Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Албан тушаалын хэргийг хамруулахгүй байя гээд чадаагүй


- Сая энэ төсөл дээр ажиллаж байхдаа ойлгосон зүйл бол уучлал үзүүлэх эрх бүхий ганц субъект Ерөнхийлөгч өөрөө Өршөөлийн хууль санаачлах нь тийм ч зохистой бус юм байна. Энэ нь өршөөл үзүүлнэ гэдэг улстөрийн нэг арга хэрэгсэл болчих вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Сонгуулийн сурталчилгаа хийхдээ хүмүүсийг өршөөлд хамруулна гэх мэтээр ярьж болохгүй нь-
Үндэсний их баяр наадмын өмнөхөн батлагдсан Өршөөлийн хууль яг одоо хэрэгжиж байгаа. Гэвч батлагдсан өдрөөсөө л хэл ам дагуулах болсон уг хуулийн талаар ажлын хэсэгт нь орж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Баяр наамдын өмнөхөн УИХ Өршөөлийн хууль баталсан. Гэвч энэ хуулийг тойрсон маргаан нийгэмд нэлээд газар авч байна. Та ажлын хэсгийн гишүүний хувьд хуулийн агуулга, хэрэгжилтийн талаар ярихгүй юу?
-Монгол Улсад Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 20 гаруй мянган хүнийг хамруулсан байдаг. Ихэнхдээ анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ хууль үйлчилдэг. Хуулийн хэрэгжилтийн үр дүнг аваад үзэхэд нийт суллагдсан хүмүүсийн дөрвөн хувь нь л эргэж гэмт хэрэг үйлдсэн тоо байдаг. Үүнээс харахад өршөөл үзүүлэх нь нийгэмд эерэг нөлөөтэй, үр дүнтэй байгаа юм. Энэ удаагийн хуулиар 2000 гаруй хүн өршөөгдөж байна. Нэг хэсгийнх нь ялын дэглэм буурч байна, эдлээгүй байгаа жилээс нь хасагдаж байна, хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа хүмүүсийнх нь өршөөгдөж байна. Бас анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргийн улмаас ял эдэлж байгаа, 18 нас хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд гэх мэт хүмүүс өршөөгдөж байна. Төрийн тэргүүн санаачилж оруулж ирсэнийг намууд бүлгүүд зөвшилцөж, байнгын хороо нэлээн хэлэлцэж байгаад баталсан. Хууль 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарна. Долдугаар сарын 11-нээс 30-ны хооронд хэрэгжиж байна.
-Гэхдээ энэ хуулийг анхны зорилгоосоо гажсан, зүсээ хувиргасан гэж олон хүн шүүмжилж байна. Зөвхөн долдугаар сарын 11-ний хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөнө гэж анх ярьж байснаа одоо өөр агуулгатай болсон гэж?
- Шүүмжлэл гарч буйг үгүйсгэхгүй. Гэхдээ зөвхөн долдугаар сарын нэгний үймээнд самуунд холбогдсон хүмүүст тусгайлан зориулж хууль гаргах боломж байхгүй. Улс төрийн талаасаа ч, хууль эрхзүйн талаасаа ч. Тиймээс нийтэд нь өршөөх хууль орж ирсэн. Ажлын хэсэгт ажилласны хувьд би албан тушаалын болон авлигатай холбоотой гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүй байх талаар нэлээд хатуу байр суурьтай байсан ч албан тушаалын хэргийг хаалтын зүйлд хамааруулж чадсангүй. Тэгэхээр нийгмийн нэг хэсэгт сөрөг хандлага үүсэх нь аргагүй юм.
-Тэгэхээр албан тушаалтай холбоотой хэргээр шалгагдах буюу ял эдэлж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд, тухайлбал генарал Ч.Амарболд, ОБЕГ-ын дарга асан О.Даш тэргүүтэй хүмүүс суллагдана гэсэн үг үү?
- Тийм. Генерал Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн гурван генерал албан тушаалдаа хайнга хандсан гэсэн зүйл ангиар шалгагдаж байгаа учир өршөөлд хамаарах болж байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр, ОБЕГ-ын дарга асан, генерал О.Даш нарын хүмүүс Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн үндэслэлээр хоригдож буй учир бас хамрагдана.
-Тэгвэл энэ хууль долдугаар сарын нэгний хэргээр хоригдож, шалгагдаж хүмүүстээ хэр үйлчилж байна вэ?
-Тэдгээр иргэдийн дийлэнх нь анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс учир бараг 90 гаруй хувь нь өршөөгдөж байгаа. Уг үймээн самууны улмаас гурван шатны шүүхээс хорих ял сонссон 130 гаруй хүн өршөөгдөх нь тодорхой болж байгаа. Зарим нь зүйл анги, зүйлчлэлээрээ хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа, давтан хэрэгтэй хүмүүс бол үлдэж байгаа.
-Долдугаар сарын нэгний үймээн самууныг зохион байгуулсан гэгдэж байгаа О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарыг яах бол?
