Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Ц.Шинэбаяраас эргээд ирэх ухаан гарах байлгүй дээ


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай уулзан намынх нь дотоод асуудлаар ярилцлаа. Тэрбээр манай нaм хувь хүнээс үл хамаардаг. Өөрөө moм cucmeм. Хэн нэгэн хүн, улстөрчийг дагаж ханардаггүй. Улс төрийн хүчнүүдээс хамгийн давуу чанар нь тэр хэмээн намаа дүгнэсэн.
-Өнгөрсөн Их хурлаасаа хойш танай МАХН болон Ардын намд болж буй үйл явцыг та хэрхэн харж байна вэ?
-Нэгдүгээрт МАХН, Ардын нам гэсэн хоёр ойлголт байхгүй. Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн хүрээнд МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл нь Ардын нам. Үүнийг Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, хуулийн аль ч түвшинд тогтоогоод тодорхойгоор цагаан дээр хараар бичсэн байгаа. Иймээс мэдэн будилж, асуудал үүсгэн, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн оролдлого хийх хэрэггүй. Гэхдээ энэ үйл явц нэг их хол явахгүй байх гэж бодож байна.
-Улс төрийн хожоо гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?
-Яах вэ дээ, сайн хүний нэрийг худалдаж идэх л асуудал юм. Үүгээр дэвсгэр гаргаж, улс төрийн суурь болгож ашиглах гэж оролдож байгаа хэмээн ойлгож байна.
-2008 оны сонгуулиар Ц.Шинэбаяр нэр дэвших квотоороо өнөөдөр удирдлагуудаасаа л авч байсан. Ц.Шинэбаяр гишүүн тухайлбал ямар улс төрийн хожоо олох гээд байгаа юм бол.
-Тэр хүний өмнөөс би хариулж мэдэхгүй байна.
-Тэгвэл парламент дахь бүлгээс тань гарч байгаа нь нэг тогоонд буцалж явсан танд ямар санагдаж байна.
-Яаж сайхан байх вэ. Сэтгэлийн хэт хөдөлгөөнтэйгөөр шидчихлээ гэж хараад харамсаж байна. Ц.Шинэбаяр гишүүн буцах газаргүй болчихоод цаашаа зүтгээд байгаа юм болов уу даа. Намын олон түмэн, бүлгийн гишүүд тэр хүнийг буцаасай, хамт ажиллаж байсан хүмүүстээ эргээд хүрээд ирээсэй гэж хүлээж байгаа. Тийм ухаан гарах байх гэж найдаж байна. Өнөөдөр Монгол Улс урагшлах хэрэгтэй байна. Шинэчлэлийг улс орон, ард түмэн, улс төрийн намууд шаардаж байна. Тэр  нийгмийн шаардлагад              нийцүүлсэн томоохон ажлуудыг бид эхлүүлж чадлаа. Алс ирээдүйгээ харсан бодлого зорилтоо дэвшүүллээ. Олон түмний нам боллоо. Одоо ажиллах л хэрэгтэй. Тэгэхээр тэр нь буруу, шинэчлэх шаардлагагүй гэх мэтийн хэт хуучин цагтай зууралдсан шинэчлэлийн эсрэг үзэл санаа хэрэггүй. Нийгмийн шаардлага, намын олон мянган гишүүд хүсч байна. Сая бид нийслэлийн намын үүрүүдээр орлоо. Намын Их хурлын бодлого, гарсан шийдвэр, бичиг баримт, дүрмийн өөрчлөлтүүдийн талаар ярилцлаа. Сайхан хүлээж авч байна. Ардчилсан нийгмийн гол чанар бол олонхийн шийдвэр. Бид олонхиороо шийдсэн. Гарсан шийдвэрийг хэрэгжүүлж байна.
-Олонхийн шийдвэрийг нөгөө тал үгүй гэж үзэж байгаа шүү дээ. Тэдэнд ч бас итгэл үнэмшилтэй бодчихсон юм байгаа байх.
