Tuesday 17 April 2012

С.Бямбацогт: УИХ-д нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хороо байгуулна

Монгол Улсын иргэд байгалийнхаа баялгийн үр шимээс хүртэж эхлэх цаг тун дөхжээ. Үүний эхлэл нь ирэх сарын 1-нээс хүн бүрийн нэр дээр "Хүний хөгжлийн сан" нэртэй дэвтэр нээх гэж буй. Уг дэвтрийн эх загвартай Ерөнхий сайд С.Батболд өчигдөр танилцжээ. Иргэн бүр хүн амын бүртгэлд үнэн зөв бүртгэгдсэн байх үүрэг хүлээх аж. Засгийн газар хүн амаа бүртгэх үндэсний хөтөлбөр баталсан. Үүний хэрэгжилтэд УИХ онцгой анхаарал хандуулахаар болж, Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хороо байгуулах шийдвэр гаргахаар болжээ. Түр хороог санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-УИХ-ын бүтцэд байгуулагдаж байгаа нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны үүрэг, зорилго юу вэ? 13 хүний бүрэлдэхүүнтэй гэхээр ажил ихтэй байх нь гэж бодогдож байна.

-С.Баяр Ерөнхий сайд байхдаа дэвшүүлсэн юм, зорилтын нэг нь бүртгэлийн төгөлдөршил. Хүн амаа бүртгэх үндэсний хөтөлбөрийг Засгийн азар баталж, бүртгэлийн олон байгууллагыг нэгэн агентлаг байгуулж, улсын бүртгэлийн арилцааг зохицуулсан хуультай болсон. Эдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын Түр хороо байгуулахаар болж байна.

Хүн ам, хуулийн этгээд, эд хөрөнгөө Монголын гөр, засаг үнэн зөвөөр нь бүртгэх цаг болсон. Бид хэдүүлээ, тэдгээрээс хэд нь гадаадад амьдардаг, хүн амын хэдэн хувь нь сонгуульд оролцдог зэргийг яг таг мэдэж байх хэрэгтэй. Сонгуулийн насны хүний тоог тухай бүрд нь СЕХ, Иргэний бүртгэлийн болон Статистикийн газар өөр өөрөөр гаргадаг. Хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн мөнгө зэрэг халамжийн олон хөтөлбөр хэрэгждэг. Гэтэл тооцоолсноос олон хүн түүнд хамрагддаг болчихсон. Энэ мэтээр хүн амын давхардал хэрээс хэтэрчээ.

Хүний хөгжил сангийн тухай хуулийг УИХ баталсан. Тэндээс олгох мөнгийг хүн бүртээ тэгш хуваарилах, хэн нэгэнд илүү болон дутуу олгохгүйн тулд бүртгэлийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байна.

-Зөвхөн хүн амын бүртгэлийг цэгцлээд орхих уу? Татвар төлдөггүй хэрнээ төрөөс нөхөн олговор олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт асуудал ярихаар л баахан компани гараад ирчихсэн байдаг. Эд хөрөнгайн хувьд ч ялгаатай, хүмүүсийн нуугдмал "юм" энэ тэндээс илэрдэг. Энэ бүхнийг бас цэгцлэх ёстой байх.

-Компаниуд, эд хөрөнгийн бүртгэлийг дахин шинэчилж үнэн зөв бүртгэлд хамруулах ёстой. Татвар төлөх болохоор өмчгүй болдог. Төрөөс урамшуулал үзүүлэх, элэгдэл хорогдлын зардал тооцох болохоор баахан бизнесмэн, эд хөрөнгө эзэмшигч гараад ирдэг нь үнэн. Тэгэхээр эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийг нэгтгэх ёстой. Ийм зорилгоор Бүртгэлийн нэгдсэн газар байгуулж, хууль баталсан юм. Харин тэдгээрийн хэрэгжилт, зохион байгуулалт хангалтгүй байгаа.

Бүртгэлийн төгөлдөршлийн том зорилтыг бодитой хэрэгжүүлэхийн тулд УИХ түүнд нь хяналт тавих хэрэгтэй. Үүргээ биелүүллээ гэж үзвэл Нэгдсэн бүртгэл, мэдээллийн Түр хороог татан буулгана. Нэгдсэн бүртгэл, мэдээллийн сүлжээгээр дамжуулж Монгол Улсын иргэн бүрт нийгмийн халамж, үйлчилгээг тэгш хүртээх нь л чухал юм.

-Иргэний ухаалаг үнэмлэхний сураг гараад байсан, юу болсон бэ. Бүртгэлийн төгөлдөршилд хамгийн гол үүрэгтэй "эд" биз дээ?

-"Цахим Монгол" гэж хөтөлбөр бий. Түүнийг хэрэгжүүлснээр иргэдийнхээ бүртгэлийг цахим хэлбэрт оруулах зорилготой.

Ухаалаг иргэний үнэмлэхээр дамжуулж хариуцлагатай монгол иргэн бий болгох, иргэн бүрийнхээ талаарх цогц мэдээллийг үнэн зөвөөр нь нэгдсэн бүртгэлд хамруулах юм. Энэ том зорилтыг хэрэгжүүлэхэд Түр хороо анхаарлаа хандуулна. Сонгууль бүрээр гардаг маргаанд цэг тавих боломж бий болно. Нэгдсэн бүртгэл мэдээлэлд иргэд маань хариуцлагатай хандаж, идэвхтэй оролцоосой гэж хүсэж, уриалж байна.

ЭНХТӨР

2010 оны 1-р сарын 07, Пүрэв гариг, Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment