Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Хэт намчирхах нь талхны үнэ мэддэггүй сайдууд олшрохын цондон


УИХ-д 1970-аад онд төрсөн цөөн залуу бий. Тэдний нэг нь Ж.Энхбаяр. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Та залуу парламентч. Залуу хүний энэ өндөрлөгт хүрсэн зам тань их сонирхол татаж байна?
-Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Багын маань хүсэл мөрөөдөл цэргийн хүн болох байлаа. Энэ хүсэл мөрөөдлөөрөө цэргийн сургуулийн сонсогч явсан. Би офицерын хүүхэд. Цэргийн хүн хаашаа тушаал авна, тийшээ хамт л явна. Тийм учраас хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр 1990 онд цэргийн сургуульд орж байлаа. Нийгмийн өөрчлөлтийн үе байв. Монгол Улс, иргэдийн сэтгэхүй гээд тэр чигээрээ бүгд өөрчлөгдсөн. Гэхдээ арми гэдэг хэзээ ч хамгийн чадварлаг зохион байгуулалттай байдаг юм. Хүнийг сургадаг, бэлтгэдэг, мэргэшүүлдэг, тэсвэр хатуужилтай болгодог, эх оронч хүмүүжил төлөвшүүлдэг, захирах, захирагдах ёсонд сургадаг газар арми л байлаа. Тиймээс армийнхан зах зээлийн нийгэмд хамгийн түрүүнд зохицож чадсан хүмүүс. Аж ахуй эрхлэгчдийн дийлэнх нь армийнхан. Улс төрд ч гэсэн армийнхан давамгайлдаг. Ардчиллын гэлтгүй өмнөх нийгэмд ч армийнхан тэргүүлэгч байсан. Зах зээлийн хуулиар гэх үү, нийгмийн шилжилтийн үед би хувийн бизнес хөөсөн. Хэд хэдэн найзуудтайгаа нийлж, ганзагын наймаа хийлээ. Санаа нийлсэн найз нөхдүүд болохоор ажил ч урагштай, сүүлдээ зохион байгуулалтад орж, аж ахуйн нэгж байгуулж байв. Өнгөрсөн хорин жилд уул уурхай, худалдаа үйлчилгээ, сургууль соёл гээд бүхий л салбарт хүчээ үзлээ. Ер нь монголчуудын эрэл хайгууллын үе ардчиллаас хойшхи 20 жил байж гэж боддог. 1996 онд улс төрд орсон. Амьдралын бас нэг хүнд үе байсан юм. Энэ үед аав маань бурхан болсон. Бүхий л амьдралаа улс орныхоо, тэр дундаа батлан хамгаалах салбарт зориулсан хүн байв. Аавынхаа ажлыг үргэлжлүүлэх юмсан гэдэг үүднээс улс төрд орж байлаа. Одоогийн МАН тэр үед сонгуульд ялагдал хүлээж, тус намыг гоочилж, нүүр бууруулах хүн дэндүү олон байсан юм. Зарим нь бүр татан буулгах хэрэгтэй гэдэг байв. Бат-Оргил, яруу найрагч Хулан бид хэсэг залуусыг уриалаад МАН Монголын нийгэмд байх ёстой, улс орны хөгжилд үнэлэгдэх гавьяатай, тус намыг хөгжүүлэх, шинэчлэх хэрэгтэй хэмээж намд элсэв. Үүнээс хойш намын залуучуудын гээд бүхий л шатанд ажиллалаа. Одоо УИХын гишүүн хэмээж Алтайчуудаа төлөөлж сууна.
-Энэ удаагийн парламентад хэд хэдэн шижигнэсэн залуу бий. Санаа сэтгэл хамгийн их нийлцгээнэ биз дээ?
