Friday 20 April 2012

"Би цэвэрлэнэ гэж хэлээгүй шинэчилцгээе гэж хэлсэн"



   МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Залуучууд-Гэр бүлийн бодлогын байнгын хорооны дэд дарга, Авилгалтай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийн гишүүн, "Үнэ цэнэ" номын зохиогч, Хуульч Манжаагийн Ичинноровтой сонирхолтой бөгөөд халуун яриа өрнүүлснээ хүргэж байна. МАН-д орсноосоо хойш хэнд ч хэлээгүй явсан сэтгэлийн үгээ ч тэр дэлгэлээ. Мөн ИХ намын талаар өмнө нь нийтэд дэлгэн ярьж байгаагүй түүхээсээ ч өгүүллээ.

-Иргэний хөдөлгөөний Ичинноров Ардын намын бүсгүй болоод удлаа. Шинэ намд амьдрал хэр байна даа. Улаан гэгдэх намд цэнхэр үзэлтэн хэр байх юм?
-Ер нь улаан биш цэнхэр болох гэж тэмүүлж, тэр чиглэл рүү хөгжиж байгаа нам л даа. Гэхдээ шулуухан хэлэхэд, арга барил, сэтгэлгээ өөр хүний хувьд эрх чөлөө, шинэлэг уур амьсгалын цангаа байгаа нь ажиглагдсан.  Амаргүй гэж би хэлж байна л даа.  Гэхдээ энэ чинь боломжгүй гэсэн үг бас биш.  Ер нь ингэхэд над шиг ийм эрсдэлтэй бас зоригтой алхам хийсэн эмэгтэй улс төрч байна уу? \инээв\. Туулсан зам минь хатуу ч хүрэх өндөрлөг минь өндөр гэдэгт би итгэлтэй байна. 
- Тэгээд байдал яг ямар байна гэж. Юу нь таныг тэгтэл бухимдуулж байгаа юм бэ?
-Ер нь сахилга зохион байгууллалттай, боловсон хүчний нөөц ихтэй нам гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ, намд өөрчлөгдөх ёстой маш чухал зүйлүүд байна.  Энэ намд бүх зүйл албан тушаалын эрэмбэ дараагаар жагсаагдаж явдаг. Тэхээр цоо шинэ хүн, цоо шинэ үзэл бодол, цоо шинэ өнгө төрхийг зоригтой хөхүүлэн дэмжих хэрэгтэй гэж би бодож байна. Ер нь хэн албан тушаалаараа өндөр байна, аль эсвэл урд нь өндөр албан тушаал хашиж байсан, мөн хэн нэгэн даргад үйлчилж байсан, эсвэл намдаа олон жил зүтгэсэн гэсэн үзүүлэлтүүд чухал байр суурь эзэлдэг. Улс төрийн үзэл санаа энергитэй байдаг. Ардчиллын энергийн он жилүүдэд бид амьдарч байна. Захиргааддаг, дарамталдаг аргаар ажиллах, шинэ үзэл санаа, санал, шүүмжлэлийг "дорбинкдон" мохоодог цаг үе өнгөрсөн. Миний хамгийн их санаа зовдог зүйл хов жив. Энэ хов жив маш хортой, тэгээд гүтгэлгийн шинжтэй хов живээр маш хорлонтой мессежийг нэгнийхээ эсрэг сэм тараадаг нь хамгийн арчиж хаяюуштай зүйл. Үүнээс салах хэрэгтэй. Энэ чинь гэмгүй хүн хэлмэгдэх суурь, тэдэнд сэтгэл санааны гүн дарамт учруулдаг хуучин нийгмийн хоцрогдол юм шүү дээ. Мөн үзэл санааны лидерүүд төрөн гарах хэрэгтэй. Тэхгүйгээр хороо, дүүрэг, үүрийнхээ хэдэн эмээ өвөө нараа тойглодог, зөвхөн тэднийгээ сонсдог, тэдэндээ л бэлэг урамшуулал өгөх замаар удаан хол явахгүй. Тиймээс энэ намын хувьд боловсон хүчний хувьд цэнхэр байх бодлого барьж чадвал урагшаа хөгжинө.
