УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулган удахгүй эхлэх гэж байна. Намрын чуулганаас дутуу орхигдсон, шийдлээ хүлээж байгаа ямар асуудлууд байгаа вэ?
-Ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 5-9-ний хооронд хуралдуулахаар УИХ-ын даргын шийдвэр гарсан. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор холбогдох хуулиудад бас өөрчлөлт орж байгаа.
Мөн Шүүхийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хуучныг нь хүчингүйд тооцох, Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, Хуульчийн эрхзүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Эдгээр нь ерөнхийдөө батлахад бэлэн болчихсон, Намрын чуулганаар эцсийн хэлэлцүүлэг нь хийгдэх гэж байгаад завсарлага авагдаад батлагдаж амжаагүй хуулиуд байгаа юм.-Хэлэлцэгдэх асуудлаас хамгийн их анхаарал татаж байгаа нь Орон нутгийн сонгуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Гэхдээ Намрын чуулган завсарласан байдлаас харахад хоёр намын бүлэг дээрх асуудлуудаар тэс өөр байр суурьтай, хэн нэг нь буулт хийхээс нааш шийдэгдэхгүй байдал харагдаж байгаа. Дээрх асуудлыг шийдэх ямар гарц байна вэ?
-Ээлжит бус чуулганы хэлэлцэх хамгийн чухал асуудал нь энэ. Өмнөх Парламентын нөхөд 2008 онд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа УИХ-ын сонгуультай зэрэг явуулна гээд шийдчихсэн. Орон нутгийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуулийг төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуультай хамт хийнэ гээд завааруулчихсан байдаг. Гэтэл яг өнөөгийн нөхцөлд бол зэрэг явуулах боломж хомс болж ирж байна л даа. Тиймээс МАН-ын бүлэг "Энэ хоёр сонгуулийг зэрэг явуулахад маш олон бэрхшээл гарна. Хууль эрхзүйн орчинд ч нийцэхгүй асуудал олон байна. Хоёр сонгуулийг зэрэг хийх асуудлыг хойш нь тавья" гэсэн байр суурьтай байгаа.-АН үүнийг эсэргүүцэж байгаа. Гол нь гарц олох шүү дээ. Хоёр нам аль нэг нь буулт хийж байж л энэ асуудал шийдэгдэнэ?
-АН-ын талаас янз бүрийн саналууд гарч байна л даа. Жишээлбэл, "Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулаад Орон нутгийнхыг хойш нь тавья" гэсэн санал гарч байгаа талаар сонсогдож байна. Энэ мэтчилэн гарцуудыг хайх байх.-Зөвхөн эцсийн хэлэлцүүлэгт орох хуулиудыг л хэлэлцэх юм уу?
-Уг нь бол шийдлээ хүлээж байгаа олон хууль бий л дээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр гэхэд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Боловсролын тухай, Эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулиуд бас нэг, хоёр дахь хэлэлцүүлгээ хийчихсэн, нэн даруй гаргах шаардлагатай байгаа. Гэхдээ ээлжит бус чуулган бол тодорхой цаг хугацаатай. Тэд хоног хуралдаж, тийм, тийм асуудлыг хэлэлцэнэ гээд эхнээсээ товлочихсон байдаг. Тиймээс энэ удаад эцсийн хэлэлцүүлэг нь хийгдэх, гарахад бэлэн болчихсон хуулиудыг л хэлэлцэнэ. Бусад нь орж амжихгүй.-Товлосон асуудлуудаа хэлэлцэж амжих болов уу. Хэлэлцэх гол асуудал дээрээ хоёр намын бүлэг тэс өөр байр суурьтай байгаа шүү дээ. Магадгүй, энэ асуудлыг хөндлөнгийн гуравдагч этгээд орж зохицуулахаас өөр аргагүй болсон гэж харагдаж байна. Үндсэн хуулийн Цэц дээр Сонгуулийн тухай хуулийн зарим заалтууд оччихсон байгаа?
-Энэ асуудлаар иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол мэдүүлчихсэн байгаа юм билээ.-Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл энэ асуудал эргээд парламентад орж ирнэ. Сонгуулийн хуулийн хувь заяа гишүүдийн гарт дахиад ирнэ гэсэн үг шүү дээ?
-Тийм. Дахиад орж ирнэ. Дахиад хэлэлцэнэ, дахиад маргаан дагуулна.-Гэтэл сонгууль дөхөөд байдаг?
-Хэрвээ хоёр намын бүлэг зөвшилцөлд хүрч чадахгүй, асуудлыг шийдэж чадахгүй бол Хаврын чуулганыг хүлээх, УИХ-ын дарга дахиж , ээлжит бус чуулган зарлах гэсэн хоёр л зам байгаа. Гэхдээ ганц хоёр заалтаас бол, Сонгуулийн хууль бүхэлдээ унана гэсэн ойлголт байхгүй байх. Цэц шийдвэрээ гаргаад, УИХ хүлээж авбал Цэцэд очсон 2-3 заалт л өөрчлөгдөнө.-МАН иргэний цахим үнэмлэхний ажлыг удаашруулах замаар Сонгуулийн шинэ хуулийг явуургүй болгоод байгаа юм биш үү?
-Цахим үнэмлэх, Сонгуулийн хууль хоёр хоорондоо ямар ч хамаагүй. Иргэдийг цахим үнэмлэхтэй болгох бол өнгөрсөн жилээс хойш яригдсаар, хийгдсээр удааширсаар яваад өдийг хүргэсэн ажил. АН-ын зүгээс энэ асуудлаар илэрхийлж байгаа байр суурийг би эрс үгүйсгэнэ. Шулуухан хэлэхэд, энэ цахим үнэмлэхтэй болох ажил бол бизнес байсан. Энэ асуудлыг анх оруулж ирэхэд л эсэргүүцэж буцаалгаж байсан гишүүдийн нэг нь би. Гэвч сүүлд нь хоёр намын бүлгийн дарга нар буцааж оруулж ирээд АН зүтгэсээр байгаад л аваад гарсан шүү дээ. Одоо болохоор ингэж ярих нь утгагүй.-"Эрдэнэс Тавантолгой"-н IРО хойшилсон. УИХ-ын гишүүд энэ асуудлаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Чуулган завсарласнаас хойш Сар шинийн баяр болж өнгөрлөө. Гишүүд ч тойрогтоо ажиллаад завгүй байцгаасан байх. Энэ асуудлаар Намрын чуулган завсарлах үеийн мэдээлэлтэйгээ л байна даа.
Нийтлэлч
Х.Батсайхан
Эх сурвалж
Монголын мэдээ 2012 оны 3-р сарын 05, Даваа гариг
Х.Батсайхан
Эх сурвалж
Монголын мэдээ 2012 оны 3-р сарын 05, Даваа гариг
No comments:
Post a Comment