Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: Баримт л бол баримт

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой УИХ болоод Орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа.

-МАН-аас уриалга гаргаж, улс төрийн намуудад хүргүүлсэн байсан. Таны хувьд намаасаа гаргасан тэрхүү уриалгын талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгууль болоод дууссаны дараа шударга бус боллоо, хуйвалдлаа, луйвардлаа, булхай хийлээ гэж ярихын оронд эхлэхээсээ өмнө бүгдээрээ шударга байж, нээлттэй, хар буруу санах зүйлгүйгээр өрсөлдөх хэрэгтэй. Энэ үүднээсээ намаасаа гаргасан уриалгыг зөв гэж үзэж байгаа. Өрсөлдөөн гэдэг нэгнийгээ түлхэж унагах, дэгээдэх, хорлох гэхчлэн муу аргаар ялалт байгуулах биш юм.
Харин цэвэр өрсөлдөх.
Гүйлтийн уралдаан байлаа гэхэд хэн хурдан, хүчтэй нь түрүүлж байх учиртай биз дээ. Түүнээс биш гүйж байгаад нэгнээ дэгээдэж, араас нь түлхэж унагаад түрүүлэх гээд байх шаардлагагүй. Энэ үүднээсээ сонгуульд шударга өрсөлдөцгөөе. Хэн хүчтэй, хурдан нь төрүүлэг. Хэрэв хүчтэй, хурдан нь ялалт байгуулбал шударга бус, булхайтай, луйвартай боллоо гэж гонгинож хэл ам хийх шаардлагагүй. Энэ үүднээс дэмжиж байна.
-Хоёр сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан ч зөвшилцөлд хүрсэнгүй. Гэсэн ч асуудлыг хэлэлцэж, баталсан батлаагүй хуулийнхаа дагуу нэг өдөр, хамт нь зохион байгуулах нь тодорхой хэмээн АН бардамнаж байгаа бололтой. Иймээс тэдний хувь зөвхөн хугацаа хожих гээд байх шиг?
-Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хоёр сонгуулийг хамтад нь нэг өдөр зохион байгуулах боломжтой. Гэхдээ хоёр сонгуулийг хамтад нь явуулахын тулд цаг хугацаанаас эхлээд хууль эрх зүйн бусад боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Харин өнөөд энэ боломж нь бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, Орон нутгийн сонгуулийн хуулиар мөнгө амладаг, бэлэг өгдөг, эд материал тараадаг энэ бүхэн нээлттэй. Урлаг, уран сайхны арга хэмжээнүүд зохион байгуулах эрх нь ч нээлттэй байж байна. Мөн сонгуулийн авч, дуусах хугацаа, тодруулбал, УИХ-ын сонгуулийн хуулиар 20.00 цагт дуусах бол Орон нутгийнх нь 22.00 цагт дуусна. Орон нутгийн сонгууль зарлахаас зургаан сарын өмнө тойрог, хэсгийн хороог байгуулах шийдвэр гарсан байх учиртай. Гэтэл өнөөдрийн байдлаар гуравхан сарын хугацаа үлдлээ. УИХ-ын сонгуулийн саналыг автоматаар тоолох бол орон нутгийнхыг гараар тоолохоор хуульчилсан.
Нэгэн зэрэг энэ олон сонгуулийг зохион байгуулахаар цаг хугацаандаа багтах уу, үгүй юү.
2008 оны УИХ-ын сонгуулиар гурван хүн дугуйлахад сонгууль 22.00 цагт арай гэж дуусдаг байлаа. Гэтэл шинэчилсэн хуулиар нам, тухайн тойрогт нэр дэвшигчдийг дугуйлна. Дээр нь сум, дүүрэгт нэр дэвшигчдийг дугуйлах болох нь. Тэгэхээр зөвхөн нэг сонгогч саналаа өгөхөд хичнээн хугацаа шаардагдах уу. Нөгөөтэйгүүр, сонгуулийн хугацааг богиносгож 20.00 цагт хаахаар хуульчилсан. Гэтэл энэ хугацаандаа багтах уу, үгүй юү. Энэ мэтчилэн олон асуудал бий учраас хоёр сонгуулийг хамтад нь явуулах ямар ч бололцоо алга.
-Гэхдээ энэ бүхэн зөвхөн шалтаг гэж АН-ын үзэж байгаа шүү дээ?
-Тэгвэл сонгуулиар ялагдал хүлээсэн нэр дэвшигчид шударга бус боллоо, хуйвалдлаа, луйвардлаа босоцгооё, тэмцэцгээө гээд өмнөх сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй долдугаар сарын 1-н болж байсныг санах хэрэгтэй. Тэрхүү хар өдөр юунаас үүдэлтэй гэхээр өнөөх л ялагдсан хүмүүсийн хорсол, гомдол. Тийм л юм бол сонгууль шударга бус боллоо гээд шүүхийн байгууллагаар хэргийг шийдвэрлүүлэх боломж байсан. Саналаа дахин тоолуулдаг ч юм уу. Гэтэл ялагдсандаа, зөвхөн хорссондоо л тэрхүү долдугаар сарын 1-нийг зохион байгуулсан. Тухайн үед УИХ-ын сонгуулиар зөвхөн нийслэлд ялагдал хүлээсэн хэдхэн хүний хорсол байсан бол улс орон даяар УИХ болоод Орон нутгийн сонгуулиар ялагдсан хүмүүс дахин долдугаар сарын 