-Яах вэ дээ. Аливаа зүйл дүрэм журам, дэгтэй л байх ёстой. Ардчилал ч бас дэгтэй. Түүнийхээ л дагуу явж байна. Шинэчлэлийн бүх асууддыг хоёр хүн зохиогоод оруулаад тулгачихсан юм биш. Бүх анхан шатны үүр хороодоор хэлэлцүүлээд, хагас жил, нарийн яривал 20 жил хэлэлцэж байгаад сүүлийн зургаан cap эрчимтэй албан ёсны хэлэлцүүлэг болгож олонхийн дэмжлэг санал авч байж гаргасан шийдвэр. Олонхийн хүсэл эрмэлзэл, шаардлагыг үгүйсгэсэн, түүний эсрэг явах дэмий учраас харамсалтай л байна.
-МАХН-ынхан гэж үзэж байгаа хүмүүс түр хороогоо байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ гэж зарласан.
-Бид эрх зүйт төртэй, хуулинд захирагдах учиртай ард түмэн шүү дээ. Түүнд л захирагдах учиртай нийгэм. Хуулийн хүчинд амьдарч, амьдралынхаа хэм хэмжээг зохицуулж байгаа. Хоёр хүн "Албан ёсоор байгууллаа" гэхээр болчихдог юм биш. Хуульд нийцүүлнэ. Үндсэндээ өнөөдрийн байдлаар Улс төрийн намуудын тухай хууль зөрчигдөж байна. Ярьж байгаа зүйл нь өөрөө зөрчилтэй. Улс орны хэмжээнд хэлэлцүүлээд, бүх түвшинд гаргалгааг нь тооцож байж хийж байгаа ажил шүү дээ. Ийм том үйл явдлын эсрэг албан бусаар явчихаад түүнийгээ албан болгож ярих хэрэггүй л юм байгаа юм. Сонин ойлгомжгүй л байдал үүсгээд байна.
-Бууриа сахиж үлдсэн. Бид шүүх энэ тэрд очиж бүртгүүлэх шаардлагагүй гэж байна билээ.
-Буурь сахиад байх зүйл байхгүй. Нэрэнд л өөрчлөлт орсон болохоос нам хэвээрээ л байгаа. Батбаяр гэдэг хүн Кёкшюүзан Батбаяр боллоо гэдэгтэй адилхан. БНМАУ байж байгаад Монгол Улс болохтой л ижил. Ардчилсан нам хэдэн удаа нэрээ солив доо. Өнөөдөр нийгмийн шаардлагад нийцүүлж анхныхаа эцэг эхийнхээ өгсөн нэрийг л сэргээж авч байгаа асуудал.
-Шинэбаяр гишүүний үйлдэл парламентын тогтолцоонд шинэ өнгө гаргаж, шинэ жишиг тогтоох нь уу. Хүн хэлэхээс нааш ухаарахгүй гэсэн үг байдаг. Бүлэгтэйгээ уулзсан уу?
-Ардчилсан нийгэм өөрөө олонхийн шийдвэрийг дагадаг, тэдний эрх мэдэл, дарангуйллаас гадна цөөнхийн эрх ашгийг хамгаалсан хамгийн сайн нийгэм юм. Ардчиллын давуу тал нь цөөнхийн төлөө шүү дээ. Хэрвээ нийгэм байгаагүй бол цөөнх хэцүү байдалд орно. Урьд нь ийм цөөнх байснаараа өөрсдөө эрсдэлд орж байсан. Харин өнөөдөр ийм сайхан байна. Цөөнх үгээ хэлж, өөр үзэл санаа дэвшүүлж болно. Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн давуу тал энэ. Нэг жишээ нь энэ. Цөөнх өөрөө хамгаалалтад орно. Үүнийг хүн болгон зөвшөөрч байна.
