Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Энэ газар хэний ч өмч биш



УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Говь-Алтай аймагт ажиллаад ирсэн гэл үү. Явсан газрын сониноор яриагаа эхлэх үү?
-Жаахан дэгсдүүлээд хэлэх юм бол сүүлийн 20 жил үзээгүй зун болж байна. Бороо хур тэгширсэн сайхан зун. Жинхэнэ мартагдсан, зүсэр, намираа бороо хэд хоногоор орлоо. Алтай нутгийн 70 жилийн ой энэ жил боллоо. Нутгийн ард түмэн ойгоо тэмдэглэх гээд олон бүтээлч ажил санаачилсан байна. Ойн дараа Ерөнхий сайд Говь-Алтай аймагт ажилалаа. Тус нутагт тулгамдаад байгаа эрчим хүч, усан хангамж зэрэг шийдвэрлэх ёстой олон асуудлыг газар дээр нь шийдлээ.Тариа ногоо, ургац хураалт эхэлж байна. Манай нутагт ургац хураалт эрт эхэлдэг юм. УИХ-ын гишүүний нэг тэрбум төгрөгөөсөө 300 гаруй саяыг нь газар тариалан дэмжихэд зориулсан.
-Говь-Алтайчуудыг тариа ногоо мэдэхгүй гэж хүмүүс гайхдаг шүү дээ?
-Харин тийм. Гэтэл хамгийн том усжуулалтын газар тэнд бий шүү дээ. Алтайн өндөр уулсын түргэн урсгалтай урсгалуудыг боосон далангууд бий. Хуучин цагийн тэр далангууд тариалалт эрхлэхэд их дөхөм болдог.
-Тайширын усан цахилгаан станцын асуудлыг Ерөнхий сайд шийдвэрлэж өглөө. Хэдийнээс бүрэн хүчин чадлаараа ажиллах вэ?
-Тайширын усан цахилгаан станцтайгаар холбоотой 400 сая шоо метр ус хуримтлагдсан. Урт нь 20 км, өргөн нь 3-5 км урттай нуур үүссэн байдаг. Улсын нөөц зорилгодоо хүрч чадлаа. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулж дууссан. Одоогийн байдлаар тохиргоо хийгдэх үлдсэн. Тохиргоог хийлгэхээр гаднаас мэргэжлийн баг ирнэ. Үүнд шаардагдах хөрөнгөний асуудал хүндрэлтэй байсныг шийдлээ. Ирэх аравдугаар сарын ДУНДУУР усаа тавина. Тэгэхээр Говь-Алтай, Завхан аймаг эрчим хүчээр хангагдана.
-Бүрэн хангагдаж чадна гэж үү?
-Хоёр аймгийг 100 хувь хангаж чадахгүй. Ямар ч байсан хоёр аймгийн төв, дагалдах хэдэн сумтай нь л холбоно.-Тэгэхээр үлдэж байгаа сумууд хэзээ эрчим хүчээр хангагдах вэ. Шинэ зуунд өөхөн дэнгийнхэн байна гэдэг жаахан тийм юм шиг?-ОХУ-аас ирж байгаа баруун бүсийн сүлжээнд холбохоор ажлаа эхэлчихсэн. Ховдын Дарвийг Говь-Алтайн Дарвитай 35 кВ-оор  холбохоор төлөвлөсөн. Тэгэхээр түүний ойролцоох хэдэн сум холбогдож, эрчим хүчээр хангагдах юм. Сэргээгдэх эрчим хүчинд холбогдох хоёр шугам үлдсэн. Үүнийг сэргээх ажил явагдаж байна. Ямар ч байсан цахилгаантай болох том бодлого нь шийдэгдсэн. Хөрөнгө нь ч шийдэгдээд ажил нь өрнөж байна. Найдвартай болгохын тулд Могойн голын дулааны цахилгаан станцтай холбоно.
