Monday 16 April 2012

Х.Баттулга: Найдвартайгаар нь төрийн албан хаагчдыг эхлээд моргэйжид хамруулна

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГАТАЙ ярилцлаа.

-Санхүү, эдийн засгийн хямрал барилгын салбарт хүндээр тусч байна. Энэ хүндрэлийг даван туулах талаар Засгийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ ?

-Засгийн газраас барилгын салбарын хүндрэлийг даван туулах чиглэлээр тодорхой алхмууд хийж байна. Үүний нэг нь ашиглалтад ороход бэлэн болсон байруудыг төрийн албан хаагчдад моргэйжийн зээлээр олгох гэж байгаа явдал. Засгийн газар нийт 200-гаад тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын орон сууц худалдан авахад зарцуулна.

-Төрийн албан хаагчдад олгох моргэйжийн зээлийг Орон сууцны санхүүжилтийн корпорациар зуучлуулалгүй шууд арилжааны банкуудаар дамжуулан олгох нь зүйтэй гэж Барилгын үндэсний ассоциацынхан мэдэгдэж байгаа. Энэ талаар танай яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Хүмүүс буруу мэдээлэл авснаас болж буруу ойлгоод байна. Зээлийн мөнгө арилжааны банкаар дамжина. Гэхдээ дан ганц банкуудад итгэж болохгүй. Бэлэн мөнгийг банкаар дамжуулахад гарах нэг эрсдэл нь тэд моргэйжийн зориулалттай мөнгийг өөр зүйлд зарцуулах магадлалтай. Тиймээс Орон сууцны санхүүжилтийн корпорац энэ үйл ажиллагаанд оролцоно. Харин яам ийм аж ахуйн ажил хийхгүй.

-Арилжааны банкууд зээлийн зориулалтаар байршуулсан мөнгийг өөр чиглэлээр ашиглаж байгаад хяналт тавих боломжтой юу?

-Үүнд яам хяналт тавих боломжгүй. Монголбанк л анхаарах хэрэгтэй. Моргэйжид зориулсан мөнгийг зориулалтаар нь ашиглахгүй бол хариуцлага тооцох ёстой.

-Засгийн газар төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах гэж байгаагийн нөгөө талд хувийн хэвшлийнхэнд ийм боломж олдсонгүй гэх шүүмжлэл байна?

-Тогтмол цалинтай тул найдвартай гэдэг утгаар нь төрийн албан хаагчдыг сонгосон. Тэд байр худалдан авсан өдрөөсөө л тооцоод цалингаасаа төлбөрөө төлөөд эхэлнэ. Энэ нь моргэйж жинхэнэ бодит утгаараа хэрэгжинэ гэсэн үг. Эхний ээлжид ийм алхам хийж бэлэн байгаа байруудыг борлуулахгүй бол барилгын салбарт түгжрэл үүсээд байгаа. Бэлэн байгаа 4000 байрыг борлуулснаар барилгын салбарынхан дараагийн 8000 орон сууцыг ашиглалтад оруулах хөрөнгийн эх үүсвэртэй болно. Цаашид хувийн хэвшлийнхнийг орон сууцаар хангахад анхаарна. Энэ талаар шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөсөн. 4000 орон сууц гэдэг бага тоо. Юуны өмнө хамгийн эрсдэлгүйгээр иргэдийн орон сууц худалдан авах чадварыг дэмжих хэрэгтэй байна.

-Төрийн албан хаагчдад олгох орон сууцны үнэ нэлээд буурах юм билээ. Энэ моргэйжийн зээлд өөр ямар нөхцөл тавьж байгаа вэ?

-Зээлийн урьдчилгаа гэдэг дарамтыг багасгана. Төрийн албанд олон жил ажилласан, байрны өргөдөл өгөөд 10-15 жил хүлээж байгаа хүмүүсийг эхний ээлжид моргэйжийн зээлд хамруулна.

Г.СОНИНБАЯР
Үндэсний шуудан 2009/09/02

No comments:

Post a Comment