Monday 16 April 2012

Х.Баттулга: Мянган км төмөр зам тавьж чадахгүй бол улс гэж байгаад яах юм

Зам тээвэр, барилга хот, байгуулалтын сайд Х.Баттулгатай уулзаж төмөр замын талаар зарим зүйлийг тодруулсан юм.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд таны оруулсан санал унасан гэсэн мэдээлэл авсан юм. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой юу?

-УИХ-аар хэлэлцэх ёстой. Хуулиндаа тийм юм байна лээ.

-Салбарын сайдын хувьд төмөр замыг аль чиглэлд тавибал Монгол Улсад илүү ашигтай гэж тооцоолж байна вэ?

-Хүнд аж үйлдвэрийн цогцолборыг Сайншандад байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тиймээс Таван толгойгоос Чойбалсан хот хүртэл 10ОО-аад км зам тавьж, ОХУ-ын Транссибирийн төмөр замтай холбосноор далайн боомт руу гарах шинэ гарц нээгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулахад төмөр зам, боомтын асуудал чухал. Манай улс далайд гарцгүй орнуудын нэг. Ганц-хан БНХАУ-ын Тяньжин боомтоор дамждаг байснаас дахин өөр нэг гарц нээх нь эдийн засгийн бодлогын хувьд ач холбогдолтой. Учир нь Япон, Солонгос уул уурхайн түүхий эдийн том хэрэглэгч орон. Харин Хятад улс хүнд үйлдвэрүүдээ эрчимтэй хөгжүүлж эдийн засгийн өсөлт нь асар хурдацтайгаар нэмэгдэж байна. Тиймээс түүхий эд авах сонирхолтой.

Манай улс түүхий эдээ урагшаа зөөх биш дотооддоо боловсруулж нэмүү өртөг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлого барих ёстой. Тиймээс Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр том стратегийн ач холбогдолтой орддоо түшиглэн 1000-аад км төмөр зам бариад дунд нь буюу одоогийн төмөр замын огтолцол дээр Сайншандад хүнд үйлдвэрийн хотыг байгуулая гэж ярьж байгаа юм. Таван толгойгоос Сайншанд хүртэл нийтдээ 480 км, түүнээс цааш төмөр зам тавихад 520 км ингээд нийтдээ 1000-аад км болж байгаа.

-"Энержи ресурс" компани Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл төмөр зам тавих зөвшөөрлөө авчихсан байгаа. Тиймээс өөрчлөх боломжгүй юм биш үү?

-Таван толгой, Оюу толгойгоор дайраад Гашуун сухайт хүртэл төмөр зам тавьчихаар боловсруулалт хийхгүй түүхий эдийг Хятад руу зөөх нөхцөл бүрдэнэ. Ер нь түүхий эдэд түшиглэсэн эдийн засаг хол явахгүй гэдгийг цаг хугацаа харуулсаар байна. Манай улс ямааны ноолуур, арьс ширээ урагшаа зөөгөөд л байсан. Одоо яаж байна. Хятадууд авахаа болингуут үнэ нь навс уналаа. Мөн Монгол дэлхийн ноолуурын хэрэгцээний 30 хувийг нийлүүлдэг л гэдэг. Сүүлийн 10 гаруй жил хэдэн ноолуурын үйлдвэрийг босгов. Малчид ямаагаа самнаад ченжүүдэд өгнө. Тэд хятадуудад өгчихдөг. Хэрэв өндөр татвар тогтоогоод үйлдвэрлэлийг дэмжсэн бол олон үйлдвэр байгуулагдаж өрсөлдөөн бий болж ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлээд ноолуурын үнэ өнөөдрийнх шиг ингэж навс унахгүй л байлаа. 50 сая малтай болчихлоо л гэнэ. Арьс, шир боловсруулдаг нэг ч үйлдвэр алга. Байсан нь бүгд дампуурсан. Төр засгаас үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулахгүй байгаа учраас түүхий эд хилээр урсч байна. Үүн шиг байдал давтагдах гээд байгаа учраас би бухимдаад байгаа юм. Засгийн газар 2008 онд "Монголын алт" компани, "Энержи ресурс", "Болд төмөр ерөө" гэсэн гурван компанид төмөр зам тавих зөвшөөрлийг өгсөн. "Болд төмөр ерөө" компани төв магистраль буюу нэгдсэн шугам руу өргөн цагиргийн төмөр зам тавьж байгаа. Энэ нь төмөр замын бодлоготойгоо уялдуулан барьж байгаа ажил. Харин Энержи ресурс компанийн ашиглалтын талбай нь стратегийн орд Таван толгойн нэг хэсэг. Энэ компани Таван толгой-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам тавихаар Тавантолгойн нүүрс өмнөд хөрш рүү зөөгдөнө гэсэн үг. Монгол Улсын төр ийм чухал ач холбогдолтой төмөр замаа өөрсдөө барих ёстой.

