Tuesday 17 April 2012

С.Бямбацогт: Сангийн сайдыг маань хөрөнгө оруулагч тал төөрөгдүүлээд байх шигээ



УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг “Ярилцах танхим“-даа урилаа.

- Засгийн газраас Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим зүйл, заалтыг өөрчлөхөө мэдэгдлээ. Хувь ний­лүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар Монголын талын эзэмших хувь батал­гаажих уу?

- Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчилнө гэж Ерөнхий сайд С.Батболд Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтайгаа хамт сууж байгаад ярьж байна лээ. Ерөнхийдөө “Оюутолгой” компанийн давуу эрхтэй хувьцааг олон улсын Хөрөнгийн биржид гаргахаа болино. Түүний оронд өрийн бичиг гаргаад зээл авъя гэж мэдэгдсэн. Үүнтэй уялдаад Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал ярьсан байх. Өөр ямар зүйл, заалтад өөрчлөлт оруулах гэж байгааг нь мэдэхгүй. Ер нь “Оюутолгой” ХХК-ийн тухайд давуу эрхийн хувьцаа гаргаснаар Монголын талын эзэмших 34 хувь 6.8 болтлоо буурна. Эсвэл 34 хувьд ямар ч өөрчлөлт орохгүй гэх маргаан байгаа. Аль алиных нь зөв. Давуу эрхтэй хувьцаа эзэмшигч хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхгүй байдаг. Гэхдээ компани ашигтай ажилласан ч, ашиггүй ажилласан ч ноогдол ашиг хүртдэг, идэвхтэй хувьцаа. Энгийн хувьцаа нь хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй. Өөрөөр хэлбэл, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, томилох, компанийн бизнес төлөвлөгөөг батлахад санал өгч оролцдог. Энэ утгаараа Хувь нийлүүлэгчдийн хурлаас компани ноогдол ашиг хуваарилахаар бол ноогдол ашиг авна, хуваарилахгүй бол авахгүй. Мөн компани алдагдалтай ажиллавал ноогдол ашиг авахгүй. Компани дампуурвал оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг хувьцааг энгийн хувьцаа гэдэг. Иймээс хувьцаа буурна гэж ярьж байгаа нь зөв. Компани ноогдол ашиг тараахаар хүссэн, хүсээгүй давуу эрхийн хувьцаа ашгаа авна. Түүний дараа үлдсэн ноогдол ашгаас энгийн хувьцаа эзэмшигч ашиг авна. Ингэхээр Монголд хохиролтой гэдэг нь үнэн. Нөгөө талаас 34 хувь нөлөөлөхгүй гэдэг нь ч үнэн. Учир нь давуу эрхийн хувьцаа саналын эрхгүй. Тиймээс шийдвэр гаргахад Монголын талын эзэмшил хувь буурахгүй. Монголын талд хохиролтой байх магадлалтай учраас давуу эрхийн хувьцааг болиулж, зээл авсан нь дээр гэж үзэж байгаа. Хэрвээ энэ асуудлыг улстөрчид яриагүй байсан бол давуу эрхийн хувьцаа гаргаснаар монголчуудын авах ноогдол ашиг буурах байсан. Энэ бол улстөрчид, хэвлэл мэдээллийнхний том гавьяа гэж хэлж болно.

- Оюутолгойн гэрээг анх байгуулахад давуу эрхийн хувьцааны талаар огт мэдээгүй гэж үү. Гэрээг алдаатай байгуулчихаад улстөрчид давуу эрхийн хувьцаа Монголд эрсдэлтэй гэдгийг олж харсан гавьяатай гэж ярих нь утгагүй юм биш үү?

- УИХ Хувь нийлүүлэгчдийн гэрээг сайн сөхөж хараагүй. Үндсэндээ Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талын эзэмших хувь ямар байх вэ, татвартаа яаж өөрчлөлт оруулах вэ, нөөцийн төлбөрийг ямар байлгах вэ зэрэг бодлогын чанартай том асуудал ярьж байснаас Хувь нийлүүлэгчдийн гэрээний нарийн ширийн рүү орж чадаагүй. Гэтэл одоо энэ асуудал сөхөгдөж байна. Ашигт малтмалын тухай хуульд хөрөнгө оруулагч өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийгээд орд олбол тухайн ордын 34 хувийг эзэмшүүлнэ гэж заасан. Гэтэл Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийт хувьцааны биш энгийн хувьцааны 34 хувь гэж оруулсан байдаг. Гэрээний монгол хэл дээрх хувилбарт хувьцааны 34 хувь гэчихээд англи хэл дээрх хувилбарт нь энгийн хувьцааны 34 хувь гэсэн байдаг. Аль эх нь хүчинтэй вэ гэхээр англи хэл дээрх хувилбар нь хүчинтэй болж таардаг. Англи, монгол хэлний үг хэллэгийн зөрүүнээс асуудал үүссэн хэрэг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөхгүй гэдгийг хориглоно, байж болно гэдгийг болохгүй гэх мэт хэллэгийг нэг мөр болгож ойлголцох шаардлагатай.

- Тэгвэл анзааргагүйн буруугаас хариуцлаггүй гэрээ байгуулжээ гэж ойлгож болох уу?

- УИХ биш Засгийн газар гэрээг байгуулсан. Сайд нар болон тэдний удирдлагад ажилласан ажлын хэсэг гэж байгаа. Тэд гэрээний үг үсэг, утга найруулгыг нэг бүрчлэн судалсныхаа дараа УИХ-д оруулсан байх. УИХ бодлого, агуулгын чиглэл өгөхөөс биш гэрээ байгуулах гэж хэлэлцээрт ороогүй. Тиймээс УИХ-ын гишүүд хэлсэн санаагаа гэрээнд орсон л гэж бодсон байх.

- Гэрээнд анх заасан хөрөнгө оруулалтын зардал өөрчлөгдсөн нь бас ямар учиртай юм бэ?

