Tuesday, 24 April 2012

Д.Очирбат: Гишүүд өөрсдөө огцруулах үндэслэлтэй гэсэн байхад би дүгнэлт өгөхгүй


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногийн хам­гийн гол дуулианы нэг нь Ерөнхийлөгч асан Н.Энх­бая­рын баривчилгаа бай­лаа. Хамгийн гол нь долду­гаар сарын 1-ний хэ­рэг­­тэй холбоотой мате­риал дэл­гэс­ний дараа баривчил­сан нь сонирхол татаад бай­гаа юм?
-2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг бүх хүний нүдэнд ил болсон. Ард түмэн хамгийн сайн ялгаж, салгаж байгаа. Сонгууль дөхсөн учраас энэ хэргийг аль ч намууд улстөржүүлэх гээд байна. 2012 оны сонгууль болохоос нэг, хоёр сарын өмнө дэлгээд аль аль талынхаа улс төрийн пиар болгох гээд яваад байна. Ер нь аль ч өнцгөөс харсан буруу гэж ойлгож байгаа. Тэртэй тэргүй сонгууль дөхсөн байхад долдугаар сарын 1-нийг ард түмэн мартаагүй. Хэн нь оролцсон, намын байр шатаалгасан гэдгийг дүгнэж суугаа. Баримт нь тодорхой учраас улстөржүүлээд нэг нэгнийгээ хэлмэгдүүлж, хэт нэг талыг барьсан үйлдэл битгий гаргаасай гэж бодох юм.
-Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой на­муу­дын зөвлөлдөх уул­зал­тын тэмдэглэлийг Н.Энх­баяр дэлгэж тавь­сан. Түүнч­­лэн Үндэсний аюул­гүй байд­лын зөвлөлийн хур­­лын протоколыг дэлгэх ёс­той гэсэн байр суурь илэрхийлс­нийг нь АН-ын бүлэг дэмжиж бай­гаа. Мэдээллүүдийг ар араас нь дэлгэж байгаа нь зөв асуудал уу?
-Дөрвөн жил битүү дуншсан. Хэн  буруутай, хэн нь ямар шийд­вэр гаргасан, үйл ажил­лагааг ямар байдлаар удирдсан юм бэ гэдгийг мэдэхгүй л өдий хүрсэн. Гэтэл өнөөдөр л гэнэтхэн сонгуулиас өмнө энэ бүхнийг гаргаад ирж байна. Протоколыг гаргаж ирсэн нь зөв болсон. Ер нь долдугаар сарын 1-ний бүх үйл явдал, шүүх хурал ч тэр нээлттэй болох хэрэгтэй. Х.Тэмүүжин гишүүн Их хурал дээр нээлттэй сонсгол явуулсан. Яг л тийм байдлаар явуулмаар байгаа юм. Улс төр хэр их хэмжээгээр орж байна, тэр чинээгээр  энэ хэрэг цаашаа хаагдаад явна. Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын протоколыг гишүүд нь өөрсдөө нууцын зэрэглэлд хамаарахгүй материал байна гэж үзсэн тохиолдолд дэлгэж тавьдаг. Улс орны хэмжээнд харшлахгүй бол нээлттэй тавьж болно ш дээ. Яагаад болохгүй гэж. Намын дарга нартай хийсэн уулзалт нь нээлттэй болчихсон юм чинь, ҮАБЗ-ийн хуралд яригдсан нь ч нээлттэй байх ёстой. Би санал нэг байна.
-Н.Энхбаяр даргыг баривчлагдах үед танай намын нэр бүхий гишүүд хамт байсан учраас болсон үйл явд­лыг намын бүлгийн хурлаар ярь­сан. Та­ны хувьд баривчилгааг хэрхэн дүг­нэж байна вэ?
-Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг зөв, бурууг тооцох аргагүй. Яг л энэ байр сууринаас дүгнэж байна. Мэдээж цагдаа, хүчний байгууллагаас тодорхой үйл ажиллагаа явуулах хууль эрхзүй байгаа. Гэхдээ үүргээ гүйцэтгэх үедээ алдаа гаргасан. Ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй, сэтгэл санааг нь үймүүлсэн үйл ажиллагааг хэт дарангуйлсан, хүч түрэмгийлсэн байдлыг гаргаж, түүнийгээ олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа нь зохисгүй үйлдэл болсон. Цагдаа, шүүх гээд шинжилж тогтоодог байгууллагууд нь дүгнэлтээ гаргаад, шүүхийн шийдвэр гараад явна биз. Төрийн хамгаалалтад байдаг, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг хөл гарыг нь гозолзуулаад явж байгааг хараад сэтгэл эмзэглэсэн.
-Танай намын нэр бүхий найман ги­шүүн Ц.Нямдорж сайдыг огцруулах са­нал тавилаа. Дэмжиж байгаа юу?
