УИХ-д эмч мэргэжилтэй цөөн хэдэн гишүүн бий.
Түүний нэг нь УИХ-ын гишүүн Д.Очирбат. Түүнтэй өнөөгийн эрүүл мэндийн салбарын
алдаа оноо, ололт амжилтын талаар ярилцлаа.
-Та УИХ-д эрүүл мэндийн салбарыг төлөөлж буй хүний хувьд энэ салбар бусад салбарын хаана явна. Саяхан чуулганы нэгдсэн хуралдаан дээр эрүүл мэндийн салбарыг бие даалгах тухай санал гарч байсан.
-Энэ салбарын хүний хувьд байнга харж явдаг.
Өнөөдөр манай иргэд хамгийн анхны эрүүл мэндийн үйлчилгээ, оношлогоо,
эмчилгээгээ найдвартай хийлгэж чадаж байгаа, эсэх тулгамдсан асуудал яах
аргагүй мөн. Эрүүл мэндийн салбарыг бусад салбартай харьцуулбал, нэлээд хойгуур
сүүл барьж явна даа. Уг нь эрдэнэт хүмүүний амь насыг сахин хамгаалах нь улс
орны нэн тэргүүний үүрэг. Иргэдээ эрүүл байлгахын тулд бүх хөрөнгө мөнгөө
зарцуулж, багаж тоног төхөөрөмжийг нь байнга шинэчилдэг байх ёстой. Гэтэл үнэн
чанартаа улсын чанартай ганц нэг эмнэлгээс бусад жижиг эмнэлгүуд бүхлээрээ 20
жилийн өмнөх хоцрогдсон хэвээрээ л байна. Энэ байдлаас гарах боломж уг нь бий.
Монгол хүн хятад руу, солонгос руу оношоо тодруулах гэж их хэмжээний мөнгө
үрэн, бөөн цаг заваа гарздан явж байна. Манай эмч эмнэлгийнхэн оношийг нь сайн
тодруулж өгч чаддаггүй. Эндээ сайн, хангалттай оношилж чаддаг бол тэр их мөнгө
гадагшаа урсахгүй. Яг үнэндээ манай оронд бух төрлийн оношлогоог хийдэг төв,
лаборатори байхгүйгээс энэ бүхэн болоод байгаа юм л даа.
-Та яг ямар боломж харж байна вэ?
-Саяхан Ардын намын Удирдах зөвлөлийн хуралд
эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн тухай асуудал хөндөгдсөн. Энэ хоцрогдсон
байдлаас гарахын тулд тус салбарт цогц шинэчлэл хийх хэрэгтэй. Үүнд санхүүжилт,
боловсон хүчин, үйл ажиллагааны чиглэл гэж бий. УИХ-аар Эрүүл мэндийн тухай
хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж байна. Монгол Улсынхаа
2.7 сая иргэнээ бүгдийг нь иж бүрэн эрүүл мэндийн даатгалд хамруулъя. Манай
намын XXVI Их хурал Ардын намын эрмэлзэх арван зүйлд иргэн бүрээ даатгалд
хамруулъя гэж тусгасан байгаа. Мөн ирэх оны төсвийн төсөлд ч Засгийн газар
даатгалын санхүүгийн боломж бололцоог нь гаргаж өгсөн. 400 мянган хүн ямар нэг
байдлаар эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ
авах боломжгүй байсан. Тэднийг бүгдийг нь хамруулах боломжтой болсон нь нэг
дэвшил гэсэн үг. Энэ бол төр засгаас иргэдийнхээ төлөө авч байгаа хамгийн том
арга хэмжээ. Төсвөөс хөрөнгийн асуудлыг шийдсэн нь олон зүйлийг хийх боломжоор
хангаж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагыг хэн нэгнээс хараат бус,
салгах хэрэгтэй. Эрдэнэт хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч болон
тухайн байгууллагаас үйлчилгээг нь худалдан авдаг тогтолцоонд шилжих гэж
байгаа. Урьд нь бол Эрүүл мэндийн сайдын багцад хэдэн төгрөг тусгаад тэр нь
орон нутгийн эмнэлгүүдийн хана, шохойн будаг болоод л дуусдаг байсан. Тусдаа
агентлаг, байгууллага байснаараа энэ бүхнийг хангалттай зохицуулж, хөрөнгө
мөнгийг зарцуулах боломжтой болох юм.