- Гэрээ байгуулж байхад хөрөнгө оруулалтын зардал 2.7 тэрбум ам.доллар гэж ярьж байсан. Гэтэл одоо энэ зардал зургаан тэрбум ам.доллар болчихсон. Тухайн үед УИХ болон байнгын хороон дээр энэ асуудлыг ярьж байсан баримт байгаа. Тэр баримттай харьцуулаад асуудлыг ярих л ёстой. Сайд нар УИХ-ын чуулганы индэр дээр хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Гэтэл тухайн үед гэрээг батлуулахын тулд үндэслэлгүй мэдээлэл өгдөг, худлаа тоо баримт хэлдэг, асуудал гарсны дараа нөгөөх нь огт өөр болдог жишгийг засах ёстой.

- Таны хэлсэн энэ хоёр тооны зөрүү нь Монголын талд ямар хохиролтой вэ?

- Мэдээж хэр хэмжээний бага зардал гарна төдий чинээ монголчуудын авах ноогдол ашиг их болно. Ноогдол ашиг авах хугацаа нь ч наашилна. Бид зээлээ хүүтэй нь төлсний дараа ноогдол ашиг авна шүү дээ. Гэтэл хөрөнгө оруулалтын зардал ихсээд байхаар Монголд хохиролтой.

- Оюутолгойн гэрээг байгуулж байх үед УИХ-ын зарим гишүүд шүүмжилж байсан. Тэдний нэг нь та. Шүүмжлээд байсан хүмүүсийн үг ортой байсан нь батлагдаж байх шиг байна. Одоо Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим зүйл заалтыг өөрчллөө гэхэд цаашид н асуудал нэг мөр болох уу?

- Үгүй л дээ. Ер нь харилцан ашигтай хамтарч ажиллая гэсэн шаардлагыг л бид тавьж байгаа. Түүнээс биш монголчууд зүгээр сууж байгаад их ашиг авна гээгүй. Гэтэл олон улсын түвшинд гэрээ байгуулсан туршлагагүйг нь далимдуулж төөрөгдүүлж байвал гэрээ асуудалтай болохоос аргагүй. Үгүй ядах нь ээ, 2.8 тэрбум ам.доллар гэж байсан хөрөнгө оруулалт яагаад зургаан тэрбум ам.доллар болчихов. Яагаад англи, монгол хэл дээрх гэрээ зөрүүтэй байгаа юм. Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Тиймээс бид монгол хэл дээрх агуулгаар нь л ойлгосон. Гэтэл англи хэл дээр өөр болж байгаа зэрэг нь гэрээг эргэж харах үндэслэлүүд болно.

- Гэрээ байгуулж эхлэх үеэс л хувь нийлүүлэгчдийн гэрээний төсөл нууцын зэрэглэлтэй байлгасан гэдэг. Нууц гэрээ ил болсны дараа асуудал үүссэн гэх дүгнэлт ч байгаа. Нууцлах шаардлага байсан юм болов уу?

- Хөрөнгө оруулалтын гэрээний ард Хувь нийлүүлэгчдийн гэрээний хавсралт байсан. Гэхдээ бидэнд тараагдсан гэрээг батлагдсан гэрээтэй харьцуулж үзмээр л байгаа юм. Миний бодлоор батлагдсан гэрээ бидэнд таарааснаас өөр байгаа. Батлагдсан гэрээ одоо болтол бидний гар дээр ирээгүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээг ч, Хөрөнгө оруулалтын гэрээг ч хараагүй байна.

- Яагаад. Нууцын зэрэглэлтэй учраас уу. Уг нь гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд үзэх эрхтэй биз дээ.

- УИХ-ын гишүүнд мэдээлэл хаалттай байх ёсгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ интернэтэд тавигдсан гэсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээг дэлгээгүй. Хувь нийлүүлэгчийн гэрээнд дүрмийн сан гээд ярих асуудал байгаа. Яагаад бага дүрмийн сантай байдаг юм. Яагаад “Оюутолгой” биш “Айвенхоу Майнз” гэдэг компани зээл хөрөнгө оруулалт хийдэг юм. Ямар учраас “Оюутолгой” компани хөрөнгө оруулж болдоггүй юм гээд тодруулах асуудал олон байгаа.

- Тэгвэл Оюутолгойн гэрээг Монголын талаас сайн мэдэх хүн нэр бүхий гурван сайдаас өөр мэдэх хүн байхгүй гэж үү?

- Гэрээ байгуулж гарын үсэг зурсан хүн нь л мэдэх байх даа. Тэр гэрээг олж үзэхийг хүсч байна. Хаана нь, хэн нь нуугаад байгааг мэдэхгүй юм.

- Сангийн сайд “Мэдлэг муутай хүмүүст буруу ойлголт өгөөд байна”, “Хөрөнгө оруулагчдыг ойлгохгүй байгаа учраас төөрөгдүүлж байна” гэж байсан. Улстөрчид ч, иргэд ч гэрээг хараагүй учраас С.Баярцогт сайдын хэлснээр төөрөлдөөд байгаа юм болов уу?

- Үнэндээ С.Баярцогт сайд маань өөрөө төөрөлдөөд байх шиг байна. Бүр С.Баярцогт сайдыг маань хөрөнгө оруулагч тал төөрөгдүүлээд байх шиг ээ.

- Оюутолгойн ордоо толгой компанид биш охин компанид нь өгч гэрээ байгуулсан нь алдаа байсан гэж дүгнэдэг юм билээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

- Монгол Улсад бүртгэлтэй компани нь ямар компани билээ, гэрээ байгуулсан нь ямар компани вэ. Хөрөнгө оруулалтын мөнгө ямар компани руу орж байгаа билээ гээд үзэхээр асуудал байгаа. “Айванхоу Майнз Монголия Инк” гэж байдаг Их британийн арлуудад бүртгэлтэй компани яригдаж л байдаг. Ер нь би Оюутолгойн гэрээг нэгбүрчлэн судалж үзье гэж бодож байгаа. Үг үсэг, зүйл заалт бүрийг англи, монгол хэл дээр судалж алинд нь монголчууд хожив, юун дээр нь алдаа гаргав гэдгийг судлуулахын тулд том баг гаргаж ажиллана. Дахиад өөр Хөрөнгө оруулалтын гэрээ хийвэл юунд анхаарах ёстой вэ гэдгийг бэлтгэхийн тулд энэ гэрээг судална. Энэ гэрээг сайжруулж чаддагүй юм гэхэд дараагийн гэрээнд алдаа гаргахгүй байх ёстой.

