Monday, 16 April 2012

Ш.Сайхансамбуу: Үймээн самууныг ялагдсан нам л зохион байгуулдаг

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа. Тэрбээр долдугаар сарын 1-ний хэрэг болон Монголын төрд гажуудаад байгаа зарим зүйлийн талаар бухимдангуй байсан юм.

-Сонгууль дөхөх тусам ард түмэн сэтгэлдээ ямар нэгэн айдас нуугаад байх шиг. Үнэндээ бол цагдаа, шүүх, прокурор гээд хуулийн байгууллагуудын дунд зөрчилдөөн гараад нийгмийг цочроож байна?


-Аль болгоноос айж амьдрах юм бэ. Айдас төрүүлэх эхлэлийг Монголын төр тавьсан биз. Ер нь айдасгүй, амгалан сууж улсаа хөгжүүлье гэвэл хуучин бурхинуудыг сонгохгүй байх хэрэгтэй. Дөрөв, таван удаа УИХ-д суучихсан, ажил явуулж өгдөггүй эднийг солиогүй цагт юм өөрчлөгдөнө гэж байхгүй.

-Ард түмэн шинэ хүнд төдийлөн итгэхгүй байгаа юм болов уу?


-Итгэж байгаа. Хамгийн гол нь сонгууль шударга бус яваад байгаа юм. Улстөрчдийн цусыг сэлбэх хэрэгтэй байна. Ардын нам, Ардчилсан намд мэдлэг боловсролтой улс төрд хөл тавиад энэ цөөхөн ард түмнийг аятайхан аваад явчих залуу хүн олон бий. Сонгуулийнхаа хуулийг сайн боловсруулж байж ард түмэн жинхэнэ төлөөллөө сонгоно. Гэтэл нэг хачин хууль баталчихаад асуудал болоод явж байна.

-Таны бодлоор ямар Сонгуулийн хуультай байх ёстой вэ?


-Сонгуулийн тухай хуульд би анхнаасаа эсрэг санал өгч ирсэн. Миний бодлоор Монгол Улсыг ганцхан тойрогтой болгоод жинхэнэ тас үзэх ёстой. Хэн нь хэн бэ гэдгийг Монголын ард түмэн мэдэх болно. Энэ бол шударга өрсөлдөөн. Гэтэл холимог гээд сонин хууль баталчихсан.

-УИХ, орон нутгийн сонгуулийг цуг явуулах эсэх тал дээр хаваржингаа л маргалаа. Танай нам боломжгүй гэж үзээд байгаа. Харин та юу гэж бодож байна?


-Хуучин бол хамт явж болж байсан. Яагаад гэхээр тэр үед чинь сонголт хийх боломжгүй байсан. Өрсөлдөгч байхгүй. Гурван хүний нэр ирээд л түүнийг нь нугалаад хийчихнэ. Харин одоо сонголт олонтой учир ямар ч боломж байхгүй. УИХ-ын гишүүн, орон нутгийн төлөөлөгч гээд толгой нь эргэнэ. Хэрвээ ирэх сонгууль хамтдаа явах юм бол жинхэнэ бантан болно. Ялагдсан нам жагсаал цуглаан хийнэ. Дахиад долдугаар сарын 1 болохгүй гэсэн баталгаа алга болно. Ер нь үймээн самууныг ялагдал хүлээсэн намын нөхөд л зохион байгуулдаг. Түүнээс иргэд сонгуулийн саналыг шударга бус гэж хянаад байддаггүй юм.

-Өнгөрсөн долдугаар сарын 1-нийг та хэлээд байна даа, тийм үү?


