Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: Фракц байгуулах нь чөлөөтэй асуудал

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Танай намд фракц үүсээд байгаа юм уу?
-Тийм сураг сонссон.

-Таныг тэр фракцид орж магадгүй гэж байна лээ?
-Одоохондоо энэ талаар бодсон зүйл алга. Ер нь хүмүүс үзэл бодлоороо нэгдэж, тодорхой асуудлыг шийдэхийн төлөө явах нь зүйн хэрэг. Энэ бол тэгж гайхаж цочирдмоор зүйл биш. АН-д зөндөө фракц байна шүү дээ, Ингэснээрээ энэ нам задраад алга болсон юм алга. Манай намын дүрэмд ч жигүүр байгуулах асуудлыг тусгачихсан байдаг. Тийм болохоор энэ бол чөлөөтэй асуудал. Энэ хэд маань албан ёсоор нэг дуугаар нэг зорилгын төлөө хэлбэрэлтгүй явж байна гэж ойлгож байгаа.
-Фракцынхны нэг зорилго нь МАХН, МАН хоёрыг нэгтгэх асуудал юм шиг байгаа юм. Үүнийг та дэмжиж байгаа юу?
-МАН бол МАХН-ын үргэлжлэл. МАХН гэдэг нэр МАН-ын өмч шүү дээ. МАХН-ыг байгуулаад удирдаж яваа хүмүүс бол бүгдээрээ манай намын гишүүн, зарим нь энэ намыг удирдаж явсан. МАХН-ын үзэл баримтлал, үнэт зүйл нь МАН-тай адил юм. Тэд бол манай намаас тасарсан нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр намыг нэгтгэхийг үгүйсгэхгүй. Яагаад болохгүй гэж.
-Та фракцид нэгдэнэ гэсэн үг үү?
-Энэ талаар одоо бодож амжаагүй байна.
-Ер нь фракцид нэгдэх нь зүгээр гэж бодсон биз дээ?
-Өөр ямар асуулт байна.
-Хариулахгүй гэсэн үг үү. Тэгэхээр долдугаар сарын 1-ний хэргийн шүүх хурал нэлээд шуугиан тариад байна. Цагдаа нар шүүхийг үл ойшоож, төрт ёсыг уландаа гишгэж, хэнд ч дийлдэхгүй болсноо сая харуулах шиг боллоо?

-Долдугаар сарын 1 -ний үйл явдалд үүрэг биелүүлж, үүргээ гүйцэтгэсэн цагдаа нарыг буруутгах нь зөв юм болов уу. Тэд бол зөвхөн тушаал биелүүлсэн. Түүнийх нь төлөө буруутгах хэрэг байхгүй. Тэгж ярих юм бол тэр үймээнийг өдөөсөн хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Үймээн самууныг намжаах гэсэн хүмүүс яахаараа буруутай болдог юм. Хариуцлага тооцох гээд байгаа юм бол долдугаар сарын 1-нд холбогдсон бүх хүнд хариуцлага тооцох учиртай.
-Цагдаа нар гэм зэмгүй таван хүнийг буудаад алчихсан нь зөв юм уу?
-Мэдээж хүн буудаж алсныг зөв гэж үзэхгүй. Гэхдээ хэн буудсан нь тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Буруутай эзнийг нь олоогүй байж, хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй.
-Гэрчийн тэмдэглэлд ямар цагдаа хүн буудсан нь тодорхой байна лээ?
-Тэр тухай сонсоогүй, хараагүй юм байна.
-Яагаад сонсоогүй гэж. Х.Тэмүүжин гишүүн гэрчийн тэмдэглэлийг дэлгэсэн шүү дээ?

-Би нэг их телевиз үздэггүй л дээ. Сонин ч уншдаггүй.
-Тэгвэл яаж төрийн ажил явуулдаг юм бэ?

-Хэвлэл мэдээлэл уншиж төрийн ажил явуулдаггүй юм.
-Хэвлэл мэдээлэл ард түмний дуу хоолойг төрд дамжуулах үүрэг гүйцэтгэж байгаа. Гэтэл түүнийг уншдаггүй, сонсдоггүй бол та нар ард түмнийхээ үгийг сонсдоггүй юм байна гэж ойлголоо...
-Иргэд, сонгогчидтойгоо байнга уулздаг. Сонин, хэвлэл уншиж, зурагт үзэж су ух зав надад байдаггүй.
-Гэхдээ цагдаа нарын ард буудах тушаал өгсөн МАН-ын дарга нар нуугдаад байгаа юм биш үү?
-Тэрийг би мэдэхгүй. Хэн үүрэг өгснийг мэдэхгүй.
-Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар энэ хэргээс цэвэрхэн мултрах гэж зүтгээд байна. Тэгээд энэ хүмүүс ирэх сонгуулиар гэмгүй юм шиг нэр дэвшээд явах уу?
-Мэдэхгүй. Би мэдэхгүй зүйлээрээ яримааргүй байна.
-Хувийн чанартай нэг зүйл асууя. Таны эзэмшдэг компани хичнээн охин компанитай гэчихсэн вэ?

-Намайг 89 охин компанитай гэсэн байна лээ. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт энэ талаар тодорхой бичсэн байгаа. Үнэндээ би дөрөв,таван компанийн хувьцаа эзэмшдэг. Компанийн хувьцаа эзэмшинэ гэдэг бол хүн сэртхийгээд байх зүйл биш шүү дээ. Ардчилсан нийгэмд хүн болгон өмчтэй байж, хувьцаа эзэмших нь зүйн хэрэг. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн 50 гаруй хувь нь хувьцаа эзэмшдэг шүү дээ. Үүнийг дэвэргээд байх шаардлагагүй болов уу.
-Ер нь гишүүд компанитай байх ёстой юм уу?
-Насаараа гишүүн байхгүй шүү дээ. Насаараа төрд ажиллахгүй биз дээ.
-Тэгвэл төрд орж ажиллах хэрэг байгаа юм уу. Зүгээр бизнесээ хийгээд явж байхгүй яасан юм бэ?
-Хүний өмчлөх эрх чөлөөтэй байх ёстой. Бизнес хийдэг хүн төрд орох ёсгүй гэсэн зүйл социализмын үетэйгээ хамт алга болсон. АНУ-д ч конгрессийн гишүүд нь албаа өгөөд хувийн бизнесээ хийгээд явдаг биз дээ.
-Бизнезменүүд төрд гарахаараа өөрийнхөө бизнест ашигтай хуулийн орчин бүрдүүлэх гэдэг юм биш үү?
-Төрийн хүн бол ард түмэн, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Дараа нь нам болоод хувийн эрх ашгаа тавьдаг. Би тийм хөрөнгө шүтдэг хүн биш л дээ. Төрд болохгүй, бүтэхгүй зүйл их байна. Биеэ, гэрээ засчихсан учраас төрөө засах гэж орж ирсэн юм.
-Гэхдээ таныг МАН-ын нэр нүүрээр бүх тендерийг авч байж бизнесээ өргөжүүлсэн гэдэг юм билээ...
-МАН-д орохоосоо өмнө бизнес хийж байсан шүү дээ. Тийм учраас намын гишүүн болсон хойноо бизнесээ өргөжүүлсэн зүйл байхгүй.
Эх сурвалж
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment