Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Баян цөөнхтэй ядуу нийгэм удаан оршин тогтнохгүй


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай бэлэн мөнгөний амлалт, эдийн засгийн асуудлаар ярилцлаа.
- Уул уурхайг дагаад асар их мөнгө орж ирсэн ч тэр хэрээр тарааж дуусгалаа. Эрх баригчид хөгжил, нийгмээ чадавхжуулахад мөнгө зарцуулж хэзээ сурах вэ?
- Улстөрийн намд нэг нэгнээсээ уралдаад сонгуулиар мөнгө амласан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бас л амласан. Гол зарчим нь бэлэн мөнгө тараах. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг нэг салбар, тодруулбал, уул уурхайгаас хамааралтай явж байна. Үүнээс болж голланд өвчинд нэрвэгдээд Монголын эдийн засаг дархлаагүй болчихоод байна. Хүнээр ДОХ-ын халдвар авсантай адил. Өнөөдөр зэс, нүүрсний ханшаас хамаарч Монгол Улс орших уу эс орших у гэдэг шалтгаална. Дээр нь ганц зах зээл буюу нэг худалдан авагчтай нь бүр аюул, аюулгүй байдалд асуудал  үүсгэж байна. Энэ хэт хамааралтай эдийн засаг, хэт хамааралгүй зах  зээлээс олсон орлого нь хуримтлалыг үүсгэх боломжгүй  болгоод байна. Учир нь дандаа тараалт явагдаж байна. Уг нь эдийн засаг гэдэг байнга өсч буурч байдаг зүйл тогтолтой. Одоогоор бид  түүхий эд өсөх үед явж байна. Энэ өсөлтийг дагаад төсвийн  хэт тэлэлтийг замбараагүй хийж байна. Ховорхон тохиох  асар том боломжийг бид юм  болгож чадалгүй ахуйн хэрэглээндээ үрээд дууслаа.  Дөрвөн тэрбум  ам.доллараар улсынхаа бүхий л аймаг сумын хөгжилд хөрөнгө оруулаад сургууль цэцэрлэг, оношлогооны төв байгуулж иргэдийнхээ амьдралд өөрчлөлт, ахиц авчирах боломжийг бид үгүй хийчихээд сууж байна.
- УИХ-ын чуулган дээр их дээд сургуулийн оюутнуудад цалин олгоё гэсэн хуулийн төслийг хоёрхон гишүүн эсэргүүцсэний нэг нь та. Ингэвэл оюутнуудын сурах идэвх сайжирах юм биш үү?
- Энэ нь дахиад л байгалийн баялгийг тараах ээлжит амлалт орж ирж байгаа юм. Оюутнуудыг цалинтай болголоо гэхэд жилдээ 132 тэрбум төгрөгийг бэлнээр тараана гэсэн үг. Энэ мөнгөөр оюутны иж бүррэн цогцолборыг шинжлэх ухааны технологийн төвтэй нь барьж  дээд сургуулиа олон  улсын төвшинд хүргэх бололцоо байна. Гэтэл тэр мөнгийг дахиад л ам тослох маягаар тараах гэж байна. Мөнгө өгсөн үү өгсөн, амссан уу амссан гэнэ. Ингээд асуудлыг шийдэхгүй.
- Улс төрийн намууд  бэлэн мөнгөний амлалт дахиж өгөхгүй, мөнгө ярихгүй гээд  байгаа. Хэрэг дээрээ нөгөө л мөнгөн амлалт, мөнгөөр асуудал шийдэх гэсэн байдал үргэлжилээд л байна. Засгийн газраас иргэдийг орон сууцтай болгохын тулд хүн бүрт нэг сая төгрөгийн данс нээнэ гэж байна?