1-нийг зохион байгуулахыг хэн байг гэх юм. Тэр үед улс орон, нийгэм, эдийн засгийн байдалд ямар өөрчлөлт орох уу. Цаашлаад тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ч аюултай үр дагавар учруулж болзошгүй. Тийм учраас шалтгаан, нөхцөл байдлыг бий болгох хэрэггүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэж. Бид УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах хуулийг баталж өгснөөс болж, шаазгай суух бололцоог бий болгочихвол яах уу гэдэг талаас нь хармаар байна. Өөрөөр хэлбэл, хоёр сонгуулийг хамтад нь явуулах ямар ч бололцоо байхгүй.
-Гэхдээ хичнээн болохгүй талаар нь дурьдсан ч АН хүчин төгөлдөр хуулийн хүрээнд гэсээр хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах гэж зөрүүдлэх юм биш үү. Эцэст нь хоёр сонгуулийг хамт зохион байгуулаагүй буруутан нь МАН болох юм биш үү?
-2008 онд хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох талаар гэрээнд тусгасан. Үүнийгээ хэрэгжүүлэх гэж дөрвөн жил явлаа. УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад нь хэлэлцэж, батлахыг МАН-ын бүлгээс санал болгосон юм. Харамсалтай нь, АН-ынхан эхлээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлаад, дараа нь Орон нутгийн сонгуулийн хуулийг батлах санал гаргаж, хойшлуулсан юм. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард УИХ-ын сонгуулийг баталсан. Тэгээд Орон нутгийн сонгуулийг хэлэлцэхээр зэхэж байтал АН хамтарсан Засгийн газраас гэнэт гарсан. Засгаас гарсныхаа дараа АН УИХ, Засгийн газраас оруулж ирж буй шийдвэр, хууль тогтоомжид тээг тавьж, асуудлыг гацаах байдлаар хандаж, завсарлага авч эхэлсэн. Үүний нэг нь Орон нутгийн сонгуулийн хууль. Хоёр сонгуулийн хуулийг хамтад нь хэлэлцэж, батлахыг хойшлуулсан, Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж, батлах гэхээр АН хойш тавьж байсан. Иймээс хоёр сонгуулийг хамтад нь явуулснаар гарах үр дүнг АН хариуцах учиртай. Учир нь МАН Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөх санал, санаачилгыг гаргаж, байнга хөндөж ярьж байсан. Тэр болгонд АН завсарлага авч, эцэстээ хамтарсан Засгийн газраас гарч, асуудлыг мөн л гацаанд оруулсан. Үүний уршгаар Орон нутгийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж чадахгүй сууж байна. Үүнээс болж үр дүн гарч байгаа бол АН л хариуцлага хүлээх ёстой.
-Тэгвэл цахим үнэмлэхийг хугацаанд нь хэвлэж чадахгүй бол МАН хариуцлагыг нь үүрэхээр байгаа шүү дээ. Магадгүй МАН жинлүүрийн нөгөө талд нь ийм болзол тавьж байгаа гэж ойлгож болох юм шиг?
-Хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэдэг дээ. Үүнтэй адил иргэний ухаалаг үнэмлэхийг ирэх сонгуулиас олгох ёстой атал МАН гацааж байгаа тухай АН ярьсан. Ээлжит бус чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэж, холбогдох хүмүүсээс нь тайлбар авсан юм. Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээллээр өмнө нь асуудал хариуцаж байсан Тэргүүн Шадар сайд 2011 оны гуравдугаар сард гаргах ёстой шийдвэрийг арваннэгдүгээр сард нь гаргасан байдаг. Найман сарын дараа асуудлыг шийдвэрлэснээр ажил тэр хэмжээгээр хойшлогдсон. Улмаар хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Харин ч өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамныхан сонгуулиас өмнө ухаалаг үнэмлэхийг олгохын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Өөрсдөө хариуцаж байхдаа ийм асуудал үүсгэчихээд өнөөдөр бусад руу буруугаа чихээд уснаас хуурай гарах гэж оролдох шаардлагагүй. Баримт л бол баримт. Тэр талаарх баримтууд нь бий. Тиймээс энэ асуудал МАН-тай холбогдох биш харин ч цааш нь яривал АН, тэр дундаа Тэргүүн Шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай холбоотой. Энэ бол нэгэнт тодорхой болсон асуудал. Иймээс худал, үнэн ярьж асуудлыг эргүүлэх гэж оролдсоны хэрэггүй гэж хэлмээр байна.
Нийтлэлч
Л.Нинжсэмжид
Эх сурвалж
Нийгмийн толь

No comments:

Post a Comment