-Та ч орж ирээд нэлээд л "дорбинкдуулсан". Үүнийг тэснэ гэдэг хэцүү биш гэж үү?  
- Мэдээж гаднаас шинэ хүн ороод ирэхэд бүгд гайхна. Айна. Цочно. Зарим нь баярлана. Дэмжинэ. Эргэлзэнэ. Энэ байх л зүйл.  Гэхдээ л ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлж, хууль шүүхийн шинэчлэлийг ярьж, хүний эрхийг үнэт зүйл болгох ажил хийсэн хүн энэ улс төрийн том хүчинд ороход талархан хүлээн авсан нь олон. Маш том "human capital" орж ирлээ гэж харсан нь олон шүү. Ерөөсөө дотроосоо л нэгнийгээ "дорбинкддог" нам байна шүү гээд би тоглоод хэлэхэд Их Хурлын нэгэн экс гишүүн эрхэм "Чамайг том шувуу учраас тоож дорбинкдож байна шүү дээ" гээд хошигнож байсан.  За энэ ч яахав, ер нь их хүнд нүсэр тогтолцоо шүү. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.
-Танай намд ч тэр, ер нь Монгол лидерийн цангаанд орсон гэж үздэг. Танай намын хувьд  шинэ хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Сонин байна.
-Манай намд төрийн өндөр албан тушаалтай хүмүүс маш олон бий. Өөр өөрийн фракцтай он удаан жил тогтсон хүмүүс ч олон бий.  Харин яг манлайлагчид хэн хэн байна вэ гэдгээ ярих ёстой. Би лидершип судалдаг, энэ чиглэлээрээ Харвардад номын дуу сонссон, энэ сэдвээр лекц уншдаг хүн. Тэгэхээр миний хувьд эрх мэдлийн тухай ойлголт, лидер болон манлайллын тухай ойлголтыг илүү өргөн хүрээнд өнөөгийн тогтсон үзлээс өөр өнцгөөс хардаг. Лидер гэдэг бол зөвхөн өндөр албан тушаалтай хүний тухай ойлголт биш шүү дээ.  Лидер хүн бол үзэл санааны хүн бөгөөд нийгэмд оюун санааны баялгийг бүтээгч. Лидер бол зам чигийг заагч, араасаа олон хүнийг байлдан дагуулагч- маш их эрсдэл, ачаа үүрч явдаг хүн. Лидер хүн бол ёс суртхуун, ажил үйлсээрээ манлайлагч. Бас нөлөөллийн хүн байх ёстой. Энэ өнцгөөс харж лидерүүдийг дүгнэх хэрэгтэй гэж боддог.
-Танай намын даргын хувьд хэр сайн лидер гэж та боддог вэ? Хүмүүс янз янзаар л ярьдаг. Нэг хэсэг нь олигархи гээд л муулдаг.
-Намын дарга маань гүйцэтгэх засаглалын тэргүүний  хувьд хамгийн хөдөлмөрч, бүтээлч хүн. Лидер хүмүүс өөр өөрийн өнгө төрх, өөрийн стил, загвартай байдаг. С. Батболд даргын хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд нийгмийн архитекторч загварын лидер гэж боддог. Монгол улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүргэх замыг тавьсан, дээд боловсролын системд оруулж ирж буй Евро стандарт, төрийн үйлчилгээний стандарт гээд дандаа шинэлэг дэвшилтэт, бүтээлч санал санаачлагуудыг нэвтрүүлсэн. Одоо иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх ажлыг санаачлаад урд нь хэзээ ч байгаагүйгээр иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог бодитой дэмжиж дуу хоолойг нь сонсон, бүхэл бүтэн ажлын хэсэг дэргэдээ байгуулан ажиллаж байна. Харин нам руугаа нэлээд сайн ажиллах шаардлага бий гэж боддог.
-Намын эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд өөрчлөгдөх найдлага байна уу? Та өөрөө ихэвчлэн эрчүүдтэй ажиллаж хамтарч ирсэн болохоор эмэгтэйчүүдийн талаар өөрийн гэсэн байр суурьтай л байх л даа?
