Monday, 23 April 2012

Д.Очирбат: Эхчүүддээ яагаад 30 тэрбумын тэтгэмж өгч болохгүй гэж


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа
-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Дээрх хуулийг яагаад санаачлах болов?
-Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл бид хоёр санаачилж, өргөн барьсан. Монгол Улс 2.8 сая хүн амтай. Хүн ам олон байх тусам улс төдий чинээ хөгжинө. Тиймээс хүн амын өсөлтийг дэмжих, эхчүүддээ cap тутам олгодог урамшуулалтай болгохыг зорьсон. Хүүхэд төрүүлж, асарч, хүмүүжүүлэхийг хөдөлмөр гэж ойлгодог.
Эхчүүдийн хөдөлмөрийг төр үнэлж байх ёстой. Монгол Улсын иргэн мэндэлж байгаа нь маш хүндтэй зүйл.
Гэтэл үүнийг үнэлэхгүй байна. 2008 оны УИХ-ын 35 дугаар тогтоолоор гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300 мянган төгрөг, Алдарт эхийн II одонтой эхчүүдэд 500 мянга, Алдарт эхийн I одонтой эхчүүдэд нэг сая төгрөг олгож байсан. 2006 онд Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд тэтгэмж үзүүлэх хууль батлагдаж, хүүхдэд cap бүр 3000, улиралд 25 мянга, шинээр төрсөн хүүхдүүдэд 100 мянган төгрөг олгож байсан.