-Говь-Алтай аймагт нинжа нартай холбоотой асуудал үүссэн шүү дээ. Байдалтай нь газар дээр нь танилцсан уу?
-Алтай нутагт газар сайгүй л алт гарч байна. Улмаар олборлогчидтой холбоотой маргаан зөрчлүүд нэлээд гарч байгаа нь энэ. Сүүлийн 20 жилийн туршилтад ороогүй үлдсэн ганц газар. Уул усаа их шүтдэг улс даа. Үүсээд байгаа нөхцөл байдал харьцангуй гайгүй. Холбогдох хүмүүс дор бүр нь арга хэмжээ авч байна.
-Сүүлийн үед гар аргаар олборлогчид, гадныхан болон нутгийн иргэдтэй маргаан үүсгэж, хүйтэн зэвсэг хүртэл нэг рүүгээ шагайх болж. Үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Олон талын хүсэл сонирхол зөрчигдөж байна. Үүнийг аль болох зөв зохион байгуулалтад оруулах хэрэгтэй. Бичил уурхайн хууль эрх зүйн орчин боловсронгуй болголоо. Холбогдох дүрэм журам нь ч гарлаа. Тэгэхээр тэдгээр иргэнийг бүлэг болгоод зөв газар нь ухуулаад, зохион байгуулаад явбал болохгүй юм байхгүй. Говь-Алтайд ус гэдэг амин чухал. Усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг устай холбоотой асуудал хамгийн хүнд байдаг. Үүнд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Гүний усны хайгуултайгаар хүдрийн олборлолт л хийж болох байх. Түүнээс биш алт олборлогчид өнгөн хөрсний усаар угаагаад хол явахгүй л дээ.
-Гар аргаар алт олборлогчид олборлосоор л байна гэсэн үг үү?
-Ухуулахгүй гэхээс илүү зөв зохион байгуулалтад оруулах хэрэгтэй. Зудын хохирол өндөр байна. Алтайчууд 30 гаруй мянган малаа алдлаа. Үүнийг дагаад нэлээд хэдэн өрх амьжиргааны гол эх үүсвэргүй болсон. Тэгэхээр эдгээр хүний амьжиргаагаа залгуулж байгаа гол үндэс нь алт олборлох. Тиймээс аль болох цианит, натри, мөнгөн ус зэргийг ашиглахгүй байх хэрэгтэйг сурталчилж, хор хохирлыг нь мэдээлж байх хэрэгтэй.
ЗАЛУУСТ ӨМЧ ГЭЖ АЛГА
-Говь-Алтайд төмрийн орд ашиглалтад орсон гэсэн байх аа?
-Цээл суманд төмрийн орд хайгуулын ажил нь дуусаад ашиглалтад орж эхэлж байна. Хустайн боомтыг байнгын болгохоор Засгийн газрын тогтоол ч гарлаа. Төмөртэйн орд хүчин чадлаараа 100 хувь ашиглалтад орсон нөхцөлд Говь-Алтай эдийн засгийн . хувьд биеэ даах юм. Төсвөөс хараат бус. Өнөөдөр улсын төсвөөс хамгийн их татаас авдаг ганц аймаг Говь-Алтай. Тэгхээр төрийн хүнд ачаанаас бага ч атугай хөнгөрөх юм. Миний хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлдэг асуудал бол газрын харилцаа.
-Тодруулахгүй юу?
