгүй байж болох байсан. Гэтэл зориудаар хорлох зорилготой бүлэглэл байгаа учраас үнэхээр санаа зовж байна. Түүнтэй өмгөөлөгч нь уулзаж байгаа. Ямар ч байсан “Биеийн байдал нь сайн байгаа. Н.Энхбаяр дарга тайван, гарна гэдэгтээ итгэлтэй байгаа” гэж мэдээлсэн.

-Түүнийг УИХ-ын 2012 сон­гууль дуустал суллахгүй гэсэн таамаг иргэд, улс төр судлаач, со­нирхогчдын дунд байгаа бололтой?


-Тийм бодол болохыг үгүйсгэхгүй. АТГ-ынхан “Саатуулах хугацааг хоёр сараар сунгах эрх бий” гэсэн байна лээ. Сонгуульд нэр дэвших боломжийг нь ийм маягаар хааж байж болох юм. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шүүх хурал зарлаж хэрэгт холбогдуулах бодолтой байж ч мэднэ. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсийн хийж байгаа ажил. Хэн байгаа нь ч тодорхой. Сонгуулийн өрсөлдөөн ийм аймшигтай өрнөдөг болсон байна.

-МАХН-ын зүгээс “Н.Энхбаяр даргыг сулла” гэсэн шаардлага тавьж байгаа. Нааштай хариу сонсох нь уу?

-Бид “Н.Энхбаяр даргыг 24 цагийн дотор сулла. Суллахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэсэн мэдэгдлийг холбогдох газруудад өгсөн. УИХ-аас хариу ирсэн. АТГ, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөний газарт “Холбогдох арга хэмжээ ав” гэсэн бичиг өгсөн байна лээ. УИХ үүнээс өөр зүйл хийж чадахгүй юм билээ. УИХ ямар ч чадамжгүй, хэн нэгний атганд орчихсон юм билээ. Агентлагаас дор эрх мэдэлтэй болсон байна. Ерөнхийлөгч таг чиг байгаа. Гэхдээ түүний хэлэх үг сонин биш байна. Тэртээ тэргүй Ц.Элбэгдорж ямар хүн бэ гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс “Н.Энхбаяр даргыг ард түмний батлан даалтад гаргая” гэсэн санаачилга өрнүүлж байгаа. Гэхдээ үүнийг МАХН-ынхан биш ард түмэн санаачилсан юм шүү. Иргэд “Хорлогдчих вий, хороогдчих вий” гэдэгт санаа нь их зовж байгаа юм билээ. Энэ асуудлыг тайван замаар шийдэх ёстой. Нэг ч Монгол хүн бэртэж болохгүй.

-Н.Энхбаяр дарга баривчлагдахаасаа өмнө “УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдахаас өмнө ийм зүйл боллоо” гэж дурьдсан. Энэ талаар чухам ямар яриа өрнөж байсан юм бэ?


-Бидэнтэй гурван гишүүн нэгдсэн. Тэд Н.Энхбаяр даргыг ард түмний батлан даалтад гаргах санаачилгад нэгдэж, гарын үсгээ зурсан.

-Тийм байж. Н.Энхбаяр даргыг өмссөн хувцастай нь, оймстой нь баривчлаад явсан. Өмгөөлөгч нь “Хувцас, гутал өгч чадахгүй байгаа” гэж байсан. Энэ асуудал юу болсон бол?

-Одоог хүртэл тухай үед өмсөж байсан хувцастайгаа, гуталгүй байгаа гэсэн.

-Ярилцсанд баярлалаа.

Т.УРАНГЭРЭЛ
"Улс төрийн тойм" сонин
2012 оны 4 сарын 16

No comments:

Post a Comment