- Хэт хавтгайруулж хүн бүрт, иргэн бүрт  гээд  мөнгө олгох гээд байгаа нь хэцүү. Ингэж хавтгайруулж тэжээлгээд сурчихсан  ард түмнийг  бид  өнөө маргаашдаа  дийлээд аргалаад байж магадгүй. Түрүүн хэлсэн шиг эдийн засгийн өсөлт, бууралт  болоход уналт ирнэ.

Тэр үед бидний бий болгосон бэлэн мөнгө тараадаг тэтгэмж, хангамжийн тогтолцоо дийлэх үү. Энэ чигээрээ хангаж чадахгүй бол юу болохыг урьдчилж харах хэрэгтэй. Бид бусдын алдаанаас суралцах хэрэгтэй. Грек, Испани, Португалд юу болж байгааг хардаа. Улс орноороо төлбөрийн чадваргүй боллоо. Оюутны сургалтын төлбөрийг нэмснээс болж Францад эсэргүүцлийн жагсаал ямар хэмжээнд хүрч байгааг хар.  Байнгын халамжинд яваад сурчихсан ард түмэн  эргээд биднээс ингэж л нэхнэ. Тэр нэхэлт  уул уурхай гэсэн ганцхан салбараас хамааралтай байгаа нь аюултай. Үнэн дээ уул уурхай хөгжөөд эдийн засагтаа  бодит орлого оруулж эхлээгүй байна. Алаагүй баавгайн арьсыг хуваана гэгч болоод байна. Хэт их хөөсөн дээр ирээдүйд олох орлогоо хувааж идэж байна. Ийм шахалтаар Оюутолгойгоос 200 сая ам.доллар урьдчилж аваад тараасан. Өнөөдөр Тавантолгойгоос урьдчилгаа болгож 300-400 тэрбумы гол гээд шахаж байна. Дараа нь  оюутны цалингаа  босгохын тулд  ямар стратегийн ордоороо гадныханд найр тавих  юм.
- Улстөрчид ард түмэндээ хайртайдаа мөнгө өгөх гээд халамжиндаа анхаараад эхэлсэн гэж харагдахгүй байна. 2012 оны сонгуулийн санал хураах өдрийг л  харж хийж байгаа ажил гэж хардаад байгаа. Санал нэгдэж байна уу?
- Сонгууль харсан алхамууд явж байна. Чуулган дээр оюутнуудад цалин олгоно гэхэд З.Алтай гишүүн бид хоёр цөөнх болсон. Бусад маань сонгууль болж байхад мангар хүн юм гэж байна. Би итгэл үнэмшилдээ хэвээр байна. Сонгуульд зориулж бус хөгжилд, ирээдүйд олсон орлогоо зарцуулмаар байна. Асуудал шийдэхгүй зүйлд мөнгө цацаад  байгаа нь хайран. Иргэд өнөөдөр ажлын байр хүлээж байна. Ингэж цацаж байгаа мөнгөө мэргэжлийн сургуульд зарцуулж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх нь чухал болохоос хөдөлмөрийн зах зээлд эдийн засагч, хуульч гээд баялаг үйлдвэрлэдэггүй дээд боловсролтой хүмүүсийг мянга мянгаар бэлтгэн гаргах шаардлага алга. Томоохон сургуулиудаа олон улсын хэмжээнд  цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр ирээдүйд олох орлогоо барьцаалан байж  авчихаад тараагаад байгаа нь харамсмаар байгаа юм.
- УИХ-ын хэсэг гишүүд хамтраад Эдийн засгийн рефорум бүлэг байгуулсан. Ингэхэд та хэд юу хийх юм бэ?
