Эхчүүдэд тэтгэмж, дэмжлэг олгох асуудал хууль тогтоох дээд байгууллагын намрын чуулганаар хэлэлцэгдэх аж. Энэхүү хуулийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж, өргөн барьжээ. Хууль санаачлагчдын нэг болох УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-Тэгш ой давхацсан жил болж, баяр наадам ч нэлээн удаан үргэлжилж байна. Таны хувьд чуулганы завсарлагаанаар ямар ажил байна вэ?
-Хаврын чуулганаар хамгийн ачаалалтай ажилласан бүтэц нь
манайх. Учир нь, харьяалдаг олон яамтай болохоор тэр. Чуулган эхлэхэд эрүүл
мэндийн тогтолцоог шинэчлэх, салбарын дагаж мөрдөх хуульд цогц шинэчлэл хийх
төслийг хэлэлцэн баталсан. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Дээд
боловсролын тухай, Амьжиргааны баталгаажих түвшингийн, Одонтой эхчүүдийн тухай
хууль гэх мэт нийгэм рүү чиглэсэн томоохон асуудлыг шийдвэрлүүлсэн. Харин одоо
намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд дээр ажлын хэсэг томилон, хэлэлцүүлэгт
оруулахад нь бэлтгүүлж байна. Мөн гишүүдтэй хамтарч хуулийн төсөл ч
боловсрууллаа. Үүний хажуугаар гадаад томилолттой байсан. Ер нь, амрах завгүй л
ажиллаж байна даа.
-Хаашаа ямар ажлаар явсан талаараа тодруулахгүй юу?
-Монгол Улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Хөгжихийн
хэрээр байгаль орчиндоо хэрхэн хор хөнөөлгүй ажиллах, нэмүү өртөг шингээсэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт асуудлууд тулгарч байгаа. Энэ бүхнийг судлах
үүднээс Австрали улс руу явсан юм. Тэнд уул уурхай өндөр хөгжсөн, шинэ техник
технологи нэвтрүүлж, нөхөн сэргээлтийг 90-ээс дээш хувьтай хийж гүйцэтгэдэг юм
билээ. Манай улс ч гэсэн дээрх маягаар ажиллахаар хаанахын туршлагыг авч
хэрэгжүүлэх талаар судалж байгаа шүү дээ.
-Ер нь, тойрогтоо ажиллах завгүй л байсан бололтой?
-Тийм ээ. Чуулган завсарласнаас хойш нэлээн завгүй байлаа.
Удахгүй тойргийнхоо сонгогчидтой уулзаж, ямар асуудал тулгамдаж байгаа талаар
ярилцах болно. Бас цаашид хийх ажлаа ч танилцуулахаар төлөвлөөд байгаа.
-Хуулийн төсөл боловсруулж байгаа гэж хэлсэн. Ямар чиглэлээр юм бол?
-Ерөнхийдөө манай Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гэж хэлж болно. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд сар бүр тэтгэлэг олгох тухай юм л даа.
-Хуулийн төсөл боловсруулж байгаа гэж хэлсэн. Ямар чиглэлээр юм бол?
-Ерөнхийдөө манай Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд гэж хэлж болно. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд сар бүр тэтгэлэг олгох тухай юм л даа.
-Төслөө парламентад өргөн мэдүүлчихсэн байгаа юу. Эсвэл чуулган эхлэхээр энэ ажлаа хийх гэж байна уу?
-Төслөө өргөн мэдүүлчихсэн
байгаа. Харин одоо хэлэлцүүлэгт нь бэлтгэх ажлаа хийж сууна. Энэ хуулиар ямар
асуудлыг хөндөж буй нь сонин байгаа болов уу. Мөн хууль батлагдсанаар гарах үр
дүн, ач холбогдлын талаар ч сонирхох байх. Эрт үеэс бид Монголын үрс маш олон
болтугай гэж ерөөсөөр ирсэн. Энэ ч утгаараа хүн амаа өсгөх бодлогыг дэмжих
зорилготой юм.
Өнөөдөр бид 2.8-хан сая хүн амтай. Ядаж нийслэлдээ таван сая, хөдөө орон нутагт мөн адил хэмжээний иргэнтэй болмоор байна.
Ингэж чадвал дотоодын үйлдвэрлэл ч өсөж, эдийн засагт ч ашиг
өгнө. Мөн хүн амаа хэрхэн өсгөх, ямар дэмжлэг, урамшуулал олгох вэ гэсэн
асуудлаа шийдэх цаг болж. Энэ цонх үеийн бодлоготой ч уялдах ёстой. Ер нь,
хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд Алдарт эхийн одон өгөхөөс илүү харж үзэж байгаа
зүйл алга. Тиймээс гишүүд Эхэд урамшуулал олгох хууль санаачилж өргөн бариад
байна.
-Яагаад ийм хуулийн төсөл байх ёстой гэж. Эмэгтэйчүүд, эхчүүд рүү чиглэсэн хууль бий шүү дээ?
-Амьжиргааны өртөг өдрөөс өдөрт л нэмэгдэж байгаа өнөө үед
эх, хүүхдийг дэмжсэн бодлого гаргах нь зайлшгүй шаардлагатай. Тиймээс энэ улсын
хүн амыг өсгөж буй, үр хүүхдээ бойжуулж байгаа эхийн хөдөлмөрийг үнэлэх ёстой
гэж үзсэн хэрэг. Өнөөдөр тэднийг үнэлдэг хууль алга. Ямар нэгэн бодлогоор
дэмжиж хүн амаа өсгөхгүй бол төрөлт багассаар байгаа нь судалгаанаас харагдсан.
2008 оноос өмнө төрөлт нэмэгдэж, хүн ам ч өссөн байдаг.
