Monday, 23 April 2012

Д.Очирбат: Гадаадынхны ухаанаар бус монголчуудын тархиар л энэ улс хөгжинө


Монгол Улсын ирэх оны төсөв өмнөхөөсөө хэтэрхий өндөр зарлагатай буюу ДНБ-ий 52хувь, алдагдал нь бараг л 10 хувьд хүрсэн нь эдийн засагчдын дургүйцлийг төрүүлэх болов. Засгийн газраас өргөн барьснаар баталвал инфляц хаданд авирч тогтооход бэрх болно гэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ч анхааруулсан. Гэвч улам өсгөн баталсан юм. Одоо Ерөнхийлөгч л хориг тавьж, дахин задаргаа хийх үлдээд байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-Парламент      зардал ихтэй, зарлага нь дэндсэн төсөв      баталсан      гэж шүүмжлүүлж байна. Та үүнтэй санал нэг байна уу?
-Төсвийн зарлага, алдагдал хоёр өмнөх жилүүдийнхээс бага зэргийн өндөр байгаа нь үнэн. Гэхдээ алийн болгон чадан ядан хүрдэг төсөвтэй байх юм бэ. Өнөөдөр хөгжил дэвшлийн гараан дээр ирлээ гэж зарлаад байгаа шүү дээ. Ер нь, хөгжихийн тулд зайлшгүй хөрөнгө зарах хэрэгтэй. Азид хөгжлөөрөө тэргүүлэх байрт яваа орнууд хөгжихийн тулд чамгүй их хөрөнгөзарсан. ДНБ-ий50-иас дээш хувьтай тэнцэх хөрөнге    оруулалт   хийж байсан гэдэг. Хамгийн гол нь, эргээд эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ гэдэг нь чухал. Парламентаар олон хууль төсөл баталж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Үүнд хөрөнгө оруулалт хийхгүй юм бол зүгээр лоозон, цагаан дээр хараар бичсэн мөрөөдлийн бичиг баримт болно. Ерөнхийдөө нийслэл хот маань тэлэхийн хэрээр дэд бүтэц, орон сууц гээд шийдэх асуудал ундарсаар байна. Үүнтэй холбоотойгоор нэмэгдсэн байж болно шүү дээ. Хэрэв тулгарсан асуудлаа шийдэхгүй энэ хэвээр явсаар байвал юу болох нь ойлгомжтой. Хот нь утаа, хогноосоо салахгүй, замын түгжрэлээрээ дэлхийд тэргүүлэх биз.
-Олсон хөрөнгө мөнгөө тарааж цацах нь буруу. Хоёр намын сонгуулийн амлалттай холбоотой гэх нь бий?
-Амлалтаа биелүүлэх нь зайлшгүй. Нэгэнт л амласан бол түүндээ хүрэх ёстой. Тэгэхээр ухрах замгүй. Гэхдээ амлалт биелүүлэхийн тулд төсвийн хөрөнгөнөөс авч өгөх асуудал биш. Тусгай сангаас гарна. Өөрөөр хэлбэл, Хүний хөгжил сангаар дамжин иргэдэд очно. Яахав хөрөнгө мөнгө зарлаа гэж уурлах нэг нь байгаа л байх. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоор хүн бүр өөрийн бодол санаагаа илэрхийлэх нь зөв.
-Улаанбаатар хотын асуудалд зарцуул гэж жил бур хөрөнгө төсөвлөдөг ч тодорхой үр дүн гарахгүй байна. Утаа гэхэд улам нэмэгдсээр байгаа?
-Үр дүнгийн асуудал нь төрийн захиргааны байгууллага буюу гүйцэтгэгчээс шалтгаалах зүйл. Хууль тогтоох дээд байгууллага бол зөвхөн бодлого л батлах үүрэгтэй. Тухайн ажлыг хийж гүйцэтгэ гэж Засгийн газар төр захиргааны байгууллагад үүрэг даалгавар өгч, хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгнө. Гүйцэтгэх засаглал хөрөнгө мөнгө, хяналтаа тавих ёстой. Хэрэгжүүлэх ажил хэр байсан, ямар ашигтай, чанар стандартын хувьд гэх мэт бүх зүйл дууссаны дараа л үр дун нь харагдах байх. Одоо бол хэлж, таахад бэрх. Өмнө нь, тусгасан хөрөнгөө зарцуулаагүй, өөр зүйлд ашигласан зэрэг алдаа дутагдал гарч байсан. Энэ жил тийм зүйл гарахгүй болов уу.
-Төсөвт хяналт тавьж чадахгүй байна гэдэг. Ерөнхийлөн зарцуулагч нар нь эрх мэдлээ хэтрүүлэх нь ч бий. Ер нь, хэрхэн хянавал зохимжтой бол?
