УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-Та нийслэлээс сонгогдсон гишүүн учраас хотын төсөвт нэлээд ач холбогдол өгч байгаа болов уу?
-Сайн төсөв болсон гэж хэлэхгүй. Хотоос
сонгогдсон гишүүний хувьд Улаанбаатарын төсөвт анхаарал хандуулж, саналаа хэлж
байгаа. Эдийн засаг, соёл шинжлэх ухааны төв, хүн амын бараг 50 хувь оршин
суудаг хотын төсөв анхаарал татахаас аргагүй. Нийслэл нь хөгжилтэй байж хөдөө
нутагтаа үлгэр дууриал болох учиртай.
-Нийслэлд тулгамдсан асуудалд бишгүй. Эхний ээлжинд ямар асуудлыг шийдэхэд хөрөнгө санхүүгийн дутагдалтай байгаа бол?
-Юуны өмнө нийслэлд санхүүгийн эрх мэдлийг өгөх
ёстой. Улаанбаатарт 1950, 1960 оны үед баригдсан барилга, үерийн далангийн
насжилт тулгамдсан асуудал болсон. Гэрэлтүүлэг, чимэглэлийн асуудал ч бий.
Хуучирсан барилгуудыг сэргээн засварлах, буулгаж шинээр барих шаардлагатай.
Орон сууцнуудын цахилгаан шат ч хуучирсан. Тиймээс хотын төсвийг ахиу тавих,
санхүүгийн хувьд бие даасан байдалтай болгож байж л эдгээр асуудлыг шийднэ шүү
дээ. 2011 оны төсвөөр Улаанбаатарт 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын
асуудлыг шийдвэрлэнэ. Хайлааст, Чингэлтэй орчмын үерийн далан, дэд бүтцийг
шийдвэрлэхэд нэмэлт хөрөнгө хэрэгтэй.
-Тухайлбал, Та нийслэлийн төсөвт хэдэн төгрөг хуваарилах санал гаргасан бэ?
-Улсын төсөвт Улаанбаатараас 44 тэрбум төгрөг татан
төвлөрүүлж орлого бүрдүүлдэг. Үүний 50 хувийг хөнгөлж 22 тэрбум төгрөгийг хотын
мэдэлд үлдээе, тулгамдсан асуудлаасаа шийдвэрлэх боломжийг нь бүрдүүлье гэсэн
саналыг гаргасан. Нийслэлийн хороодод цагдаа, эмнэлэг, хорооны цогцолбор
барихаас авахуулаад хөрөнгө оруулалт шаардлагатай олон зүйл бий. Намын бүлэг
миний саналыг дэмжсэн. Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж хотын тулгамдсан
асуудлаар санал солилцож дэмжлэг авсан.
-Эрүүл мэндийн салбарыг түргэн тусламжийн нисдэг тэрэгтэй болох санал гаргасан нь их содон сонсогдож байсан шүү. Харамсалтай нь дэмжлэг авсангүй.
-Нийслэлийн зам ачаалал ихтэй. 2-3 цаг түгжрэх нь
бараг энгийн үзэгдэл болсон. Ийм үед өвчтөнд шуурхай үйлчилгээ үзүүлэхэд дэмтэй
юм гэж үзээд эрүүл мэндийн салбарт түргэн тусламжийн нисдэг тэрэг авч өгөх
санал гаргасан л даа. Хэдийгээр гишүүд дэмжээгүй ч цаашид төсвийн тодотгол
хэлэлцэх үед дахин санал оруулна.
Д. Дамдин
2010 оны 12-р сарын 02, Пүрэв гариг, Монголын үнэн
No comments:
Post a Comment