Tuesday 17 April 2012

Х.Баттулга: Ардчилал гажиж байгаа гэдэг нь АН-ын үүрэг бага байна гэсэн үг


МоАХ-ны IV их хурал өнгөрөгч бямба гарагт болсон юм. Энэ үеэр тус холбооны дарга Х.Баттулгатай цөөн хором ярилцлаа.


-МоАХ-ныхон IV их хурлаа хуралдуулах болсон шалтгаан нь юу вэ?

-1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар их хурал болж байсан. Нийгэм хаашаа явж байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд улс орон хэрхэн хөг­жиж байсан талаар тухайн үед ярьж байсан юм. Өнөөдөр тэр цагаас хойш 22 жил өнгөрсөн байна. Энэ их хурлаар Монгол Улсын өнөөгийн байдалд дүгнэлт хийх зорилготой юм. Монгол Улсын өнцөг булан бүрээс төлөөлөгчид ирж байна.

-МАН, АН, МАХН-д нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Яагаад заавал улс төрийн намууд руу чиглэсэн шүүмж өрнөж байгаа юм бол?

-Ардчилсан сонгуулиар төр засаг, их хурлаа байгуулдаг. Гэтэл сонгуульд санал худалдаж аваад ялдаг тогтолцоо бий болсон байна. Мөнгөөр бүх ажил хийгдээд байгаа учраас энэ мөнгө өөрөө хаанаас орж ирж байгаа юм гэдэг асуудал гарна. Мөнгө өгч байгаа хүнд нам үйлчлэх ёстой. Мөн тэдгээр хүмүүстээ зориулж хууль тогтоодог чөтгөрийн тойрог руу орчихлоо. Тиймээс сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдсэн байгаа энэ үед МоАХ сонгуулийн өөрчлөлт хийе л гэж ярьж хэлэлцэж байгаа юм

-МоАХ-г АН-ын нэг фракци гэж ярьдаг. Өнөөдөр үг хэлж байгаа хүмүүс АН-ыг маш ихээр шүүмжилж байна?

-Би өөрөө АН-ын гишүүн. Манай холбоо бол гадна талдаа том бүлэглэл бүхий гишүүнчлэлтэй том байгууллага. Ардчилал гажиж байгаа гэж ярьж байгаа нь чухам АН-ын роль бага байна л гэсэн үг байхгүй юу. АН хэмээх том нам байхад ардчиллын асуудал гажаад ирэхээр дүгнэлт хийх шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр АН, МАН хоёр хоорондоо ялгагдахгүй болчихлоо гэдгийг хүмүүс хэлж байна л дээ. Тэр утгаараа ч АН-ынхаа удирдлагуудтай энэ талаар их ярьдаг. Ямартай ч нэг дүгнэлт гарах байх.

-Эдийн засгийн байдал их хүнд байгаа талаар их хөндөгдөж байна. Азийн цээжин дэх Африк болох вий гэдгийг ч олон хүн сануулж хэлж байна л даа?

-Азийн цээжин дэх Африк болох вий дээ гэдэг үгийг толгой холбох гэсэндээ хэлээд байгаа юм биш. Эргээд харахаар хуваарилалт муу байгаа байхгүй юу. Буруу байна гэж яриад байгаагийн утга нь Африкт хийгдэж байгаа технологи Азид хийгдэж эхэлжээ. Тухайлбал, манайд ороод ирчихсэн байгаа ийм тохиолдолд бид яах ёстой вэ. Уг нь Засгийн газар ч юм уу. Төр барьж байгаа эрхмүүд одоо яах вэ гэдгийг бодох хэрэгтэй байтал гадныхан орж ирээд баялгийг авдаг. Үүнийг л Африк гэж хэлж байгаа юм. Өнөөдөр иргэдийн амьдралыг сайжруулна гэж хэлээд УИХ-д ялаад тэндээсээ засагт ордог. Тэгэхээр тэр хүнд хаана ямар ордтой баялагтай байна. Яавал түүний лицензийг авах вэ гэдэг мэдээлэл бий болдог. Тэр мэдээллийг авангуутаа амьдралаа сайжруулахын тулд гэр бүлдээ эсвэл хамаатан садангууддаа өгөөд байгаа явдлыг л олигархи гэж нэрлээд байгаа юм. Мэдээлэл авдаг хүмүүс чинь манай нийт иргэдийн нэг хувьд ч хүрэхгүй. Том Тавантолгойг 2.7 сая хүнд хувьцаа болгож өгнө гэж яриад байгаа нь зүгээр л мөрөөдөл болсон. Яагаад гэхээр бас нэг ордыг нь хэдэн хүн хөдөлгөж эхлээд Хонконгийн бирж дээр гаргасан. Тийм учраас мэдээллийг аваад өөрсдийгөө баян болгож байгаа зүйлийг л хэдхэн хүн авчихлаа гэж хэлээд байгаа юм.