-Танай нам өөрийн дүрэм журмын дагуу явж байгаа гэж та хэлж байна. Тэгвэл дүрмийн бус яваа хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
-Тэдэнд бас л дүрмийн дагуу сахилгын арга хэмжээ авах ёстой. Мөн л намын дүрмэнд байгаа. Дүрмийг биелүүлдэг намын дэргэдэх Ёс зүйн хороо, Хяналтын хороо гэж байгаа. Тэд хяналтаа тавина. Энгийн гишүүнээс эхлээд намын дарга ч биелүүлэх үүрэгтэй. Тэгж байж зохион байгуулалттай улс төрийн байгууллага болно. Нэгдсэн итгэл үнэмшилтэй, зохион байгуулалт, сахилга, зорилго дүрэмтэй байж нам оршин тогтнодог.
-Танай нам 160 мянган гишүүнтэй. Тэдний хэдэн хувь нь энэ түр хороо байгуулагчдыг дагаж байгаа бол.
-Сонингуудаас харахад 3000 гэсэн тоо байна лээ. 160 мянган хүнд 3000 гэдэг бол нэг хувь гаруй л юм байна. Ийм байгаа гэж ойлгож байна. Энэ зэргийн үзэл бодлын өөр байр суурь байх нь буруутгах зүйл биш л дээ. Манай намд үеийн үед байсан л зүйл. Маш олон удаа ийм зүйлийн гэрч болж, өөрөө харж байлаа. Олон улсууд намаас гарч, батлахаа буцаан тушааж, шинэ нам байгуулж, олон зүйл болж байсан. 1990-ээд оны түүх ч бас байна. Манай намын хуучин суурь, нэрэндээ ч биш өөрөө намын хэлбэрээ олсон учраас нуруугаа бариад л явчихдаг. Хэн нэгэн Дорж, Батаагаас шалтгаалаад байдаггүй. Нам өөрөө бодлого, нуруугаа барьж шинэчлэлийн дагуу явж байна. Энэ бол том хөдөлж чадсан үйл явц. Ганц намын хэмжээнд биш улсын хэмжээнд цаашлаад улс орны эдийн засгийн хэмжээнд томоохон өөрчлөлтийг авчрах алсыг харсан, хөгжлийн бодлогоо тодорхойлсон үйл явц. Энэ бол Монголын нийгэмд хэрэгтэй. Монголын ард түмний захиалга юм. Улс төрийн нам өөрөө шинэчлэгдэж хөгжиж байж нийгмийн бухимдаад байгаа шударга бус явдлуудыг шийдэж чадна. Улс төрийн нам эхлээд өөрийгөө шигшээд цэвэрлэе. Дараа нь төрийн албаа шинэчилье. Хуучнаараа үлдье гэсэн хүмүүс бас байгаа. Үлдэж болно. Харин бид урагшаа явах ёстой. Манай орны 80 хувь нь 40-өөс доош насны залуучууд байна. Тэд ирээдүйгээр амьдарч байна. Ирээдүйгээ сайн сайхан байгаасай гэж хүсч байна. Намын гол зорилт, цөм нь эх орондоо сэтгэл хангалуун, баян чинээлэг сайхан амьдрах.
-Ингэхэд МАХН дотор Ардын нам нь байгаад байна уу. Ардын нам дотроо МАХН байгаад байгаа юм уу?
-Ардын нам дотроо МАХН багтаж явж байгаад Ардын нам нь ахиж биежиж байна. Ардын нам бол МАХН-ын зүй ёсны эхлэл, хууль ёсны үргэлжлэл. Нийгмийн шаардлагаар нэрний өөрчлөлт гарсан. Яг үнэндээ сонин том асуудал биш. Ганц үсэг хөөцөлдөөд байх биш. Гол нь нам нь өөрөө хөгжлийн тухай асуудал дэвшүүлж, урагшаа хөдөлж чадаж байгаа нь л хамгийн сайхан зүйл.
-Одоогийн Ардын намд байгаа гишүүд болон Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын нөхөд гэсэн утгаар асуугаад байна л даа. Тэдний дотор энэ нам байгаа юм уу. Тэд энэ намынхаа дотор байгаа юм уу?
