Thursday 19 April 2012

Г.Батхүү:Засгийн газрыг дагаж УИХ бужигнахгүй

УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.
-Сүүлийн үед Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотойгоор улс төр нэлээд тогтворгүй байлаа. Ийм үед таны байр суурь ямар байв?

-Ер нь төрийн ажил гацаж, АН хүндрэл учруулаад байсан зүйл огт байгаагүй. Өнгөрөгч даваа гаригт Ерөнхийлөгч Өмнөговиос ирээд эцсийнхээ хариуг өгсөн. Ингэж хуулийн дагуу зөвшилцөж, хоёр дахь өдөр УИХ-д өргөн баригдсан. Харин гурав дахь өдөр байнгын хороодоор хэлэлцээд тухайн долоо хоногтоо багтаагаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдлээ. Энэ бол тийм удаан хугацаа биш. 1996-2000 онд сайд нарыг үүрэг гүйцэтгэгчээр зургаан сар, сайдын нэрээ санал болгоод долоон удаа буцаагдаж байсан гээд түүх яривал олон зүйл бий. Гэхдээ энэ удаа хуучинтай жишиж, түүнтэй адилтгах гэсэн зүйл огт байхгүй байсан юм шүү.

АН-ын дарга хамтарсан Засгийн газраас гарах үедээ хэлсэн, бид бүх зөв бодлогыг чинь дэмжинэ гэж.

Энэ нь хэлэх гэснээ хэлэхгүй гэсэн үг биш байсан. Хамтарсан ч, эс хамтарсан ч бид хэлэх үгээ хэлнэ. Энэ удаа хамтарсан Засгийн газрын үед бий болдог албан тушаал болох Тэргүүн шадар сайдын асуудлаар зөрүүтэй байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Түүх сөхвөл Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үед хамтарсан Засгийн газар байгуулагдахад энэ албан тушаалыг анх бий болгож байсан. Тухайн үед Тэргүүн шадар сайдыг гарын үсэг зурсны дараа Ерөнхий сайд гарын үсэг зурдаг байхаар хүртэл хуульчилж, Ч.Улаан гишүүн Тэргүүн шадар сайдаар ажиллаж байлаа. Харин сая хамтарсан Засгийн газар байгуулагдахад манай намаас томилогдлоо. Тэгэхээр хамтарсан үед байсан албан тушаалыг нэг нам нь дангаар Засгийн эрхийг барих үед шаардлагагүй гэж АН үзсэн юм. Хоёрдугаарт, С.Баяр намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Ерөнхий сайдад нэр дэвшихдээ намынхаа албан тушаалыг хүлээлгэж өгчихөөд орж ирсэн. Энэ нь нам, төрийн ажил хоёрыг холихгүй байх гэсэн жишиг МАН-д байсан гэсэн үг. Үүнийг нөгөө талаас нь харахаар сонгууль дөхчихсөн үед намын дарга нь Ерөнхий сайд, ерөнхий нарийн бичгийн дарга нь Тэргүүн шадар сайд байдаг. Аливаа намын ерөнхий нарийн бичгийн дарга нь сонгуульд намаа удирдан ордог. Тэгэхээр намын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Тэргүүн шадар сайд намаа сонгуульд оруулах болж таарч байна уу.

-АН хамтарсан Засгийн газраас гарлаа хэмээн мэдэгдэхдээ дараагийн Засгийн газрыг эмхлэн байгуулахад ямар ч саад болохгүй гэж хэлсэн үгэндээ сая нэлээд ороогдчих шиг боллоо?

-Тэгээд саадгүй л байгуулж өглөө шүү дээ. Гэхдээ бид хэлэх зүйлээ хэлж, болохгүй байгаа юмыг засах эрхээ л эдэлсэн. Үүний үр дүнд Засгийн ажил зохих горимондоо орж, зөв жишиг тогтлоо. Энэ бол үр дүнтэй ажил байлаа.

-Ерөнхийлөгч хэдийгээр намын гишүүнчлэлгүй боловч АН-ынх гэдгээ илэрхийлсэн үйл явдал байлаа гэж харах хүмүүс байна?

-Ерөнхийлөгч аль намаас дэвшсэн, хэн байх нь гол биш. АН-ынхан Ерөнхийлөгч зөв зүйл ярьж байвал дэмжээд л явна. Эсрэгээрээ манай нам, намын бүлгийн гишүүдэд таалагдахгүй байвал Ерөнхийлөгчийг дэмждэггүй. Бодит байдал дээр ч ийм зүйл олон бий шүү дээ.

