Tuesday 17 April 2012

ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа. -УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд зам барих асуудлыг танилцуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй

Гурван жилийн дотор 1100 км төмөр зам тавина-

Шинэ төмөр замын трассыг батлаад cap гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. Улмаар батлагдсан трассын дагуу Даланзадгад-Таван толгой-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлд 1100 км төмөр зам шинээр барих нь тодорхой болоод байв. Харин уг төмөр замыг хаанахын ямар компани, хэзээ барих гэх мэт дараагийн ажлууд нь тодорхой бус байлаа. Засгийн газрын 283 дугаар тогтоолын дагуу дээрх чиглэлд төмөр зам барих тусгай зөвшөөрлийг Төмөр замын газрын дарга Т.Батболд "Монголын төмөр зам" төрийн өмчит хувь-цаат компанийн захирал Б.Батзаяад гардуулж өгснөөр шинээр төмөр зам барих ажлыг хариуцах эзэн нь тодорхой боллоо. Төмөр зам барих тусгай зөвшөөрөл гардуулах арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт болсон бөгөөд уг арга хэмжээнд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга оролцсон юм. Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Төмөр замын газрын дарга Т.Батболд нараас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улс хамгийн сүүлд хэдэн онд ийм урт төмөр зам тавьж байсан бэ?

-Ерөнхийдөө төмөр замыг хөгжүүлэх төрийн бодлого байгаагүй. Уул уурхайг ашиглахтай холбогдуулаад төмөр замыг хөгжүүлэх төрийн бодлогыг өнгөрсөн оны зургадугаар сард баталсан. Бодлогын хүрээнд Монгол Улсын эрдэс баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон бүтээн байгуулалтын ажлуудын хамгийн эхний ажлын нэг нь төмөр зам барих тусгай зөвшөөрлийг олгосноор эхэлж байна. Энэхүү хариуцлагатай ажлыг зохион байгуулах эрхийг "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн хамт олонд хүлээлгэж өглөө. "Болд төмөр Ерөө гол" компанийн Сэлэнгэ аймагт тавьсан 108 км төмөр замыг эс тооцвол 1949 оноос хойш манай улсад төмөр замтай холбоотой томоохон бүтээн байгуулалтын ажил хийгээгүй. Харин энэ удаа Оюутолгой, Таван толгойг ашиглах, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахтай холбогдуулан 1100 км төмөр зам тавих боллоо. Энэхүү бүтээн байгуулалтыг"Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани дангаараа хариуцахгүй. Ерөнхийдөө удирдаж ажиллана. Таван толгойн тендерт оролцож буй зарим консорциум төмөр зам барих ажилд оролцоно. Энэ тухай бид тухайн үед нь мэдээлэх болно.

-Таван толгойн тендерт оролцож буй консорциумууд төмөр зам тавих ажилд оролцох санал тавьсан юм уу?

-Таван толгойн тендерт оролцож буй ОХУ, Солонгос, Японы консорциумууд одоогийн ашиглаж байгаа 990 км замыг засварлах тухай саналаа ирүүлсэн байна лээ.

-Шинээр төмөр зам тавих хөрөнгө оруулалтыг хаанаас авах вэ?

-Саяхан Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан. Хөгжлийн банк нь улсын шинж чанартай дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ. Тэгэхээр шинээр төмөр зам барих ажлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ. Мөн Засгийн газраас бонд гаргах болон "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани хөрөнгө босгох зэрэг санхүүгийн асуудлыг шийдвэрлэх маш олон арга бий.

-Барилгын ажил нь хэзээ эхлэх вэ?

-Трасс нь батлагдчихсан болохоор геодези, геологийн ажлуудыг хийнэ. Бидний тооцоолж байгаагаар дөрөвдүгээр сарын 15-30-нд барилгын ажлыг далан барих ажлаар эхлүүлнэ. 1100 км замаа 80, 80 км-ээр нь хуваачихсан байгаа. 50-80 км замын далан босгох шуудуу ухах ажлыг нэг компани нэг жилд хийчих болов уу. Тэгэхээр 20 компани зэрэг ажиллалаа гэхэд хурдан хугацаанд барих боломжтой. Ер нь төлөвлөж байгаагаар хоёроос гурван жилийн дотор барьчих болов уу гэж бодож байна.