-Монгол Улс эдийн засгийн шинэ системд орсон гээд л яриад байдаг. Гэсэн атлаа хамгийн тулгуур багана болсон газрын харилцаагаа зохицуулж чадаагүй. Газрын эдийн засгийн эргэлт Монголд алга. Газрын хувьчлал, өмчлөлийн асуудал бүрэн шийдэгдээгүй. Хот, хөдөөгийн газрын бодлого хэрхэн уялдах нь тодорхойгүй. Ганц жишээ татъя. Манай улсын нэг иргэн олон байшин үзүүлээд л гадны банкнаас зээл авахаар хөөцөлдөж. Тэгээд мэргэжилтнүүд ирж үзжээ. Гэтэл тэд "Эдгээр байшингаас аль нь ч үл хөдлөх хөрөнгө гэсэн үнэт чанар алга. Эдийн засгийн язгуур болсон газар тань таных биш юм байна" гэсэн хариу өгсөн гэдэг. Тийм болохоор барьцаанд тавих хориотой. Өөрөөр хэлбэл, байшин барилга нь таны эзэмшлийнх ч, газар нь өөрийнх биш л байгаа байхгүй Тийм болохоор газартаа сэтгэлээсээ ханддаггүй.
-Тэгэхээр таны, миний амьдарч байгаа энэ газар хэний өмч юм бэ?
-Хэнийх ч биш. Тийм учраас газар доорх баялаг, дээр нь байгаа өмчөөс илүү газрыг өмчлөх, хувьчлах, эргэлтэд оруулах асуудлыг хөндөх хэрэгтэй. Өнөөгийн эдийн засгаас хэд дахин илүү эргэлт газарт л бий. Өөрөөр хэлбэл, газрын чөлөөт арилжааг бий болгох хэрэгтэй. Хуулиар ашигт малтмалын цензийг зарах хориотой. гэсэн газар зарах хориотой. Гэсэн атлаа бүгд л арилжиж байдаг. Хэдэн тэрбумын асуудал хөндөгдөж байгаа байхгүй юу. Үүнийг ил бол асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
-Үүнийг хэн, хэзээ хийх бол. Бас ч үгүй иргэний зориг хэрэгтэй болов уу. Танд тийм зориг бий юу?.
-Хурдан л энэ асуудлыг ший.. хэрэгтэй. Харамсалтай нь хийхийг хүсэхгүй байгаа юм. Газрыг хэзээ эргэлтэд оруулах вэ гэдэгт асуудал тавих л хэрэгтэй. Энэ бол хувь хүний асуудал биш. Ерөнхийлөгч, Засгийн газраас санаачлан ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй юм.
-Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх ёстой гэсэн хуулийн заалт бий шүү дээ. Нэг үгээр хувьчлалын асуудлыг шийдчихсэн юм биш үү?
-Тэр бол өмчилж байна уу, эзэмшсэн гэсэн үг үү. Тодорхой биш.
"АПУ" АРД ТҮМНИЙ ӨМЧ
-Та хойч үед өмч гэж алга гэж байсан. Энэ танаараа тодруулахгүй юу?
-Монголын хүн амын 70 гаруй хувь нь залуучууд. 80 хувь 40-өөс доош насныхан. Нийгэм өөрөө тогтворгүй байдал руу орж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Учир нь залуучууд өмчгүй хоцорч байна. Та нарт өмчлөх , баялгаас чинь май гээд өгөх юм юу ч үлдсэнгүй. Эрх мэдэл, албан тушаалаараа дамжаад үйлдвэрлэл газрын баялаг гээд бүхий л зүйл хэдхэн хүний гарт төвлөрчихсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл л гэхэд дээрээ эзэнтэй. түүний бодлогыг дагаж мөрддөг болчихсон. Өнөөх үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хязгаарлагдмал, цензуртай болсон байх жишээтэй. Энэ нь цаанаа нийгмийг бугшуулж, идээ бээр бий болоход нөлөөлж байна.
-Тэгэхээр залуустаа өмчлөлийг яаж бий болгох ёстой гэж?