-Үйл явдал болсны маргааш нь бид бүлгийн хурал зарлаж мэдээлэл сонссон. Мэдээлэл сонсоод ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тайлбар авахыг хүссэн юм.  Сайд “Би утсаа орхиод явчихсан. Сонсоогүй, мэдээгүй” гэсэн мэдээлэл хийсэн. Бүлгийн хурал дээр тэнд байсан гишүүд Ц.Нямдорж сайдад нэлээд шүүмж­лэлтэй хандсан. Хууль зүйн сайд­даа цагдаа нар нь яагаад мэдээлэл өгдөггүй юм, тэгээд ч гишүүний бүрэн эрхэд халдаж байхад хамгаалсангүй гэд­гийг хурцаар шүүмжилсэн. Би хэвлэлээс л мэдлээ. Өргөх бичгийг ги­шүүд өөрсдөө өргөн барьсан юм бол би зөв, буруу гэж дүгнэх шаардлагагүй. Ги­шүүд ийм эрхзүйн үндэслэлтэйгээр сайдын албан тушаалаас нь огцруулж байна гэсэн бол би дүгнэлт өгөөд, дэм­жээд байх шаардлага байхгүй. Хуу­лийн дагуу л явагдана.
-МАН задарч эхэлсэн үү. 10-аад гишүүн нь МАН-аас гарч МАХН-д элсэнэ, УИХ-д МАХН-ын бүлэг бай­гуулна гэж яриад яваа нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байна л даа?
-Хэвлэл мэдээллээр л иймэрхүү мэ­дээлэл гараад байх юм. Бүлэг байгуулсан, МАН-аас гарч байна л гэсэн. Хоёр нам хамтарч сонгуульд орно гэсэн мэдээлэл ч асар их байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар МАН-аас гараад МАХН-д элсэнэ гэсэн хүмүүс байхгүй байна. Дотор нь байгаа хүний хувьд баттай хэлж чадна. Гэхдээ цаашдаа МАН-аас гарахгүй байна гэсэн баталгаа бол байхгүй. Ямар улс төр хийж, яаж гарахыг би мэдэхгүй.
-Уугуул намаа сэргээхийн тулд идэв­хтэй ажиллана гээд байгаа нь МАН-аас гарна шүү гэсэн мэдэгдэл юм биш үү?
-Уугуул намтайгаа нэгдэнэ, хамтарч сонгуульд орно гэж өөрийнхөө үзэл бодол, сэтгэлийг илэрхийлж байгаа хэрэг болов уу. Ардын нам нь уугуул уу, хувьсгалт нам нь уугуул уу гэдгийг ялгах хэрэгтэй. МАХН-аас МАН тасраад гарчихаад байгаа юм уу.  МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд төгсгөл, нэг утгаараа үргэлжлэл байхгүй юу. Тэр утгаараа МАХН гэдэг нэрийг олгогдохгүй, дахин олгох боломжгүй гэж байсан. Дахин МАХН гэдэг нэрийг аваад, дахиад шинээр нам байгуулаад, цоо шинэ нам болоод явж байгаа. Энэ асуудлыг ялгаж салгах хэрэгтэй. Хоёр хуваагдаж байна гэх юм. МАН, МАХН гэж хоёр хуваагдаад, тэр байтугай гишүүнчлэл нь дундаа яваад байгаа учраас хортой асуудал. Сонгууль ч дөхчихлөө.
-Таны хэлснээр сонгууль дөхсөн энэ үед ар араасаа гарч ирээд байгаа улс­төрчдийн шоуг хэрхэн зохицуулах ёс­той юм бэ. Хамгийн гол нь дол­ду­гаар сарын 1-ний хэргийг...?
-Хууль тогтоодог байгууллагууд нь ажлаа хиймээр байна. Улс төрийнхний орол­цолгүйгээр хууль хяналтын байгуул­ла­­гууд үнэн мөнийг нь тогтоогоод л хөдлөшгүй баримтаар гаргаж ирэхээс нааш хэрэг шийдэгдэхгүй. Сонгууль болохоор л шийдэгдээгүй хэрэг сөхөж гаргаж ирээд аль нэг намдаа бурууг нялцаахаар ажил явагдаад байна. Улс төрийн намуудын талд хууль шүүх нь үйлчлээд байвал ард түмэн улам л талцаж, сэтгэл санаа нь хямарч, тогтворгүй байдал үүснэ.
-Н.Энхбаяр даргын баривчилгаа, түүнийг тойрсон асуудлууд хам­гийн чухал гэсэн асуудлуудаас хөндийрүү­лээд байна. Тухайлбал цахим үнэм­лэх хэвлэгдэхгүй нь тодорхой бол­чих­лоо?