- Гэрээг аль хэдийнэ баталсны дараа судалж байгаа нь оройтсон алхам биш үү. Монголчуудыг хэдэн зуун жил тэжээнэ гэж байсан орд дээр гаргасан алдаагаа туршлагагүй байжээ гэдгээр хаацайлах нь улстөрчдийн алдаа биш гэж үү?

- Үгүй л дээ. Гэрээг өөрчилж болно. Нэгэнт батлагдсан гээд тэр чигтээ явна гэж байхгүй.

- УИХ-ын 57 дугаар тогтоолыг Засгийн газар мөрдөлгүй гэрээ байгуулсан гэж зарим гишүүн ярьдаг. Тогтоолд зааснаар хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувьцааг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг одоо гэрээнд тусгах боломж бий юү?

- Энэ бол 57 дугаар тогтоолын хамгийн том заалт. Гэтэл тэр тогтоолыг тэр чигт нь мөрдөөгүй. УИХ-ын тогтоол өнөөдөр хуулийн адил хүчинтэй. Мөрдөж байгаа хуулийн хүрээнд гэрээ байгуулах ёстой учраас 57 дугаар тогтоолыг мөрдүүлэх ёстой.

- Яаж мөрдүүлнэ гэж. Гэрээнд өөрчлөлт оруулахдаа дээрх хувилбарыг оруулах боломж бий юү?

- Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, тогтоолд нийцүүлж гэрээ байгуулах УИХ-ын шийдвэрийг зөрчсөн учраас гэрээ өөрөө хууль бус.

- Тэгвэл сүр дуулиан болж байгуулсан гэрээ нь хууль бус юм бол юун Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөх. Бүр гэрээг тэр чигт нь өөрчлөх гэж үү?

- Хэрвээ гэрээнд тодорхой өөрчлөлт оруулж чадахгүй бол тийм асуудал хөндөнө. Гэхдээ гэрээг сайжруулаад явах нь зөв. Будаач, будаач гэхээр сахлаа будав гэгчээр хэтэрхий туйлширч болохгүй. Хэд хэдэн тодорхой зүйл заалтыг өөрчлөх ёстой. Тухайн үед хүчинтэй байсан 68 хувийн татвар одоо хүчингүй болчихлоо. Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн хууль батлагдлаа. Ингэхээр роялтийн татварыг авдаг болох зэрэг асуудлыг оруулах ёстой. Түүнээс биш ялих шалихгүй юмаар шалтаг хийж хөрөнгө оруулагчид дааж давахгүй асуудал тулгаж, үргээж болохгүй. Монголыг Оюутолгойн хөрөнгө оруулалтаар гадныхан харж байна. Үүнийг дагаад гаднаас хөрөнгө оруулалтууд орж ирэх гэж байна. Буруу гэхээр бүх зүйлийг буруу гэж харлуулж, зөв гэхээр бүгд зөв гээд хоёр тийш савлаад байж болохгүй. Буруугаа засаад зөвөө дэмжээд явах ёстой. Тэгэхгүй бол Оюутолгойд хэт улстөржилт яваад байна.

- Монголын тал 34 хувь эзэмшлээ гээд шийдвэр гаргах түвшинд нөлөөлөхгүй. Харин алтан хувьцаа эзэмших боломж байгаа гэж эдийн засагчид үзэж байгаа. Аль нь ашигтай юм бэ?

- Алтан хувьцаа хориг тавих эрхтэй байдаг. Мэдээж 34 хувь гэдэг 66 хувийнхаа хажууд хүчин мөхөсдөнө. Гэхдээ бид 34 хувь эзэмшиж байгаагийнхаа хэрээр ноогдол ашиг, татвар хураамж, нөөцийн төлбөр авах гурван хэлбэрээр орлого олж байгаа. Ядаж 34 хувиа барьцаалаад зээл аваад хажууханд нь байгаа Цагаан суваргын ордоо гаднаас мөнгө харахгүй ашиглах боломжтой. Тиймээс алтан хувьцаанаас илүү 34 хувь нэлээд том боломж өгнө.

- Гэрээнд 30 жилийн дараа Оюутолгойн Монголын талын хувьцаа 51 хувиас илүү гарна гэж байгаа. Тэр үед нөөц нь хэр байх нь тодорхой байгаа юу?

- Өнөөдрийг хүртэл Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) ямар байгааг олж харахгүй байна. Уг гэрээг 30 жилийн дараа 20, 20 жилээр хоёр удаа сунгаж болно гэж гэрээнд заасан. Тэгвэл 70 жилийн дараа ч Монголын тал 51 хувьтай золгож магадгүй. Харин бид шаардлага бол хөрөнгө оруулалтын зардлаа нөхөөд, ашгаа олчих. Дараа нь 51 хувиа өгчих. Цаашдаа 49 хувийнхаа ашгийг хүртээд явчих гэсэн шаардлагыг л тавьж байгаа.

- Тэгэхээр Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолтой уялдуулж өөрчлөх шаардлагатай юу?

- УИХ-ын 57 дугаар тогтоол болоод дээр ярьсан зүйлтэй уялдуулж өөрчлөх ёстой.