-Цагдаагийн байгууллага улаан утас татаад үүний цаана жагсаалаа хий гэж хэлсэн. Гэтэл утсан доогуур нь өөрөө шургаж олон хүнийг золиосонд дуудчихаад буруугүй мэт яриад явж болохгүй. Мах комбинатад мал нядлахад манлайлж ордог хэдэн үхэр, адуу байдаг. Тэднийг орохоор мэдэхгүй мал араас нь дагаад нядлуулдаг байлаа. Манлайлж орсон мал өөр тийшээ гараад явчихдаг. Яг тийм зүйл болсон. Уриалан дуудсан хүмүүс нь дайрч ороод хоёр байшингийн дундуур гүйгээд гараад явчихсан. Бичлэг нь байгаа шүү дээ. Үүнийг шийдэж чадахгүй төр байгаад яах билээ.

-Цагдаа нарыг буруутгаж байна л даа. Энэ нь хэр зөв юм бэ?


-Тэд ажлаа хийж явсан. Ардчилал хөгжсөн оронд ажил хариуцаж байгаа хүнийг яллахыг боддоггүй. Лондонгийн цагдаагийн даргыг ажлаас нь халаад иран залууг буудсан гэж ял оноож байсан. Гэтэл тэр дарга нь буудаагүй. Манайд энэ үйл явдал давтагдах гэж байна. Үймээн самууныг өндөр албан тушаалтай хүмүүс удирдаж байсан. Гэтэл байлдааны суманд таван хүн амиа алдсан. Хэн тэр таван хүнийг буудсан бэ гэдэг хамгийн гол зүйл юм. Цагдаагийн дарга нарыг би хүн буудсан гэж ойлгохгүй байгаа. Олон жил хуулийн байгууллагад ажилласан хүмүүс тийм алдаа гаргахгүй. Тийм их туршлагатай хүмүүс хүн бууд гэсэн тушаал өгөөгүй нь ойлгомжтой. Эцсийн шийдвэрийг шүүх л гаргана. Түүнээс Ерөнхийлөгч шийддэг юм биш. Шүүхэд хөндлөнгөөс дэндүү их нөлөөлж байна. Би ч хавчигдаж шүүхдэж явсан. Ингэдэггүй л юм билээ. Шүүгч тогтоол уншлаа бол хорих газар руугаа явдаг. Намайг шүүхдэж байхад “Астам хөдлөөд бие муу байна. Эм авмаар байна” гэхэд “битгий хуц” гээд Ганц руу ачиж байсан. Ийм хууль тогтоох байгууллага байгаад ч яадаг юм.

-Прокурорын толгойд улс төрийн намын томоохон лидер байгаа болохоор асуудлыг улстөржүүлээд байгаа юм болов уу?


-Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Д.Дорлигжавыг сонгосон. Тийм болохоор Ерөнхийлөгчтэй л ярих юм. Ер нь хуулийн байгууллага улс төржих нь хамгийн ноцтой. Улс төржсөн хүний буруугаас гэмгүй хүн шоронд орж болохгүй биз дээ. Хүний хор хонзонгоор “аавынд” байх чинь аймшиг шүү дээ. Цагдаагийн удирдлага Ерөнхий сайдын томилгоо, шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг Ерөнхийлөгч томилдог. Энэ бол манай тогтолцооны гажиг юм. Үүнийг ярихаар Үндсэн хууль руугаа орчихдог. Маш муу Үндсэн хуультай. Түүнийгээ хамгаалахыг нь яана. Үндсэн хууль баталсан хүмүүс байр авч байх жишээтэй. Ийм завхарсан улс. Үүргээ биелүүлээд 1992 онд Үндсэн хуулийг баталсан л биз дээ. Төрөөс юм авах, ой далимдуулж одон медаль хүртэх хүсэлтэй болчихсон. Гэтэл тэдний лайг өнөөдөр ард түмэн үүрч байна. Зах зээл, эдийн засаг гэж мэдэхгүй ямар ч соёлгүй хэдэн бүдүүлэг нөхөр л утгагүй Үндсэн хууль баталсан. Үүнийг учир мэдэх томоохон хуульчид нь зөвшөөрдөг. Гэтэл өнөөдөр нэг их мундаг хууль хийсэн юм шиг байр аваад байх юм.