-Намын эрх ашиг, нийт хүн амын тэн хагасаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрх ашгийн үүднээс Монголын хамгийн том улс төрийн хүчний эмэгтэйчүүдийн байгууллагыг хөгжлийн цоо шинэ шатанд гаргах цаг болсон. Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан өөрчлөх чиглэл өгөгдсөн байгаа.  Цаашдын хөгжил, жам ёсны хөгжлөө бодвол шинэ лидерүүд төрж гарч ирж удирдах цаг ирэх байхаа гэж найдаж байна.
-Шулуухан хэлэхэд, таныг намд ороход хамгийн хүйтэн хүлээж авсан хүмүүс нь эмэгтэйчүүд биз дээ?
- Намын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагад байдаг цөөн тооны эмэгтэйчүүдийн хувьд бол тийм байсан л даа. Гэхдээ, энэ өөрчлөгдөнөө. Би тэднийг буруутгахыг хүсэхгүй байна. Ойлгохыг хичээсэн. Харин намын анхан шатны байгуулагын гишүүн, дэмжигч жирийн эмэгтэйчүүд, залуу бүсгүйчүүд, боловсролтой хэсгийнхэн  хаа ч очсон халуун дотно үг хэлэн тэвэрч үнсээд их сайхан хүлээж авдаг. Тэд надад итгэл найдвараа илэрхийлдэг. Бас дэмждэг гэдгээ байнга хэлдэг. Үүнд нь би маш их урамшдаг.
-Тэхээр эмэгтэйчүүд өөрсдөө хоорондоо тулалдаад байдаг. Нэг нэгнийгээ хамгийн муу муухайгаар ярьж, гутаадаг нь эмэгтэйчүүд өөрсдөө байдаг. Тийм үү?
Жендерийн асуудал ярьдаг хүмүүс эмэгтэй хүний зовлон, туулдаг бэрхшээлийг маш сайн ойлгох учиртай л даа. Харин ярьж буй үнэт зүйлийнхээ эсрэг амьдрах юм бол залуусын өмнө ёс зүйн хувьд гэмт хэрэг үйлдэж байгаатай ялгаагүй юм шүү дээ.  Өөрсдөө ч гэсэн нэгэн цагт муулуулж, гүтгүүлж, эмэгтэй гэдгээрээ элдэв янзын нэр хоч зүүж л байсан хүмүүс шинэ үеийн залуу эмэгтэйчүүдэд яг түүгээрээ хандаж болохгүй. Энэ их сонин зүйл л дээ. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүдэг гэж концепци байдаг. Өөрсдийн туулсан хэл ам хэрүүл тэмцлийн зовлонг нөгөө өөрсдөд нь гэм хийгээгүй залуу эмэгтэйчүүдэд гаргана гэдэг нь нэг талаасаа харахад их өрөвдмөөр зүйл.  Бодит байдалд эмэгтэй хүнд улс төрд маш бага орон зай байдаг. Тэр бяцхан орон зайд бүгдээрээ чихцэлдээд, хоорондоо ёвролцдог. Үүнийг бүрэн буруутгахад бас хэцүү. Харин илүү боломж нээж өгвөл эмэгтэйчүүдийн бие биедээ гаргадаг харгислал багасах байх гэж боддог. Нөгөө талаасаа миний дүү гээд тулаад түшээд авах сэтгэлийн тэнхээ, соёл аль хэдийн төлөвшсөн байх ёстой.  Ер нь тэгээд бүх юм өөрчлөгддөг. Цаг хугацаа өөрчлөгддөг, хүмүүс ч өөрчлөгддөг. Улс төрийн нөхцөл байдал ч өөрчлөгддөг гэдгийг тооцоолох хаттай байх учиртай. Доор байсан хүн дээр гарч ирэх цаг бий. Дээр байсан нь доош буух ч цаг байдаг.  Одоо байгаагаар бүх зүйлийг харах хэрэггүй гэж боддог ш дээ.  
-Эмэгтэйчүүд бидэн нэгнээ дэмждэггүй муу тал угаасаа байдаг гэдэг шүү дээ. Үүнийгээ бид өөрчилж болохгүй юу. Тухайлбал та?
