Monday, 23 April 2012

Д.Очирбат: Төрийн захиргааны албан тушаалын эр, эм хүйсийн харьцааг 60:40 гэж тусгасан


УИХ-ын холбогдох байнгын хороодоор Жендерийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Энэ хуулийг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Д.Очирбаттай ярилцлаа. 
-Жендерийн тухай хуулийн төслийн агуулгыг товч дурдахгүй юу?
-Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль гурван парламент дамжиж, гаралгүй их удсан. Одоо дөрөв дэх парламентаар хэлэлцэж байна. Дөрвөн парламент дамжиж, олон удаа хэлэлцсэн болохоор сайн хуулийн төсөл орж ирсэн. Хэдхэн жилийн өмнө жендер гэж ярихаар эмэгтэйчүүдийн хууль гэж ойлгодог байсан бол одоо байдал өөрчлөгджээ. Өнөөдөр жендер гэдгийг эмэгтэйчүүдийн гэхээсээ илүүтэйгээр эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэгш байдлын тухай асуудал гэдгийг олон нийт ойлгодог болжээ. Гадны улс орнуудад эмэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээх, мөнгө олох, бизнес хийх зэрэг давамгайлсан үйл ажиллагаа ихэссэн байх жишээтэй. Манай оронд ч гэсэн эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэгш байдлын тухай ярих цаг нь болсон. Тав, зургаан жилийн өмнө эмэгтэйчүүдийн тухай ярьдаг байсан бол одоо эрэгтэйчүүдийн тухай ярих шаардлага гараад байна.
-Энэ хуулийг ярихаар юуны түрүүнд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны хувь хэмжээ сөхөгдсөөр ирсэн. Дахиад л яригдаж байгаа юу?
-Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг өмнө нь хэлэлцэх явцад улс төрийн томилгоо, эмэгтэйчүүдийн удирдах ажлын томилгоонд анхаарлаа хэтэрхий их төлөвлөрүүлдэг байсан. Мөн шат, шатны сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн квотын тоо, эсвэл удирдах болон төрийн албан тушаалтан эмэгтэйчүүдийн квотыг хэд байх ёстой, ийм байх ёстой гэж мар-галдсанаасаа болоод энэ хууль гардаггүй байсан. Эмэгтэйчүүдийн улс төрд орох квот нь гол маргаан биш болж байна. Амьдрал дээр эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэгш байдлыг зохицуулж өгдөг хууль гэж юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь гэж төсөлд тусгасан байгаа. Энэ хувийг тогтоохдоо улс төрийн намуудын удирдлагуудаас санал авсан л даа. Ингэхэд МАХН намынхаа дүрэмд заасны дагуу 25 хувь гэсэн. Харин' УИХ дахь АН-ын бүлэг тусгайлан саналгүй байна гээд энэ хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн ИЗН, НН-ынхан энэ хуулийн төслийг хэлэлцэх үед саналаа тусгахаар болсон. Ажлын хэсгийнхэн Улс төрийн намуудын тухай хуульд сонгуульд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар ярьж байгаа. Гэхдээ хэлэлцүүлгийн үед энэ квот хадгалагдах, эс хадгалагдахыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүс улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо их байхёстой гэдэг үзэл баримтлалтай байгаа гэдгийг хэлмээр байна.
-Үүнээс өөр ямар асуудлууд дээр квот тогтоосон байгаа вэ?
-Хуулийн 16 дугаар зүйл дээр эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцааг квотоор тавьж өгсөн байгаа. Эрүүл мэндийн салбарт 15 хувь нь эрэг-тэй, үлдсэн нь эмэгтэйчүүд байна. Энд тэнцвэрт байдлыг хадгалах гэдэг утгаар хамгийн багадаа эрэг-тэй эмч нарыг 40 хувьд хүргэхээр зохицуулж байгаа. Ийм болгохын тулд ерөнхий боловсролын сургуулиас эхлээд анхаарч ажиллах шаардлага гарна. Мөн төрийн байгуулалт, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс квотуудыг зааж өгсөн байгаа. Төрийн захиргааны албан тушаалын эр, эм хүйсийн харьцааг 60:40 гэж тогтоосон. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэндийн систем дээр эрэгтэй хүний тэгш байдал алдагдчихаад байна. Тухайлбал, боловсролын салбарын 70-83, эрүүл мэндийн салбарын 60-75 хувьд эмэгтэйчүүд байна. Тиймээс эдгээр салбарт эрчүүдийн жендерийг ярих цаг болсон. Ийм учраас улс төр, эрүүл мэнд, боловсролын салбарт эрэгтэй, эмэгтэй хүйсийн хамгийн бага хязгаарыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, доод хязгаар нь 40, дээд хязгаар нь 60 хувь байхаар оруулж өгсөн.
-Өр нь манай нийгмийн хүйсийн тэгш байдал алдагдсан гэж үзэж байна уу?
-Хүйсийн тэгш байдал алдагдаж эхэлж байна гэж болно. Улс төр болоод төрийн захиргааны байгууллагуудад эмэгтэйчүүдийн эзэлж байгаа хувь, үүргийн талаар судалгаа хийлгэж байна. Энэ судалгаа гарсны дараа олон асуудал тодорхой болох байх.
-Боловсрол, эрүүл мэндийн салбарын квотыг хэрхэн ажил хэрэг болгох вэ?
-Боловсролын тал дээр зохицуулалт хийж болно гэж үзэж байна. Тухайлбал, оюутан, сурагчдыг элсэлтээс нь эхлээд эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцааг тэгш байлгахад анхаарах. Үүнээс илүүтэйгээр ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй байна гэж бодож байна. Учир нь монголчууд бид чинь охин хүүхдээ сургууль соёлын мөр хөөлгөдөг. Харин хүүгээ цэрэгт явах юм чинь, жолоо мушгиад ч гэсэн амьдарна даа гэж амьдралд нь буруу хандахгүй байх зэрэг ойлголтын асуудал гарч ирж байгаа юм.
-Байгууллагуудын хувьд хүйсийн ялгаа их байдаг. Тухайлбал, эмэгтэйчүүдийн эмнэлэг олон болсон. Гэтэл эрэгтэйчүүдийн эмнэлэг гэж хаа нэг л сонсогддог. Ийм асуудлыг зохицуулж байгаа юу?
-Нэг хүйсийн нэг байгууллагыг хэт сурталчлахыг хориглож байгаа. Жишээлбэл, эмэгтэйчүүд эмнэлэг, эрчүүдийн эмнэлэг гэдэг ч юм уу, хэт нэг талыг барьсан хүйсийн байдлыг алдагдуулсан үйл ажиллагааг зохицуулж байгаа.
-Энэ хуулийн хүрээнд ямар хуулиудад өөрчлөлт орох бол..?
-Жендерийн тухай хууль гарснаар УИХ, өндөр түвшний удирдах албан тушаалын эрэгтэй эмэгтэй хүйсийн харьцааг тэгшитгэх, оролцоо нь нэмэгдэх юм. Энэ хуулийн төслийг сонгуулийн хуулиудтай уялдуулах шаардлага гарч ирж байгаа. Нэр дэвших квотоос гадна УИХ ба орон нутгийн сонгуульд улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байна гэж оруулсан. Ингэх нь мажоритар системийн хууль, тэр үеийн ухагдахуун ойлголтууд өөрчлөгдөнө. Хэрэв пропорциональ систем рүү шилжвэл энэ хувь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.

Д.НАВЧАА
2010 оны 5-р сарын 11, Мягмар гариг
 Өдрийн сонин

No comments:

Post a Comment