-Ер нь далаад оны долоо, найман гишүүн байна. Хоёр намаас нийлээд тэр шүү дээ. Бид чинь нам харгалзахгүйгээр хоорондоо бас амь нэгтэй. Ер нь хэт улстөржилтөөс ангид байж чадсан нь өнөөгийн парламентын онцлог гэж боддог. Залуучуудад энэ нь маш их боломжийг авчирсан. Ажлын, санаачлагын өрсөлдөөнтэй парламент бүрдсэн нь бие биеэсээ суралцах, зөв ойлгох, зөв хамтарч ажиллах бололцоог олгосон.
-Өнгөрсөн хугацаанд өөрийгөө хэр төлөвшсөн парламентч болсон гэж үнэлж байна вэ?
-Бүрэн төлөвшсөн парламентч гэж өөрийгөө дүгнэж чадахгүй. Нас залуу байна. Суралцах зүйл ч олон. Нийгмийн салбарын бүхий л хүмүүстэй хамтран ажиллаж, тэднээс суралцаж, тэдний үгийг сонсож байгаадаа өөрийгөө азтайд тооцдог. Туршлагатай парламентч манайд олон бий. Тэдний дайтай болоход амьдралын олон шалгуурыг давах хэрэгтэй. Эхнээс нь давж явна. Парламентад орно гэдэг өөрөө маш том босго. Нам, дараа нь иргэдийн шалгуурыг давах хэрэг гарна. Тэрнээс бус зүгээр байж байгаад их хуралд сонгогдоно гэж байхгүй.
-Энэ парламентын хугацаа дуусах дөхөж байна. Хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байна уу?
-Сэтгэл хангалуун байна. Тойргийнхоо тухайд ч бас өмнөө тавьсан гол зорилтуудаа хийж чадлаа. Гэхдээ миний хэрхэн ажилласныг Алтайн ард түмэн шүүнэ. Айхтар өндөр шалгууртай, шударга, зарчимч, асар их оюуны чадамжтай ард түмэн. Ийм өндөр шалгуурыг даана, давж гарна гэдэг өндөр хариуцлага. Өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн. Ямар дүн тавихыг одоо харах л үлдэж байна.
-Ямар дүн тавих бол?
-Тэрийг би хэлж мэдэхгүй. Ард түмний өмнөөс өөрийгөө дүгнэнэ гэж юу байхав.

-Монгол Улс хөгжсөнгүй гэж байхад зарим нь хөгжиж байна гэдэг. Таныхаар бид хөгжиж байна уу, эсвэл уруудаад байна уу?

-Дэлхий дээр 200 гаруй улс бий. Хөгжлөөрөө бид тэг дунд нь явна. Олон улсын жишгээр бол бага, дунд орлоготой хөгжиж буй улс. Хөгжих асар их ирээдүйтэй орон. Маш богино хугацаанд хөгжих боломж, бололцоо бий гэж үздэг. Өнгөрсөн хорьдугаар зуунд Монгол Улс хэрхэн хөгжиж ирснийг бүгд мэдэж байгаа. Хувсгалаас өмнө 400 мянга орчим хүн амтай Монголын хөгжил ямар байв. Нийгмийг эрс өөрчилж чадсан. Аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг бүх салбарт амжилт гаргалаа. Түүнтэй адил хориннэгдүгээр зуунд Монгол Улс хөгжлийн дахин нэг шат руу үсрэх боломж бүрдээд байна. Яагаад гэвэл өнгөрсөн хорин жилийн хугацаанд Монгол Улс дөрвөн том үр дүнд хүрсэн.
-Тэр нь юу вэ?
-Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг төлөвшүүлж чадлаа. Хоёрдугаарт, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн, эдийн засгийн нээлттэй бодлоготой, чөлөөт зах зээлийн орон. Гуравдугаарт, ардчилсан сонгуулиар засгийн эрхийг улс төрийн хүчинд шилжүүлдэг ардчилсан засаглалтай орон. Дөрөвдүгээрт, Монгол Улс олон улсын байгууллагуудын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий орон болж чадсан. Мөн бид дэлхийд дутагдаад байгаа эрчим хүч, эрдэс баялгийг эзэмшиж байна. Бид хөгжлийнхөө сууриа зөв тавьчихсан. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд хэрүүл, маргаантай байсан ч дөрвөн багц асуудлаа шийдчихэж. Энэ бол том амжилт. Үүнийгээ зөв ашиглаж чадвал Монгол Улс хорин жилийн дотор Швейцарийн хөгжлийн дайтай улс болно. Яагаад ийм итгэлтэй хэлж байна гэвэл ирэх дөрвөн жилд бид Турк, дараагийн дөрвөн жилд нь хөгжлөөрөө өмнөд Солонгосыг гүйцэж түрүүлэх бололцоо бий. Саяхан л гэхэд манай намаас Монгол Улсын ирэх хорин жилийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж дууслаа. Тун удахгүй ард түмэндээ танилцуулах болно.
-Хөгжих боломж байна. Боломжийг зөв ашиглаж чадахгүй бол гэсэн болгоомжлол байдаг. Яагаад гэвэл хөгжлийн гол хүч болсон орд газраа зөв ашиглаж чадахгүй байна шүү дээ. Оюутолгойд л гэхэд маш их алдаатай гэрээ байгууллаа?
-Боломж бий. Боломжийг хөгжил болгон хувиргах даалгавар үлдлээ. Эдийн засгийн, улс төрийн, байгаль орчны, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, нийгмийн салбарт шийдвэрлэх томоохон сорилтууд байна. Үүнийг шийдэж өгөхгүй бол бид тэр боломжид хүрч чадахгүй. Бид тэр сорилтуудыг тодорхой хэмжээнд гаргаж ирсэн. Явах зам, очих газар энэ байна. Бартаа саад ч бий. Бартааг яаж шийдэх вэ гэдгийг гаргаж тавьсан. Оюутолгойн гэрээ хоёр талтай. Цаг хугацаа үүнийг харуулна. Тиймээс би хүлээцтэй харж байгаа. Монгол Улс дэлхийд аравт орох топ гэрээ хийсэн. Хөрөнгө оруулалт бүрэн хийгдэж дуусаагүй байна. Бидний зорилго бол хөрөнгө оруулалтыг дуусгах. Орд газрыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Ингэж чадвал Монгол Улсын нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл асар их.
-Боломжийг хөгжил болгон хувиргах үлдэж байна гэлээ.Таны ярьснаар тэр бартаа саадыг хэрхэн давах вэ?
-Засаглалын иж бүрэн шинэчлэлийг хийх ёстой. Үүнийг хийхгүй бол улс орон тэр яриад байгаа боломжоо ашиглаж чадахгүй. Их мөнгөний урсгалын өмнө энэ шинэчлэлийг хийж чадахгүй бол Монгол улсын хөгжлийг хойш нь чангаана.
-Оюутолгойгоос эхлээд баялгийн хараал хүрлээ гэж ярих болсон. Үнэхээр тийм зүйл байна уу?
-Оюутолгойг тойроод үүсч байгаа нөхцөл байдал дээр энэ тухай ярих болсон. Хэт баялгийн төлөө үнэт зүйлээ алдах, хоосон улстөржих, төрийг хүчгүйдүүлэх, иргэдийн ирээдүйд итгэх итгэлийг үгүйсгэх гол зорилгыг баялгийн хараал гээд байгаа юм. Ийм бодлого яваад байна. Яваад байна гэдгийг давтан хэлмээр байна. Үүнд улс төрчид автаж байна. Үүнийг хийх сонирхол байна. Тиймээс үүнийг бодолцох хэрэгтэй.
-Монгол Улс зөвхөн Оюу болон Таван толгойтой юм шиг яриад байх юм. Гэтэл үүний цаана стратегийн 30 гаруй орд байна. Энэ орд газруудад юу болж байгааг ярихгүй байна?
