Tuesday 17 April 2012

Х.Баттулга: Зам хаасан шийдвэртээ бат зогсоно

Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх замыг хааж, нүүрс тээвэрлэлтийг зогсоогоод байгаа. Өмнө нь хэд хэдэн удаа нүүрс тээвэрлэлтийг зогсоож байсан ч зам тавигдаагүй байхад төсөв хүндэрсэн зэрэг шалтгаанаар нээж байсан.

Тиймээс энэ удаагийн шийдвэр хир удаан үргэлжлэхийг хэлэхийн аргагүй. Энэ талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас тодрууллаа.

-Нүүрс тээвэрлэлтийг хэр удаан зогсоох вэ. Хэдэн сарын дараа хаасан замаа нээчих юм биш биз?

-2009 оноос эхлээд замтай холбоотой асуудлаа нүүрс экспортлогч компаниудад олон удаа тавьсан. Замаа тавиад тээвэрлэлтээ хий гэсэн шаардлага тавьсан, тэд мөнгөгүй биш учраас ухамсраараа ойлгох ёстой. Орлого олж байгаа бол орон нутагт нь дэд бүтэц байгуулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд нь газар дээр нь хяналт тавих ёстой.

Бид зам хаасан шийдвэртээ бат зогсоно. 2-3-хан компани нүүрс экспортлоод улсын төсөвт овойж оцойсон их татвар орж байгаа зүйл байхгүй. Татвараа нууж хаагаад л хагас дутуу төлдөг байх. Лав бүтэн төлдөггүй. Нууж хаасан мөнгө нь байж л байгаа. Харин түүнийг нь илрүүлэх хэрэгтэй.

-Нүүрс тээвэрлэлтийн 70 хувийг хятадууд гүйцэтгэж байна. Мөн Оюутолгой, Тавантолгойд хятадууд ажиллаж байна. Монгол хүнээ ажлын байраар хангах бодлого яагаад барихгүй байна вэ?

-Засгийн газраас бодлого барьж байгаа. Ихэнх улсууд гаднаас ажиллах хүч авдаг. Хар ажлын буюу нарийн мэргэжлийн ажиллах хүч гэж оруулж ирдэг. Манай улс ч квот тогтоодог. Хууль дүрмийн хэрэгжилт орон нутагт сул байгаа юм.

Хятад жолооч нар машинтайгаа Монголын хилээс 200-300 км газарт нэвтэрдэг байсныг зогсоосон. Гэтэл хил дээр номероо Монголынхоор солиод ороод ирж байна. Гэтэл Монголын жолооч нар Хятадын хилээс цааш хоёр км ч явж чаддаггүй гэдэг. Энэ мэт гомдол их гардаг. Бидэнд заримдаа хүч дутагдах тохиолдол гардаг. Хаа хаанаа л дутагдал байна.

Б.Мягмарсанж

Нийгмийн толь 2011/04/21

No comments:

Post a Comment