2010 оны 12-р сарын 13, Даваа гариг, Улс төрийн тойм

С.Бямбацогт: 702 тэрбум төгрөгийг салхинд хийсгэмээргүй байна

2008 оны УИХ-ын сонгуулиар МАН, АН “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хэлбэрээр иргэн бүрт 1-1.5 сая төгрөг олгох амлалт өгсөн. Амлалтаа биелүүлэх үүднээс “Хүний хөгжил сан”-гийн хуулийг санаачлан боловсруулж, эхний ээлжинд 120 мянган төгрөгийг иргэн бүрт бэлнээр олгож эхэлсэн. 2011 онд сар бүр 21 мянган төгрөг олгоно. Харин иргэд өөрсдийн санаачилгаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх болон хөрөнгө оруулалтын бусад хэлбэрээр авах тохиолдолд бэлэн бусаар бөөн дүнгээр олгохоор УИХ шийдвэрлэсэн юм. Эдгээрийг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр асуулга тавьжээ. Түүнээс зарим зүйл тодруулав

-Бэлнээр тараах хувь хишгийн нийт дүн 700 гаруй тэрбум төгрөг. Тэр их мөнгийг ходоодонд шингээх бус эргээд ашгаа өгөх зүйлд зарцуулах ёстой гэж үзэж байна уу?

-2009, 2010 онд улсын төсвөөс 60 тэрбум төгрөгийг зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан нь үр дүнгээ өглөө. Гэтэл 2011 онд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт тодорхой хөрөнгө тусгагдаагүй.

Тийм учраас ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зориулалтаар хувь хишгээ зарцуулах хүсэлтэй иргэдээ дэмжихэд онцгой анхаарч, 2011 онд олгохоор төсөвлөсөн 702.5 тэрбум төгрө гийг үр дүнтэй зарцуулах шаардлагатай. Тэгэхгүй бол 2010 онд тараагдаад дуусаж байгаа 337 тэрбум төгрөг шиг үр дүнгүй зарцуулагдахад хүрч мэдэх учраас энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа талаар мэдээлэл авахаар асуулга тавьсан.

-Энэ мөнгийг бэлнээр тараавал үрэгдээд дуусах нь ойлгомжтой. Үйлдвэрлэл, бизнесийг дэмжихэд чиглүүлбэл бодит үр дүн нь юу байх бол?

-702.5 тэрбум төгрөг бага мөнгө биш шүү дээ. Жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр олговол ойролцоогоор 200- гаад мянган ажлын байр бий болно гэсэн эдийн засгийн тооцоо гаргасан. Иймээс хувь хишгээ хөрөнгө оруулалтад зарцуулах үйл ажиллагаанд аль болох олон иргэнийг хамруулах хэрэгтэй. Иргэд хамтран хөрөнгө босгож үйлдвэр байгуулах, ажлын байр нэмэгдүүлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ талаар зохицуулалт хийхгүй бол иргэд мөнгөө бэлнээр авахад хүрнэ. Иймээс хувь хишгийг бэлэн бусаар олгох асуудлыг хэзээ, ямар арга замаар, ямар субъектын оролцоотойгоор шийдвэрлэх гэж байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн.

-21 мянган төгрөгийг жижиг, дунд бизнес эрхлэх хүсэлтэй бүлэгт бөөнөөр олгох сургаар баахан төсөл бэлэн болсон гэх?

-Улсын болон бүс, аймаг, сумын хэмжээнд байгуулах боломжтой үйлдвэр үүдийн жагсаалт, тооцоо судалгаа цаасан дээр гарчихсан боловч тэдгээрийг байгуулж, хэрэгжүүлэх төлөвлөлт, стратеги тодорхойгүй байдаг. Эдгээр асуудлыг тодорхой болгож, эдийн засгийн болон бусад бодлого хөтөлбөртэй уялдуулах шаардлагатай. 702 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэмээргүй байна.

Г.Энх

2010 оны 12-р сарын 22, Лхагва гариг, ӨНӨӨДӨР

С.Бямбацогт: Иргэдийнхээ оролцоотой хувьцаат компани байгуулах хэрэгтэй

Сонгуулийн амлалтаа биелүүлэхээр хоёр нам зүтгэсээр.Ирэх онд иргэн бүр сард 21 мянгантөгрөг хүртэнэ. Гэхдээ үүнийг бөөнөөр ч авч болох аж. Чухам хэрхэн, ямар бичиг баримтбүрдүүлж авах талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа

-Баталсан төсөв алдагдал өндөр учир инфляци үүсэх магадлалтай гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Гэвч үзээгүй?

-Ирэх оны төсвийн алдагдал 9.8 хувь байхаар баталсан. Урсгал зардал нь 60 орчим хувиар өсөж, зарлага ДНБ-ий 52 хувьд хүрсэн юм. Гэхдээ хөрөнгө оруулалт зардал бага. Ер нь, зүй тогтол нь алдагдалгүй төсөв гаргах ёстой юм. Гэвч чадахгүй байгаа нь харамсалтай. Урсгал зардал бус хөрөнгө оруулалт л өсвөл хөгжил дэвшилд хүрнэ. Тиймээс дээрх үзүүлэлт нь тийм ч сайн зүйл биш гэж үзэж байгаа. Ерөнхийдөө төсвийн бодлогынхоо хүрээнд эрэлтийг дэмжиж, мөнгөний бодлогоор нийлүүлэлтийг буюу хөрөнгө оруулалтаа дэмжих хэрэгтэй. Гэтэл банкны хүү өндөр болохоор хөрөнгө оруулалтаа дэмжсэн бодлого явуулахгүй байна. Энэ асуудал дээр л голчлон анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө мөнгөний болон төсвийн бодлого хоёроо уялдуулах шаардлагатай гэсэн үг.

-Мөн дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулга, судалгааны тайлангаа өгсөн. Гэхдээ парламент огт анхаарал хандуулаагүй. Түүнийг авч хэлэлцэх шаардлагагүй байв уу?