Гэтэл МАХН-аас сонгогдсон Ерөнхийлөгч байх үед МАХН-ынхан шийдвэрийг нь 100 хувь дэмждэг л байсан.

Харин түүний дэргэд манай нам харьцангуй ардчилсан, асуудлыг ойлгодог хүмүүсийн хувьд Ерөнхийлөгч нь дуудаад үүрэг өгөх зүйл байхгүй, санал бодлыг маань дэмжсэнгүй гэх зүйл ч байдаггүй. Мэдээж бидний хувьд Ерөнхийлөгчийн байр суурийг ихэнхдээ дэмждэг. Яагаад гэвэл бидний үзэл баримтлал, байр суурь ижил. Тиймдээ намын бүлэг Ерөнхийлөгчийн шийдвэр хоёул ихэнх тохиолдолд нийцдэг юм. Харин энэ удаагийн асуудлаар Ерөнхийлөгч бидэнд үүрэг өгсөн эсвэл хоорондоо ярилцсан зүйл огт байхгүй.Өнгөрөгч пүрэв гаригт л УИХ-ын даргатай уулзсанаа хэлсэн. Засгийн газрын үйл ажиллагааг зөв бүтцэд нь оруулах, гацаахгүй явуулах тухай ярилцсанаа хэлээд энэ талаар АН-ын бүлэг анхаарал тавьж ажиллах хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

-Ерөнхий сайдын зүгээс Тэргүүн шадар сайдын албыг байх шаардлагагүй хэмээн хууль санаачилж, батлуулчихлаа. Гэхдээ УИХ-ын гишүүдийг сайд болголоо. Үүнд ямар нэг тохиролцоо байв уу?

-Төрийн ажлыг гацаахгүй байх үүднээс асуудалд хандсан. Нөгөө талаас Ерөнхий сайд хэнийг санал болгох нь тэр хүний эрхийн асуудал. Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь бид халдахгүй, Харин Ерөнхий сайдын оруулж ирсэн хүмүүсийг УИХ-ын чуулганд оруулж ирэхэд нь юу асуух вэ, дэмжих үү, дэмжихгүй юу гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Сайд нэр мэдээж олонхиороо батлагдсан. Одоо бид цаашдаа энэ хүмүүс-тэй нэлээд хатуу шаард-лага тавьж ажиллана. Гэхдээ улс төрийн утгаар бус засгийн ажлыг сайн явуулах үүднээс хандаж, тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгнө. Биелэлтийг нь ч дуудаж асуух болно.

-Таны хувьд шинэ сайдуудын талаар ямар бодолтой байна вэ?

-Орж ирж байгаа хүмүүсийн хувьд өмнө нь сайд хийж байсан туршлагагүй. Гэхдээ хүн сайд болж төрдөггүй гэдгийг санах хэрэгтэй. Энэ удаагийн таван сайдаар үнэхээр сайн хүмүүс томилогдлоо гэж үзэхгүй байгаа. Гэвч салбарыг нь унагаачих болов уу ч гэж бас бодохгүй байна.

-АН сайд нарын асуудлаар завсарлага авч байсан нь төрийн ажлыг гацаасан гэх буруу ойлголтыг иргэдэд өгсөн гэж танд санагдаж байна уу?

-Завсарлага авахгүйгээр дэмжихгүй гэдгээр явсан бол Тэргүүн шадар сайдыг дэмжээд л явчих байсан. Хоёрдугаарт, улс төр, сонгуульд санал авахаа бодож төрийн ажлыг явуулмааргүй байгаа юм. Бодит байдал дээр завсарлага авч, хэлэлцэж байж л ажил явж байна шүү дээ. Энд хоёр өдрийн л тухай яригдаж байгаа. Түүнээс биш долоо хоног, долоо сарын асуудал яриагүй шүү. Тэгэхээр энэ нь төрийн ажлын саатал биш. Харин ч бид хоёр сайдыг нь эхний өдөр дэмжээд чуулганаар хэлэлцье гэсэн.

Тэгвэл засгийн газар 10 гишүүнтэй болоод ирц нь бүрдэж, хуралдах боломжтой болно гэж хэлсэн.

