Monday 16 April 2012

Х.Баттулга: Одоогоор үнэ тогтоох боломжгүй

Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний maлаар өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа авч хэлэлцсэн юм. Энэ талаар Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас тодрууллаа.

-"4000 айлын орон сууц" хөтөлбөрийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцлээ. Ямар шийдвэрт хүрсэн бэ?

-Энэ асуудлаар хэд хэдэн тогтоол гаргалаа. Тиймээс тогтоолын дагуу Сангийн яам болон манай яаманд үүрэг өгч, хурдан шуурхай, эзэнд нь хүргэж ажиллахыг сануулсан байгаа.

-Хөтөлбөр хэзээнээс эхэлж хэрэгжих бол?

-Одоо л хэрэгжүүлэх ажил руугаа орж байна. Тиймээс хугацаа хэлж чадахгүй.

-Үнэ өртгийн хувьд, ямар байх вэ. Энэ талаар тодруулна уу?

-Үнийн хувьд зовлонтой зүйл олон бий. Тухайлбал, зах зээлийн үнээс доогуур гэхээр зах зээлийн үнэ гэдэг нь хэд юм, тухайн байрны байршил энэ тэрээс шалтгаалаад хүндрэлтэй юм олон байна. Мөн Дархан, Эрдэнэтэд үү гэдгээс хамаараад орон сууц барихад ашигласан материал зэргээс хамаараад хэлбэлзэлтэй болоод байгаа. Тиймээс тухайн хүний сонгосон байрны байршил янз бүр байгаа учраас үнэ тогтоож болохгүй байгаа юм. Иймд доод хязгаар гэдэг нь одоогоор асуудалтай байгаа.

-Орон сууцын гүйцэтгэлийг ямар компани хийх вэ, гадны компаниудаас санал ирсэн гэсэн?

-Одоохондоо Монголын компани гэж яригдаж байна. Гэхдээ бид хөрөнгө оруулагчаа бас бодолцох хэрэгтэй. Ассоциаци энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Ер нь зээл авах эрх авсан хүмүүс бэлэн болсон 4000 айлын орон сууцыг сонгоод авч болно. Бидний зүгээс үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, үнийн асуудал дээр ярилцаад байр авч болно гэж үзэж байгаа.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн хэмжээний хөрөнгө гаргаж байгаа юм бэ?

-180 тэрбум орчим төгрөгийн бондыг Сангийн яамнаас гаргаж байгаа.

-Зөвхөн төрийн албан хаагч энэ хөтөлбөрт хамрагдах ёстой юу?

-Төрийн албан хаагч болон энгийн иргэд хамрагдаж болно.

- "4000 айлын орон сууц" хөтөлбөрийн үр дүнгийн талаар тодруулна уу?

-Барилгын салбарыг хямралаас гаргаж, түүнчлэн анх удаа бид моргеж гэж зүйл рүү бодитоор орж байна. Үүний үр дүнд орон сууцны хэрэглээг хангах эхлэл тавигдаж байгаа гэж ойлгож болно.

О.Сэлэнгэ

Нийгмийн толь 2009/10/15

No comments:

Post a Comment