Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: Эмэгтэйчүүд УИХ-д олноор орсноор эрх нь хангагдчихдаг юм биш


УИХ-ын хаврын чуулганд Боловсролын тухай болоод Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хэлэлцэн шилжүүлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогттой уулзаж, ярилцлаа.
-Хаврын чуулган нээлтээ хийснээс хойш хэд хонож байна. Энэ чуулганаар таны зүгээс шийдүүлэхээр өргөн барьсан хууль бий юу. Сонгууль гээд бодлогын чанартай асуудлаа орхигдуулах гээд байх шиг?
-Энэ удаагийн хаврын чуулганаас гарцаагүй шийдэл хүлээж буй хэд хэдэн хууль бий. Миний санаачилсан хуулиудаас нэлээд нь батлагдсан ч, батлагдаагүй хууль бас байна. Тухайлбал, Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай хууль байна. УИХ-д хоёр дахь удаагаа өргөн барьчихаад эхний хэлэлцүүлэг дээр гацчихаад байна. Дараагийн асуудал нь олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай хууль бий. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон энэ хуулийг шийдэх ёстой байсан ч АН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэх болохоор байнга завсарлага аваад шийдүүлэхгүй байна. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдтэй нийлээд Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг санаачилсан. Байнгын хороон дээр шийдэгдээд УИХ дээр бас л гацаад байна. Энэ хууль байхгүйгээс болж Монгол Улсын байгалийн баялгийг эзэмших, ашиглах эрхийн лицензийг авчихаад өөрийн өмч мэтээр зарж, борлуулж байна. Жишээлбэл, "Сауд Гоби Сэйндс" компанийг 900 сая доллараар зарчихлаа. Үүнийг дагаад 100 лиценз зарагдчихсан байгаа юм. Уг нь Үндсэн хуулиа харахаар газар, газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч гээд заасан байтал зүгээр түүнийг ашиглах эрхийн лицензтэй нөхдүүд өөрийнхөө өмч мэт зараад байна. Үүнийг цэгцлэх гэж өргөн барьсан хуулийн төсөл өнөөг хүртэл гацаад байна. Өөр нэг асуудал нь Улаанбаатар хотоос бусад бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН, иргэдээс авдаг орлогын албан татварыг хүчингүй болгох хуулийн төсөл. Иргэд аятай тухтайгаа бодоод Улаанбаатарт төвлөрөл үүсгэлээ. Татвараас чөлөөлөх замаар бүс нутгийг жигд хөгжүүлэх нь чухал бодлого. Нөгөө талаар хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр бус 15 жилээр хийе гэдсэн хуулийн төслийг санаачилсан боловч хэлэлцэгдэхгүй байна. Тиймээс энэ мэтийн хуулийн төслүүдийг гацаанаас нь гаргах талаар шахаж ажиллах шаардлага байна. Сонгууль шат шатныхаа байгууллагаар зарчмынхаа дагуу зохицуулалт хийгдээд тэртэй тэргүй явна шүү дээ.
-Хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь боломжгүй гэж олон хүн үзэж байсан. Ийм дүр зураг нийгэмд бий болчихоод байхад яагаад өнөөг хүртэл эцсийн шийдвэрт хүрэхгүй байгаа талаарх таны бодлыг сонирхмоор байна?
-АН хамтарсан Засгийн газраас гарснаасаа хойш сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлж байна. Сайн биелүүлж байгаа буюу эрх баригч намыг яавал хүнд байдалд оруулах вэ, энэ байдлаа хэрхэн олон нийтэд дэлгэж тавьснаар МАН-ыг муу болгож харагдуулах талаар хичээнгүйлэн ажиллаж байна. Болчих юмыг заавал болохгүй гэж гацаана. Хийх зүйлийг хийлгэхгүй гэнэ. Тэрнээс нь болж ард түмэн, монголын төр хохирно. Үүнээс үүдэн ард түмэн бухимдана. Энэ бухимдал эрх барьж байгаа намаас болж үүслээ, энэ нам чинь төр барьж чадахгүй байна. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна гэдэг байдлаар эрх баригч нам руу чиглүүлбэл тус намын рейтенг унана гэдэг байдлаар л ажлаа явуулж байна. Бид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн 12 дугаар сард батлахдаа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталчихъя гэж байсан. Харамсалтай нь АН-ынхан хойш нь татсан. Он гараад шийдэе гэтэл Засгаас гараад сонгуулийн хууль дээр завсарлага авчихсан. Ээлжит бус чуулганаар сонгуулийнхаа хуулийг шийдэе гэтэл Засгийн газар нь хуулиа оруулж ир гэж шалтаглаад хойшлуулчихсан. Ийм байдлаар явсаар өдийг хүрлээ. Цаг хугацаа нь ч тулчихлаа. АН-ынхан зориуд мухардалд оруулж, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болгон ард түмнийг бухимдуулан, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байна.
-Сонгуулийг дагаад төлөвлөгдсөн ажлууд ч бүрхэгдээд байна.Тухайлбал, цахим үнэмлэхийг энд жишээ татаж болохоор байна. Хэн хариуцлага хүлээх юм бэ?
