Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: МАХН-аас олон жигүүр төрөхийг үгүйсгэхгүй


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-МАХН нэрээ сольж, хувьсгалт гэдэг тодот­голоо халах нь. Үүнийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Нийгэм өөрөө их хол явчихсан. Улстөрийн нам гэдэг нийгмийг өөрөө ман­лайлж, хойноосоо дагуулж,  удирдан чиглүүлж байдаг. Энэ бол нэр солих тухай асуудал биш, сэргээх асуудал. 1921 онд үндэсний тусгаар тогтнолоо байлдан олж аваад Ардын засгаа байгуулж,  Мон­гол Ардын нам гэж нэрлэсэн.  Тэр нэр томъёо,  түүхэн уламжлалаа сэргээх тухай асуудал л хөндөгдөж байгаа.  Миний хувьд хэлэхэд намын нэр Ардын нам байж,  ард түмний засаг байх хэрэгтэй байна. Тухайн үед Ардын намын ард түмэндээ тунхаглан зарлаж байсан үзэл баримтлал нь монгол хүнээ дээдэлж, үндэсний эрх ашгийг тэргүүнд тавьж байсан. Сүүлд цаг хугацаа хийгээд ХХ зууны улстөрийн учир шалтгаанаар хувьсгалт гэдэг нэрийг нэмсэн шүү дээ. ХХI зуунд бидний өмнө тавигдаж байгаа гол зүйл бол эдийн засгийн хувьд бүрэн бие даах, бэхжих. Монгол хүн өөрөө дэлхийн тавцанд өрсөлдөх чадавхитай болох шаардлага бий. Ийм үед үндэсний эрх ашгаа, монгол хүнээ дээдэлсэн намын үзэл баримтлалыг шинээр авч үзэх, дээрээс нь намынхаа уламжлалт нэрийг сэргээх нь чухал болоод байна.
-Бага хурлын гишүүд нэр солихыг дэмжлээ. Гэх­дээ заалны уур амьс­гал ямархуу бай­сан бэ?
-Бүгд л чөлөөтэй сайхан ярилц­лаа, олон түмнээрээ шүүн хэлэлцье гэлээ. Зөв­хөн намын хүрээнд биш, бага хурал, их хурлын төв­шинд биш, бүх ард түм­нээрээ, Монгол Улсаараа хэлэлцүүлье гэ­лээ. Ингэх нь ч зүйтэй байх. Өнгөрсөн ХХ зууныхаа алдаа оноо, эдийн засаг зах зээлд шилжсэн ардчиллын 20 жилийн алдаа оноогоо дүгнэе гэж байна. Улстөрийн ман­лайлах хүч­ний хувьд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн том бодлогыг томъёолоод, улс орны хөгжлийг яаж харж бай­гаа юм гэдгийг олон түмэндээ танилцуулаад,  үү­нийгээ дагасан үзэл бодол арга барилын шинэчлэлийг олон түмэнтэйгээ хамтдаа хийх юм бол энэ Ардын нам, ардын засаг олон түм­нээсээ салаагүй гэдгийг харуулна гэсэн л үзэл бодол давамгайлсан даа.
-Гэхдээ л нэрээ, үзэл баримт­лалаа солих нь буруу юм аа гэсэн үзэл бодолтой хү­мүүс байсан шүү дээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас авахуулаад?
-Олон үзэл бодол гарч байгаа. Намын нэрийг солино гэдэг өнөөдөр нэг дар­гыг албан тушаалаас нь өөрчлөхтэй адил зүйл биш. Бас хэсэг улстөрчийг өөр­чилж байгаа асуудал биш. Яагаад гэвэл цаад агуулгаараа Монгол орны тусгаар тогтнол,  бүхий л зүйлтэй учир холбогдолтой,    уялдаатай түүхэн хариуц­лагатай сонголт, өөрчлөлт байх ёстой гэдэг утгаар илүү хандсан даа.
-Тэгээд сонгуулийн өм­нө нэрээ солих хэрэг заавал байгаа гэж үү. Энэ нь зарим хүний хувьд эрсдэл болж ха­рагдаад байх шиг байна л даа?
-Сонгууль бол жижигхэн эрх ашиг. Улс орны хөгжлийн том бодлого бол олон түмний эрх ашиг. Эрсдэлтэй байлаа ч эрсдлийг даван туулах ёстой. Сонгууль бол хэзээ ч дуусахгүй. УИХ-ын сонгууль дуусахад орон нутгийн сонгууль болно. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилнэ. Сон­гуулиас сонгуулийн хоо­ронд амьсгална. Түү­нээс айж, хойшлуулах шаардлагагүй. Нийгмийн захиалга байна, олон түмэн урагшаа явчихсан байна шүү дээ. Тийм болохоор бид урд нь гарах хэрэгтэй, олон түмнээ дагуулах ёстой.
-Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр МАХН-ын нэр, үзэл баримтлалыг сольж, Ардчилсан үзэл баримтлалтай болохыг эсэргүүцэж, Бага хурлын гишүүдэд хандан мэдэгдэл, ил­гээлт хүртэл явуулсан шүү дээ. Үнэхээр танай нам үндэсний ардчилсан үзэл ба­римт­лалыг авна гэж байгаа бол Ардчилсан намаас юугаараа ялгаатай юм бэ?