-Шинэ залуу үед өнөөгийн баялаг, бизнесээс тэгш, шударга хүртэх бололцоог нээж өгөх. Өнөөгийн Монголын эдийн засаг буруу хөгжиж байгаа. Олигархжсан буюу нэг гэр бүл баялгийг атгасан. Энэ нь тухайн нийгмийн баялгийг хураасан этгээдэд ч, нийгэмдээ ч аюултай. Иймээс хүртэх эрх буюу олон нийтэд хувьчлах тэр тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Жишээ нь, "АПУ" ард ний компани. Энэ бизнес бослоо, томорлоо. Ингээд л хувьчлах хэрэгтэй. Гэхдээ хүчээр биш. Ард түмэн цалингийнхаа 10 хувиар дээрх комианийн 10 ширхэг хувьцаа авах боломжийг нь нээх. Ингээд ирвэл ард түмэн сэтгэл хангалуун болно. Энэ олон уул уурхайн компаниуд нийтийн болж эхэлнэ. Улмаар тэр компанийн төлөө санаа тавьдаг, сэтгэл зовнидог болно. Ингэхээр бизнес нь ч зөв байж, тогтвортой болох юм.
-Эхнээсээ ийм буруу сууриар яваад ирсэн шүү дээ. Таны ярьж байгаа шиг болоход өдий байх?
-Чадалгүй яадаг юм. АНУ татварын бодлогыг шинэчлээд олон нийтэд ил тод хувьцааг бий болгож чадсан байдаг.
-Тэгвэл Тавантолтойгоос иргэдэд хувьцаа тараана гэхээр энэ зарчим руу чиглэж байна гэсэн үг үү?
-Энэ зарчмаар л явах ёстой. Монголчууд цөөхүүлээ. Асар их баялаг дээр суучихсан, хоёр том гүрний бодлогод тулгуурласан энэ үед иргэд нь өөрсдөө хүчирхэг байх ёстой. Эдийн засгийн чадавхтай, иргэн бүрийн бие даасан байдал чухал. Түүнээс биш Дорж, Бат гэсэн хэдхэн хүн хүчтэй байгаад ард түмэн ядуу байвал нийгэм тогтворгүй байж, бусдын нөлөөлөлд хялбар автана. Иймээс газрын болон өмчийн бодлогыг зөв л хийж өгөх хэрэгтэй.
САЙДЫН ГАРЫН ҮСГЭЭР ҮНЭ ТОГТООЧИХ
-Зайсангийн аманд эрх мэдэлтнүүдийн хороолол хэдийн бий болсон. Одоо бүр Үндсэн хуулийн Цэцийн барилга элитүүдиЙн хорооллыг бараадлаа. Таныг Богд уулын бэлд өссөн гэдэг юм билээ. Үүнд ямар дүгнэлтгэй явдаг вэ?
-Тиймээ. Би Зайсангийн аманд өссөн. Тэр үед Зайсангийн аманд төрийн байгууллагын бүхий л зуслангууд байдаг байлаа. Тухайн үед улс төрийн товчоо шийдвэр гаргаад байгаль дэлхийд нөлөөлөл үзүүлж байна гэж үзээд бүгдийг нь нүүлгэсэн. Миний мэдэхээр өглөө гэрийн хаяанаас зэрлэг гахай хогийн сав зад цохиод л гүйдэг байв. Тэр үед ч хэдэн мянган айл өрх байсныг нь нүүлгэсэн. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгджээ. Шударга байдал үгүй болж. Бусдаас ялгарч тэнд амьдрах гээд байгаа бол үнэ тогтоочих. Газрын үнэлгээг 10 дахин нэмээд олсон орлогоороо байгалиа хамгаалахад зарцуулах хэрэгтэй.-Тэгэхээр өнөөх хууль тог-тоомжид өөрчлөлт оруулна гэ-сээр домог болж үлдэх болов уу?-Үгүй. Сайд газрын үнэлгээг тогтоож гарын үсэг зураад л шийдчих асуудал. Хэдэн төгрөг илүү олчихоод багтааж ядаад өөр газар амьдармаар байгаа бол үнэтэй л амьдар.

Л.Нинжсэмжид /Нийгмийн толь/
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг

No comments:

Post a Comment