Би анх Эмэгтэйчүүд-манлайлал санг байгуулаад ажиллаж байхдаа л үүний төлөө байсан. Гэтэл эмэгтэйчүүд үнэхээр эвсэж чаддаггүй юм байна гэдгийг олон зүйл дээрээс харж байсан. Энэ бол харамсалтай л даа. Ийм л шалтгаанаар олон сайхан эмэгтэйчүүд "solo" ажилладаг. Хувийн тоглолтоо л хийдэг.  Тэгэхээр хойч үеийн залуу эмэгтэйчүүд  рүүгээ илүүтэй хандаж ажиллах, тэдэндээ хөрөнгө оруулалт хийх л чухал юм байна гэдгийг ойлгосон.
- Та дээр хэлсэн. Би эрх мэдлийн талаар шал өөр ойлголттой явдаг гэж. Одоо байгаа эрх мэдэлтнүүдийг та үгүйсгэж хэлж байна уу?
- Эрх мэдэл бол албан тушаал дангаараа биш. Эрх мэдэл бол эрх ямба бүр ч биш. Эрх мэдэл бол хариуцлага.Эрх мэдэл бол нөлөө. Шийдвэр гаргах, эсвэл шийдвэр гаргахад нөлөөлдөг нөлөөлөл. Эрх мэдэл нь De Jure, De Facto гэж байдаг.  De Jure эрх мэдэл нь хуульчлагдсан буюу гарын үсэг зурах эрх мэдэл. De Facto эрх мэдэл нь хуульчлагдсан эрх мэдэлд хүрээгүй ч үзэл санаа, өөрчлөлт шинэчлэлийн төлөө бусдыг байлдан дагуулсан, аливаа шийдвэр гаргахад нөлөөлж чаддаг  эрх мэдэл. Энэ өнцгөөс нь харвал хүн өөрийн гэсэн дүгнэлтээ хийх боломжтой л байгаа биз дээ.
-Тэхээр Та өөрийгөө De Facto эрх мэдэлд хүрсэн нэгэн гэж үзэж байна уу?
Нэг зүйлийг шулуухан хэлэхэд энэ хуульчлагдаагүй эрх мэдлийг аль хэдийн хэрэгжүүлж чадсан хүмүүсийн нэг гэж өөрийг минь зөв үнэлээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл бидний л гавьяагаар өнөөдөр хүний эрхийн бие даасан институттэй болсон, стратегийн өмгөөллийн ачаар эрүүгийн хуулийн ялын бодлогод дорвитой өөрчлөлт орж, шоронгийн шинэчлэл маш сайн хийгдэхэд хүрсэн, одоо шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар хүчтэй яригдах боллоо. Энэ нь миний улс төр юм шүү дээ. Үүнийг би одоо  МАН-д орсон хойноо үргэлжлүүлж байгаа, цаашид ч хийнэ шүү дээ. Үүнийг цэвэрхэн, соёлтой, иргэнлэг, ухамсартай, хариуцлагатай улс төр гэж би хэлнэ. Үүний төлөө намайг урвагч гэж хэн хэлэх ёстой юм бэ? Манайхан ер нь тогтсон сэтгэлгээгээсээ салах ёстой юм шигээ.
-Та хуучин намаасаа нэр дэвшээд бас ч олон хүний санал авч байсан. Харин одоо боловсон хүчин ихтэй МАН-аас нэр дэвших шанс олдох болов уу?