-Өнөөдөр стратегийн 32 орд байна. Ний нуугүй хэлэхэд энэ орд газруудыг тойрсон шударга бус явдал бий. Үүнийг хүссэн, хүсээгүй залруулах нь нийгмийн шударга ёсонд нийцнэ. Өнөөдөр хэн нэгэн эрх мэдлээ далайлган, стратегийн орд газруудыг зувчуулах сонирхол байна. Хэн нэгний эрх мэдэлд очсон нь үнэн. Үүнийг ойрын хугацаанд бүрэн залруулах ёстой. Оюутолгой орд газраас бид 34 хувийг эзэмшсэн бол 51 хувийг эзэмших эрх нээгдлээ. Үүнтэй адил бүхий л орд газрын 51 хувь нь Монголын ард түмэнд байх ёстой. Хуваарилалтыг зөв хийх хэрэгтэй.
-Ард түмний баялаг Монголын цөөн хэдэн гэр бүлийн гарт орсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-1990 онд бидний хүсч мөрөөдсөн нийгэм маань энэ. Ардчиллын цаад мөн чанар нь энэ. Эдийн засгийн нээлттэй бодлогын гол зорилго нь энэ. Ардчиллын загалмайлсан эцэг гэх Америк улс өнөөдөр яахаа мэдэхээ болиод байна. Явж явж цаана нь цөөнх байдаг. Өнөөдөр Монголын хэвлэл мэдээлэл цөөнхийн мэдэлд байдаг. Банк, санхүү, уул уурхай мөн л цөөнхийн гарт. Нийгмийн баялгийн 90 хувь цөөнхийн гарт буюу гурван хувьд төвлөрдөг. Энэ нь ардчилал, зах зээлийн эдийн засгийн цаана байгаа зорилго, үр дүн нь. Тиймээс бид зах зээл, ардчилал гэдэг зүйлийг хэрхэн ойлгох вэ гэдгийг дахин авч үзэх хэрэгтэй болжээ. Ингэхдээ монгол ухаанаар бодох хэрэгтэй. Дур зоргоороо явж болохгүй нь. Бид алс хэтийн хөгжлийн бодлоготой, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй байх ёстой. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн тодорхой хэмжээний зохицуулалт хэрэгтэй байна.
-Тэгэхээр таныхаар ардчиллыг сонгосон нь буруу гэх гээд байна уу?
-Ардчилал маань дотроо олон агуулгатай. Би эдийн засаг талаас нь түлхүү ярилаа. Хүний эрх, эрх чөлөөний тухай яриагүй. Ингэж ярих юм бол энэ өөр асуудал. Хамгийн гол нь өнөөдөр иргэдийг бухимдуулж, сэтгэл ханамжгүй болгоод байгаа зүйл бол баялгийн шударга бус хуваарилалт. Өөрөөр хэлбэл бүхнийг зах зээл зохицуулна гэдэг. Үүнийг зохицуулах хэд хэдэн арга бий. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл нийгмийг эмх замбараагүй, тогтворгүй байдалд хүргэнэ. Олон улсад үүнийг жени гэсэн үзүүлэлтээр хэмждэг юм. Энэ байдал 0.4 хувьд хүрсэн тохиолдолд баялгийн хуваарилалт шударга бус гэдгийг илтгэж, баян, ядуугийн ялгаа гаарч, нийгэм тогтворгүй болдог. Манай улсад энэ үзүүлэлт 0.36 хувьтай байна. Туйлын их дөхөж байгаа биз. Энэ нь Монголын нийгмийн зайлшгүй шийдэх асуудал. Ардчилал өнөөдөр цөөнхийн эрх ашигт үйлчлээд байгааг би буруушаагаад байгаа юм. Ардчилал гэдэг олонхийн эрх ашгийг хангах учиртай. Гэтэл манай улсад энэ нь гажуудаж, хэт улс төржиж, ардчилал нэрийн цаана нийгмийн баялгийг ард түмнээс булааж байна. Цөөнх нь баяжиж, иргэд нь ядуурч байгааг ардчилал гэж хэлэх үү. Үнэндээ ардчилал гэдэг өнөөдөр үнэгүйдэж, зорилгоосоо ухарчээ.