-Яах вэ, нэг талаасаа хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь ард түмнийхээ өмнө өгсөн амлалтаа биелүүлэх. Нөгөө талдаа төсвөө алдагдал багатай батлах уу гэсэн хоёр сонголтын өмнө ирсэн юм. Ямар ч гэсэн нэгэнт амласан болохоор түүнийгээ биелүүлэх шаардлагатай учир ирэх онд иргэн бүртээ cap болгон 21 мянган төгрөг олгохоор боллоо. Ирэх жилд нэг хүн 252 мянган төгрөг авна. Үүнийгээ хэрхэн зарцуулах хувь хүний хэрэг л дээ. Гэхдээ үр ашигтай зарцуулахыг хүсвэл бөөнөөр нь авч болно.

-Юу гэсэн үг вэ?

-Иргэд өгч буй зүйлийг хоол унд хувцас болгон үрэн таран хийлгүй, ах дүү, хамаатан садангаараа болон найз нөхдийн хүрээнд хамтран энэхүү мөнгөө өсгөх боломжийг бүрдүүлж өгсөн. Нэг үгээр хэлбэл, бөөнөөр нь авахыг хүсэгчид ямар нэгэн төсөл боловсруулсан байх ёстой. Энэ нь, ажлын байр бий болгон жижиг дунд бизнес эрхлэх боломж. Магадгүй бүтэхгүй зүйл гэж бодож байгаа байх. Ямар ч зүйл багаас эхэлдэг. Эхлээд жилд 100 мянган төгрөгийн ашиг, түүнээс ч бага, бүр байхгүй ч байж болно. Ирээдүйд бизнес нь өргөжиж, сая саяын ашиг авах боломж бий. Ер нь, ийм зам сонговол илүү оновчтой болов уу гэж боддог. Ингэвэл иргэд маань өөрийн гэсэн орлоготой болж, дутагдах гачигдах зүйлгүй, төрөөс халамж хүртэх хугацаагаа хүлээн суухгүй.

-Гэхдээ хүн болгонд ийм боломж байхгүй. Тухайн мөнгөөр хоногийн хоолоо тээж буй айл өрх бий?

-Мэдээж хэрэг ийм өрх байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ боломжтой хэсэг нь ажлын байр болгон бизнес эрхэлбэл эргээд дотоодын эдийн засагт, хувь хүмүүст хэрэгтэй. Аль болох амьжиргаагаа өөд татах зүйл хийвэл илүү оновчтой.

-Аливаа зүйлд эрсдэл гэж бий. Хэрэв бөөнөөр нь авсан тохиолдолд төсөвт дарамт үүснэ. Бас төсөл хэрэгжүүлэх нэрээр мөнгө авчхаад минийх л юм чинь гээд үрэн таран хийвэл яах вэ?

-Засгийн газар маань энэ асуудал дээр анхаарч Төсвийн хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайн бүс нутагт, хотод ямар бүтээгдэхүүний үйлдвэр хэрэгтэй байна, ашиг нь хэд байх тухай төслийг иргэдтэй хамтран бэлтгээд танай сум, аймагт ийм үйлдвэр хэрэгтэй юм байна, хөрөнгө мөнгө нь ийм хэмжээтэй гэх мэтчилэн өгөх нь зүйтэй болов уу. Төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй бол хөнгөлөлттэй зээл олгох, гадаадын тусламж авах зэрэг арга хэмжээ авна. Ерөнхийдөө иргэдийнхээ оролцоотой хувьцаат компани байгуулах л асуудал. Өөрийн хөрөнгөө оруулсан хүмүүс хамгийн түрүүнд ажлын байртай болох юм. Харин оруулсан хөрөнгөний хэмжээнээс шалтгаалж ямар ажилд томилогдох нь өөр. Ийм л зарчим баримтлах талаар яриад байгаа хэрэг. Ямар ч хүн өөрийнхөө өмч дээр ажиллаж байгаа болохоор маш сайн ажиллана. Сарын цалин авч, цаашлаад ашигтай байвал ногдол ашиг ч хүртэх юм. Хэрэв энэ хэрэгжвэл ажилгүйдэл буурч өрхийн орлого өснө. Өнөөдөр өгч буйг нь идээд, уугаад дуусгачихвал жилийн дараа амьдрал өнөөх л хэвээрээ байна шүү дээ. Тэгэхээр аливаа зүйлийг чамлахгүйгээр ажил хэрэг болгохыг зорих нь чухал. Энэ тал дээр төр нь ч чиглэл өгч, ард иргэд маань дэмжих нь оновчтой.

-Нэгэнт ийм бодолтой байгаа бол 700 гаруй тэрбум төгрөгөө бэлэн хэлбэрээр тараахгүйгээр томоохон үйлдвэрүүд барьж болохгүй юу?

-Яах вэ, саяны ярьж буй л асуудал шүү дээ. Боломжгүй нэг нь хоол хүнсээ залгуулан авлаа гэхэд тал хувь нь буюу 350 тэрбумаар үйлдвэрлэл эрхэлж болно.

Үйлдвэржилтийг дэмжих зорилгоор 60 тэрбум төгрөг зарахад тодорхой үр дүн гарч ажлын байр бий болсон. Иймд 60 биш 350 тэрбумаар жижиг дунд үйлдвэр бий болговол түүнээс ч илүү үр дүн авчрах болов уу. Маш том дэвшил гарна гэж боддог.

Амлалтаа болих хэрэгтэй гэж зарим хэсэг нь үздэг. Иргэд ч мөн адил ярьсаар байгаа?

-Ам алдвал барьж болдог агт алдвал барьж болдоггүй гэдэг. Тухайн үед намууд хариуцлагатайгаар улс төрийн амлалтаа өгсөн болохоор буцах боломжгүй. Гэхдээ зүгээр л цацаад үр дүнгүй үрэн таран хийвэл ямар ч ашиггүй амлалт болно. Төр, иргэн хоёр аль болох ашигтай хувилбарыг сонгох л хэрэгтэй байна. Иргэд нь хөдөлмөрлөх сэтгэхүйтэй, төр нь зүгээр суусанд нь халамж хүртээгээд байх нь буруу. Цаашид намууд нь амлаад л, ард түмнээ залхуурал руу түлхээд байвал хөгжихгүй.

-Ирэх сонгуульд бэлэн мөнгөний амлалт байх болов уу?