-Бидэн шиг залуу улс төрчдөд боломж олгохгүйгээр намын улс төрийн орон зай нь ирээдүйд улам хумигдмал болно. Ялангуяа хотод. Цоо шинэ эрин үе гарч ирж байна. Ер нь дундаж насныхны ч улс төрийн үзэл санаа их өөр болсон. Би жишээ нь фейсбүүк-тэй болоод 2 сарын дотор 3000 орчим найзтай болсон. Одоо улс төрчдийн хувьд freind-based facebook-тэй хүмүүсээс хамгийн олон найзтай нь би болсон. Оюунлаг иргэдийн, хотын иргэдийн, гадаадад амьдардаг монголчуудын, залуусын улс төрийн чиг хандлага ямар байгааг, тэд ямар хувь хүмүүсийг сонирхож, дэмжиж байгааг зөвхөн facebook- сээ харахад л ойлгомжтой байна. Энүүгээр нийгмийн сэтгэл зүйг дүгнэж болохоор байгаа юм. Тэгэхээр нүдээ жаахан нээх хэрэгтэй, зөвхөн намынхаа идэвхтэй гишүүдийн дунд ваакуумд орж болохгүй гэдгийг л лидерүүдэд хэлж өгөх хэрэгтэй, ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Бас зөвхөн албан тушаалын эрэмбэ дараагаараа жагсаагаад явбал ялагдана.
-Та энэ намд орсныгоо МАН-ыг дотроос нь цэвэрлэнэ гэж байсан даа. Тэгээд чадах нь уу?
Ямар цэвэрлэгч биш дээ. Цэвэрлэнэ ч гэж хэлээгүй байх аа. Шинэчилцгээеэ гэж хэлсэн. Шинэчлэнэ гэж зүгээр ч нэг гарсан үг биш. Энэ бол хувь тавилангийн асуудал. Жам ёсны хөгжлийн юм. Би тэгэхээр том дуудлагатай хүн. Намын гаднаас улс төрийн шинэчлэл хийх гэж оролдож байсан. Хуульч хүнийхээ хувьд нийгэмд дорвитой шинэчлэлүүдийг авчралцсан. Харин улс төрийн хөгжил, дэвшилд дотроос нь өөрчлөх хувь нэмрээ оруулах замаар эрх мэдлийн системийг өөрчлөх нь бидний үеийнхний чухал сонголт. Чухал зорилго.
-Намын дараагийн үйлд нь хэрэгтэй гэж үзэж байгаа үзэл санаа чинь содон байна. МАН-д ингэж бодож байгаа залуучууд олон болов уу?
- Олон байгаа. Маш олон бий. Сэтгэлгээний хоцрогдлоос ангижирахыг хүсдэг  эрүүл сэтгэлгээтэй хүмүүс олон байдаг. Манай намд байдаг зарим тогтсон, хуучирсан сэтгэлгээ, арга барилтай хүмүүс хоцрогдлоос, залуу үеийнхэнд тоогдохоо байхаас айх цаг болсоон. Шинэ үеийн давалгаа ирж байна шүү дээ. Тэрийг мэдэр л дээ. Тийм биз дээ.
-Ингэхэд яагаад Иргэний хөдөлгөөний намаасаа гарсан юм бэ. Уг нь Магнай, Зандан та гурваар л хүмүүс хардаг байсан. Хэн ч байхгүй болчихсон?
-2008 оны сонгуулийн дараа болсон улс төрийн үйл явц залуу, улс төрийн туршлагагүй, эр зоригоос өөр нөмөр нөөлөггүй байсан бид гурвын хувьд хүнд цохилт болсон. Ийм сонголтуудыг хийхээс ч өөр аргагүйд хүрсэн. Улс төрийн том намуудад харьяалагдаж, үзэл санаагаа дотроос нь түгээх, шинэчлэх, эрүүлжүүлэх үйл явцад гар бие оролцох түүхэн хувь тавиланг бид үүрч байгаа ч юм билүү? Үүнийг өнгөрсөн үед хийгээгүй нь үнэн ба ирээдүйд хийхэд аль хэдийн  хоцорсон байх болно. Тиймээс зөвхөн одоо үед байгаа бид хийж чаднаа. Юм болгон өөрийн цаг хугацаатай байдаг. Одоо биднийг харааж байгаа ч хожим хойноо талархах цаг гарцаагүй ирнэ ээ. Бид тэр шинэ үеийнхний ургах, соёолох шимт хөрс баймаар байна.