-178 тэрбум төгрөгөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэсэн. Эрүүл мэндийн салбарт энэ хичнээн ажлын байр бий болгох вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг
оновчтой хэрэгжүүлээд онцлог салбартаа шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг авах
байх. Салбар салбарын задаргаа нь орох биз дээ. Ер нь эрүүл мэндийн салбарт
санхүүжилт дутаж байгаа нь үнэн. Улсын хэмжээнд яаралтай түргэн тусламжийн
үндэсний сүлжээг байгуулах хэрэгтэй байна. Энэ өргөн уудам нутаг дэвсгэрт
хүндээ хүрч ажиллах хамгийн чухал. 1000 км-ийн цаана байгаа хүн яаралтай
хагалгаанд орох болон Улаанбаатар руу ирэхэд хэтэрхий цаг алдана. Би эрүүл
мэндийн салбарт түргэн тусламжийн нисдэг тэрэг байх шаардлагатай гэдэг санал
гаргасан. Харамсалтай нь батлагдаж амжаагүй. Уг нь манай орны хэмжээнд хоёр
нисдэг тэрэг л хангалттай юм л даа. Дээрээс нь эмийн асуудал байна. Тодорхой
хэмжээнд эмийн хөрөнгө гаргаж өгч байгаа ч чанартай, дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын стандартын шаардлага хангасан байж чадах, эсэх нь өөрөө асуудалтай
байдаг. Чанартай эм тариа хэрэглэх биш, хамгийн хямд төсөр гэснийг
нь л хэрэглэж байна. Өнөөдөр өдөр, цаг, хором бүрт шинэ эм бүтээгдэхүүн гарч
байгаа. Гэтэл манайд тендер нэрийн доор хэтэрхий бага үнэлгээтэй эмийг
оруулдаг. Энэ бүхэн нь хэдийнэ бүртгэлээс хасагдчихсан бүтээгдэхүүн байдаг л
даа. Үүнээс гадна энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин
хангамж муу байна. 300 мянган
төгрөгийн цалин авч байгаа эмч, сувилагч бараг ядуучуудын эгнээнд очих шахаж
байна. Тэдэнд ажлаас өөр орлого олох боломж, цаг зав байдаггүй. Эрүүл мэндийн
байгууллагын стандартад нийцсэн санхүүжилтыг л өгөх ёстой. Манайд эрүүл мэндийн
салбарын стандарт гэж байхгүй. Жишээ нь мухар олгой авахад яаж хагалгаа хийх,
хэрхэн оёх, хэд хоног эмнэлэгт хэвтэх гэх мэтэд мөрдөх журам байдаггүй. Бүх л
эрүүл мэндийн байгууллагад үүнийг мөрдөж байх ёстой шүү дээ.
-Эрүүл мэндийн стандарт хэзээ жинхэнэ утгаараа хэрэгжих бол?
-Одоо Эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдэн гарч
байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг ид хэлэлцэж байна. Энэ салбарын
хамгийн гол зүйлийг базсан хуулиуд удахгүй батлагдаж гарна. Хуулиараа цогц
шинэчлэлээр өөрчлөлт орно. Бид өрсөлдөөнийг бий болгох гэж байна. Урьд нь ямар
ч өрсөлдөөн байдаггүй байсан бол бий болгосноор энэ салбарын үйл ажиллагаа
сайжирна. Сайн үйлчилгээ үзүүлбэл эрүүл мэндийн даатгалын сангаас орж байгаа мөнгө
нь ч их байна. Үйлчлүүлэгч ч тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Эрүүл мэндийн сангаас
авах мөнгийг стандарт биелүүлсэн тохиолдолд л өгнө. Ер нь олон үйл ажиллагаа
сайжрах болно. Харин хуулийн бэлтгэл ажилд нэлээд цаг хугацаа орох байх. Гэсэн
ч энэ парламентад амжуулахын тулд намрын чуулганаар нэлээд дөхүүлнэ гэж ойлгож
байна.
Б.ЦЭГЦ
Өдрийн шуудан
2010 оны 12-р сарын 07, Мягмар гариг
No comments:
Post a Comment