Гэтэл МАН үгүй гэсэн. Тэд бүх сайд нараа зэрэг өргөн барьсан учраас зэрэг хэлэлцэх ёстой гэж байсан. Тийм зүйл байхгүй. Хуульд хүн бүрээр хэлэлцэнэ гэж заасан байгаа. Заримыг нь оруулж ирдэг, ганц нэгийг нь буцаадаг гэх мэт бүрэн эрх нь УИХ-д байсаар ирсэн. Тиймээс иргэд зөв ойлгох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн дагуу явж байна. Бид* төрийн ажлыг аль болох шуурхай, зөв бүтэцтэй, Засгийн газрыг нэг намын сонгуулийн штаб болгохгүйн тулд олон талаас нь асуудалд хандсан. Энэ бүхнийг үргэлж улс төрийн талаас нь харж болохгүй.

-Сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэх үед Ерөнхий сайд Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг манай бэлтгэгдсэн боловсон хүчин хэмээж байсан. Гэтэл Н.Хүрэлбаатар төрийн нарийн бичгийн дарга шүү дээ...

-Бид цаашдаа энэ жишгийг л тогтоохгүйн төлөө ажиллах ёстой байгаа юм. Аль нэг нам нь далд үнэмлэхтэй хүнээ төрд амилуулж бэлдэж байгаад шууд улс төрийн албан хаагч болгоод гаргаад ирдэг ийм жишиг Монголын төрд байж болохгүй. Одоо цаашдаа газрын дарга нар, мэргэжилтнүүд аль нэг намд далд үйлчилж байгаад нэг өдөр бэлтгэгдсэн боловсон хучин нь болоод гараад ирэх нь байна. Энэ нь хэн нэгэн төрийн албан хаагчийг улс төрд орж ирэхийг хориглож байгаа хэрэг биш. Гагцхүү төрийн өндөр албан тушаал дээрээс, түүний дотор чөлөөлөгдөлгүйгээр шууд орж ирж байгаа нь буруу гэж үзэж байгаа юм. Н.Хүрэлбаатар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албанаасаа чөлөөлөгдөөгүй байсан. Хэрэв УИХ-аас дэмжээгүй байсан бол буцаж очоод л ажлаа хийх нөхцөлтэй орж ирсэн. Гэтэл бид улс төрийн албан тушаалд орж ирэх хүн зургаан сарын өмнө төрийн ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой гээд хуульчилчихсан юм шүү дээ.

-Тэргүүн шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас өөр хүн санал болгосон бол АН дэмжих байсан уу?

-Хүлээж авахгүй байсан. Хүндээ огт биш. Бүтэцдээ байгаа юм.

-Ерөнхий нарийн бичгийн дарга нь Тэргүүн шадар сайд болохоор Засгийн газар маань МАН-ын сонгуулийн штаб болох нь гэж АН-ынхан хэлээд байгаа болохоор л ингэж асуумаар санагдлаа...

-Ерөөсөө тийм байх ёсгүй юм. Тэр дундаа намын ерөнхий нарийн бичгийн дарга нь ажлаасаа чөлөөлөгдөөгүй байж энэ албан тушаалд орж ирж байгаа нь буруу. Тэгээд одоо яах юм, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Тэргүүн шадар сайд гэх юм уу.

-МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчийг камерын өмнө ажил хийлээ гэж хэлээд нэлээд асуудалд оров уу даа?

-Дэндүү хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Тийм ч учраас АН-ын бүлэг маш их дургүйцсэн. Гэхдээ зөвхөн Ерөнхийлөгчийн асуудлаар бус МАН-ын бүлгээс хийж буй удаа дараагийн мэдэгдлүүд нь АН-ын хийснийг огт хийгээгүй мэтээр, дэмжиж байгаа асуудлуудыг дэмжихгүй байгаа мэтээр нийгэмд зарласан нь Ө Энхтүвшингийн буруу байсан Ө.Энхтүвшин хувь хүнийхээ хувьд юу ч гэж бодож болно. Түүнийг бүлгийн дарга болохоос өмнө ч. түүний дараа ч манай хоёр нам хамтарч ажиллаж байна. Тиймээс байгаа зүйлийг байгаагаар нь үнэлэх ёстой. Хоёрдугаарт сая батлагдсан зөрчлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хийж байгаа бүх уулзалт ярьж байгаа зүйл тод байх тухай заачихсан байгаа. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиа л хэрэгжүүлсэн. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн нэр төрийг Үндсэн хуулиар хамгаалж өгсөн байдаг. Гэтэл төрийнхөө тэргүүн рүү дайрсныг нь Ө.Энхтүвшин улс төр хийх өнцгөө буруу сонгожээ гэж харсан.