-Өршөөлд хамруулахгүй байх тухай наймдугаар зүйлд долоон нөхцөл зааж өгсөн тухай дээр хэлсэн. Үүнд Эрүүгийн хуулийн 177 дугаар заалт буюу зандалчлах гэсэн зүйл орж байгаа учир энэ хэргээр шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэхгүй байх.
- Авлига, хээл хахуулийн хэргээр хоригдох буюу шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэхгүй гэж Та хэллээ. Тэгвэл Авлигатай тэмцэх газар дуудагдаж байгаа УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат нар өршөөлд хамаарахгүй гэсэн үг үү?
-Тэд авлигын гэхээсээ албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байгаа. О.Чулуунбат гишүүн Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 264 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдаад байгаа. Иймээс Өршөөлийн хууль үйлчлэх байх гэж би бодож байна. Л.Гүндалай ч гэсэн албан тушаалтай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа. Миний санаж байгаагаар авлигатай холбоотой хэргээр шалгагдаж байгаа хоёр хүн бий. Гэхдээ нэрийг нь хэлэх боломж алга. Тэд бол өршөөлд хамрагдахгүй. Мөн авлига, хээл хахуулийн хэргээр хэдийнэ хэрэг нь шийдэгдээд ял эдэлж байгаа хүмүүс бий. Тэдэнд энэ хууль хамаарахгүй.
-Албан тушаалаа ашиглаад улсад маш их хэмжээний хохирол учруулсан хүмүүс өршөөлд хамрагдлаа гэхэд учруулсан хохирлыг хэн барагдуулах вэ?
-Албан тушаалтай холбоотой эрүүгийн 10 орчим зүйл заалт бий. Нэгэнт албан тушаалын хэргийг өршөөлд хамруулах болохоор тэр зүйл заалтад хамаарч байгаа хэрэгтнүүдэд үйлчилнэ гэсэн үг. Харин учруулсан хохирлыг яах вэ гэдэг асуудал яах аргагүй босч ирнэ. Үүнийг шийдэх гарц нь тэдгээр хүмүүсийн биеэр эдлэх ялыг нь өршөөж байгаа боловч иргэний шүүхийн журмаар төлөх хохирлыг хэвээр үлдээж байгаа юм.
-Долдугаар сарын нэгний хэргээр халхавчлаад хоёр нам шалгагдаж байгаа өөрсдийнхөө хүмүүсийг уснаас хуурай гаргачихлаа гэх яриа гараад байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тухайлан тайлбар өгөх нь зохимжгүй байх. Ямар ч байсан өршөөл нэлээд өргөн хүрээг хамарлаа. Өршөөл үзүүлэх гол зорилго нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн алдааг уучилж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломж олгох шүү дээ. Ямар ч гэсэн энэ үүргээ биелүүлсэн хууль боллоо. Гэхдээ Өршөөлийн хууль ойр ойрхон гарч байгаа нь тийм ч таатай зүйл биш. Түүнчлэн сая энэ төсөл дээр ажиллаж байхдаа ойлгосон зүйл бол уучлал үзүүлэх эрх бүхий ганц субъект Ерөнхийлөгч өөрөө Өршөөлийн хууль санаачлах нь тийм ч зохистой бус юм байна. Энэ нь өршөөл үзүүлнэ гэдэг улстөрийн нэг арга хэрэгсэл болчих вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Сонгуулийн сурталчилгаа хийхдээ хүмүүсийг өршөөлд хамруулна гэх мэтээр ярьж болохгүй нь. Манай өршөөлийн хууль үндсэндээ гурав, гурван жилийн давтамжтай гарч байна шүү дээ. Цаашид сонгуулийн жил болгон яригддаг, ойр ойрхон гардаг амлалтын хэлбэрт орчихвий дээ. Ингэснээр цаашлаад нийгэмд гэмт хэрэг ихсэх, тэртэй тэргүй өршөөгдчих юм чинь гэх байдлаар хандах нөхцөл бүрдүүлж болзошгүй. Ер нь Өршөөлийн тухай хууль гаргах тухай тусгайлсан хуультай болох хэрэгтэй юм байна гэж бодогдож байна. Ямар нөхцөлд өршөөлийн хууль гаргах вэ гэдгийг хуульчлах хэрэгтэй юм байна.
-Уучлаарай, ажлын хэсэгт орж ажилласан Х.Тэмүүжин гишүүн санал зөрөлдөөд ажлын хэсгээс гарсан гэж сонссон. Өөрөөс нь тодруулах гэтэл байхгүй байна. Энэ үнэн үү?
- Тийм юм байхгүй. УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Х.Тэмүүжин бид гурав санал нэгтэй хуулийн төсөл дээр ажилласан. Хэлэлцэх явцад санал зөрөх зүйл байсан. Тухайлбал анх санаачилсан хувилбар болох ардчилсан хөдөлгөөний ойд зориулж өршөөх байсныг хоорондоо зөвшилцөөд “өршөөлийн” гэдэг ерөнхий нэрээр гаргах нь зүйтэй гэж үзсэн. Анх өргөн барьснаасаа хамаагүй дээр хууль болсон. Миний хувьд ганц харамсаж байгаа зүйл нь албан тушаалын хэргийг хамааруулснаараа хуулийн үнэ цэнэ жаахан унав уу гэж бодогдож байна.
Э.Адъяасүрэн
2009 оны 7-р сарын 20, Даваа гариг
МОНЦАМЭ

No comments:

Post a Comment