Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр:Газрын баялаг баярлуулах биш, уйлуулах зүйл болчих вий дээ


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сонгуулийн хоёр хуулийн төсөл боловсруулагдан, хэлэлцүүлгийн шатандаа буй. Та хоёуланг нь дэмжиж харагдсан. Мэдээж хэлэлцүүлгийн эцэсг аль нэгийг нь л дэмжих байх. Тэгэхээр аль нь манай улсад тохиромжгой юм бол?
-Хоёр төсөл хоёулаа сайнтай муутай. Монгол Улс нутаг дэвсгэр томтой, засаг захиргааны 21 нэгж нь нэлээд алслагдсан. Уг нь можиратор систем нь баг, сум олон түмэндээ хүрдэг давуу талтай. Өөрөөр хэлбэл, хүнээ харж сонгодог.Энэ хүн тухайн нутаг дэвсгэрийн төлөөлөл болж чадах уу, үгүй юу гэдэг гол шалгуурыг тавьдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улс энэ системээр явж ирлээ. Шинэ пропорциональ системээр явах нь намынхаа нэрээр гарч ирнэ л гэсэн үг. Энэ нь улс төрийн намаас нэр дэвшигч нь ард түмнээс хөндийрөх талдаа. Энэ системийн хувьд цаг арай л болоогүй байх шиг. Учир нь орон нутгийн хөгжил тэгш бус байна. Орон нутагт шийдвэрлэгдэх ёстой олон асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн шүү дээ. Тийм байтал төлөөлөл нь хөндийрчихөөр асуудал бүр л хэцүүднэ.
-Тухайн тойрогт тавих анхаарал сулрана гэж ойлгож болох уу?
-Төлөөлөл байхгүй болно. Зарим аймаг УИХ-ын гишүүнтэй болох бололцоогоо алдана шүү дээ. Анхаарал сулрана гэж шууд хэлж болохгүй ч, төлөөлөлгүй болно гэдгийн цаана олон асуудал урган гарна.
-Нөгөөтэйгүүр пропорциональ системээр сонгууль явбал шинэ залуу үе гарах нь багасна гээд байгаа?
-Можаритор системээр шинэ залуу үе сонгогдож гарч ирэх их бололцоо олгодог. Үндсэндээ 30-50 хувь нь байнга солигдох нь бий. Учир нь ажлаа хангалттай хийдэггүй хүмүүс дахин сонгогдоход хэцүү болдог. Иймээс дараагийн шинэ, залуу халаа гарч ирэх нь бий. Гэтэл дээрх бүх шалгуур нам дээрээ хийгдээд явах нь бас л учир дутагдалтай.
-Тэгвэл таны хувьд можаритор системийг дэмжиж байна гэсэн үг үү?
-Миний тухайд энэ хоёр хуулийн төслийн алийг нь дэмжихээ хараахан шийдээгүй байна. Шинэ сонгуулийн хувилбар яаж гарах нь вэ. Хэлэлцүүлгийн явцад аль нь улс орны хөгжилд нийцтэйг нь харна. Том эрх ашгаа харж байж л өгнө дөө. Пропорциональ системд сайн ч тал бий. Томоохон асуудлууд дээр нэг бодлого, хөрөнгө мөнгөний бололцоо нэгтгэн төвлөрөх онцлогтой. Аль аль нь сайнтай муутай л байгаа.
-Эрх баригч хоёр нам өөрсдөө ашигтайгаар сонгуулийн хуулийг шинэ тогтолцоонд шилжүүлэх гээд байгаа юм биш үү?
-Мэдээж, эрх баригч намууд өөрт ашигтайгаар л хууль батална.
-Та шинэ тогтолцоогоор жижиг нам гөрч ирэх боломж нь ихсэнэ гэж ярьж баисан. Бусад гишүүн жижиг намууд гарч ирэх бололцоогүй гээд байгаа?
-Буурахгүй ээ, харин ч жижиг нам УИХ-д суудал авах тоо нэмэгддэг. Хэрэв тэдгээр нам үйл ажиллагаагаа зөв явуулж чадах юм бол 60-хан мянган хүний санал авахад л гараад ирнэ шүү дээ.
-Босго оноо өндөр байна гэсэн шүүмжлэл бас бий?
-60 мянган хүний санал авч чадахгүй юм бол улс төрийн нам гэж байгаад хэрэггүй. Өөрөөр хэлбэл, улс терийн нам болж тоглож, олон түмнийг бужигнуулаад хэрэггүй гэсэн үг.
БИЕ ДААЖ ТОГЛОГЧ БОЛОХ БОЛОЛЦОО БҮРДЭНЭ
-Ярианыхаа сэдвийг өөр зүйл рүү хандуулъя тэж бодлоо. Оюутолгойн гэрээ таны хувьд хэр сайн болсон бэ?
-Энэ хувилбар урьд нь орж ирснээ бодвол муу. Бидэнд нэг муу тал байна. Эдийн засгийн уналтын үед асуудлыг хэлэлцэж эхлээд өсөлтийн үед нь баталдаг. Гэтэл уналтын үед босгосон төсөөлөл, төлөвлөгөө нь өөрчлөгдсөн байх нь бий. Эсвэл эдийн засгийн үнийн өсөлттэй сэтгэл зүйгээр бүтсэн хууль нь уналтын үед гарч ирж таардаг. Энэ нь цаг хугацааны алдагдалд оруулаад байгаа юм. Амьдрал баян, яваандаа харагдана даа. Энэ бол хууль биш. Өөрчлөх бололцоо гарах байх гэж найдаж байна. Гол нь том ажлыг эхлүүлсэн нь чухал.