- Монгол Улс чөлөөт эдийн засгийг 20 жил хөгжүүллээ. Өнөөдөр нийгмийн баялаг хэнд зориулагдаж байна. Нийгмийн цөөнх баялгийг хувааж хүртэж хязгааргүй хөрөнгөжих эдийн засгийн бүтэц бий болчихсон байна. Хэн нэгэндээ бус хөгжүүлж байгаа эдийн засгийн бүтэц маань мөнгөтэй хүний хадгаламж, тансаг хэрэглээ, компанийн ногдол ашиг орлогоос нь татвар авахгүй байна. Гэтэл ажил хийж, баялаг бүтээж байгаа хүнээс өчнөөн олон төрлийн татвар авч байна. Уул уурхайгаас хөрөнгөжсөн хүмүүс одоо бусад салбараа дээрэмдэж, эзэгнэж эхэллээ. Тэнд зөв өрсөлдөөн байхгүй болсон. Ингэснээр нийгмийн дундаж давхаргаа шахаж эхэлсэн. Цөөнх баян хэт олонхи ядуу болж байгаа нь Монголын нийгэмд хортой. Тиймээс хэсэг гишүүд байр сууриа нэгтгэн санал солилцож байна. Энэ эдийн засгийн загвар, хөгжлийн чиг хандлага маань зөв байна уу. Энэ чигээрээ явбал нийгмийн баялаг цөөнхөд хуваарилагдаад дуусна. Нийгэмд тогтворгүй байдал бий болно. Нийгмийн тогтвортой байдлыг бий болгохын  тулд байнгын тогтсон орлоготой, олсон орлого нь хэрэглээг нь бүрэн хангадаг дундаж иргэдийг бий болгох. Иргэд ажилтай болсноор орон сууцтай, машинтай гээд хэрэглээгээ бүрэн хангаж чаддаг байх хэрэгтэй байна. Өнөөдрийн арилжааны банкны зээлээр иргэд маань орон сууцтай  болж чадахгүй байгаа. Энэ олон баригдаад байгаа орон сууцнууд нөгөө л цөөнхөд очно. Төрөөс иргэдийг орон сууцжуулах гэж гаргасан элдэв хөтөлбөрийн санхүүжилт арилжааны банкаар дамжаад иргэдэд хүрэхдээ өндөр хүүтэй болж байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд цөөнхийн нийгмийг хөгжүүлж ирлээ. Энэ байдлаараа цааш явж болохгүй.
- Тэгвэл энийг өөрчлөх ямар арга байна. Танай бүлгийнхэн юу гэж ярилцаж байна?
- Нэгдүгээрт, архи, тамхи, спирт, уул уурхай гэсэн цөөн тооны монополь үйлдвэрүүд төсвийн 90-ээд хувийг бүрдүүлж байна. Цаана нь 60 гаруй мянган аж ахуйн нэгж үлдсэн хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр нийт уул уурхайн салбарын өсөлттэй байгаа үед юм хийе гэсэн 60 гаруй мянган аж ахуйн нэгжээ таван жилийн хугацаатай бүх төрлийн татвараас чөлөөлье. Жилдээ ганц удаа бүртгэлийн хураамж такс төлнө. Ийм замаар  өөрсдөө хөгжих, хөрөнгө оруулах, ажлын байр бий болгох бололцоог нь бий болгож өгнө. Ингэхдээ  доод тал нь таван ажилтантай аж ахуйн нэгж энэ хөнгөлөлтөд багтана гэсэн шалгуур тавьж өгөх хэрэгтэй. Ингэлээ гэхэд 300 мянган хүний ажлын байр бий болчихно. Хөдөлмөрийн зах зээлд ажил идэвхтэй хайж  байгаа иргэд бүгд ажлын байртай болно. Өнөөдөр төр бүх мөнгийг хурааж аваад эргүүлж хуваарилах гэж аргаа олж чадахгүй менежментийг нь буруу хийгээд байна. 60 гаруй мянган аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлснөөр төрийн нуруун дээр байгаа олон хүнд ачаа байхгүй болно. Дагаад төрийн албанд өөрчлөлт хийх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт,  монополь аж ахуйн нэгжүүдийг задлах хэрэгтэй. Гэхдээ хөрөнгө хураах аргаар бус   олон нийтэд нээлттэй хувьцаат  компани болгох юм. Хүн амын дийлэнхийг бүрдүүлж байгаа  залуучууд нийгмийн баялгаа хүртэж чадахгүй байна. Харин нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт  аж ахуйн нэгжүүд ороод ирэхээр иргэд орлого зарлагаа зохицуулаад хувьцаа худалдаж аваад байна. Ингэвэл нийгэм, олон нийт өөрөө сэтгэл хангалуун  амьдарна. АНУ-ын иргэд яагаад сэтгэл хангалуун тайван амьдарч байна.  Тэр нь томоохон аж ахуйн нэгжүүд нь олон нийтийн мэдэлд байдаг. Тухайлбал, “Женерал моторс” машин үйлдвэрлэлээрээ алдартай компанийн хувьцааг иргэд нь эзэмшдэг болохоороо сэтгэл хангалуун байна.
