Monday, 23 April 2012

Д.Очирбат: Жендэрийн хууль батлагдвал эрчүүдэд зориулсан нийгмийн үйлчилгээ сайжирна


Жендэрийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Очирбат ахлан ажиллаж байна. Түүнтэй хүйсийн тэгш байдлын талаар ярилцав. 
-УИХ-д байгаа эрэгтэй гишүүд ихэвчлэн Жендэрийн тухай хуулийн эсрэг нэгдчихдэг уламжлалтай. Энэ парламентад та хуулийн ажлын хэсгийг ахалж буйд баяртай байна. Ер нь энэ хуулийг ямар болсон гэж та үзэж байна вэ?
-Энэ хууль маш сайн болсон. Дөрвөн парламент дараалан гишүүдийн хэлэлцүүлгээр орж, нийгмийн төлөөллийн саналууд багтсан учраас маш чамбай хууль болсон гэж хэлж болно. Магадгүй гурав, дөрвөн жилийн өмнө бол Жендэрийн тухай хууль ярихаар зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн талаар ойлгодог байсан байх. Харин өнөөдөр энэ ойлголт өөрчлөгдөж, хүйсийн тэгш байдлын тухай асуудал гэдгийг нь мэддэг болж байна.
-Тантай санал нэг байна. Манайд эмэгтэйчүүдийнхээс илүү эрчүүдийн эрх хамгийн их зөрчигдөж байгаа байх аа?
-Яг тийм. Манайх чинь уламжлалаараа эмэгтэйчүүдийг дорд үзэж байгаагүй ард түмэн. Зарим оронд эмэгтэй хүн зүгээр нэг гэрийн боол мэт байсан бол монголчуудын хувьд эрчүүдтэй адилхан, гэртээ бол бүр илүү их эрх мэдэлтэй хүмүүс байсаар ирсэн юм байна. Тийм учраас одоо ч энэ уламжлал хэвээр байгаагаас тэр үү, эмэгтэйчүүдийн гэхээсээ илүү эрчүүдийн эрх зөрчигддөг тохиолдол олон байна. Дунд давхаргад эрчүүд бараг бүх зүйл дээр орхигдсон байгаа юм. Эрчүүдэд зориулсан нийгмийн үйлчилгээ гэж бараг алга. Ялангуяа боловсролын салбарын 70-80 хувь, эрүүл мэндийн салбарын 65 хувь нь эмэгтэйчүүд байна.
-Эрчүүд ч гадуурхагдаад байгаа л даа. Тэднээс илүү эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж байна. Гэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс илүү чадалтай байхад буруу юм байдаг болов уу?
-Байгалийнхаа хуулиар эрчүүд эмэгтэйчүүдээс хүчгүй байх нь бас их эрсдэлтэй юм байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү мэдлэг боловсролтой, чадалтай, мөнгөтэй болох тусам өөрөөсөө сул эр хүнийг сонирхдоггүй. Ингээд эмэгтэйчүүд эсрэг хүйстнээ биш, ижил зиндааны эмэгтэй хүмүүсээ сонирхож эхэлдэг юм байна л даа. Тэгэхээр хүйсийн тэгш байдлыг зохицуулсан хууль зайлшгүй байх ёстой юм. Ялангуяа манай оронд эхнэргүй залуучууд олноор байхад хүүхнүүд гадаад хүнтэй суудаг боллоо. Энэ бол эхний аюул. Дараа нь ижил хүйстнүүд олшрох эрсдэл байна. Хүүгээ үл тоогоод охиноо сургуульд явуулчихдаг хүмүүс шүү дээ, манайхан.
-Тэгвэл эрчүүдээ хамгаалах заалтыг хуулиар яаж зохицуулж байгаа юм бэ?
-Нэлээд олон зохицуулалт бий. Тухайлбал эмэгтэйчүүдийн эмнэлэг гэхэд манайд олон байдаг хэрнээ эрчүүдийн эмнэлэг гэж бараг байхгүй. Тэгэхээр үүнийг ингэж хүйсээр ялгаварлаж заахыг хориглох ёстой гэж үзэж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан үйлчилгээ авдаг байх ёстой гэдэг үүднээс аливаа нэг байгуул-лага, хүнд хүйсээр ялгаж үйлчилж болохгүй. Үүнээс болж эрчүүд тоглоомын гадна үлдээд байна. Мөн анагаахын сургуульд гэхэд эрчүүд 15 хувь хүрэхтэй үгүйтэй суралцдаг юм байна. Энэ байдлаараа хэдхэн жилийн дараа эрэгтэйэмч гэж байхгүй болох нь. Тийм учраас элсэлтэд нь 40 хувийн квот тавих гэх зэргээр зааж өгсөн. Түүнчлэн заавал эрэгтэй хүүхдээ орхиж, эмэгтэй хүүхдээ сургуульд явуулдаг тэр сэтгэхүйг өөрчлөх зорилт тавьж байгаа. Энэ мэтчилэн тэгш харилцааны талаарх заалтыг нэлээд нарийн тусгасан. Хэлэлцүүлгийн үед улам бүр сайжруулах байх гэж бодож байна.
-Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар яринхад удирдах албан тушаалд байх эмэгтэйчүүдийн квот анхаарал татдаг. УИХ-д орох эмэгтэйчүүдийн квотыг энэ хуульд хэд байхаар төлөвлөв?
-30 хувийн квот тавьсан. Саяхан улстөрийн намуудаас энэ квотын талаар санал асуулгыг явуулсан. МАХН 25 хувийн квоттой байх ёстой гэж үзсэн. АН-ын бүлэгхуралдаад, тусгайлан саналгүй байна гэсэн. Ямар ч байсан үүнийг дэмжиж байна. ИЗН, Ногоон нам энэ хуулийг хэлэлцэх үед саналаа тусгана гэсэн. -Та улстөрд эмэгтэйчүүдийн оролцоог хэр байх ёстой гэж үзэж байгаа юм бэ?- Улстөрд эмэгтэйчүүдийн оролцоо ямар ч байсан одоогийнхоос илүү байх ёстой. Өнөөдөр манай УИХ-д эмэгтэй гишүүн гуравхан байна. Монгол "Улсын хүн амынихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэтэл УИХ-д гуравхан төлөөлөлтэй байгаа нь тэдний дуу хоолойг илэрхийлэхгүй. Пропорциональ системийн хувилбараар эмэгтэйчүүдэд 15 хувийн квотыг тавьсан байсан. Гэтэл энэ хувьд хэдэн эмэгтэй хүн гарч ирэх вэ гэхээр бас л багасна. Тэгэхээр бид бодит байдлаа бодолцож, энэ хувийг бага зэрэг нэмэгдүүлэх шаард-лага бий. Ер нь төрийн шийдвэрт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, уян хатан, тэнцвэртэй болгох шаардлага бий гэдгийг бүгд ойлгож байгаа шүү дээ.
-Ер нь энэ хуулийг хэлэлцэх бүрт эмэгтэйчүүдийг УИХ-д оруулах зорилготой хууль гээд гишүүд ойлгочихдог доо?
-Тэгдэг нь үнэн л дээ. Гэхдээ энэ хуульд эрчүүдийн асуудлыг илүү тусгасан. Гишүүд ойлгох байх .

2010 оны 5-р сарын 11, Мягмар гариг
 Өглөөний сонин

No comments:

Post a Comment