-ОХУ-ын чиглэл рүү 1000-аад км зам барихад нэг тэрбум гаруй ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг манай улс босгох боломж байгаа юм уу?

-Бид нар арчаагүйдээ төмөр замаа тавьж чадахгүй байгаад байгаа болохоос биш манай улс чинь баян орон шүү дээ. Дэлхийн хэмжээний том ордууд байна. Энэ ордууддаа түшиглэн хөрөнгө босгож шийдэх боломжтой. Мянган км төмөр зам тавьж чадахгүй бол улс гэж байгаад яах юм.

-"Энержи ресурс" Хятадын чиглэлд, улс ОХУ-ын чиглэлд төмөр зам тавибал ашигтай юм биш үү. Хоёуланг нь барьж яагаад болохгүй гэж?

-Хятадын эдийн засгийн байдал дэлхийг айлгаж байна. Тийшээ төмөр зам тавиад нэг л зөөгөөд эхэлчих юм бол зогсоож дийлэхгүй. Сайншандад хүнд үйлдвэрийн цогцолбор байгуулах нь худлаа болж, түүхий эдээ өмнөд хөрш рүү зөөнө. Шуудхан хэлэхэд Хятадын эдийн засгийг дэмжсэн бодлого болно.

-Хэрэв ОХУ-ын чиглэл рүү тавих төмөр замыг оросуудаас дэмжлэг аваад баривал шатахуун, төмөр замын хувьд шууд хараат болох нь гэсэн болгоомжлол ч байна?

-ОХУ түүхий нефть олборлон боловсруулж экспортолдог орон. Манай улс хаанаас шатахуун авах юм. Өөр газраас авъя гэхээр үнэ өндөр байна. Тэгэхээр л Сайншандад хүнд үйлдвэрийн цогцолбор байгуулж, дотооддоо түүхий нефть боловсруулах үйлдвэр байгуулбал бага ч гэсэн хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ. Тухайлбал нүүрснээс шингэн түлш гаргаж авах гэх мэт.

-Таныг Таван толгойн нүүрсний ордоос хувь хүртэх боломжгүй болсон учир бусад үндэсний компаниудад тээг тавьж гэх юм?

-Үнэндээ бол Гашуун сухайт хүртэл төмөр зам тавихаар Таван толгойн нүүрсийг урагшаа өдөр шөнөгүй л зөөнө. Ингэснээр "Энержи ресурс"-ынхан хөлжихөөс үйлдвэрлэл хөгжих боломжгүй болно. Уг нь үйлдвэрийн цогцолбор байгуулснаар Таван толгойн нүүрс, Дарханы төмрийн хүдэр, Оюутолгой, Цагаан суваргын ордоос олборлох зэсийн баяжмалыг төмөр замаар зөөн Сайншандад төвлөрөх үйлдвэрүүд хайлуулж боловсруулаад бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. Жишээ нь төмрийн хүдрийг түүхийгээр нь биш боловсруулаад зарахаар монгол хүн ажилд орно, нэмүү өртөг үйлдвэрлэнэ. Одоо манай улсын эдийн засаг шуудхан хэлэхэд Эрээн, Нарантуулын захаас хамааралтай болчихсон. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлээд, хүүхдийн мөнгийг өгч байна. Энэ тэрбум төгрөг юань болоод эрээний захын бараа л болдог. Эрээн хот маш хурдан хөгжөөд үйлдвэрлэгч болчихсон. Манай улс үйлдвэрлэгч орон болохыг л зорьж, эдийн засгаа өөд татах хэрэгтэй байна. Дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлье гэсэн үүднээс л би асуудалд ингэж хандаж байгаа болохоос биш хувийн ашиг сонирхолд автаад байгаа зүйл байхгүй ээ.

Ц.ДОРЖ

Өдрийн сонин 2009/11/25

No comments:

Post a Comment