Monday, 16 April 2012

С.Бямбацогт: Гадаадынхан Монголыг хөгжүүлэх гэж ирдэггүй л байхгүй юу

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Хуулийн ийм зохицуулалт байхгүйгээс болоод монголын баялгийг гадаадынхан өөрсдийн өмч мэт дур мэдэн захиран зарцуулж байгаа юм-

-Ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа гадаадын компаниуд Засгийн газраас асуулгүйгээр Монголын баялгийг бусдад шилжүүлсэн явдал олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Хамгийн гол нь Мон-гол Улсын хуулиар ийм боломж нээлттэй байгаа юм байна. Үүнийг яаж засч залруулж болох вэ?

-2011 оны дөрөвдүгээр сард би УИХ-ын нэр бүхий таван гишүүний хамт Үндэс-ний аюулгүй байдлыг ханга-хад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан юм. Энэ хуулийн гол санаа нь яг өнөөдрийн үүсээд байгаа хүнд нөхцөл байдлыг зохицуулах зорилготой байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлий дэх баялаг Монголын төрийн, ард түмний өмч гээд заачихсан байдаг. Ашигт малтмалын тухай болон бусад хуулиар тэрхүү газрын баялгийн лицензийг гадаад, дотоодын компаниуд эзэмшдэг. Эзэмшиж, ашиглаж байгаа тэрхүү лицензээ дамжуулан худалдах замаар Монголын баялгийн

эзэн мэт аашилдаг, захиран зарцуулдаг хяналтгүй байдлыг зохицуулах үүднээс энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм. Харамсалтай нь үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой энэхүү хуулийн төслийг хэлэлцэхгүй байсаар өнөөдрийг хүрчихлээ. Хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд Эдийн засгийн байнгын хорооноос Ж.Батсуурь гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

-Хуулиа боловсронгуй болгоогүйгээс нүүрсний зах зээлд нэлээд хүндхэн нөхцөл байдал үүсч мэдэхээр боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлая гэхээр УИХ-ын гишүүд хөдөлж өгөхгүй байгаа хэрэг үү?

-Энэ хуулиар мэдээж нэлээн ярвигтай асуудлуудыг зохицуулна. Өмнө нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох татах талаар төрийн бодлогын хэмжээнд анхаардаг байлаа. Ингэж байж эдийн засгаа хөл дээр босгох бодлого барьж ирсэн. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр болж байна. Монгол Улс чадаж байгаа салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагатай болсон. Зохицуулах гэдэг бол хориглоно гэсэн үг биш. Зохицуулалт хийх шаардлагатай. Монголын төр өөрийнхөө өмчийг, баялгийг мэддэг байя. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийн дагуу үй^л ажиллагаа явуулж байгаа компаниудыг бүртгэдэг, зөвшөөрөл өгдөг болъё. Хуулийн ийм зохицуулалт байхгүйгээс болоод Монголын баялгийг гадаадынхан өөрсдийн өмч мэт дур мэдэн захиран зарцуулж байгаа юм. Гадаадынхныг шууд буруутгах арга үнэндээ алга. Хуульд цоорхой байгаа учраас ийм үйлдэл гаргаад байгааг бид эртхэн анзаарах ёстой байсан. Бид орхигдсон энэ харилцааг зохицуулах гэж жил гаруйн өмнө хуулийн төсөл санаачилсан гэдгийг хэлье.

-Овооттолгойн нүүрсний ордыг хятадуудад дур мэдэн худалдсан нь олон нийтийн анхаарлын төвд байна. Гэхдээ Монголын төрөөс асуулгүйгээр хийсэн энэ наймаа Виржиниа арлын хуулиар 35 хоногийн дараа л албан ёсоор баталгаажна гэдгийг эдийн засагчид онцолж байна. УИХ таны санаачилсан хуулийг 30 хоногийн дотор батлах замаар алдагдсан баялгаа эргүүлэн авах боломж бий юү?

-Боломж бол бий. Санаачилсан хуулиа ойрын хугацаанд батлуулахын төлөө шахаж ажиллана гэж бодож байгаа. Бид ОХУ, Австрали, Арабын нэгдсэн эмират зэрэг улсын туршлагаас судалж, мэргэжлийн хүмүүсээр судалгаа хийлгүүлсэн. Өргөн барьсан төсөлд 19 салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах талаар тусгасан байгаа. Гэхдээ хэлэлцээд заавал 19 гэлгүйгээр тодорхой салбаруудад зохицуулалт хийх боломжтой. Уул уурхайгаас гадна банк санхүү, хэвлэл мэдээлэл гээд олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлага бодитой байгаа юм. Нэг зүйлийг хатуухан хэлэхэд гадаадынхан Монгол Улсыг хөгжүүлэх гэж ирдэггүй. Богино хугацаанд яаж их ашиг олох вэ гэдгээ л урьтал болгодог. Мэдээж хэрэг гадаадын нэр хүндтэй томоохон хөрөнгө оруулагчид олноор орж ирж байна. Сайн тал байна. Гэхдээ тэд биш бид өөрсдөө эх орноо хөгжүүлнэ гэдгийг хүмүүс сайн ойлгоосой. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтын асуу-далд наанатай цаанатай л хандах шаардлагатай.