-Цахим үнэмлэх хийж чадаагүй, хэтэрхий оройтуулсан, цалгардуулсан асуудал тусдаа. Арга хэмжээ тооцогдож явах ёстой гэж ойлгож байгаа. Н.Ал­танхуяг хамтарсан Засгийн газарт орж ажиллахдаа бүх ажлыг хариуцаж байсан. Тэгэхээр хийгдээд явчих боломжоор нь хангаагүй, ажлаа хаяад явсан АН-ын даргад арга хэмжээ авах хэрэгтэй. Хойно үлдсэн ажлыг нь авсан Ц.Нямдорж ажлыг нь зогсоочихсон. Урд хөл нь бүдрэхэд, хойд хөлийг нь ташуурдав гэгчээр одоо ажлаа хийх гэж ядаж байгаа төрийн албан хаагч нарт хариуцлагыг тогтолцоо яриад хэрэггүй. Яагаад, юунаас улбаатай болоогүй вэ, хэнээс шалтгаалав гэдгийг тогтоох ёстой.
-Н.Алтанхуяг дарга олон удаа би бу­руу­гүй гэж тайлбарласан. Нэг нэгэн­дээ бурууг нь тохоод яваад байгаа?
-Би тэгж харахгүй байгаа. Би улс төрийн албыг хашиж явсан хүн. Хариуцлагыг хаана тооцох, хэн ажлыг цалгардуулсан бэ гэдгийг ялгаж салгахтайгаа бай­гаа. Тийм учраас Н.Алтанхуяг авч явж байгаад хэрэгжүүлж чадаагүй. Хэ­рэг­жих бололцоог хангаагүй. Дарж байгаад цаг хугацаа давчуу болсон үед асуудлыг оруулж ирсэн. Бүхэл бүтэн улс орон хоёр, гуравхан сарын дотор иргэний үнэмлэхээ оруулж ирнэ гэж байхгүй. Улаан үнэмлэхээ иргэний үнэмлэхээр солих ажил одоо хүртэл явж л байна ш дээ. Саяхан Чингэлтэй дүүрэгт ажиллахдаа Иргэний бүртгэл мэдээллийн тасгаар орсон. Намайг очдог тэр өдөр хоёр иргэн улаан паспортоо, иргэний үнэмлэхээр сольж байсан. 10 гаруй жил солих процесс үргэлжилсээр л байна. Гэтэл сонгууль болохоос 10 гаруй хоногийн өмнө хэвлээд тараана гэдэг зангууны үлгэр болж байна.
-Хэвлэгдэхгүй бол гарах гарц нь юу вэ гэдгийг бүлгийн хурлаар ярихгүй бай­гаа юм уу?
-Гарц нь одоо байгаа иргэний үнэмлэх. Хуулиндаа цахим иргэний үнэмлэх гээд заачихсан юм бол сонгуулиа хойшлуулах юм уу гэдгээ ярина. Хойшлуулах бол эрхзүйн боломж бололцоо шаардагдана. Шийдвэрийг улс төрийн зөвшилцөөн хийж шийднэ. Хуучин байгаа иргэний үнэмлэхээр хийх боломж байгаа.
-Цэцийн шийдвэрийг энэ долоо хо­ногт хэлэлцэх үү?
-28 руу гулсдаг нь өвдөг шороодсон бөх шороотой өвдгөөрөө туг тойрч байна гэсэн үг. Би хүлээн зөвшөөрөхгүй байсан. МАН-ын зүгээс ч энэ байр суурийг хамгаалж байсан. Манай нам Цэцийн шийдвэрийг хүлээж авсан. АН хүлээж аваагүй. Энэ долоо хоногт хэлэлцэнэ. Тойрог дээр очоод өвдөг шороодчихоод, буцаж намдаа ирээд намын даргадаа “хайр зарлаад” гарна гэдэг нь утгагүй асуудал. Тойрогтоо уначихаад дахиад тойрогтоо ажиллана гэхээр миний тойрог гэж очих уу, эсвэл намаас сонгосон ард түмний элч төлөөлөгч гэж байхгүй байх. 28 руу гулссан хүний сонгогч нь намын дарга, тэгээд гарын хуруунд тоологдох хэдхэн хүн. Зөрчил их гарна.
-АН хүлээж авахгүй гэсэн шалтгаа­наа тодорхой тайлбарлаад байгаа биз дээ?
-Одоо байгаа 25 хүн нь 25-уулаа эргээд сууна гэсэн үүднээс хандсан. 25 хүн нь 48-даа уначихвал гулсаад рейтингээр эргээд УИХ-д суух гэсэн л заль. Энэ 25-д гулсдаг заалтаар эргээд гишүүн болох эрх нь нээлттэй байгаа байхгүй юу. Тийм учраас улайрч зүтгээд байна.
Нийтлэлч
Б.Өнөртогтох
Эх сурвалж
Монголын мэдээ  2012 оны 4-р сарын 17, Мягмар гариг

No comments:

Post a Comment