-Хууль эрх зүй талаасаа харвал одоохондоо энэ хүмүүс Ардын намын хүрээнд байгаа. Энэ нам хуулийн дагуу улсдаа бүртгүүлээд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдэнд таалагдахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Ардын намаасаа гарч, эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж, зохион байгуулалтад орж болно.
-Их хурлаас хойш Бага хурал, Удирдах зөвлөл гээд шинэ зохион байгуулалт хийлээ. Мөнгөтэй бас залуу хүмүүст Ардын нам улс төрд орох хаалгыг нээх түлхүүр нь болж байна гэх хэсэг байна.
-Мөнгөтэй гэдгийг яаж ойлгож байгааг мэдэхгүй. Эд хөрөнгөөр яривал их өрөөсгөл. Хийсэн, бүтээсэн зүйлтэй гэвэл арай өөр. Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм ямар билээ. Эдийн засаг хувийн хэвшил дээр тулгуурлаж, улс орны 80 хувийг үйлдвэрлэж байна. Нийт татвар хураамжийг бүрдүүлж, улс орныг нуруундаа авч явж байна. Олон зуун хүнийг ажлын байраар хангаж байна гэж би хардаг. Мөнгө гэдэг өөрөө "Май" гээд өгөгдчихдөг зүйл биш шүү дээ. Зорьж, байгуулж байгаа нийгэмдээ сэтгэлгээний хувьд жаахан өрөөсгөл хандаад байгаа юм. Хуучин дээд боловсролтой хүн болгон ажилтай байна гэж сэтгээд 200 дээд сургуультай болсон шиг мөнгөтэй хүн болгон муу гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Үнэхээр "Чи ухаантай, мэдлэг чадвартай бол өөрийн байгаа байдлаа хар" гэх асуулт гардаг болчихоод байна. Нийгэмд үнэлэгдэж байвал мөнгөтэй, сайхан амьдарна. Нийгмээс ухаантай байвал баялгийг бий болгоно гэсэн зарчим л байна. Залуу насандаа ингэж чадсан хүнийг түлхэх нь утгагүй. Нам өөрөө бүгд баян чинээлэг эрүүл байж, Монгол хүн эрүүл, боловсролтой байя л гэдэг хөтөлбөрийг боловсруулахаар зорьж байна. Үүний эсрэг ядуу байя гэх гээд байгаа юм уу. Ингэж яриад байгаа хүмүүс ямар байя гээд байгааг огт ойлгодоггүй. Нэг ч гэсэн хүний амьдрал дээшилж л байвал дор хаяад ах дүүс, гэр бүлдээ хэрэгтэй.
-Хөрөнгөтэй хүмүүст Ардын нам албан тушаалын цахилгаан шат болж байна гээд байна л даа.
-Албан тушаалын хаалга тийм ч амар нээгддэг юм биш. Энэ намын толгойд байх хүн өөрөө нэлээд хүчин чармайлт гаргахгүй бол зүгээр байлгаад байдаг юм биш. Хувь хүнээс үл хамаардаг нам: Өөрөө бүр том систем юм л даа. Хэн нэгэн хүн, улстөрчийг дагаж ханардаггүй. Улс төрийн хүчнүүдээс хамгийн давуу чанар нь тэр. Тиймээс Монгол төрийн, тусгаар тогтнолын баталгаа болоод байгаа суурь нь энэ. Хэн ч бай намынхаа эсрэг, бодлогынхоо эсрэг л хөдөлвөл явуулж л орхидог. Тэглээ гээд нам нь тардаггүй, унадаггүй. Тэр орон зайг маш хурдан нөхөж чаддаг. Дараагийн шинэ үе нь гарч ирээд л авч явдаг. Бүгдээрээ алсыг харж явъя.
М.Мөнхчимэг
2010 оны 11-р сарын 23, Мягмар гариг
Өдрийн шуудан

No comments:

Post a Comment