-Сонгуулийн хууль яригдаж байна. Шинэчилж, өөрчилж буй хуульд хоёр нам бэлэн болон бэлэн бус мөнгөний амлалтын асуудлыг байхгүй болгохоор ажиллаж байгаа. Ингэснээр ард иргэд нь ч, төр засаг нь ч хариуцлагатай ажиллах болно.

2010 оны 12-р сарын 23, Пүрэв гариг, Ардчилал сонин

С.Бямбацогт: Асуудлынхаа бодитойг мэдрэхгүйгээр амьдрах хууль баталж чадахгүй

2011 оныг Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад буй. Энэ зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт гишүүд хэрхэн хариуцлагатай хандахаас их зүйл хамаарна хэмээн төсөл санаачлагчид нь үзэж байгаа аж. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын Ажлын хэсгийг С.Бямбацогт ахалж байгаа аж. Энэ сэдвийг хөндөж С.Бямбацогттой ярилцлаа.

-Жилийн ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих агентлагтай байхаар Засгийн газар санал оруулаад байгаа. Харин Та түүнтэй нь санал нийлэхгүй байгаа гэсэн?

-Засгийн газраас өргөн барьсан төслөөр бол агентлагтай болно. Төрийн албаны зардал хэд дахин нэмэгдэнэ л үг. Харин түүний оронд төрийн бус, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог дэмжих хэрэгтэй юм.
Хөдөлмөрийн биржид тулгуурлан зуучлагч нарыг бий болгох нь зөв гэж үздэг. Ажил олгогч, ажилтан, эрэлт нийлүүлэлт байгаа учраас түүнийг зохицуулдаг хөдөлмөрийн биржийг дагасан брокерийн пүүс байх нь зүйтэй юм. Зуучлагчийг дэмжээд явбал тэрбээр аль блох олон хүн олохын тулд илүү сайн ажиллана. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэх нь тодорхой. Монголбанк хувийн хэвшлийн банкаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулснаар төрд ачаалал ирэхгүй байгаа. Ингэснээр зах зээлийнхээ хуулиар асуудал аяндаа шийдэгдэнэ гэж ойлгож байгаа.
Харин ажил хийх чадваргүй хүнийг хэрхэн ажилтай, сонирхолгүй хүмүүсийг яаж сонирхолтой болгох талаар төрийн бодлогоо гаргаж ажиллах нь чухал. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хөдөлмөрийн биржийн бодлогтой уялдуулах шаардлагатай. Эрэлт нийлүүлэлт тэнцвэргүй үед яах вэ гэсэн бодлогоо бас тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөдөр Монголд ул уурхайн салбар хөгжиж байна. Түүнд дагаад ажиллагсдын эрэлт нэмэгдээд үед нийлүүлэлт бага байж таарахгүй. Энэ мэтийг Хөрөнгийн биржийн Хөдөлмөрийн харилцаа зохицуулах газрын бодлоготой уялдуулах шаардлага бий. Эдгээр зарчимд тулгуурлан хуулийн үзэл баримтлалыг боловсруулах шаардлагатай. Зуучлагчыг төр бодлогоор дэмжиж, амжилттай ажилласныг нь урамшуулах хэлбэрээр зохицуулбал Агентлаг байгуулснаас бага зардал гарна.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Засгийн газрын бодлоготой Таныг санал нийлэхгүй байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын өргөн барьсан төслөөр бол ажил хийхгүй байгаа хүмүүс ажил хийх сонирхолтой, хайж байгаа нь ажилтай, ажил хийх чадваргүй хүмүүс нь чадвартай болчихно гэдэгт итгэлгүй байна. Одоогийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нэг бүтцийг Агентлаг болгосноор байдал өөрчлөгдөхгүй л болов уу. Төрийн албаны орон тоо 1000 гаруйгаар нэмэгдэх хэрээр төрийн зардал өснө. Харин үүний оронд хувийн хэвшлийнхнийг түлхүү оролцуулъя. Олон хүнд үйлчилгээ үзүүлж, ажилд зуучилсан хэрээр нь төрөөс дэмжиж, урамшуулбал төрийн албанаас илүү санаачилгатай, хүнд сурталгүй шуурхай, үр дүнтэй ажиллах болно. Нөгөө талаар төрийн ажил, ачаанаас хөнгөлнө.

-Тэгэхээр Засгийн газрын өргөн барьсантай зэрэгцэн өөр хуулийн төсөл боовсруулна гэсэн үг үү?

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, салбарын яам, эрэлт үүсгэдэг салбарын бодлогыг хэрхэн уялдуулах талаар Засгийн газрын өргөн барьсан төсөлд тодорхой тусгагсдсангүй. Тийм учраас бусад гишүүнтэй нэгдээд хуулийн шинэ төсөл боловсруулъя гэж бодож байна. Бидний санаачлах хуулийн үзэл санаа нь төрийн албаны орон тоог нэмж нүсэр бүтэц байгуулах биш хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хувийн хэвшил, ТББ-ын оролцоотой, тэдний идэвхи санаачилгыг дэмжих чиглэсэн байх юм.
Бас хөдөлмөр эрхлэл¬тийг дэмжих хууль зөвхөн ажил хийдэггүй, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдэд үйлчлэх үү, эсвэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулах уу гэдгийг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй.
Өнөөдөр хөдөлмөрийн бирж, түүнийг тойрсон хөдөлмөр зуучлалын байгууллагууд байна. Энэ сүлжээг сум, дүүрэгтээ бий болгоё. Түүгээр дамжуулан мэдээлэл солилцох боломжоо бүрдүүлье. Тэгээд зуучлалын байгууллагуудыг холбож өгье. Ингэвэл хувийн хэвшлийнхэн маань энэ ажлыг нэлээд сайн явуулчих байх гэсэн санаа төрөөд байгаа. Харин хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг нэгтгэж, боловсруулдаг, бодлого тодорхойлох нэг тохируулагч агентлаг байж болно. Нэг агентлаг байгуулах төдийхнөөр асуудлыг шийдчихнэ гэж ойлгохгүй байгаа. Тийм учраас одоогийн өргөн барьсан төслийг үндсээр нь, үзэл санаагаар өөрчлөх хэрэгтэй.
Ажлын байр олноор бий болгосон аж ахуйн нэгжид ямар дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх, зээлийн бодлогоор дэмжих зэрэг эдийн засгийн хөшүүргэ, урамшууллын талаар ч бодох хэрэгтэй байгаа юм. Асуудалд аль болох бодитой хандаж, тодорхой саналуудыг тусгаж өгч байж хууль амьдарна.