-Энэ байдлаас гарах арга зам юу вэ?
- Уул уурхайгаас авах зүйлээ авах хэрэгтэй. Тэрийгээ төрд бус Монгол Улсын хөгжилд зориулсан үндэсний хуримтлалд зориулах нь чухал. Тэр үндэсний хуримтлалын сан нь Монгол Улсыг эдийн засгийн болон бусад бэрхшээлээс гарах хэмжээний чадамжтай байна. Нөгөө талаас томоохон компанийн хувьцааны тодорхой хувь нь олон нийтийнх байх ёстой. Үүнийг зохицуулалтаар шууд хийх хэрэгтэй. Бизнесийнхэнд нэг буруу зүйл байна. Уул уурхай дагасан хэт их орлогоороо хоёр сая гаруй хүнд зориулагдсан эдийн засгийг булааж байна. Өөрөөр хэлбэл ав гэсэн зарчим тэдэнд үйлчилдэг. Байшин, дэлгүүр, хэвлэл, үсчин, гоо сайхнаас эхлээд бүгдийг авна. Эрүүл бизнес явах бололцоо алга. Нөгөө талаас санхүүгийн систем цэвэр мөнгө хүүлэлтийнх болжээ. Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувь нь арван дөрвөн арилжааны банк, тэр дундаас голлох гуравхан банкны хамааралтай байна. Ийм нөхцөлд эдийн засгийг олон тулгуурт бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Үүний нэг нь хөрөнгийн зах зээл. Уул уурхайн стратегийн орд газруудаар дамжуулж, нийгэмд баялгийг хуваарилах хөрөнгө оруулалтын шинэ бололцоог нээх хэрэгтэй. Тэгж чадвал эдийн засаг эрүүл байна.
-Ингэж өөрчлөхийн тулд улс төрчдөөс асар их зориг шаардана. Уул уурхайг авчихсан хүмүүс дунд улстөрчид бий. Тэд ийм зориг гаргаж чадах уу?
-Асар том зориг гаргах ёстой болж байгаа юм. Дээрээс нь үндэсний хэмжээнд зөвшилцөл явуулах хэрэгтэй. Нэгдүгээрт, баялгийн хуваарилалтад, хоёрдугаарт уул уурхайн салбарт дахь Монгол Улсын бодлогод, гуравдугаарт Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалд энэхүү зөвшилцлийг явуулах нь зөв. Улс төрийн намууд гэлтгүй нийгмээрээ үүнийг явуулах цаг нь болжээ. Яагаад гэвэл эдгээр асуудлыг тойрсон үймээн, бужигнаан, улстөржилт гарах нь гарцаагүй. Үүнийг урьдчилан харж, монголчууд нэг ойлголттой байх хэрэгтэй. Монгол Улс уул уурхайн салбарт ийм бодлого барина. Гадаад бодлого ийм байна. Монгол Улс баялгийг ингэж хуваарилна гээд тодорхой болгох нь зүйтэй. Ийм зоригийг гаргаж чадахгүй бол Монгол Улсад ирээдүйн хөгжил гэж байхгүй. Нэг бол нийгэмд асар их эмх замбараагүй байдлыг өдөөнө. Эсвэл цэргийн дэглэм улс орныг удирдах хэрэг гарах байх. Бид хойд, урд хоёр том хөрштэй. Ийм тохиолдолд хөрш орнууд үүнийг зохицуулахаас өөр замгүй болж мэднэ.
-Жирийн иргэд хэрхэн амьдарч байгааг дээдсүүд мэддэггүй. Саяхан Сангийн дэд сайд талхны үнийг мэдэхгүй, 350 төгрөг гэснийг манай сонины уншигч мэдээлж байсан. Иргэдийнхээ амьдралыг мэддэггүй хүмүүс яаж улс оронд хэрэгтэй шийдвэр гаргах юм бэ?