Дараагийн арга нь зэх зээлийн хуваарилалтыг хийх хэрэгтэй. Өнөөдөр Майкрософт компани мөнгөгүйдээ байшин барихгүй байгаа юм биш. Зах зээлийг  нь төрөлжүүлээд хязгаарлаад өгчихөж байгаа юм. Энэ нь  хамгийн зөв эрүүл хуваарилалт. Үүнийг дагаад бүтээж байгаа баялагтаа нийгэм сэтгэл хангалуун, тэгш боломжтой болдог. Ингэснээр нийгэм тогтвортой болно. Манай улсад ийм байх бүрэн боломжтой. Эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал дундаж давхарга дээр тогтдог.
- Иргэд нийгмийнхуваарилалт шог байна гэж гомдоллодог. Одоо УИХ-ын гишүүд яриад эхлэхээр монополь болсон нөхдүүдэд таатай сонсогдохгүй байгаа байх. Ажил хэрэг болгоход хүндрэлтэй байх даа?
- Ухаантай хүмүүс сайн  ойлгох байлгүй. Ийм алхам хийж чадаагүйгээс  Итали, Германд фашизм бүрэлдсэн. АНУ ийм байдлаас  гарах замаа  аж ахуйн нэгж, монополь, татварын бодлогоор хийсэн. Цөөнхөд нийгмийн баялаг хуваарилагдахаар ямар ч ашиггүй болж компаниа задалж өөрийн оруулсан хөрөнгөө татаж аваад нийтийн өмч болгосон. Тэгэхээр манай улсад тийм боломж байна гэж хараад байгаа юм. Тавантолгойн орд газрын хувьцааг иргэн бүртээ өмчлүүлнэ гэдэг том боломж. Улс үндэстнээрээ хувьцаа эзэмшдэг ард түмэн дэлхийд ховор.
- Энэ ярьж байгаа бүхнийг одоо л хийж эхлэхгүй бол 2012 онд нийгмийн бухимдал юунд ч хүрч магадгүй гэж  байгаа хэсэг байна. 2008 оны долдугаар сарын 1-н  зөвхөн эхлэл нь байсан ч гэдэг?
- Нийгмийн бухимдал одоо цөхрөл болоод цөхрөл нь хорсол болсон. Тэгэхээр хорсолоо тайлах арга зам хэрэгтэй. Гэхдээ  бид хүний хөрөнгө хураах асуудал яриагүй. Хөрөнгө олон нийтэд нээлттэй болгож хөрөнгө үржүүлэхийг хэлж байгаа юм. “НИК” компанийн хувьцааны 50 хувийг иргэд эдэлж байгаа бүгд л НИК-ийн шатахуун түгээх станцаас шатахуунаа авна. Тэр хэрээр компанийн орлого, ашиг нэмэгдэнэ. Энийг л ойлгох цаг болсон.

Ц.Ургамал
2011 оны 5-р сарын 26, Пүрэв гариг
Сэрүүлэг сонин

No comments:

Post a Comment