Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: Гишүүнд худал хэлбэл Эрүүгийн хариуцлага хүлээнэ

УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Гишүүдийн тайлбарлаж байгаагаар УИХ-д худал мэдээлэл өгсөн, гишүүдийн асуултаас бултаж, тойруулсан албан тушаалтанд хариуцлага тооцохоор болж буй гэнэ. Энэ талаар С.Бямбацогт гишүүнээс тодрууллаа.

-УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Засгийн газарт тавих хяналт сайжирч, хариуцлагыг өндөржүүлэхээр тусгасан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ нь хууль боловсруулах, тогтоох үндсэн үүргээс гадна хуулийн хэрэгжилтэд хяналт үүрэгтэй. Гэвч энэ үүргээ хангалттай хэрэгжүүлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, түүний харьяа байгууллагууд хийдэггүй. Улмаар УИХ муу дүн авах болдог. Хууль ч богино настай болж хувирах нь бий. Иймээс олон нийтийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын үндсэн үүргийг өргөн хүрээнд чангатгах зорилгоор энэ төслийг санаачилсан.

Тодруулбал, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрын гишүүн, холбогдох албан тушаалтнууд тухайн хуралдааныг аргалах, өөрийгөө цэвэрхэн авч гарах зорилгоор асуултад хариулж, мэдээлэл хийдэг. Гэтэл уг асуудлыг эргээд нягтлахаар худлаа, зөрүүтэй төдийгүй асуултын хариулт тодорхойгүй, тойрч бултах байдлаар хариулсан байх нь олонтаа. Гэтэл тэд асуудлыг шалгаж, нягталж товч тодорхой, үнэн мэдээлэл өгөх нь УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулагдаагүй. Иймээс эргээд хариуцлагын асуудал ярихад асуудал үүсдэг. Иймээс Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Засгийн газрын гишүүн, холбогдох албан тушаалтнууд асуултад худал хариулах, асуултаас тойрч бултах, оновчтой хариулахгүй бол хариуцлага тооцно. Ингэснээр төрийн эрх барих дээд байгууллагадаа үнэн зөв, бодитой, оновчтой, тодорхой мэдээлэл өгдөг болсноор төр, засгийн бодлого шийдвэр зөв болох юм.

-Тухайлбал, хариуцлагын ямар арга хэмжээ авах вэ. Энэ талаар тодорхой тусгасан уу?

-Гол нь УИХ-ын чуулган дээр үнэнийг хэлэх ёстой юм байна шүү гэдэг ухамсрыг нь суулгах юм. Монгол Улсыг хуурч мэхэлбэл төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм. Бүр чангатгах ёстой. Хариуцлагын тогтолцоог оруулж ирж байгаа энэ хууль сул байна гэсэн саналыг илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн явцад хариуцлагын тогтолцоог тодорхой тусгаж, УИХ-д үнэн мэдээлэл өгөөгүй этгээдэд хатуу хариуцлага тооцдог болно.

-Засгийн газрын гишүүн, албан тушаалтнаас гадна гишүүдэд энэ хуулийн заалт үйлчлэх үү?

-Хуулийг хэрэгжүүлэгч төрийн албан хаагчдад бүгдэд нь энэ хууль үйлчилнэ. Зөвхөн төрийн албан хаагч төдийгүй ард түмний эрх ашгийг хохироож байгаа хүмүүст үйлчлэхээр хуулийн төсөлд тусгасан. Энэ бол УИХ-ын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих функцээ сайжруулж байгаа хэрэг. Мөн байнгын хорооны үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахаар тусгасан. Хуралдааны асуулга, асуулт, хэлэлцүүлгийг үр дүнтэй болгохын тулд гишүүн таван минутад багтааж таваас илүүгүй удаа асууж байхаар хуулийн төсөлд дурьдсан. Мэтгэлцээний зарчим дээр төсөл хэлэлцэх гэсэн юм. Өнөөдөр бид нэг удаа асуулт асуудаг. Нөгөө хүн бултаад, асуултаас тойрч, тойрч хагас дутуу хариулах маягаар хэлэлцүүлэг өрнөдөг. Худал хэлээд байгааг нь мэдсээр байж УИХ-ын гишүүн яаж ч чаддаггүй. Тиймээс товч тодорхой асуугаад, түүн шигээ хариулт авдаг болно. Ийм байдлаар хэлэлцүүлэг явуулбал бодитой мэдээлэл гарах юм.

Нийтлэлч
Л.Нинжсэмжид
Эх сурвалж
Нийгмийн толь

No comments:

Post a Comment