-Ажилгүйдэл буурч байгаа гэсэн статистикаар заримдаа бөмбөгдөх юм байна…

-Манай улсад ажилгүйдэл л нийгмийн бухимдал үүсгэж байгаа шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жилд 60.000 ажлын байр бий болгоно гэж заасан. Тайлангд нь 58.000 хүнийг ажлын байр бий болсон, мөрийн хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай хэрэгжиж байна гэсэн байна лээ. Гэтэл бодит амьдрал дээр ард түмний амьдрал сайжрахгүй, ядуурал, ажилгүйдэл улам ихэсч байгаа нь нууц биш шүү дээ. Зөвхөн тоо яримааргүй байгаа.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж чамгүй хөрөнгөтэй газар бий. Харин түүний үр дүн гэхээр зүйлийг олон түмэн олж мэдрээгүй байна. Энэ сангийн зарцуулалтын бодлого зөв хэрэгжиж чадаж байгаа юу?

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж ажил¬гүй иргэдийн дунд нэг удаагийн сургалт зохион байгуулдаг гэсэн. Түүндээ төсвөөс жилд таван тэрбум төгрөг зарцуулдаг байх. Энэ тогтолцоогоор олон жил явсан ч үр дүн нь маш бага. Сангийн орлогыг бүрдүүлдэг нэг гол эх үүсвэр нь гадаадын ажиллах хүчнээс авдаг төлбөр. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэр, бодлогыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай гэсэн үг.

2011 оны 1-р сарын 09, Ням гариг, ӨНӨӨДӨР

С.Бямбацогт:-Хөдөлмөрийн зах зээлийг төрд бус хувийн хэвшилд хариуцуулъя

2011 оныг Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад буй. Энэ зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт гишүүд хэрхэн хариуцлагатай хандахаас их зүйл хамаарна хэмээн төсөл санаачлагчид нь үзэж байгаа аж. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогттой энэ сэдвээр ярилцлаа.

-Хуулийн шинэчилэн найруулгаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих агентлагтай байхаар НХХЯ санал оруулаад байгаа. Харин Та түүнтэй нь санал нийлэхгүй байгаа гэсэн?

- Нэг агентлаг байгуулах эсэх, нэг байгууллагын чиг үүргийг салгах үгүйдээ гол нь биш юм. Өнөөдөр бидний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал бол ажилгүйдэл. Үүнийг шийдэхэд энэ хууль бодитоор нөлөөлж, үр дүнгээ өгөх ёстой гэдэг үүднээс сайн бодолцож, хариуцлагатай хандах шаардлагатай байна.

НХХЯ-наас өргөн барьсан төслөөр бол агентлагтай болно. Ингэснээр нөгөө цөөлнө гэж яриад байдаг төрийн албаны орон тоо 1000 гаруйгаар, тэр хэрээр зардал нэмэгдэнэ л гэсэн үг. Харин түүний оронд төрийн бус болон олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь зүйтэй. Хийсэн ажлынхаа хэмжээгээр өөрсдөө ашгаа хүртэх учир тэд илүү идэвхи санаачлагатай ажиллана.

Эдгээр байгууллага хөдөлмөрийн биржид тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох зэргээр уялдаатай ажиллаж таарна. Монголбанкны үйл ажиллагааг харъя. Хувийн хэвшлийн банкаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулснаар төрд ачаалал ирэхгүй байгаа. Үүн шиг зах зээлийнхээ жамаар хөгжих боломжийг нь бүрдүүлж өгөөд, төрийн ачаанаас хөнгөлөх ёстой. Төлбөр тооцоо хийх, хадгаламжийн болон зээлийн үйлчилгээ явуулах зэргээр мөнгө, санхүүгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд нийцсэн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлж болж байна. Үүнтэй адилаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт буюу ажлын байр бий болгох, нийлүүлэлт буюу ажиллах хүчин бэлтгэх, хөтөлбөр боловсруулах, хүмүүсийг ажил хийх сонирхолтой болгох зэрэг үйл ажиллагааг хөдөлмөрийн бирж, зуучлах байгууллага болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж болно.

-Тэгэхээр тусдаа агентлаг байгуулахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хуучин хэвээр, НХХЯ хариуцаад явна гэсэн үг үү?

- Хөдөлмөр эрхлэлт бол чухал бөгөөд том асуудал. Өнөөдрийн тогтолцоо маань үнэхээр халамж руугаа түлхүү ороод, хөдөлмөр эрхлэлтээ нэлээд орхигдуулж байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан, мэргэжилтэн бэлтгэх бодлого хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлт хэрэгцээтэй уялдаагүй байгаа. Ойрын тав, арав, хорин жилд Монголд ямар ямар салбарт, ямар мэргэжилтэй хэдэн хүн хэрэгтэй вэ гэдгийг төлөвлөдөг, түүнтэйгээ сургалтын тогтолцоогоо уялдуулж мэргэжилтнээ бэлтгэдэг, хөдөлмөрийн зах зээлийн тооцоо судалгааг үнэн бодитоор гаргадаг байх шаардлага зайлшгүй тулгарч байна. Ажилгүй иргэдийнхээ тоог үнэн зөв гаргаж чадахгүй байгаа шүү дээ. Үүнийг судалдаг, чиглүүлж, уялдуулдаг байгууллага шаардлагатай. Гэхдээ энэ нь нүсэр аппараттай, орон нутагт заавал алба хэлтэстэй байх шаардлагагүй.