-2011 оны хоёр, гуравдугаар сард Засгийн газар цахим үнэмлэхийг бэлэн болго гэдэг шийдвэрийг гаргасан байдаг. Тухайн үед нь Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг энэ ажлыг хариуцаж байсан. Энэ асуудлыг шийдэх бололцоо нь бүдчихээд байхад хайхрахгүй явсаар байгаад 2011 оны 12 дугаар сард Бодь гэж компанитай шууд гэрээ хийсэн. Гэтэл тус компани товлосон хугацаандаа цахим үнэмлэхээ нийлүүлж чадахгүй байна. Ингээд харахаар цаана нь бас л улс төр явж байгаа биз дээ. Үүний эцсийн хариуцлагыг хэн дээр үүрүүлэх юм бэ. Шинээр ажлаа авсан хүмүүст үү, эсвэл анхнаас нь хариуцлагагүй хайнга хандсан хүмүүст үү. Бодит байдал дээр энэ ажлыг зохион байгуулж, хийх ёстой хүмүүс нь АН-ынхан байсан. Тэд ажлаа хийж чадаагүйгээс болж иргэний ухаалаг үнэмлэхийг сонгуулиас өмнө тарааж ( амжихааргүй боллоо. Хариуцлага тооцох хүмүүс нь тодорхой байгаа биз дээ. Одоо ухаалаг цахим үнэмлэхийг Ардын намынхан зориуд хойшлуулж байгаад сонгуулийг будлиантуулах нь гэж АН-ынхан улс төр хийх нь ойлгомжтой.
-Сонгуулийн тухай хуулиа барьвал цахим үнэмлэхээр өгөхөөр байгаа. Нэгэнт амжихгүй юм бол ямар эрх зүйн зохицуулалт хийх юм бэ?
-Мэдэхгүй юм. Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороо хуулиа хэрэгжүүлэх ямар гарцууд байна, бүгдийг тодорхойлж, хурдан шийднэ байх. Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл яаралтай УИХ-д хуулийн төсөл өргөн барьж цаашаа явах ёстой. Түүнээс биш хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болчихсон учраас сонгуулийн товыг өөрчилж, хугацаагаа нааш цааш нь болгоё гэдэг зүйлийг яриад хэрэггүй байх. Одоо хуулийнхаа заасан хугацаанд хаа хаанаа асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Монгол улс төртэй байх уу, төргүй байх уу гэдгийг шийдэх гэж байгаа учраас нэг нэгнийхээ мууг үзэх гэсэн, шантаачилсан зүйлийг хийгээд хэрэггүй. Тиймээс хаа хаанаа хүлээцтэй, хариуцлагатай байж УИХ-ын сонгуулиа явуулъя, дараа нь орон нутгийн сонгуулиа хийцгээе. Эцсийн дүндээ сонгууль нь шударга болоосой гэдэг байр суурьтай байна.
-Одоогийн УИХ хэр сайн ажилласан гэж дүгнэж байна?
-Миний хувьд УИХ-д анх удаагаа сонгогдсон. Ажилтайгаа богино хугацаанд танилцаж, төр барих ажилд гар бие оролцсоны хувьд боломжийн ажилласан гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газар байгуулж, асуудалд тал талаас нухацтай шүүн тунгаах байдлаар хандаж ирсэн. Хийсэн ажлууд ч байна. Тухайлбал, 1929 онд болсноос хойш болоогүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг энэ УИХ, Засгийн газар амжилттай даван гарлаа. Өнгөрсөн жил манай улсын эдийн засаг түүхэндээ байгаагүйгээр өслөө. Энэ бүхэн бол боломжийн ажлын үр дүн. Мэдээж алдаа дутагдал байлгүй яахав. Гэхдээ юм болгоныг болохгүй, бүтэхгүй байна гэж хараад байвал болохгүй байгаа мэт л харагдана. Тиймээс болж байгаа, болохгүй байгааг байгаагаар нь хэлэх ёстой. Ер нь хүн болгон өөрийнхөө амьдрал, амьдарч байгаа орчноо 2008 оноос хойш одоогийнхтойгоо харьцуулаад харах юм бол сайжирч, ахисан.
-Тэгвэл ирэх дөрвөн жилд төрийн эрхийг барих эрхмүүд, парламент ямар байгаасай гэж бодож байна?
-Би нэгдүгээрт төрийн эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт хувийн эрх ашиг гэсэн зарчмыг амьдралдаа баримталдаг. Тийм болохоор ирэх парламентад орж ирэх хүмүүс төр, ард түмнийхээ эрх ашгийг эрхэмлэж, хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байгаасай. Мөн залуу, шинэ хүмүүс сонгогдоосой гэсэн бодолтой байдаг.
-Дараагийн парламентад 20 хувийн квотоор эмэгтэйчүүдийн хувь, тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Бид Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг баталсан. Гэхдээ жендэр гэхээр дан Ганц эмэгтэйчүүдийн асуудал бол биш шүү дээ. Эрчүүд ч хамаарна. Нөгөө талаар эмэгтэйчүүд УИХ-д олноор орсноо эмэгтэйчүүдийн эрх хангагдчихдаг юм биш. Өнөөдөр асуудлыг хэт туйлшруулж яриад байгаа юм. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хүйсийн харьцаа ямар байгааг эхлээд ярих ёстой. Багш нарын 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд, эрүүл мэндийн салбарын 90-ээд хувь нь мөн л эмэгтэйчүүд байна. Эрчүүд нь мал дээр, эмэгтэйчүүд нь их, дээд сургуульд суралцаад байгааг бас ярих ёстой. Энэ мэтчилэн асуудлыг цогцоор нь ярих ёстой байтал өнөөдөр зөвхөн их хуралд эмэгтэйчүүд түлхүү байх ёстой гэж туйлшраад байна. Ингэхээр нийгмээс, эрчүүдээс авах дэмжлэг нь багадаад байгаа юм. Тиймээс УИХ-д байх ёстой гэж яриад байгаа хүмүүс асуудалд цогцоор нь хандвал аяндаа УИХ дахь хувь хэмжээ өсч, нийгмээсээ дэмжлэг авна.
Эх сурвалж: Үндэсний мэдээ Б.Бат

No comments:

Post a Comment