-Хүн бүхэн л энэ талаар ярьдаг л даа. УИХ-аас төсөв, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихдөг ч ардаа огт хяналт байдаггүй. Өнөөдөр хяналтын тогтолцоо огт алга. Ер нь, зарим нэг шүүмжлэлийг нь хүлээн авах хэрэгтэй. Парламентаас маш олон хууль баталж байгаа ч төсөвтөө баригдан зарим
асуудалд дутуу дулимаг хандах нь бий. Мөн Сангийн яам, сайд, дэд сайд, зарим нэг нөхдүүдийн л зүгээс гишүүдийн анхаарлыг сарниулан төсөвт хувийн чанартай асуудал тусган оруулж ирдэг. Тодруулбал, зам, тог цахилгааны шугамыг хувийн байгууллага руу татах жишээ их байна. Төсөв батлахаас хэдхэн хоногийн өмнө л энэ бүхнээ оруулаад ирдэг болохоор тэр бүр олж харж амждаггүй.
-Энэ нь төсвийн төсөл эрт орж ирдэггүйтэй холбоотой гэсэн үг үү?
-Тийм. Засгийн газар, Сангийн яам төсвийн төслөө таваас зургаан сарын өмнө гишүүдэд ирүүлдэг бол нягт нямбай сайн болно. Ингэвэл асуудал болгон дээр нь ажиллаж, үр дүн ямар байх, хугацаа хэр байх гээд бүхнийг тооцож болох юм. Энэ талаар олон удаа хэлж байгаа ч огт тоохгүй байна. Сарын өмнө оруулж ирээд яаралтай батлахгүй бол хугацаа хэтэрлээ гэж шавдуулсаар л батлуулна. Ийм хугацаанд зуу гаруй хуудастай түмэн асуудалтай баримт бичигтэй яагаад ч танилцаж амждаггүй.
-Дэлхийн банк, олон улсын санхүүгийн байгууллагуудаас одоогийн төсвөөр явбал ирээдүйд инфляц үүсч, үнийн хөөрөгдөл бий болно гэж анхааруулсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Тухайн байгууллагууд өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ гаргах нь үйл ажиллагаа нь. Тэдний өгч буй үнэлэлт, элдэв зүйл нь манай улсад хэр нөлөөлөх вэ гэдэг нь тодорхойгүй. Нөлөө үзүүлэхгүй ч байж болно. Монгол Улс далайд гарцгүй, газар зүйн бүсийн хувьд бусад орноос өөр. Тиймээс монгол ухаан, сэтгэлээ нь ч ондоо гэсэн үг. Заавал дэлхийн банк, санхүүгийн байгууллагын гаргасан үнэлэлт дүгнэлтийн дагуу явах ёсгүй. Хэт нэг загварт баригдах ч буруу. 60-70 жилийн өмнө хөгжиж байсан орнуудын туршлага өөр шүү дээ. Эдийн засаг, өнгет металийн ханш, бараа бүтээгдэхүүний үнэ ч ондоо байлаа. Өнөөдөр бид хөгжлийн гараан дээр ирсэн үед яаж хөгжих нь зөвхөн монгол тархинаас шалтгаална.
-Төсвийн алдагдал их байгаа учир Ерөнхийлөгч хориг  тавих   боломжтой гэсэн яриа бий?
-Одоогоор тийм боломж байхгүй. Яахав хориг тавих нь бүрэн эрхийнхээ хүрээнд хийх ажил нь юм. Ийм зүйл гарлаа гэж бодоход баталсан төсөв дахин задарч улам л хүндрэх байх. Нэг үгээр хэлбэл, хагарсан шаазан дахин бүтэн болдоггүйтэй адил зүйл гарна. Тэрнийг нь ч хасахгүй гэхээр хасна гэж зарим нь зөрөөд л ёстой хөл толгой нь олдохгүй маргаан үүсч, ирэх онтой золгоно. Тиймээс нэгэнт л хөгжих бодлого баримталж байгаа юм бол хөрөнгө оруулалтаа л сайн хийх хэрэгтэй.
-Намуудын амлалт буюу 1.5 сая төгрөгийн зарим хэсгийг бэлэн мөнгө болгон өгч эхэлсэн. Ирэх жилээс cap бүр 21 мянган төгрөг иргэн бүртээ олгох нь. Гэхдээ иргэд хүсвэл хэд хэдэн сараар нь урьдчилж авч болох юм билээ. Ингэснээр төсөвт дарамт учруулахгүй юу?
-Үүнийг буруу л ойлгоод байх шиг. Хүссэн хүн бүхэнд өгөхгүй. Гэр бүлийн хүрээнд өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор болон найз нөхөд нийлэн бага хэмжээний үйлдвэр ажиллуулахын тулд хүсэлт гаргавал шийдэж болно гэж бий. Түүнээс Цагаан cap, наадам болох гэж байна мөнгөө авъя гэсэн болгонд олгохгүй юм.
Э.Баяр
Ардчилал
2010 оны 12-р сарын 09, Пүрэв гариг

No comments:

Post a Comment