-Нийгэмд маш том маргаан дэгдээдэг асуудал бий. Гэтэл хэсэг хугацааны дараа хариуцлага хүлээсэн хүн байдаггүй?


-Шог гараа шиг л зүйл Монголын улс төрд болох юм даа. Энэ цагдаагийн дарга нарын хэрэг ч гэсэн тэгсхийгээд алга болно. Ерөнхийлөгч шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг томилно гэдэг чинь хуулийн байгууллагыг гартаа оруулна гэсэн үг. Тэр хэмжээгүй эрх мэдлээс болж өнөөдрийн болж бүтэхгүй асуудлын үндэс гараад байгаа юм. Үндсэн хуулийн хямралыг л янзлах ёстой.

-Ер нь та засаглалын хэлбэрийг өөрчлөхийг хүсээд байгаа юмаа даа?


-Зөв тогтолцоог л хүсч байна. Гурван толгойтой улс дэлхийд Монголоос өөр байхгүй. Энэ улсыг хөгжүүлье гэвэл төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Монголын ард түмэн, улс хөгжихгүй бол ганцхан Ерөнхийлөгчтэйгөө ярьдаг болъё. Нэг бол хоёр танхимтай парламентыг бий болгоод дээд танхим нь Ерөнхийлөгч, хууль, шүүхийн дарга нараа сонгодог болъё.

-Долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор Ж.Батзандан, О.Магнай нарт хариуцлага тооцсон боловч өршөөлд хамруулсан. Гэтэл яагаад цагдаа нарын хэргийг дахин сөхөх болов. Энэ талаар та юу хэлэх вэ?


-Өршөөлд хамрагдсан хэргийг прокурор сэргээдэг. Яагаад тэдний хэргийг сэргээхгүй байгаа юм бол гэдэг хачирхалтай. Гэтэл манай “SS” клубт болсон хордлогын хэргийг дахиад сэргээсэн. Уг нь Өршөөлийн хуульд хамрагдсан юм. Хоолны хордлого болсон хэргийг сэргээсэн мөртлөө, ард түмнийг цочроосон үймээн самууныг зохион байгуулсан хүмүүс нь УИХ-д нэр дэвшинэ гээд явж байх юм. Ийм прокурорын байгууллагатай, хуультай байна. Хуулийн байгууллагад шударга зүйл гэж байхгүй болсон. Энэ бүгдийг шийдэх удирдагч Монголд хэрэгтэй байна. Шударга Ерөнхийлөгч хэрэгтэй байна.

-Манай Ерөнхийлөгч шударга байцгаая гэж гарч ирсэн?


-Тэгж хэн ч ярьж чадна. Хамгийн гол нь түүнийгээ хийдэг хүн Монголд хэрэгтэй байна. Зоригтой удирдагч алга. Дандаа худлаа ярьдаг. Уран цэцэн үгээр уяраасан ийм улстөрчдөөр Төрийн ордон дүүрээд байна. Зориуд цоорхой хууль хийгээд түүгээрээ өөрсдөө хувийн ажлаа амжуулдаг. Тийм учраас Үндсэн хуулиа өөрчилье гэж орилоод байгаа минь энэ.

-Хэн, хэзээ өөрчлөх вэ?


-Монголын ард түмэн мэднэ. Дахиад завхарсан улстөрчдийг сонгоод байх юм бол өөрсдөө л зовно. Энэ парламент бол хэзээ ч өөрчилж чадахгүй. Хүсэх ч үгүй. Монгол Улсыг хөгжүүлэх Үндсэн хуулийг эд хийж чадахгүй. Хууль гаргаад хэрэгжихгүй. Хуулиа зөрчсөн хүнтэй арга хэмжээ тооцохгүй. Монголд ганц бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй байна. УИХ-ын архивын зургийг харахаар уур хүрдэг. Хар толгойтой УИХ-д ирсэн хүн дун цагаан толгойтой болтлоо энд сууж байна. Үүнийг л өөрчилмөөр байна.

Эх сурвалж
top.mn

No comments:

Post a Comment