-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар өнгөрөгч баасан гаригт томилогдсон УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-Тус байнгын хороо нь бусад байнгын хороодыг бодвол илүү өргөн цар хүрээг хамарсан бодлого, шийдвэрийг гаргадаг. Тэгэхээр үүнийг дагаж таны үүрэг ч мөн нэлээд өндөр байх болов уу. Ер нь таны хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажил юу байна вэ?
-Хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажлын тухайд байнгын хорооны нэрд өөрчлөлт оруулна. Тэр нь юу вэ гэхээр манай байнгын хороонд харьяалагддаг гол салбар бол эрүүл. мэндийн салбар. Тиймээс эрүүл мэнд гэдэг үгийг байнгын хорооны нэрдээ оруулна. УИХ-ын тухай хуульд ч энэ талаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Нийгмийн бодлого, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо гэсэн нэртэй болох юм. Эхний өөрчлөлт үүнээс эхлэх болов уу.Манай байнгын хороо бол маш том асуудлуудыг хариуцдаг. Эрүүл мэнд, биеийн тамир, спорт, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, бүр цаашилбал ургийн бичиг, соёлын өв, үндэстэн хоорондын шашны асуудал зэрэг өргөн хүрээний асуудлыг хамардаг учир хичээж сайн ажиллах өндөр хариуцлага ирлээ гэж ойлгож байгаа.
-Та эрүүл мэндийн салбарын хүн. Тиймээс энэ салбартаа илүү анхаарал хандуулах уу?
-Би өөрөө эмч хүн учир эрүүл мэндийн салбарт нэлээд анхаарал хандуулж ажиллана гэж бодож байгаа. Энэ салбар маань дэлхийн хөгжлөөс 15-20 жилийн хоцрогдолтой явж байгаа. Аливаа улс орны хамгийн түрүүнд анхаарах асуудал нь эрүүл мэнд, боловсролын тухай асуудал байдаг.Өнөөдөр манай эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан үе үеийн нөхдөөс ажилдаа хайхрамжгүй, зарим асуудалд хоноцын сэтгэлээр хандаж байсан зүйл олон бий. Эдгээр асуудалд нэлээд анхаарал хандуулъя гэж бодож байгаа. Тухайлбал, боловсон хүчин, төсөв санхүү, бүтцийн салбарт хийж хэрэгжүүлэх ажил олон байна. Өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон МАХН-ын XXVI их хурал, МАН-ын бага хурлаас гаргасан Тунхаглан зарлах бичиг"-т "2.7 сая иргэнээ эрүүл мэндийн үзлэгт иж бүрэн хамруулна" гэж заасан байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2.7 сая иргэнээ эрүүл мэндийн даатгалд иж бүрэн хамруулж, иргэн бүр эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй үзүүлдэг тогтолцоонд шилжүүлэх тухай нарийвчлан заасан байгаа. Үүний дээр эрүүл мэндийн салбарын цоо шинэчлэлийн асуудал байна. Манайд мөрдөгдөж байгаа хуучин тогтолцоо хоцрогдож, эрүүл мэндийн салбар маань сэхээнд байгаа хүн шиг унтаа байдалд байгаад байна. Энэ салбарыг өрсөлдөөнтэй болгох ёстой.Улсаас өгч байгаа төсвийн хөрөнгийг барилга байшинг засварлах, гэрэл цахилгааны төлбөрийг төлөхөд бус гагцхүү иргэнийхээ эрүүл мэндэд, эмчилгээнд нь зориулж төсөв хөрөнгөө зарцуулдаг байх ёстой гэсэн зарчмын дагуу ажиллах бодолтой байна. Энэ бүхэн удахгүй гарах Эрүүл мэндийн хууль,Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулагдах юм.
-Тэгвэл боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт ямар ажлыг хийх вэ?
-Монгол Улсын иргэн бүгд их, дээд сургууль төгссөн, мэргэжлийн дипломтой байх шаардлагатай юу, үгүй юу. Өнөөдөр нийгэмд зайлшгүй шаардлагатай мэргэжил нь дээр үеийн тогтолцоонд байсан техник мэргэжлийн сургууль, мэргэжил дээшлүүлэх, олгох сургалтуудыг төгссөн хүн хэрэгтэй байна шүү дээ.Өнөөдөр мужааны мэргэжлээ сайхан эзэмшсэн хүн сарын сая төгрөгийн цалинтай ажил хийх боломж байна. Ингэхийн тулд төрөөс тэрхүү ажлын байрыг бий болгож өгөх хэрэгтэй байгаа юм. Боловсролын байгууллагын сургалтын орчин, их, дээд сургуулиудын төгсгөж байгаа орчин, төгсөөд ажлын байраар хангагдаж байгаа захиалгын асуудал зэргийг ч нэлээд анхаарч ажиллах бодолтой байгаа.
Нөгөөтэйгүүр Монгол бол Азийн хэмжээнд ардчиллаараа тэргүүлж байгаа улс. Гадна дотно ардчиллаараа гайхагдаж байгаа.Тиймээс тэр хэрээрээ гадаадын буюу Европын сургалтын стандартыг Азийнхтай хослуулсан сургалтыг олгодог байх шаардлага бий болсон. Тиймээс иргэдээ эх орондоо тэрхүү боловсролыг эзэмших хууль эрхзүйн орчныг манай байнгын хороогоор хэлэлцэж, шийдвэрлэж өгөх үүрэг ногдож байгаа.
-Иргэдээс санал авч хуулиндаа тусгах тухай та байнгын хорооны хурал дээр ярьж байсан. Одоо дарга нь болсон болохоор энэ асуудал бүр нээлттэй болох нь ээ?
-Нийгмийн бодлогын байнгын хороонд хамаарагддаг салбаруудынхаа төлөөллийг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцъё гэж бодож байгаа. Үүнээс үүдэн байнгын хорооноос барих бодлогоо тодорхойлъё гэж төлөвлөж байна. Түүнчлэн манай байнгын хорооноос "Багш", "Эмч" үндэсний хөтөлбөрийг батлан гаргана. Ингэхдээ иргэдийнхээ саналыг авч хөтөлбөртөө тусгаж оруулна. Багшийн тухай хуультай болно. Уг хууль болон салбарын бусад хуулийн төслийг боловсруулахдаа орон нутаг, төрийн бус байгууллага гэх мэт тухайн салбарын мэргэжилтнүүдээс нь санал асуулга явуулж хуулиндаа тусгаж оруулах юм.
Т.Гэрэл
Өдрийн сонин
2010 оны 12-р сарын 27, Даваа гариг
No comments:
Post a Comment