Monday, 23 April 2012

Д.Очирбат: МАХН анхны нэрээ л авах гэж байна


МАХН нэрээ солих асуудал олон нийтийн анхаарлын товд байгаа. Тус намын зарим гишүүн нэрээ солих нь тийм ч ач холбогдолтой зүйл биш гэж үзэж байгаа бол үлдсэн хэсэг нь нэр болон үзэл баримтлалдаа шинэчлэл хийх цаг болсон хэмээж байгаа юм. Нэр солихыг дэмжигчдийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Очирбат юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та намынхаа нэрийг солих нь зов хэмээн үзэж байгаа гишүүдийн нэг. Чухам яагаад нэр солих нь зов хэмээн үзэж байна вэ?
-Ер нь намын нэр гэдэг юм уу, эсвэл солино, солихгүй гэдэг утгаар биш, МАХН өөрөө МАН нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Анх-ны нэр нь МАН. Тэгэхээр өнөөдөр заавал хувьсгалт гэдэг үгнээсээ татгалзаж байна, хувьсгалт гэдэг үг байх ёстой эсвэл хасчихлаа гэдэг утгаар биш анхны нэрээ л авах гэж байгаа гэж ойлгоход болно.МАХН 90 жилийн түүхтэй, түү-хэндээ маш олон хувьсгал хийсэн. Үндэсний эрх чөлөө, эв нэгдэл, тусгаар тогтнол гээд энэ бүх зүйлд оролцож явсан. Тухайлбал, 1921 оны хувьсгалыг анх эхэлж хийсэн, Хүрээн дэх цагаантнууд, гамин, баронтой хувьсгалт намын гишүүд байлдаж, хөөж гаргаж байсан. Барон Унгерныг бут цохиж явсан. Түүний дараа Халх голын ялалт, Чөлөөлөх дайн гээд энэ бүх түүхэн хувьсгалт тэмцэлд МАХН-ын гишүүд улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж ирсэн. Эдгээрийг хувьсгал гэдэг үгтэй нь холбож ойлгож ирсэн. Бид одоо 90 жилийнхээ ойгоор намын шинэчлэл, хөгжлийн асуудлыг ярих гэж байгаа үедээ МАН гэх анхныхаа нэрийг авъя гэсэн санал гарч байгаа юм. Монгол ардын хувьсгалт нам хэмээх дөрвөн үг нь бидний бахархал, Монголын түүхийн гол брэнд байхгүй юу. Гэхдээ энэ удаа хувьсгалт, хувьсгалт биш гэдгээр нь ялгаж салгалгүйгээр МАН хэмээх анхны нэрээ л авъя гэж байгаа юм. Түүнээс бус хувьсгал гэдэг үгнээс жийрхээд байгаа ч юм биш. Гадна, дотны туршлагыг харж байхад хэн ч гэсэн өөрийн түүхэн үйл явдалтай холбоотой анхны нэрээ авдаг юм билээ. Үүсгэн байгуулагдаж байх үеийн анхны нэр гэдэг их утга учиртай байдаг.
-Танай намын зарим гишүүд тухайн нам ямар нэртэй байх нь гол биш юу хийх нь чухал гэсэн байх суурьтай байгаа гэсэн?
-Нэг үгнээс болж маргалдаад, түүнээс үүдэн намын гишүүн нь хоёр талцаж хуваагдах хэрэггүй.МАХН 90 жилийн хугацаанд хамгийн тэргүүлэх чиглэлийн улс төрийн хүчин байж, Монгол Улсын хөгжлийг өөртөө авч, удирдан зохион байгуулсаар ирсэн, нэр хүндтэй нам. Тиймээс 90 жилийн түүх, ардчилсан хувьсгал, ардчиллын 20 жилийн хугацаанд гарч ирж байгаа ололт амжилтууд манай намтай холбоотой.