-1100 км төмөр зам ашиглалтад орсноор манай улсын байгалийн баялаг аль боомтуудаар дамжин дэлхийн зах зээлд хүрэх вэ?

-Энэ замыг тавьснаар манай улсын эрдэс баялаг хойшоо, Оросын нутгаар дамжин Европ руу, урагшаа Хятадын Эрээнээр дамжин гол хэрэглэгчдэдээ хүрнэ. Мөн цаашдаа энэ замыг Рашаантад тулаад ирчихсэн байгаа. Хятадын төмөр замтай холбоно. Ингэснээр Солонгосын хойгт шинээр байгуулагдсан боомтууд руу очих боломжтой. Энэ бол цаашдаа стратегийн томоохон зам болон хувирна.

-ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх экспортын бараа бүтээгдэхүүнд үзүүлэх тээврийн тарифын хөнгөлөлтийн асуудал ямар шатандаа яваа вэ?

-Ерөнхий сайд С.Батболдын өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-д хийсэн айлчлалын үеэр энэ тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг ОХУ-д яриа хэлэлцээ хийж байгаа. Нааштай хариутай ирэх байх. Энэ асуудлыг энэ жил шийднэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Т.БАТБОЛД: ЗӨВЛӨХ КОМПАНИЙГ СОНГОХ ТЕНДЕРИЙГ УДАХГҮЙ ЗАРЛАНА

-Манай улсад төмөр зам тавих мэргэжлийн ажилчид хэр хангалттай байгаа вэ?

-Боловсон хүчний хувьд шинээр төмөр зам тавихад нэлээд дутагдалтай. Төмөр замын салбар ойрын жилүүдэд 6000 орчим км төмөр зам барих төлөвлөгөө баталсан. Үүний эхлэл нь удахгүй барих 1100 км зам болж байна. Тиймээс манай улс боловсон хүчнээ сайн бэлтгэх ёстой. Тэр дундаа дунд шатны боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарах ёстой. Өнөөдрийн байдлаар Төмөр замын дээд сургууль, Төмөр замын сургалт үйлдвэрлэлийн төвд боловсон хүчнээ бэлтгэж байна. Мөн ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсуудад боловсон хүчнийг сургаж байна. Цаашдаа Солонгос улсад боловсон хүчин бэлтгэх эхлэлийг тавьсан. Төмөр замын боловсон хүчин дотооддоо хангалттай байлаа ч энэ нь төмөр зам тавих тусгай зөвшөөрөл олгож байгаатай шууд холбоотой асуудал биш. Төмөр замын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр барьсан төмөр замыг өмчлөгч эзэн нь болно. Харин төмөр замыг барих ажлыг мэргэжлийн компаниуд гүйцэтгэнэ. Төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгохдоо олон улсын тендер зарлаж сонгон шалгаруулна.

-Тэгвэл 1100 км төмөр зам барих олон улсын нээлттэй тендерийг зарлахад "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани ямар үүрэгтэй оролцох вэ?

-"Монголын төмөр зам" төрийн өмчит компани тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд 1100 км төмөр замыг барих бүх үйл ажиллагааны ерөнхий захиалагчийн үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, зураг төсөл боловсруулахаас авахуулаад барилгын ажил хүртэлх бүх тендер "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компаниар дамжина гэсэн үг.

-Барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгохоос гадна зөвлөх компани сонгож ажиллуулах уу?

-Зөвлөх компани сонгож ажиллуулна. Зөвлөх компанийг сонгох тендерийн тухай ярилцаж байна. Харин барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн тухай ярихад арай эрт байна.

-Богд уулын урдуур төмөр зам тавих тухай ярьж байсан. Энэ асуудал ямар шатандаа яваа вэ?

-Богд уулын урдуур тавих замын ерөнхий чиг зураг, урьдчилсан судалгаа бэлэн болсон.

С.ШИЙЛЭГТӨМӨР

Үндэсний шуудан 2011/02/21

No comments:

Post a Comment