-Гурван сайд орд газраа гадныханд “бэлэглэчихлээ” гэсэн хардлага л нийгэмд төрөөд байгаа шүү дээ?
-Гурван сайд бэлэглэчихдэг нь ч юу л бол. Том ажил эхэлсэн гэдэг талаас нь би дэмждэг. Монгол Улс бүс нутгийн эдийн засагт бие дааж том тоглогч болох бололцоо бүрдэж байна. Ялангуяа зэс, алтаар Монгол Улс нөлөөтэй, үнэ тогтоох, бодлого тодорхойлох түвшинд орж ирэх бололцоо бүрдэнэ. Үүний том эхлэл болж байгаа юм. Монгол Улс гүйцэтгэх туслах ажилтан биш шүү дээ. Энэ том зах зээлд бие даасан бүтээгдэхүүнээрээ оролцоно гэдэг чухал. Ажил эхэллээ, амьдрал баян байна, цаг хугацаа харуулна.-Магадгүй цаг хугацаа монголчуудын алдсаныг харуулвал, галт тэрэг нэгэнт хөдөлсөн байх биш үү?-Таван жилийн дараа асуудал шийдэгдэнэ. 2013 оноос борлуулалтаа хийгээд эхлэхээр үзүүлэлтүүд эрс нэмэгдээд эхлэнэ. Цагхугацаа ойрхон л байна, яаран дүгнэлт өгөөд яах вэ.
ЭМЗЭГ БҮЛЭГТ НЬ ХАЛАМЖОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Хүүхдийн мөнгийг эргүүлэн олгох нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдээд байгаа. Харин ялгавартайгаар олгоно гэж зарим гишүүн санал оруулсан шүү дээ. Түүний нэг нь та. Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгоно гэдэг маань хүүхдийг алагчилна гэсэн үг үү?
-Хүүхдийн мөнгө биш Хүний хөгжил сангийн мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгө гэдэг нэр томьёо байхгүй. Намуудын амлалтыг нэгтгээд Хүний хөгжил гэдэг нэр томьёо бий болгосон шүү дээ. Халамжийг хавтгайруулж олгох нь буруу гэдэг дээр шүүмжлэлтэй хандсанаар би цөөнх болдог. Уг нь шаардлагатай, тодорхой, эмзэг бүлэгт нь чиглэж өгвөл улс орон, эдийн засагг хэрэгтэй. Тэр том эх үүсвэрийг эх орныхоо нэмүү үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт зориулж чадвал зөв зорилго болно. Даанч хавтгайруулж байгаа нь хайран. Үр ашиг их муутай л санагддаг юм даа.
-Гэхдээ төр гараа хумиж, биеэ оторлож суусан нөхдийг дэмжээд, харин хөдөлмөрлөж, ажил амьдралаа залгуулж буй иргэдээ төрийн гадна орхигдуулаад байгаа юм биш үү?
-Нийгмийн 50 орчим хувь нь дунджаас доош орлоготой, ядуу амьдралтай. Үүнд анхаарлаа чиглүүлэх ёстой биз дээ. Үлдсэн 50 хувь нь хөдөлмөрлөөд, бас ч гэж бололцоотой байна. Тусад нь ялгажүзвэл их зүйтэй.
ДОТООДДОО БАЯЛГИЙН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН ШИРҮҮСЛЭЭ
-Сүүлийн ганц асуудлыг төмөр замын хүрээнд тавья гэж бодлоо. Энэ асуудал наанаа өргөн, нарийн гэгдэж байгөа ч үүний цаана ашиг сонирхолын зөрчилдөөн байна гэх хүмүүс цөөнгүй байна ?
-Төмөр зам нь өргөн, нарийндаа учир нь байгаа юм биш. Энэ бол хэлбэрийн асуудал. Цаад талд нь уул уурхайн орд баялагт, түүний нөөцийг эзэмших, урсгал дээр нь эзэн болж суух гэсэн өрселдөөн. Монгол Улс баярлаад байх зүйл их бага байна. Энэ их алт мөнгө, нүүрс, газрын тос зэрэг газрын баялаг баярлуулах биш, уйлуулах зүйл болчих вий дээ.
-Тодруулахгүй юу?
-Монголын баялагт хяналтаа тогтоох гэсэн гадны сонирхол бодитоор бий болж байна. Үүнийгээ дагаад дотооддоо баялгийн төлөөх өрсөлдөөн ширүүслээ. Намынхаа үзэл суртлаас давсан эдийн засгийн ашиг сонирхлын төлөө нэгдсэн бүлэглэлүүдийн өрсөлдөөн эрээ цээрээ алдаж байна. Шуудхан хэлэхэд, нийгмийн баялаг шударга бусаар хуваарилагдах боллоо.Хэт баян, ядуугийн туйлшрал явагдаж байна. Чөлөөт өрсөлдөөн байхгүй болж эхэллээ. Үндсэндээ мөнгөөр зодож, зах зээлд хяналт тогтоох, булааж авах үйл ажиллагаа эрчимжиж байна. Үүнийгээ дагаад улс төрчид нь хэвлэл мэдээлэл, банк, санхүү гээд бүхий л салбарт олигархижсан бүтцийг бий болгоод эхэллээ шүү дээ. Энэ нь өөрөө нийгмийн тогтворгүй байдлыг бий болгодог, хамгийн ноцтой асуудал. Баян, ядуу гэж хоёр тийш савах нь нийгэм тогтворгүй болно.

Л.Нинжсэмжид
2010 оны 5-р сарын 18, Мягмар гариг
Нийгмийн толь

No comments:

Post a Comment