Манай улс анх 1969 онд "Жирэмсэн, хүүхэд төрүүлсэн эх
төрөөс мөнгөн болон эмнэлгийн тусламж авах эрхтэй" гэж Олон улсын
хөдөлмөрийн байгууллагын конвенцоороо зааж өгсөн байдаг. Үүнээс хойш ямар нэгэн
өөрчлөлт оруулалгүй явсаар 2008-2012 оны Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөртөө шинээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд 300 мянга, Алдарт эхийн
хоёрдугаар одонтойд нь 500, нэгдүгээр зэрэгтэйд нь сая төгрөгийн тэтгэмж олгож
байсан. Гэтэл одоо энэ бүхэн үгүй болсон гэхэд болно.
-Элдвийн халамж их болохоор харин ч их хурдацтай өсөж байгаа юм биш үү?
-Үгүй. Зарим хүн ташаа ойлголттой яваа байх. 2011 оны эхний
улиралд 15800 эх амаржсан байна. Үүнийг нь өмнөх оныхтой харьцуулахад 997 буюу
5.9 хувиар буурсан дүн гарч. Энэ нь, юунаас болов гэхээр дээрх бүх тэтгэмж,
дэмжлэгийн хөрөнгөө болиулж "Хүний хөгжил сан"-гаас олгох 1.5 сая төгрөгтөө
багтаахаар болсонд байгаа юм. Цаашид жил ирэх тусам дээрх тоон үзүүлэлтээр
буураад байвал хүн амаа өсгөнө гэдэг хэцүү л болох байх. Урамшуулал, тэтгэмж
олгох асуудлаа сэргээх шаардлагатай болоод байна.
-Магадгүй жилд нэг удаа олгох уу?
-Үгүй. Сар тутам өгөхөөр хуулийн төсөлдөө тусгасан байгаа.
Гэхдээ хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлж байгаа тал дээр нь шалгуур тогтоох юм.
-Чухам яаж?
-Гурав ба түүнээс дээш төрүүлсэн эх хүүхдийнхээ наад захын
хэрэгцээг хангаж өсгөн, хүмүүжүүлж байгаа бол сар бүр урамшуулал олгох эрх зүйн
орчин бүрдүүлж өгөх юм. 16 хүртэлх насны гурван хүүхэдтэй эхэд сар болгон
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 70200
төгрөг олгоно. Харин дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн эхэд 105 мянга, тав дахь нь
гаргавал 140400, зургаа бол 175 мянга, долоо болчихвол 210 мянган төгрөг байх
бөгөөд үүнээс дээш хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдэд сар бүр 280 мянга
төгрөг олгохоор тусгалаа.
-Ийм хэмжээний мөнгө сар болгон олгох нь эдийн засагт ямар нэгэн уршиг нөлөө үзүүлэх л байх даа?
-Тийм ч их хөрөнгө зарцуулахгүй болохоор эдийн засгийн
чадавхад нөлөөлөхгүй. Хүн ам орон сууцны тооллогоор 0-16 насны дөрөв ба түүнээс
дээш хүүхэдтэй 24146 эх байгаа гэж статистик, НХХЯ-наас гаргасан байдаг. Энэ
тоог сар болгон олгохоор тусгасан мөнгөн дүнгээр үржүүлэхэд сардаа хоёр тэрбум
500 сая төгрөг олгохоор байгаа. Жилд 30 тэрбум 500 сая болох тооцоо гарсан.
Үүнийг төсөвтөө суулгаад үзэхээр маш бага. Өнөөдөр ноос ноолуур, жижиг дунд
үйлдвэрлэл дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөг төсөвлөөд байна шүү дээ. Мал,
малын үс ноосонд зориулан ийм хэмжээний мөнгө олгож байгаа юм бол яагаад
иргэддээ тэр дундаа хүн амын тоог өсгөж, эрүүл саруул хүн төрүүлэн бойжуулж буй
эхчүүддээ 30-хан тэрбум төгрөг зарцуулж болохгүй гэж.
-Ингэснээр өнөөх бэлэнчлэх сэтгэлгээ улам хөгжин, халамжийн бодлого тэлэх юм биш үү?
-Би тэгж бодохгүй байна. Аливаа зүйлийг муу талаас нь харах
шиг амархан юм байхгүй. Болохгүй бүтэхгүй гээд л улстөржүүлэх нь маш амархан.
-Хүмүүс ч өөр өнцгөөс тайлбарлах нь гарцаагүй биз. Сонгууль дөхөж байгаа болохоор нийгэмд таалагдахын тулд ийм хууль санаачилж гэх нь тодорхой?
-Ийм гарах л байх. Яахав Очирбат ялалт байгуулахын тулд
эхчүүдийн саналыг өөртөө татах гэж пиар маягийн хууль санаачилж гээд хойшлуулж
болно. Тэгэх тусам л хүн амын өсөлт хойшлох болно. Энэ хуулийг огт хэлэлцэхгүй
байлаа гэхэд дараагийн парламентын нэг гишүүн санаачлаад оруулж ирэх болно.
Учир нь, хүн амын бодлоготой холбоотой асуудал шүү дээ. Миний хувьд ямар нэгэн
пиар хийх гэж ийм зүйл санаачлаад яваа юм биш.
-Ер нь, танай байнгын хороогоор хэлэлцэх болохоор нэн тэргүүнд шийдвэрлэгдэх юм байна?
-Тэгэлгүй яахав. Хүн амын бодлого, өсөлттэй холбоотой
асуудал юм хойно. Хамгийн түрүүнд л хэлэлцүүлэх санаатай байгаа.
Эх сурвалж
Ардчилал сонин
Ардчилал сонин
2011 оны 8-р сарын 19, Баасан гариг
No comments:
Post a Comment