Өнөөдөр ардчилал гэхээр л яагаад Ардчилсан нам гэж ойлгодог юм. Ардчиллын 20 жилийн хугацаанд гарсан хэвлэлийн эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллын байр суурийг МАХН бэхжүүлж өгсөн. МАХН өөрөө үндсэн эрх барих хүчин байж байгаад ардчиллын болоод бусад нам эвсэлүүдийг хүлээн зөвшөөрч, өөрийнхөө Засгийн газрыг татан буулгаж, олон нам, эвслийн системтэй болгосон. Ардчилсан намыг бусад жижиг эвслүүдээс ялгаж салгалгүйгээр улс төрийн том хүчин болгох гэж өөд нь татаж, өөртэйгээ эн зэрэгцээ авч явж байгаа шүү дээ, манай нам. Ардчиллыг хөгжүүлж, анхны ардчилсан, шинэчилсэн үндсэн хуулийг нь МАХН 89 хувийн бүрэлдэхүүнтэйгээр баталж өгсөн. Олон намын системийг ч МАХН олонх бүрэлдэхүүнтэйгээр баталж өгч байсан. Ардчиллын 20 жил гэж яриад байдаг. Үүний 16 жилд нь МАХН төрийн бодлогыг тодорхойлж байсан. Тэгэхээр ардчилал гэдэг үг, үнэт капитал, ардчиллыг ганц Ардчилсан намтай хамааруулж ойлгож болохгүй.
-Намын нэрийг МАН болголоо гэхэд ийм нэртэй өөр нам байдаг, дарга нь Н.Энхээ гэж хүн байдаг тухай хэвлэлүүдээр яригдаад байгаа шүү дээ?
-Анх 1921 онд Н.Энхээ нам байгуулаагүй, нэрийг нь өгөөгүй л биз дээ. Тэр МАН гэдэг нэртэй нам байгуулж, нэр нь МАХН-ын нэртэй давхцаж байсан учраас танай намд нэгдлээ, хамтарч орлоо, одоо манай нам хүчингүй боллоо гээд хүчин төгөлдөр бичиг цаас үйлдэж, шүүхийн шийдвэр гарсан. Одоо МАН гэсэн үг үсэг өгүүлбэр нь сэргээд ирэхээр улс төр, нэр хая-гаар тоглох гэсэн нэг нөхрийн үйлдэл гэж ойлгож байна.
-МАХН-ын дарга асан Н.Энхбаяр намын нэр болон үзэл баримтлалыг шинэчлэх нь буруу гэсэн утга бүхий мэдэгдэл гаргасан байсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Үзэл баримтлалын талаар нэлээд ярьсан байна лээ. Нэрний талаар эсэргүүцэж байна гэж би ойлгоогүй. Үзэл баримтлалын тал дээр зүүнийх байх уу, барууны байх уу гэдэг тал дээр өөрийнхөө үзэл бодлыг нэлээд гаргаж ирсэн байна лээ. Н.Энхбаяр дарга бол тодорхой хэмжээнд МАХН-ыг удирдаж байсан, хүнд хэцүү үед нь намаа хөл дээр босгож, нэр хүндийг нь өсгөн өгч байсан манай намын тэргүүлэх удирдлага, лидер хүн гэж би боддог. Тиймээс тэр хүний өөрийнх нь санал гэж ойлгож хүлээж авсан. Өнөөдөр миний ярьж байгаа ч гэсэн хувь хүний бодол. Үүнтэй адил МАХН-ын мянга, мянган гишүүд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Намын нэрийн асуудал дээр зөвхөн Удирдах зөвлөл, намаас Их хуралд сонгогдсон гишүүд, УИХ дахь МАХН-ны бүлгийн гишүүд хоорондоо санал солилцоод намын нэрийг өөрчилнө гэж байхгүй. Тиймээс нэрийн асуудлыг олонхиорос шийднэ. Тэд дэмжээд үзэл баримтлал, нэр өөрчлөгдөх шаардлагагүй хэмээн үзвэл бид заавал өөрчилнө гэхгүй. Энэ бол намын гишүүдийн өөрсдийнх нь шийдвэр байх юм.

Т.ГЭРЭЛМАА /Өдрийн сонин/
2010 оны 9-р сарын 14, Мягмар гариг

No comments:

Post a Comment