-Хүн хүний асуудлыг харж байгаа өнцөг өөр. Тэр утгаар хандсан бо­лов уу. Улс орныг удирдаж байгаа томоохон улстөрийн хүчний үзэл баримтлал,  нэрийн асуудал яригдаж байгаа болохоор хариуцлагатай асуудал. Түрүүн би хэлсэн, намын нэрийг өөрчилнө гэдэг хэн нэгэн даргыг солихтой адилгүй гэж... Олон түм­нээрээ хэлэлцүүлнэ, мэт­гэлцэнэ. Бүгдээрээ 100 хувь дэмжинэ гэж юу байхав. Бэрхшээл гарна, сорилт гарна, тэр бүгдийг даваад бүгдэд нь тайлбарлаад явбал болно, бүтнэ. Хамгийн гол нь бодлого нь зөв, нуруу алдахгүй л байвал явчихна даа л гэж бодож байна.
-Гэхдээ нийгмийн олон­хи, массын хувьд “МАХН нэрээ сольж, шинэчлэгдсэн дүр эсгэхийнхээ  оронд на­маа тараагаад шинээр зохион бай­гуулагдах хэрэгтэй” гэх хэсэг ч байгаа?
-Миний бодлоор гол нь суурь үзэл баримтлал, сэтгэлгээнийхээ том өөрч­лөлтийг л зөв хийх ёстой гэж бодож байгаа. Бид зөв байх ёстой, зөв боддог, хөгжлийн зөв чиг замыг гаргаад, томъёолоод олон түмэнд ойл­гуулаад ард түмнээ да­гуулж чадах нь л чухал. Энэ бол жинхэнэ суурь шинэчлэлт болно.
-Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын тэр мэ­дэг­дэлд “Манай намын бодлого зөв байсан. Даанч одоо намыг толгойлж бай­гаа хүмүүс л буруу тийш залж, тарааж, бутаргаж дууслаа” гэсэн өнгө аяс ч бас байна лээ?
-Олон үзэл бодол байна. Ажил эхэлж байна, сэдэв эхэлж байна гэж ойлгож болно. Хэн нэгний хатуу үзэл бодлыг тулгах аргагүй.  Миний хувьд ч хатуу тогтчихсон зүйл алга. Хаа хаанаасаа авах зүйл байна, авахгүй ч зүйл байна. Маш их хэмжээний мэдээлэл,  нарийн судалгааны төв­шинд өөрчлөгдөж таарна. Ер нь дэлхий дахинд баруун, зүүн гэсэн хоёр том онол явж байна. Монгол Улс алийг нь баримтлах юм, эсвэл цоо шинэ зам дээр гарах юм уу. Хамгийн гол нь үндэснийхээ тусгаар тогтнол гэсэн нандин зүйлээ яаж авч гарах вэ гэдэг асуудал л байна, ХХI зуунд. Яагаад гэвэл бид цөөхүүлээ.
-Намын бага хурал хурал­дах сургаар Ж.Энхбаяр гишүүн тэр­гүүтэй залуучууд жигүүр байгуулах гэж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Танд энэ талаар төлөвлөсөн зүйл бий юу?
-Шаардлагатай бол жигүүр байгуулаад, намын дүрмийн дагуу явдаг шүү дээ. Манай намд жигүүр байна уу, байна. Жигүүр гэдэг чинь тодорхой зорилготойгоор гарч ирдэг. Хэрвээ намын шинэчлэл үзэл баримтлал, энэ том суурь сэтгэлгээний өөрч­лөлтийн талаар миний ярьсантай санал нэгдэх хүмүүс жигүүр байгуулаад, үүнийгээ намын бодлого болгох талаас ойлгуулж, тэмцэж, сурталчлах ажил хийх юм бол жигүүр байгуулж болно. Жигүүр энэ зорилгодоо хүрвэл татан буулгадаг. Жигүүр бол мөнхийн юм биш шүү дээ. Ялангуяа намын том суурь шинэчлэлийн үед нэгээр тогтохгүй нэлээн хэдэн жигүүр төрөхийг үгүйсгэх аргагүй гэж бодож байна. Яагаад гэвэл МАХН бол дотооддоо ардчилалтай, нээлт­тэй, үзэл бодлын өрсөлдөөнтэй нам. Одоо бол ийм чухал зүйл дээр нэг байтугай олон жигүүр, бүлэг хэрэгтэй байна. Тэгээд ажиллаад, олонхио хамгийн зөв дагуулж чад­сан, олон түмэндээ хүрч чадсан өөрчлөлтийг дэмжээд явчихвал тэр нь сайн сайхан, зөв зүйл болж хувирна.
-Тэгвэл та ойрын хуга­­цаанд жигүүрээ байгуулах уу?
-Одоохондоо төлөвлөсөн юм алга. Миний барьж байгаа байр суурь бол  нам шинэчлэгдэх ёстой. Шинэч­лэлийн зарчим нь сэтгэлгээний болоод үйл ажиллагааны том өөрч­лөлтийг намын анхан шатнаасаа эхлэх явдал.  Монгол орны хөгжлийн бод­логыг зөв тодорхойлох, үзэл баримтлал дээрээ суурь өөрчлөлт хийх хэрэгтэй. Үзэл баримтлалын энэ суурь өөрчлөлт нь үндэсний гэсэн онцлогийг заавал агуулах ёстой. Гадаадын, гоё нэр томъёог хөөцөлдөх биш, монгол хүн Монгол үндэстэнг хөгжүүлэх, үндэсний гэсэн нэр томъёонд тулгуурласан үзэл баримтлалын төлөө явна гэж боддог.

Г.Дарь/Ардын эрх сонин/
2010 оны 9-р сарын 09, Пүрэв гариг

No comments:

Post a Comment