-УИХ жил гаруй хугацаанд дарсан энэ хуулийг 30 хүрэхгүй хоногийн дотор батлаад гаргачихна гэх баталгаа бий юү. Яг юунаас болоод гацаад байгаа юм бэ?

-Ажлын хэсэг л хөдөлж өгөхгүй байна гэж би харж байгаа. Асуудал байгаа бол ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцэх үедээ сайжруулаад явах боломж нь нээлттэй. Хуулийн төслөөс хасах, нэмэх, өөрчлөх боломж УИХ-д бий шүү дээ. Гол нь хуулиа цаг алдахгүй баталмаар байна. Ажлын хэсэг хуралдаж өгөхгүй юм. Ингэж цаг алдаж байх хооронд Монголын баялагт харийнхан монголчуудын зөвшөөрөлгүйгээр эзэн суух оролдлогууд гарсаар байгаад би харамсч байна.

-Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь намын бүлгүүд байр сууриа тодорхойлдог. УИХ дахь МАН-ын бүлэг таны санаачилсан төслийг дэмжиж байгаа юу?

-Манай намын бүлэг жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

-Яг ямар зохицуулалт хийхээр төсөлд тусгаснаа тодорхой хэлж болох уу. Хөрөнгө оруулалтад тодорхой хувь хэмжээ тогтооно гэсэн үг үү?

-Монгол Улсад гадаадын компаниуд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж болно. Ингэхдээ стратегийн ач холбогдол бүхий салбаруудад үйл ажиллагаа явуулахаар бол Засгийн газарт мэдэгддэг, зөвшөөрөл авдаг болгох юм. Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадынхан компани байгуулсан бол( хувьцаагаа зарах, компанийн, удирдлагыг шилжүүлэхдээ Монголын Засгийн газарт мэдэгддэг, асуудаг болох зохицуулалтыг хуульд тусгаж өгч байгаа юм. Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох санаа огтхон ч байхгүй.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар таны олон жил ярьж байгаа бүсийн нэмэгдлийн талаар тодорхой шийдвэр гаргалаа. Алслагдсан болон говийн бүсийн өрхийн гишүүн бүрт чиглэсэн нэмэгдэл бий болгох гэж байна. Энэ шийдвэрийг яаж хүлээж авч байна вэ?

-Бүсийн нэмэгдлийн талаар ерөнхийдөө ахиц дэвшил гарч байна. Энэ бол угаасаа нэг өдөр, ганц амьсгаагаар шийдчих зүйл биш. Бид өмнө нь хөөцөлдөж байгаад эрчим хүчний үнэ тарифыг Монгол Улсын хэмжээнд ижил мөрдөхөөр болгосон. Дараагийн алхам нь шатахууныг Монгол орон даяар ижил үнэтэй болгохыг шийдүүлэх ёстой гэж боддог. Алслагдсан болон говийн бүсийн иргэддээ тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор Засгийн газраас шийдсэн нь нэг зөв гарц. Энэ мэтээр үе шаттайгаар шийдээд явахад Монгол Улсын хаана ч амьдарсан ижил нөхцөлтэй байх боломжийг бүрдүүлж чадвал Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл зогсоно. Хүмүүс оршин суугаа газартаа аятай тухтай амьдрахыг боддог болно.

-Бүсийн нэмэгдэл гээд ярихаар зарим хүнд давуу эрх олгох гээд байна гэсэн гомдол дагадаг. Нэмэгдэлт хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх гарцаагүй нөхцөл байдал юу байна вэ?

-Улаанбаатар хотоос алслагдах тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг гэдгийг бүгд мэднэ. Тухайлбал, Улаанбаатарт нэг литр А-80 бензин 1600 төгрөг байхад Ховдод 2100 төгрөг байх жишээтэй. Зөрүү нь 500 төгрөг. Нэг кг гурил Улаанбаатарт 500 төгрөг байхад Ховдод 800 төгрөг байдаг. Алсрах тусам зардал өндөрсөөд, нөгөө талдаа Улаанбаатараас холдох тусам орлого нь багасаад байдаг юм. Амьдралын өртөг нь төв газрынхаас хоёр дахин өндөр байдаг болохоор л төр, засаг энэ талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх ёстой гэж боддог, зүтгэдэг.

Нийтлэлч
Б.Түвшинтөгс
Эх сурвалж
Үндэсний шуудан

No comments:

Post a Comment