Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: УИХ-д зөвхөн үнэнийг ярина хэмээн тангарагладаг болчихвол...

УИХ-ын болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсан талаар нь С.Бямбацогтоос тодрууллаа.

-УИХ-ын хянан шалгах бүрэн эрх хангалтгүй гэж үзэх болсон шалтгаан нь юу бэ?

-УИХ-ын нэг үндсэн үүрэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд УИХ-ын болон Дэгийн тухай хууль хангалттай зохицуулалт болж чаддаггүй. Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна. Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийн тухай УИХ-д тогтмол мэдээлнэ гэсэн заалт Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд бий. Засгийн газрын харьяа байгууллагууд хууль хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харамсалтай нь энэ үүргээ хангалтгүй биелүүлдэг учраас ард иргэдийн дунд төрд итгэх итгэл алдарч, хуулийг үр дүнтэй хэрэглэж чадахгүй байна. Амьдралд нийцгүй олон хууль үйлдвэрлэлээ гэсэн шүүмжлэл иргэд, байгууллагын зүгээс гардаг нь үүнтэй холбоотой.

-Хуулийг хэрэгжүүлэх хамгийн боломжтой хэлбэрийн нэг нь асуулт, асуулга байдаг. УИХ энэ ажилд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Сар бүрийн нэг, гурав дахь долоо хоногийн баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаанд асуулгын хариуг, хоёр, дөрөв дэх долоо хоногийн баасан гаригийн үдээш хойших хуралдаанд Ерөнхий сайдын мэдээллийг сонсдог. Энэ нь хуулийн хэрэгжилтийн талаар сард ердөө 16 цаг мэдээлэл сонсдог бол хууль боловсруулах үйл ажиллагаанд сард 48 цаг зарцуулдаг гэсэн үг. Хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг чанаржуулахад асуулт, асуулга их хэрэг болдог атал нэг нь асуух, нөгөө нь хариулах маягаар мэдээлэл сонсоод л өнгөрч байна. Ерөнхий сайд өөрийн хүссэнээр мэдээлэл хийдгийг болих хэрэгтэй гэж бид үзсэн.

Цаг үеийн чухал асуудлаар Засгийн газрын тэрг үүний мэдээллийг сонсдог байх хэрэгтэй. Гэхдээ асууж, хариулаад л өнгөрөх биш тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг явуулдаг байх хуулийн зохицуулалт хэрэгтэй. Ерөнхий сайдыг мэдээлэл хийхэд Засгийн газрын бүх гишүүнийг байлцуулах ёстой. Бид Ерөнхий сайдад асуулга тавихад аль нэг сайдаа явуулдаг. Заавал өөрийн биеэр хариулт, мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Цаг үеийн тулгамдсан асуудлаар дараалал харгалзахгүй асуулгын хариуг сонсдог зохицуулалт хэрэгтэй.

-Гурван минутад багтааж асуусан, хариулсан болдог одоогийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн үг үү?

-Гурван минутад багтааж гишүүд асуух ёстой. Түүнд нь хариулах гэж нөгөө тал нь аргацаадаг шүү дээ. Зарим тохиолдолд худлаа мэдээлэл өгдөг. Үүнийг л үр дүнтэй зохицуулалтад оруулъя гэж байгаа. Шаардлагатай гэж үзсэн асуудлаар гишүүд асуултаа тодруулж, тодорхой хариулт нэхэх хэрэг гардаг. Асуулт, асуулгатай холбоотойгоор шийдвэр гаргах шаардлага ч үүсдэг. Тийм тохиолдолд Ажлын хэсэг байгуулдаг байх зохицуулалтыг төсөлд оруулсан.

-Асуулга, асуултад хариулт өгөх үед худлаа мэдээлэл өглөө гэдгээс болж маргаан их гардаг. Ингэж оролддог байдал үргэлжилсээр байх уу?

-Холбогдох албан тушаалтан гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулдаг, худлаа мэдээлэл өгч, аргацаадаг баймааргүй байгаа юм. Худлаа мэдээлэл өгсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг Дэгийн тухай хуулиар зохицуулаагүй. Асуултыг булзааруулдаг, тойруулж дүйвүүлдэг. Тодруулж асуух гэхээр боломж олддогг үй. Сүүлийн үед УИХ-д мэдээлэл хийх, асуултад хариулахдаа зарим албан тушаалтан аргацаах гэж л ирдэг болсон. Аргалаад өнгөрнө гэсэн ойлголт бий болчихсон. Гишүүний асуултад хариулах, тайлбар хийхдээ үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлах бөгөөд худал мэдээлэл агуулсан хариулт, тайлбар өгсөн гэж үзвэл дээд шатных нь байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг УИХ-ын гишүүн гаргаж болох заалт оруулж өгнө. Зарим оронд бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хатуу тогтолцоо ч үйлчилдэг. Хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавьдаг нэг хэлбэр нь асуулга юм. Нэг нь асуусан, нөгөө нь хариулсан болж аргацаадаг биш, тэндээс үр дүн гардаг байх ёстой.

-Чуулганы статистик мэдээнээс харахад гишүүдээс хамгийн их асуулга, асуулт тавьдаг нь Та. Үнэхээр үр дүнтэй арга мөн үү?

-Хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын гишүүний үүргээ биелүүлэхэд асуулга, асуулт үнэхээр ач холбогдолтой. Үр дүнг нь би мэднэ. Малчдыг тавган антениар телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үздэг байхад нь техникийн шинэчлэл болоод антенийг нь солих болсон. Гэтэл хууль хэрэгжүүлэх ёстой хүмүүс нугалаа гаргаж малчдыг хохироож эхэлсэн. 24500 төгрөгөөр техникийг шинэчилж болох байтал 245 мянган төгрөгийг малчдаас нэхэж явсан. Би үүнийг сонсоод асуулга тавих хугацаанд энэ завхарлаа холбогдох хүмүүс нь арилгачихаж байгаа юм. 2007 онд махны үнэ өсөөд, 10 мянган төгрөг хүрэх нь ээ гэж асуулга тавьсаны мөрөөр Засгийн газар арга хэмжээ авч үнийг тогтворжуулсан жишээтэй. Тийм учраас асуулга, асуулт тавьдаг, түүнд хариулдаг, мэдээлэл өгдөг журмыг тодорхой зохицуулж өгөх шаардлагатай байгаа юм.

-Өмнө нь Дэгийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байхад УИХ-ын гишүүний асуулт, асуулгад холбогдох албан тушаалтан, Засгийн газрын гишүүн зөвхөн үнэнийг мэдээлнэ гэж тангарагладаг байя гэсэн санал та гаргаж байл уу?

-Арга ядаад гаргасан саналын томъёолол шүү дээ. Дэмжигдээгүй л дээ.

Эх сурвалж
Өнөөдөр сонин

2011 оны 10-р сарын 28, Баасан гариг

No comments:

Post a Comment