-Монголд сургууль төгсөөгүй. Гадаадад амьдарч байгаад ирсэн нөхдүүд яам, тамгын газраар олон байна аа. Монголын хөдөө гэж мэдэхгүй, үнэт зүйлээ ойлгохгүй, гадны хөгжлийг хэт шүтэх хандлага байгаа нь үнэн. Монгол Улс өөрийн үнэт зүйл, давуу талаараа бусдаас ялгарах ёстой шүү дээ. Тэгж байж л бид оршин тогтноно.
-Та өөрөө жирийн амьдралд хэр ойр байдаг вэ?
-Жирийн иргэдийн амьдралд хамгийн ойр байдаг хүмүүс чинь их хурлынхан шүү дээ. УИХ-ын гишүүн Дашдорж бид хоёр жилд гурваас доошгүй удаа тойргийнхоо иргэдтэй уулздаг. Иргэдийн төлөө шалтгаалах бүхнийг бид хийсэн. Үнэндээ хөдөө муухай гэсэн сэтгэхүйтэй хүн олон байна. Гэтэл үнэндээ тэнд чинь монгол хүн монголоороо амьдардаг юм. Байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч, монгол хүн байх үнэ цэнэ хөдөө л оршиж байна. Тийм учраас Алтайн ард түмэнтэйгээ уулзахаараа сэтгэл онгойгоод явчихдаг.
-Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Хуулийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Ард түмэнд талхны үнэ мэддэг, иргэдийн амьдрал, орон нутгийн онцлогийг ойлгодог төрийн түшээ хэрэгтэй. Иргэд ч хэнийгээ сонгох вэ гэдгээ сайн мэддэг болж. Харин сонгуулийн шинэ хуулинд сэтгэл хангалуун бус байгаа. Яагаад гэвэл ард түмэн төр хоёрын хоорондын уялдааг холдууллаа. Өөрөөр хэлбэл тэнд байх иргэдийн төлөөлөл бага болж байна. Холимог тогтолцоогоор сонгуулийг явуулахаар болсон. Пропорциональ тогтолцоогоор нам нэр дэвшигчдийг гаргана. Хэнийг сонгох вэ гэдгийг иргэд шүүх ёстой байтал нам шүүхээр боллоо. Үр дүн нь ямар байхыг харах л үлдэж байх шиг байна.
-Үндсэн хуулийг өөрчлөх тухай яригдаад байгаа. Эцэг хуулиндаа гар хүрэхийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Өнгөрсөн хорин жилд Үндсэн хууль үүргээ сайн биелүүлсэн. Улс орны ирээдүйн хөгжлийн хөтөлбөр зэрэгтэй уялдуулан Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй. Ганц хоёрхон заалтыг бус ирээдүйг зохицуулсан томоохон шинэчлэлтийг хийх хэрэгтэй. Олон нийтийн санал асуулга явуулсан ч болно. Тиймээс ойрын хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн санаа бүтэхгүй байх.
-Тавантолгойн ордоос Монголын иргэн бүр хувьцаа эзэмшихээр боллоо?
-Том бололцоо, шинэ ертөнцийг иргэдэд нээж байна. Үндэстнээрээ үнэт цаас эзэмшигч боллоо. Азтай гэхээс өөр юу гэхэв. Монголын ирээдүй гэрэлтэй байна. Цаашид стратегийн орд газар бүхэн ийм байдлаар явах учиртай. Тэрнээс хууль бус хулгайн аргаар хэн нэгэн Дорж гэдэг хүн ард түмний баялгийг авчихдаг байдлыг зогсоох хэрэгтэй.
-Хэтэрхий намчирхах нь улс орны хөгжилд тээг болоод байна?
-Тийм шүү. Үүнтэй санал нэг байна. Хэт намчирхах нь дээр ярьсанчлан талхны үнэ мэддэггүй сайдуудаар дүүрэхийн цондон.
Ш.Ундармаа
2011 оны 12-р сарын 26, Даваа гариг

No comments:

Post a Comment