Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: АН-ын гишүүд хойрго хандаж байна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль анхны хэлэлцүүлгийн шатандаа гацаад буй. Учир нь УИХ дахь АН-ын бүлэг нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээс гадна Хөдөлмөр эрхлэлтийн алба гэсэн шинэ бүтэц байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн хэлэлцүүлгээс завсарлага авсан билээ. Энэ тухайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд "Орон тоо, бүтэц бүрэлдэхүүн, цалингийн сангийн хүрээнд эдгээр шинээр албадыг байгуулсан. Одоо ажлыг нь зогсоосон" гэж байгаа ч АН-ын бүлэг завсарлагаа үргэлжлүүлсээр байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогттой ярилцлаа.

-Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих Тухай хуулийн Хэлэлцүүлэг хэд хэдэн удаагийн завсарлагаас болоод урагшилсангүй. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд юу хэлэх вэ?

-Энэ хуулийн төслийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраас өргөн барьсан. Ажлын хэсэг энэ хугацаанд 20 орчим удаа хуралдаж, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,Үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагуудын удирдлагын хамт дөрвөн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан.Тиймээс ч харьцангуй боломжийн хэмжээнд боловсруулсан гэж бодож байгаа. Харамсалтай нь АН-ын гишүүд удаа дараа хойрго хандаж байна. АН-ын бүлгийн зүгээс он гарсаар дөрвөн удаа завсарлага авлаа. Аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хөдөлмөр, мөн халамжийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй. Харин өнөөдөр хувь, хишиг хүртээх, тэтгэвэр тэтгэмж олгох зэрэг халамжийн ажил нь хэтэрхий ихээс болоод ажлын байр бий болгох, хөдөлмөрт бэлтгэх гэхчлэн хөдөлмөрт чиглэсэн үйл үйл ажиллагааг хангалттай сайн зохион байгуулж чадахгүй байгаа. Тиймээс л хөдөлмөрийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулж, сум, аймаг, дүүрэгт хариуцсан ажилтантай болгох тухай заалт хуулийн төсөлд бий. Харин АН-ынхан энэ агентлаг байгуулагдвал манай намынхан очих ёстой,агентлаг байгуулагдсанаар манай намын хүмүүс ажилгүй болох нь гэж сандал ширээтэй зууралдаж байна. Завсарлагын шалтгаан ердөө л энэ. Эндээс хийх дүгнэлт бол хамтарсан Засгийн газар ажил хийхийн төлөө нэгдсэн юм уу гэсэн асуулт. С.Баяр даргыг Ерөнхий сайдын ажлаа өгөхөд АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаас Засгийн газарт юуны төлөө нэгдсэнийг нь асуухад сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө нэгдсэн, сандал, ширээний төлөө нэгдээгүй гэж байсан. Гэтэл бодит байдал дээр ажил нэг иймэрхүү л байна. 2011 оныг Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосон байхад шүү дээ. Харамсалтай нь Засгийн газрын Тэргүүн шадар сайдын даргалдаг АН-ын УИХ дахь бүлэг ажлыг гацааж байна.

-Уучлаарай, үнэндээ төрийн алба данхайчихсан энэ үед дахиад л шинэ бүтэц, орон тоо бий болгоно гэхээр тийм ч таатай сонсогдохгүй нь ойлгомжтой.Тэгээд ч Та сая "халамжийн ажил хэтэрхий их" гэж хэллээ.Тэгэхээр халамжийн арга хэмжээгээ цөөлөөд одоогийн бүтэцдээ тааруулан үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үү?

-Энэ хууль бол ерөөсөө л хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэнэ. Энэ ч утгаараа халамжийн хуулиас тэс өөр. Халамж бол яах аргагүй дэмжих ёстой иргэддээ амь зогоох төдийгөөр туслахыг хэлдэг. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль бол ажилгүй иргэдийг хөдөлмөрлөөсэй, амьдралаа өөд нь татаасай, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлээсэй гэсэн зорилготой. Одоогийн бүтцээр хөдөлмөр, халамж хоёрыг зэрэг авч яваа. Халамжийг багасгах, төвлөрүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ л одоогийн орон тоо хүрэхгүй байгаа. Ажилгүй иргэдийг хөдөлмөрлөх сонирхолтой, чадвартай, ажлын байртай болгож байж халамж авдаг хэсэг багасна.Тиймээс эл бодлогыг нэгдүгээрт тавьж ажиллая гэж хуулийн төсөлд оруулсан юм.Хуулийн төсөлд "зорилтот бүлэг" гэж ажил олоход бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлэг рүү хальтрах эрсдэлтэй иргэдийг тодорхойлсон. Тус бүлэгт багтах 45-аас дээш настай иргэд, өрх толгойлсон, гурваас дээш хүүхэдтэй эцэг, эх, шоронгоос суллагдагсад, асрамжийн газраас 18 нас хүрмэгц шууд нийгэмд гарч байгаа залуус, малчдаа эхний ээлжид ажилтай болгоход түлхүү анхааръя гэсэн юм. Ингээд тэдэнд мэргэжлийн болон түр, давтан сургалт явуулах гэхчлэн тодорхой үйл ажиллагааг дээрх бүтцээр дамжуулан гүйцэтгэх юм. Түүнчлэн ажил олгогчийг дэмжих, урамшуулал олгох бодлогыг хуульд суулгасан. Мөн ажилгүй иргэн, ажил олгогч хоёрыг зуучлах хөдөлмөр зуучлалын үйлчилгээ буюу хөдөлмөрийн биржүүдийг ажиллуулна.

-Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гаргаж чадах хөшүүрэг төсөлд орсон уу?

-Хөдөлмөрийн бирж зөвхөн төрийнх байсан бол одоо хувийн хэвшил, төрийн бус байгууллага биржийн чиг үүргийг гүйцэтгэж болно. Бирж аль олон хүнийг ажилтай болгоно,тэр хэмжээгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагаас санхүүжилт авч, дээр нь шаардсан ажиллах хүчийг нийлүүлснийхээ төлөө ажил олгогчоос тодорхой урамшуулал авах байдлаар хөдөлмөрийн зах зээлд зах зээлийн зарчмаар ажиллах бололцоог бий болгоно. Мөн маш сайн гагнуурчин авна гэсэн захиалгад нийцэх ажиллах хүчин хараахан олдохгүй байвал сургалт явуулна. Бирж сургалт явуулсныхаа төлөө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авдаг байх юм.

-Дээр дурдсан урамшууллын бодлогын талаар тодруулахгүй юу?

-Ажил олгогч олон хүн ажилд авах тусам урамшуулал авна. Тухайлбал, ажил олгогч ажилд авсан хүнээ мэргэжилтэй болоход нь дэмжлэг үзүүлж сургалтад хамруулбал ажилд олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно. Нөгөө талаас ажлын байртай болсон хүн маань байгууллагадаа 12 сараас дээш хугацаагаар тогтвортой ажиллавал байгууллагаасаа цалин авахаас гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал авах юм. Мөн хөдөлмөр зуучлалын байгууллагад ч урамшууллын тогтолцоо хамаатай.

Б.Номин

2011 оны 4-р сарын 25, Даваа гариг, Монголын үнэн

No comments:

Post a Comment