-Та хэд энэ мэтээр байр сууриндаа хатуу байж чадаагүй өөр намууд бараадсан нь иргэний хөдөлгөөний нэр хүндийг унагаж, итгэл үнэмшлийг сулруулсан гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Хүмүүс бид гурвыг зөвөөр ойлгоосой гэж би хүсдэг. Монгол улсад ардчилал бараг бүрэн зогсох шахсан, авилгал цэцэглэж, мэдээлэл иргэдээс далд улс төр эдийн засгийн чухал шийдвэрүүд хуйвалдааны замаар гардаг байсан тэр үед бид зориглон дуугарч байсан. Түүний л ачаар Оюу толгой, Таван толгойн асуудлууд нээлттэй ил тод шийдвэрлэгдэж, Монгол улс үсрэнгүй хөгжлийн гараан дээрээ гарч ирлээ. Одоо биш гэхэд түүх зөвтгөж, хайрлах, ойлгох цаг ирэх байлгүй дээ.
-Та ер нь Иргэний хөдөлгөөний намаасаа гарсан шалтгаан нь юу юм бэ?
-Нэг үгээр хэлэхэд, Иргэний хөдөлгөөний нам дарагдсаны дараа би гарсан.  Гэлээ ч Иргэний хөдөлгөөний нам бол  тухайн үед өөрийн улс төрийн үүргээ гүйцэтгэсэн. 2008 оны сонгуулийн дараа бид ямар хүнд байдалд байсныг хэн ч ойлгож мэдрэхгүй байх. Миний бие шоронд ороогүй ч гэлээ сэтгэл санаа минь шоронд орсноос өөрцгүй болсон байсан. Надад ямар ч орон зай байхгүй болсон мэт санагдах хар өдөр хоногууд байсан. Үүнийг биечлэн туулаагүй хүнд төсөөлөхөд бэрх байхаа. Тухайн үед юуг үзэж туулсаныг минь хэн ч мэдэхгүй шүү дээ. Сэтгэл санаа маань ч хүндээр гэмтсэн.  Тухайн үед нийгэм үүнийг ойлгох сэхээ ч байгаагүй. "Бүгд" хүнд хэцүү байдалд орсон байсан.  Батзандан, Магнай хоёрын хувьд тухайн үед намын сонголтоо хийн ИХ намыг орхисныг буруутгадаггүй. Би бууриа сахиад үлдсэн байсан. Тэр үед Анод-ын Даваа гуай намын дарга болж, над дээр нэмээд гурван дэд дарга тавьсан юм. Энэ нь намын хувьд ч, Даваа гуайн өөрийнх нь хувьд ч улс төрийн маш том алдаа байсан юм. Энэ бол нөхөр ёсны үг юм шүү.
-Тэхээр Даваа ИХ намын дарга болоод хэлмэгдсэн гэдгийг нь зөвшөөрч байна гэсэн үг үү та?
-Даваа гуай намын даргыг аваад гурван эрэгтэй дэд дарга томилоод над дээр нэмээд дөрвөн даргатай болгоход би бүгдийг нь суулгаж байгаад хэлсэн. За энэ намд олны танил ганцхан лидер нь үлдсэн байсан юмаа. Магадгүй би яаж ийгээд ч гэсэн намаа тэргүүлээд явж байгаад цаашдын хувь заяагаа шийдвэрлэж болох байсан байхаа. Харин та алдаа хийлээ гэдгийг нь хэлсэн. Одоо энэ нам цаашаа энэ байдлаар явах ямар ч боломжгүй гэдгийг би өөрсдөд нь анхааруулсан. Бас урд нь иргэний хөдөлгөөн, ИХ нам миний хуульчийн маань хувьд босгосон нэр хүнд, капитал дээр дөрөөлж босч ирж байсан. Надаар фоноо хийж байсан үе бий. Одоо би та нарт дахин фон болохгүй ээ, дахин хэзээ ч ашиглуулахгүй гэдгээ хэлээд Америк явсан. Тэндээ бүтэн жил өөрийгөө амраасан. Сэтгэл санаа, оюун бодол, бие махбодоо форматалсан гэсэн үг.
-Таныг Ерөнхий сайдын зөвлөх болсон гэдэг мэдээг хүмүүс янз янзаар хүлээж авсан. Яг юунд нь зөвлөдөг юм бэ?
