Tuesday 17 April 2012

Х.Баттулга:Ард түмнээ архи,тамхинд оруулчихаад та нарын төлөө ажиллаж байна гэвэл эндүүрэл

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа

УИХ-ын гишүүн Х.Баттулга Архи тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл өргөн бариад дэмжигдээгүй билээ. Тэрээр энэ удаа УИХ-ын бүх гишүүнд хандан хүсэлт илгээжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Санаачилсан хуулийн төслөө дэмжүүлэхийг хүсэж УИХ-ын гишүүдэд хүсэлт илгээсэн гэсэн?

-Тийм ээ. Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсад нэг хүнд жилд 28 литр архи ногдож, 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог болсон.нь өөр ямар ч улстай харьцуулшгүй өндөр үзүүлэлт. Энэ бол шийдвэрлэх ёстой нийгмийн чухал асуудал учраас УИХ-ын гишүүд дэмжинэ байх.

Ерөнхийдөө 5-6 гишүүнтэй хамт хуулийн төслөө өргөн баръя гээд.

Төр барилцаж буй гишүүдээс улс орны ирээдүй шалтгаална. Яах вэ, 2012 оны сонгуулиар бух зүйл дуусчихгүй. Дахиад сонгууль болно. Ядаж, дараагийн сонгуульд энэ саналаа оруулъя. ДЭМБ манай улсын таван хүний нэг нь архинд донтох эмгэгтэй болсон гэсэн судалгаа гаргасныг танилцуулсан шуу дээ. Үнэхээр архинаас болж нийгэмд ямар их хор хохирол учирч буйг жирийн иргэд хүртэл ярьдаг.

-Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл энэ хуулийн төсөл маань хүний эрх зөрчсөн болчих юм биш үү ч гэсэн тайлбарыг зарим хүн хэлж байсан?

-Манайхан хүний эрх зөрчлөө гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл гарч буй гэмт хэргийн 80 гаруй хувь нь архинаас үүдэлтэй. Би нэг тоо хэлье. Гэмт хэргийн 55.2 хувь нь хотод, 43.7 хувь нь хөдөө, орон нутагт гарсан нь манай улс хэрхэн архинд живж буйг харуулж байна. Өнөөдөр архины үйлдвэр манай улсад хамгийн их ашиг орлоготой ажилладаг. Зөвхөн нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 3682 аж ахуй нэгж байна. Архи уудаг хун гэр бүлдээ цаашлаад нийгэм, бусдынхаа эрх чөлөөнд дам байдлаар нөлөөлдөг. Яагаад үүнийг ярихгүй, зөвхөн хүний эрх гээд байгаа юм бэ. Архи, тамхи үйлдвэрлэдэг нь тэр бизнесээ л хийе, улс төрд орохгүй. Бусад улс орны парламентын туух ийм л байдаг шүү дээ.

-Тухайлбал?

-Жишээ нь, Япон гэхэд архи, тамхи, зэвсгийн наймаа зэрэг бохир зүйлээс сонгуульд мөнгө хандивлахыг хориглосон. Гэтэл манайд архи, тамхи сурталчилж болохгүй гээд хуульд нь заахаар далд хэлбэрээр сурталчилна. Үүнийг зогсоохгүй бол хэвлэл мэдээлэл тэдний гарт орлоо шүү дээ. Мөнгөтэй хүмүүс хэвлэл мэдээллийг барьчихаар нөгөө хэвлэн нийтлэх, хэвлэлийн эрх чөлөө нь бүгд хаагдмал болчихно. Наад зах нь, архи, тамхи үйлдвэрлэгч УИХ-д орж ирвэл эх үүсвэрээ яаж олсон бэ гэдэг нь ойлгомжтой болно шуу дээ. Манай улсын насанд хүрэгсдийн 55.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гээд бод доо. Архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12 мянган хун цаана нь бий гэж наркологийн судалгаагаар гарсан байна билээ. Гэтэл архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хун нас бардаг гэхээр ямар их хавтгайрсныг харуулж байна.

-Өмнө нь, УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцүүлээд хэд хэдэн удаа унасан шүү дээ. Шалтгаан нь юутай холбоотой Зайсан юм бэ?

-Тодорхой шүү дээ. Архи, тамхи үйлдвэрлэгчид УИХ-д орж ирээд дэмжүүлэхгүй байх бүх талын арга хэмжээг авсан. Бидний төсөөлснөөс ч илүү лобби явж байгаа. Тэр нь л харагдаж байна. Ямар ч хүний ухамсарт УИХ-д сонгогдсон хүн архи, тамхины эсрэг хуулийг санаачлаад явахгүй биз дээ. Санаачлаад явж байгаа нэгнийхээ хуулийн төслөөс татгалзаад оруулахгүй байна гэдэг ямар хэмжээний лоббинд орсныг тод харуулна. Хуульзүйн байнгын хороо гээд бүгдэд нь хэлэлцүүлэхгүй унасан шүү дээ. Ийм л харамсалтай дур зурагт бид орчихлоо.

-Таны хүсэлтэд УИХ-ын гишүүд хариугаа өгсөн үү?

-Ирэх байлгүй дээ. Ямар ч гэсэн хоёр хоногийн өмнөөс гишүүдэд ийм хууль санаачилсан юм, дэмжиж гарын үсгээ зураач гээд явуулсан. Дэмжигдээд орчих болов уу гэж найдаж байна.

-Ер нь, сонгуулийн хуульдаа ийм заалт оруулсан хэр олон улс орон байдаг юм бэ?

-Их олон орон бий. Ард түмнээ архи, тамхинд оруулчихаад та нарынхаа төлөө ажиллаж байна гэвэл эндүүрэл биз дээ. Өнөөдөр Орос, Украин, манайх хязгаарлаж чадаагүй л байна.

-Сонгууль ойртож байна. Цаг хугацааны хувьд оройтсон юм биш үү ?

-Мэдээж, одоо боломж байхгүй Би оруулах гээд бараагүй. Гол нь 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлээд энэ төрлийн бизнес эрхлэгчийг улс төрд оруулахгүй байх хэрэгтэй Яагаад гэвэл, Монгол Улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж. 75.5 сая литр импортолсон нь 2.7 сая хун амтай бидний хувьд 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж согтууруулах ундааны хэрэглээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг тэмдэглэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны эхний хуралдаанаар архидалттай хэрхэн тэмцэх асуудлыг авч хэлэлцэхээр зарласан шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүд эх орныхоо язгуур эрх ашгийг хамгаалан дэмжих байх гэж найдаж байна.

Нийтлэлч
Я.Төмөр
Эх сурвалж
Ардчилал сонин

No comments:

Post a Comment