УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай “улс
төр-залуучууд” сэдвээр ярилцлаа.
-МАХН-ын
Их хурал, шинэчлэл, нэр сэргээхтэй холбоотой асуудлаар МАХН-ын залуус
үзэл бодол нийлэхээ болилоо гэсэн хандлага зарим хүнд бий болжээ. Намын
дэргэд НАМЗХ байсаар атал залуу гишүүд, дэмжигчдийн “Шинэ эхлэл” хөдөлгөөн
байгуулав. Залуу улстөрчийн хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Жам ёсны асуудал болж байна. Намын
Их хурал болох гэж байгаа үед гишүүд маань нам, улс орныхоо хөгжлийн бодлогод
хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаагийн нэг илэрхийлэл гэж үзэж байна. Бие биеэ
үгүйсгэж байгаа зүйл энд алга. Монгол Улс залуучуудын орон. Хүн амын 80 хувь нь
40-өөс доош насныхан. Энэ бол том тоо. Шинэ үеийнхний санаа бодол, хүсэл
эрмэлзэл төр, засгийн бодлогод бага тусаж байгаагаас залуучууд зохион
байгуулалтад орж, үзэл бодлоо илэрхийлэхэд хүрсэн байх.
-“Шинэ
эхлэл” хөдөлгөөнийнхөн голдуу 35-40 насныхан байх. Тэд 50-60-аад оныхон буюу
дээд ах нар нийгмийн баялгийг хувааж хүртээд дууслаа. Одоо бидний үе ирсэн
гэсэн санааг хэлж байна лээ. Үе хоорондын зөрчилдөөн МАХН-д байна гэсэн ойлголт
эндээс төрсөн.
-Ажил, амьдралын туршлага зэргээр
бодвол улс орныг 40-өөс дээш насныхан л авч явдаг. Харин залуучуудын талаар
төрөөс баримтлах бодлого хаягдаад байгааг хүлээн зөвшөөрнө. Түүний илрэл манай
залуусын үзэл бодлоос харагддаг. Тэгэхээр төр, засаг залуусын талаар баримтлах
бодлогодоо түлхүү анхаарах хэрэгтэй юм болов уу. Монголын залуучууд бэлэн юм
хүсээгүй. Сурч, боловсорч, хөгжих амьдралын чанарт нь өөрчлөлт гаргах орчин
хүсээд байгаа юм. Залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллага хэрэгтэй. Үгүй
бол залуучуудын төрийн бус байгууллагын үндэсний сүлжээтэй төр, засаг гэрээ
байгуулж ажиллах хэрэгтэй, цаг нь болсон гэж үздэг.
-Бага
хуралд дөнгөж арав гаруйхан, Удирдах зөвлөлд залуусын төлөөлөл бараг алга
гэж шинэ хөдөлгөөнийнхөн үзэж байна. Монголын хүн амын 70-80 хувийг бүрдүүлдэг
залуусын төлөөлөл МАХН-ын удирдлагад хангалттай түвшинд байх ёстойг тэд шаардаж
байна лээ.
-Улс төрд эзлэх хувь хэмжээг нас,
хүйсээр зааглахын эсрэг байдаг юм, би. Аль ч салбарт өрсөлдөөн байх ёстой. Нам
дотроо, тэр тусмаа анхан шатнаасаа өрсөлдөөний зарчмаар гарч ирэх нь хамгийн
эрүүл үзэгдэл. Өнөөдөр бид өрсөлдөөний нийгэм байгуулахын төлөө л ажиллаж
байгаа шүү дээ. Үнэхээр л мэдлэг, чадвартай бол нас харгалзахгүйгээр улс
төрийн ямар ч дээд түвшинд хүрэх нь нээлттэй. Ялангуяа залуучууд ийм
бололцоогоор урьд урьдынхаас илүү хангагдсан. Дарга тойрч гүйгээд
амжилтад хүрдэг цаг өнгөрсөн гэдгийг хэлмээр байна. Анхан шатыг дамжихгүйгээр,
хөндлөнгөөс дайрч, хэн нэгэн даргыг дагна гэдэг бол улс төрд хуучирсан, явцгүй
ойлголт.
-Та
23-тайдаа улс төрд анхан шатны байгууллагаас хөл тавьж байж. Гэтэл одоогийн
зарим залуу шууд л хөндлөнгөөс дайрч, хэн нэгэн даргын татаасаар улс төрийн эрх
мэдэлд очихыг хичээж байна. Ялгаа их харагдаж байна гэсэн үг л дээ?
-Би 1996 онд Өмнөговийн намын
хорооноос улс төрийн ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгэхэд нам ялагдалд орсон
үе. МАХН улс төрийн тавцангаас арчигдах ёстой гэсэн үзэл бодол хүчтэй байлаа.
Тийм үед бидэнд боломж олдсон. Өмнөговиос намайг УИХ-д нэр дэвшүүлэхэд нь би
нас болоогүй гээд нэг бус удаа татгалзаж байлаа. Улс төр, төрийн байгууллагад
ажиллаж байсан нь одоо надад хэрэг болж байна. Төрийн алба хашиж байхдаа
Засгийн газар, УИХ-д олон удаа асуудал оруулж, байцаагддаг байлаа. Энэ бүхэн
туршлага болсон учраас би шинэддэггүй. Бидний үеийнхэн одоо улс төрийн бүлэглэл
гэхээсээ илүү сонирхлын бүлэг байгуулж ажиллах хэрэгтэй. Миний хувьд шинэ клуб
байгуулахаар ажиллаж байна.
МАСЗХ НАМЗХ болж зохион байгуулалтад
орох үед бид нар ярилцаад намынхаа залуучуудын байгууллагыг үндсэнд нь 80-аад
оныхондоо шилжүүлсэн. Тэдэндээ олон нийтэд танил болох, намын анхан шатны ажилд
гүнзгий оролцох, ажил, амьдралын туршлага суух боломж олгосон. МАХН-ын бусад
намаас давуу тал нь залуустаа өргөн боломж олгодог болсон явдал юм. 70-аад
онынхон бид зайгаа тавьж өгсөн нь намын шинэчлэлийн нэг чухал хэсэг болсон.
-Одоо
та нарын үеийг “завсрынх” гэх юм билээ?
-Түүнд би эмзэглэдэггүй. Хуучин
нийгмийн сайн, саарын дунд бидний хүүхэд нас өнгөрсөн. Мэдлэг, боловсрол, ажлын
туршлага олж авах үе маань ардчилсан өөрчлөлтийн 20 жилтэй давхацлаа. Бид
өөрсдийн хөдөлмөрөөр хувийн хэвшлийн салбарыг босгосон. Хоёр нийгмийн сайн мууг
мэдэх учраас ирээдүйд юунд алдахгүй байх вэ гэдгээ ухаарч авсан. Ийм үе ховор
учраас би баярладаг юм. Энэ үеийнхэн бол үнэлэхийн аргагүй нийгмийн бүтээгдэхүүн.
Их л сонин, сонирхолтой үе.
Го.ЭНХТӨР
2010 оны
10-р сарын 29, Баасан гариг
ӨНӨӨДӨР
No comments:
Post a Comment