Манай улсын хүн амын дундаж өсөлт 1986-2002онд 2.8 хувиар өссөн. 2005 онд мянган хүн амд ногдох төрөлт 17.8 байсан бол 2006 онд 19, 2007 онд 21,2008 онд 24,2009 онд 25 болж нэмэгдсэн. 2009 онд 68.735 эх амаржсан байдаг бол 2010 онд 62.942 болсон. 5000 гаруй төрөлтөөр буурсан гэсэн үг. Хэрэв энэ хэвээр үргэлжилж 2025 оныг угтвал манай улсын хүн амын төрөлт 0.9 пунктээр буурах болчихоод байна. Мөн хөгшрөлт нэмэгдэж, ажиллах хүч буурч, хүн амын цонх хаагдана.
-Тэтгэмжийг ямар шалгуураар олгох вэ?
-Эхчүүдийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Гэхдээ хоёр хүүхэд төрүүлсэн эх тэтгэмж авахгүй. Хуулийн заалтаар гурав болон түүнээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эх тэтгэмж авах эрхтэй. Тодруулбал, гурван хүүхэд төрүүлсэн эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь буюу 70200 төгрөгийг сард авна. Дөрвөн хүүхэд 75 хувь буюу 105300, таван хүүхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй адил буюу 14400 төгрөгийн тэтгэмж авах юм. Зургаан хүүхэд төрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 175500, долоон хүүхэд 1.5 дахин буюу 210600, найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж cap бүр авна.
-Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөн ч хувиараа нэмэгдэх үү?
-Энэ хэмжээ хэд ч болсон хувиараа нэмэгдээд явна. Тэтгэмжийн хэмжээ өөрчлөгдөхгүй.
-Хүүхэд үрчилж авсан эхчүүд тэтгэмж авах эрхтэй юү. Энэ талаар хуульд тусгасан уу?
-Жишээ нь, хоёр хүүхэд төрүүлээд гурав дахь хүүхдээ үрчилж авсан бол тэтгэмж авах эрхтэй. Харин үрчлүүлсэн хүүхдийг төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоонд оруулахгүй.
-Нийг төсөв нь хэдэн төгрөг болж байна вэ?
-Сард 2.5 тэрбум жилд 30 тэрбум 510 сая төгрөг.
-Сүүлийн жилүүдэд их хэмжээний хөрөнгө шаардсан хууль, хөтөлбөрүүд батлагдах боллоо. Гэтэл улсын төсвийн алдагдал буурахгүй байгаа. Энэ үед батлагдах магадлал муутай юм биш үү?
-Эхийн хөдөлмөрийг үнэлдэг, тэднийг хайрладаг хүмүүс дэмжих л учиртай. Монгол мал хөтөлбөр болон ноос, ноолуурын дэмжлэг зэргээр өчнөөн тэрбум төгрөг баталж байна. Хүүхэд төрүүлж байгаа эхчүүддээ жилдээ 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт яагаад хийж болохгүй гэж.
-Таныг дээрх хуулийг батлуулах гээд байгаа нь УИХ-д дахин гарч ирэх гэсэн далд санаа гэж хардаж хүн олон байна?
-Үүнийг улс төржүүлж болохгүй. Зарим хүмүүс Д.Очирбат сонгуулийн өмнө дээрх хуулийг батлуулж дэмжлэг авахыг зорьж байна гэж улс төржүүлж байгаа. Хууль аль болох нэг жил, нэг сарын өмнө батлагдана, эхчүүдэд л тустай.
-Хаврын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ. Чухал хуулиудаа хойш нь тавьсан гэж шүүмжлэл хүртээд байгаа?
-Манай байнгын хорооны хувьд УИХ-ын хаврын чуулган их ачаалалтай байсан. Чуулганаа нээгээд л Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэж эхэлж, хамгийн сүүлд Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг баталж, чуулганыг хаасан. Хойшлогдсон хууль гэж, Сонгуулийн тухай хуулийг хэлж байгаа байх. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж амжсангүй. Энэ хууль батлагдсанаар 2.8 иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ. Энэ салбар санхүүжилтийн цоо шинэ бүтэц рүү болох юм. Тухайлбал, иргэн үйлчлүүлэх эмнэлэг болон эмчээ өөрөө сонгоно. Одоо бол нэг л эмнэлэгт очиж үйлчлүүлж байна. Ямар ч сонголт хийх боломж олгодоггүй. Мөн өөрийнхөө даатгалын мөнгөнийхөө хэмжээг мэддэг, хянадаг болох юм.
-Соёлын өвийг хамгаалах тухай хууль өргөн баригдаад удлаа. Хаврын чуулганаар хэлэлцэж амжсангүй. Үүнээс гадна намрын чуулганаар хэлэлцүүлэх хэчнээн хуулийн төсөл байнгын хороонд байна вэ?
-Эрүүл мэндийн даатгалын багц хуулиуд, Боловсролын багц хуулиуд Соёлын өвийг хамгаалах хууль болон Соёлын талаарх төрөөс баримтлах бодлого батлагдах ёстой. Мөн Тамхины тухай хууль, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг олон хууль хэлэлцэнэ.
-Байнгын хороо завсарлагааны хугацаандаа соёлын өв, түүхэн дурсгалт газарт ажиллана гэж байсан. Ажиллав уу?
-Түүхийн дурсгал, соёлын өв уул уурхайн компаниудын ашигт малтмалын хайгуул хийх болон олборлох явцад устаж байгаа талаарх мэдээлэл байнгын хороонд ирсэн. Үүний хүрээнд соёлын өвийг хамгаалах тухай хууль боловсруулж, орон нутгийн хамгаалалтад авах зэргээр анхаарлаа хандуулж байгаа. Манай байнгын хорооны зөвлөх саяхан энэ чиглэлээр Баянхонгор аймагт ажиллаад ирсэн.
-Аравдугаар сарын 5-н хүртэл байнгын хороо ямар ажил амжуулах вэ?
-Ихэнх гишүүд маань амраад тойрог руугаа явсан байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулаад байнгын хорооноос сонсгол хийнэ. Засгийн газраас энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгох зарласан. Энэ хүрээнд ажлын байр хэр нэмэгдэж байгаа болон хууль ямархуу янзаар хэрэгжиж байгааг шалгана.
Нийтлэлч
Б.Мягмансанж
Эх сурвалж
Нийгмийн толь
2011 оны 8-р сарын 04, Пүрэв гариг

No comments:

Post a Comment