-Хэрэв Засгийн газар зөв ажиллаж байсан бол Тавантолгой хэдийнэ ашиглалтад орсон байх ёстой гэдгийг та хэлсэн. Гэхдээ та гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд ажиллаж байсан шүү дээ?

-Төмөр зам гэдгийг би яриад байдаг юм биш. 2.7 сая хүнд өгөх гээд байгаа том Тавантолгойг альтернатив хэлбэрээр борлуулах, далай руу гаргах тухай ярьж байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөгжлийн бодлогыг УИХ баталсан ч Засгийн газар дээр очоод бүгд гацсан. Мэдэн будилсан байдалтайгаар гацаасан ч гэж хэлж болно. Олон удаа ярьсан учраас тэдгээр хүмүүс ойлгож байгаа байх. Хөгжлийн программ гэж байхгүй учраас хүмүүст бэлэн өгөх маягаар залхуу байдал руу оруулаад байгаа юм.

Түүнчлэн төмөр замыг барихын тулд манайд ямар ашигтай хувилбар байна. Түүгээр хийгээд л гаргана гэж 2010 онд баталсан.

Нэг талдаа хямд бол нөгөө талд үнэ хүргэж болно гэх маягаар. Гэтэл шинээр томилогдсон сайд нь Засгийн газраас үүрэг өгч Хуульзүйн яам руу саналаа өгөөд ерөөсөө ганц Хятад улс руу төмөр зам өгөхөөр бодлогоо өөрчилнө гэж байна гэсэн. Энэ бол гэмт хэрэг. Яагаад гэвэл маш том бодлого гараад Монгол Улсад хэрэгтэй байгаа зүйлийг зөвхөн өнөөдрөөр харж байна гэдэг бол жижигхэн ашиг сонирхлын зөрчил явж байгаа гэсэн үг.

-ҮЗХ-ны гишүүдийг ч мөн маш ихээр шүүмжилж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Заалыг хайрцаглах нийгмийг хайрцаглах хоёр тэс өөр ялгаатай. МоАХ бол нийгмийг төлөөлж хуралддаг. МАН-ын III хурлаас тэс өөр. МАН-ын бага хурал бол булган шубатай, жийп унасан хүмүүсийн ордонд цугларсан хурал байлаа. Тэдний хурал амьдралаас тасарчихсан байсан шүү дээ. Гэтэл манайх бол Монголын нийгмийг төлөөлөхүйц хурал болж байна.

-Хэрэв та бүхний хүсч байгаа сонгуулийн хувьсгал болохгүй бол?

-Нийгмийн баялаг хэдхэн хүний гарт орно гэдэг нь баян хоосны ялгааг асар их гаргаж ирнэ гэсэн үг. Баян хоосны ялгааг эргээд ямар зүйл рүү аваачдаг гэдгийг Ливийн жишээгээр хэллээ. Хэдхэн хүн үргэлжлүүлэн баяжаад байвал тэсрэлт болдог юм шүү гэдгийг харууллаа.

-Өнөөдрийн төр барьж байгаа хүмүүс алга болбол Монголын ардчилал сэргэнэ гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй л дээ. Хуучин бол архины мөнгөөр сонгууль хийдэг байсан бол одоо бол уул уурхай, газрын баялгийн мөнгөөр хийдэг болчихсон болохоор арилна гэхэд маш хэцүү. Тэгэхээр ард иргэдээ л уриалаад үзье. Түүнээс биш тэдгээр хүмүүс өөрсдөө ойлгоод яваад өгнө гэж байхгүй. Учир нь тэдгээр хүмүүс чинь асар их гэмт хэрэг хийчихсэн. Эргээд ардчиллын тал сонгуульд ялж төр засгийг бариад идсэн уусныг нь ил гаргаж тавихад их олон хүн дээлээ нөмөрнө дөө. Тэднийг алга болгох хамгийн ойрын хугацаа нь энэ сонгууль.

Нийтлэлч
Б.Даваа
Эх сурвалж
Монголын мэдээ

No comments:

Post a Comment