-Ерөнхий сайд бол энэ намд миний оюуны чадавхийг үнэлсэн цөөн лидерүүдийн нэг ээ. Тэр миний шинэ санаа оноо дэвшүүлдэг, шинэлэг сэтгэлгээ бас бичлэгийн чадварыг маань мэдэрсэн хэрэг юм болов уу. Би түүний албан бус зөвлөх хэдий ч шинэ үеийн улс орны том лидер байхад нь миний өгдөг зарим санаа оноо чухал байдаг байхаа гэж боддог. Тэр үед хэт дайруулснаасаа болоод Ерөнхий сайдын албан бус зөвлөх гэж өөрийгөө зарлаад гүйсэнгүй ээ. Хэл амны хэтэрхий их дайралт бас ядаргаа байсан шүү.
-Сүүлийн үед таны хувийн амьдралаар сонин юу байна даа?
-Сониноос би хип хоп сонирхож байгаа. Бүр дууны үг ч зохиосон.
-Тийм үү? Сонирхолтой байна. Ер нь ингэхэд таны хувийн шинж чанар их онцлогтой юм. Хип хоп, балет хоёроор та зэрэг хичээллэж байна. Энэ чинь хоёр юмны туйл шүү дээ. Нэг нь гудамжны урлаг. Нөгөө нь дээд зэрэглэлийн сонгодог урлаг.
-Би Onyx, Эминем нарын хип хоп дуучдын дууны үгийг сонсоход нийгмийн янз бүрийн асуудлыг тусгасан байдаг: ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, залуусын хүсэл мөрөөдөл, эрх чөлөө, түүнд төрөөс үзүүлж байгаа дарамт, хүчирхийллийг өөрсдийн чимэг, хачиргүй хэлээр дуулдаг. Угийн эрх чөлөөний мэдрэмжтэй надад энэ нь зүгээр л таалагддаг байсан. Харин МАН-д орсноос хойш тодорхой хугацаанд сэтгэлгээний зөрүү, шинэ хүнд ханддаг өөр үзэл хандлага зэрэг нь намайг Монголын хип хоп хөгжмийг сонирхоход хүргэсэн. Тэр дундаа Quiza-ийн дууны зарим үгнүүд надад зориулаад бичсэн юм шиг санагддаг болсон. Тэгээд өөрийн эрхгүй хип хоп дууны шүлгүүдийг өөртөө зориулж бичиж эхэлсэн. Тэхэд эрх чөлөөний мэдрэмжийн тэсрэлт бий болж байх шиг санагддаг. Хүн ер нь өөрөө дотроо хадгалж явсан зүйлээ тэслэн гаргаж ирээд ямар ч илүү дутуу  өнгө будаг, нялуун үггүйгээр шууд дуулдаг л гэсэн үг л дээ. Гоё ш дээ.  Энэ бол шинэ мэдрэмж. Шинэ амьдрал.  Үүгээрээ би сэтгэлгээний эрчим хүчний дутагдалд ороогүй яваагаа мэдэрсэн.
-Та нэг талаасаа маш эмэгтэйлэг хүн. Тэгж харагддаг,  бас тэгж хувцасладаг. Гэтэл зан чанар, үзэл суртал чинь ихэд эршүүд юм. Энэ бас л хоёр өөр туйлын мөргөлдөөн юм шиг санагддаггүй юу?
-Та миний "Үнэ цэнэ" номыг уншсан уу? Уншсан бол танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Уншсан. Яг эх хүний ариун хайраар бичсэн ном шиг санагдсан. Бичлэг нь энгийн, зөөлөн, мессеж нь маш энэрэнгүй.
-Энэ чинь л миний жинхэнэ өнгө, мөн чанар юм шүү дээ. Гэхдээ нэгэнт улс төр гэдэг хатуу тоглоомонд гараа бүү хэл өөрийгөө бүтэн дүрчихсэн хүн чинь дотроосоо хүчтэй байхаас өөр аргагүй юм даа.
"Өдрийн сонин"  
Э.Энэрэл
2011 оны 6 сарын 15

No comments:

Post a Comment