-Өнгөрөгч долоо хоногт сайд нарын томилгоог удаашрууллаа гэж АН-ыг буруутгасан төлбөртэй мэдээ, материалуудыг МАН-аас захиалж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа. Энэ нь удаан хугацаанд сөрөг хүчингүй байсаар гэнэт цочирдсоны шинж байв уу даа?

-2008-2012 оны УИХ-д өмнөх парламентад сууж байсан цөөн тооны туршлагатай хүмүүс бий. Тэд улс төр яаж явдаг, ямар байдаг, тэр дундаа АН ямар их хүлээцтэй, ухаалаг болсныг анзаарч байгаа байх. Харин сүүлд орж ирсэн хүмүүс маань бөхөөр бол нэлээд цочоотой, омголон байх шиг байна. Олонх гэдгээрээ айлын эрх хүүхэд шиг загнаж байна. Бас хүлээц муутай байх шиг байна. Төрийн ажил гэдэг алдаагүй байх хэрэгтэй. Тэр утгаараа УИХ-ын шийдвэр дандаа зөв байх учиртай. Хэрэгжих боломжтой хууль, тогтоол гаргах ёстой. Тийм ч учраас АН Монголын ард түмэнд, төрд хэрэгтэй гэдэг үүднээс завсарлага авч асуудлыг шийдсэн нь үр дүнтэй болсон гэдгийг хүн бүр ойлгож байгаа. Үүнээс удаан гацаж байж тааруухан шийдвэр гарч байсан түүх бий. Бид үүнийг дахин дахин сануулаад байгаа нь давтах гээгүй, аль болох алдаагаа засаж, улс төрөөс хараат биш байлгахын төлөө л ажилласан хэрэг.

-Хамтарсан Засгийн газрын гэрээ цуцлагдлаа. Одоо тэгэхээр УИХ дахь дэд даргын асуудал УИХ-дахь дэд даргын асуудал хөндөгдөх үү?

-Засгийн газрын тухай хуульд парламентад бүлэгтэй нам болгон дэд даргатай байна гээд заачихсан. Манай намын бүлэг байгаа учраас дэд даргын асуудал хөндөгдөхгүй.

-Тэгвэл байнгын хороодын дарга нар яах вэ?

-Д.Дэмбэрэл дарга, дэд дарга Н.Энхболд бид гурав ярилцаж байгаад Засгийн газрыг дагаж УИХ бужигнахгүй. Байнгын хороод болон бусад асуудлыг яг энэ байгаагаар нь бүрэн эрхийн хугацааг нь дуусгая гэж ярьсан. Одоо хоёрдугаар сарын дундуур УИХ-ын чуулган завсарлана. Дараа нь дөрөвдүгээр сард орж ирээд сар гаруй л хуралдах байх. Ийм богино хугацаанд хөдөлгөөн байхгүй гэж тохирсон.

-АН-ын ҮЗХ саяхан болсон. Намын даргаа солих асуудал хөндөгдөж байсан. Та энэ талаар юу гэж бодож байв?

-АН-ын дарга хэн байх нь намын удирдах байгууллагын гишүүний хувьд чухал асуудал биш гэж бодож байна. Харин сонгуулиар ялалт байгуулж, өөрсдийн бодлогыг Монгол нутагтаа хэрэгжүүлж, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг бий болгох нь АН-ын гол зорилго. Харин намын дарга хэн байх нь хоёр дахь асуудал. Мэдээж ажил хийдэг, ажиллах амлалт өгсөн хүн байж таарна. Тэр утгаараа одоогийн АН-ын дарга Монголд анх удаа ардчилсан Ерөнхийлөгчийн сонгож гаргаж ирж чадсан. Энэ удаа ч гэсэн хариуцлагатай үүрэг хүлээж, намаа . удирдан хамтарсан Засгийн газарт ажиллалаа. Ингэж намын төдийгүй ард түмний өмнө хариуцлага хүлээж байсныхаа хувьд Н.Алтанхуяг ирэх сонгуульд АН-ыг ялуулах үүрэгтэй л гэж ойлгож байгаа. АН-ыг ялуулж чадна гэж итгэж ч байгаа. Хэрэв солихдоо тулбал сонгуулийн дараа л намын их хурлаар даргаа солино. Гэхдээ сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол шүү дээ. Манай нам ийм л зарчимтай, дүрэмтэй. Тиймээс АН-ын дарга сонгуулиас өмнө солигдохгүй.

Нийтлэлч
Т.Гэрэлмаа
Эх сурвалж
Өдрийн сонин

2012 оны 1-р сарын 30, Даваа гариг

No comments:

Post a Comment