-Энэ хууль батлагдаад, ажилд зуучилдаг, оруулдаг хувийн хэвшлүүд хөгжлөө гэж бодоход нөгөө талдаа зуучлах ажлын байр манайд хэр олон байна вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ажлын байрыг нэмэгдүүлэх талаас нь энэ хуулиар яаж дэмжих вэ?

-Ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх асуудал нь өөрөө макро түвшний маш өргөн хүрээтэй асуудал. Ганц нэг хууль гаргаад шийдчих зүйл биш нь тодорхой. Жижиг бизнес эрхлэх гэж буй иргэн, аж ахуй эрхлэгчдээ татвар, зээлийн бодлогоор хэрхэн дэмжих зэрэг олон асуудал бий. Сүүлийн хоёр жилд гэхэд л жижиг дунд үйлдвэр байгуулахад зориулж 60 тэрбум төгрөг зарцуулсан нь ажлын байрыг бий болгоход л чиглэсэн. Хамгийн сүүлд гэхэд эх орны хувь, хишгийг ажлын байр бий болгох чиглэлд бөөнөөр нь олгохоор УИХ шийдвэрлэлээ.

Төр, засгийн бодлого бүхэлдээ иргэдээ яаж ажлын байртай, байнгын орлоготой болгох вэ гэдэгт чиглэж байна. Монгол Улсын ойрын ирээдүйд олон том бүтээн байгуулалт эх орны өнцөг булан бүрт өрнөхөөр байгаа. Үүнийг дагаад маш олон ажлын байр бий болно. Түүнд бид бэлэн байх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай энэ хууль маань хөдөлмөрийн зах зээлд чухал үүрэг гүйцэтгэх, хөшүүрэг болох учиртай юм. Иймээс бид маш хариуцлагатай хандаж, зөвхөн өнөөдрөө биш, маргаашаа харж боловсруулах ёстой. Өнөөдөр ажлын байр байхгүй байна гэдэг ч нөгөө талдаа ажлын байрандаа тэнцэхгүйгээс ажилд орж чадахгүй хүн олон байна. Гаднаас ажиллах хүчнээ авч байна. Хүн амынх нь 70 хувь нь залуучууд буюу хөдөлмөрийн насныхан гэж байгаа ч гагнуурчнаа хүртэл гаднаас авч байна шүү дээ. Тийм болохоор бид нийлүүлэлт талаасаа маш сайн ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Хувийн зуучлагч байгууллагууд хөдөлмөрийн төв бирждээ тулгуурлан үйл ажиллагаа явуулна гэхээр нэлээд чухал үүрэгтэй байгууллага нь төв бирж байж таарна. Энэ талаар?

-Өнөөдөр хөдөлмөрийн бирж, хувийн жижиг хөдөлмөр зуучийн байгууллагууд маань ямар ч уялдаа холбоогүй байгаа. Цаашид төв биржийнхээ үйл ажиллагааг дэмжээд, техник технологийн дэвшилтэт талыг нэвтрүүлээд дүүрэг, аймагт биржийг хөгжүүлэх ёстой. Тэдгээр нь хувийн хэвшлийн зуучлагч байгууллагуудтайгаа уялдаж, нэгдсэн мэдээллээр холбогддог, мэдээлэл солилцдог, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангадаг, бодлогыг дамжуулан хэрэгжүүлдэг байж болно. Ингээд ирвэл хувийн хэвшлийнхэн маань энэ ажлыг нэлээд сайн явуулчих байх. Мөн хувийн зуучууд зөвхөн ажилд зуучлах биш ажил хийхгүй байгаа хүмүүсийг ажил хийх сонирхолтой, ажил хийх чадваргүй хүмүүсийг чадвартай болгоход өөрсдийн санаачилгаар оролцох, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг бэлтгэх ажилд өндөр санаачилага, оролцоотой байхад төрийн бодлогоор дэмжээд өгөх ёстой. Олон хүнд үйлчилгээ үзүүлж, ажилд зуучилсан хэрээр нь төрөөс дэмжиж, урамшуулбал төрийн байгууллагаас илүү санаачилгатай, хүнд сурталгүй шуурхай, үр дүнтэй ажиллах байх.

-Ажилгүйдэл буурч байгаа гэсэн статистикаар заримдаа бөмбөгдөх юм байна...

-Манайд ажилгүйдэл л нийгмийн бухимдал үүсгэж байгаа шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жилд 60.000 ажлын байр бий болгоно гэж заасан. Тайланд нь 58.000 хүнийг ажлын байр бий болсон, мөрийн хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай хэрэгжиж байна гэсэн байна лээ. Гэтэл бодит амьдрал дээр ард түмний амьдрал сайжрахгүй, ядуурал, ажилгүйдэл улам ихэсч байгаа нь нууц биш шүү дээ. Зөвхөн тоо яримааргүй байгаа.

-Ингэхэд таны ярьж байгаа агентлаг байгуулах шаардлагагүй гэсэн саналыг Засгийн газар хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ хуулийг амьдралд хэрэгжиж, үр дүнгээ өгөх хууль болоосой гэж асуудалд нухацтэй хандаж байгаа. Энэ ч үүднээс өөрийн байр суурийг илэрхийлж, хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Хэрвээ энэ санал дэмжигдэхгүй, харин төрийн албаны зардлыг нэмсэн үр дүнгүй бүтэц бий болгох, амьдралд хэрэгжихгүй хууль батлахаар бол ажлын хэсгийн ахлагчаас татгалзах болно. Гэхдээ энэ чухал асуудлыг зүгээр нэг яриад орхихгүй. Ажил хэрэг болгохын төлөө, үр дүнгээ өгөх хууль батлахын төлөө ажиллах болно.

Го.ЭНХТӨР

2011 оны 1-р сарын 17, Даваа гариг, ӨНӨӨДӨР

No comments:

Post a Comment