Monday, 16 April 2012

Ш.Сайхансамбуу: Нуугдсан хулгайч, луйварчид шиг аар саархан зүйлд тарааж цацаагүй


-Таныг өмнөх сонгуулиар амалсан зүйлээ хэрэгжүүлэхгүй тойргийнхноосоо бултаж байна гэсэн мэдээлэл гарч байна. Тийм үү?


- Би жижиг зүйлээр хөөцөлддөггүй. Намайг УИХ-ын гишүүнээр сонсогдсоны дараа манай хоёр хүүхдийг зөндөө муулж бичсэн. Намайг архи уудаг гэж баахан бичиж харлуулах гэж оролдсон доо. Одоо сонгууль дөхөөд ирэхээр зарим нэг хэвлэлээр захиалгаар бичиж эхэлж байна.Би тойргийнхноосоо зугтах байтугай хэлэх үгтэй, хийсэн ажилтай болохоороо нүүр бардам уулздаг. Одоо тойрог руу явах гэж байна. Хаврын чуулган хүртэл Завхан аймгийн бүх сумдаар явж уулзалт хийнэ ээ. Өрсөлдөгч нар маань л ийм явуургүй арга хэрэглээд байгаа хэрэг.

- Завхан аймагт нэг намаас хоёр хүн л нэр дэвшинэ. Мандатын тоо цөөрсөн учраас өрсөлдөөн ихтэй байх шиг байна?


- Завхан аймагт манай намаас 2008 оны сонгуулиар би, Д.Оюунхорол, Д.Балдан-Очир нар дэвжиж парламентад сонгогдсон. Ирэх сонгуулиар манай намаас бид гурвын хоёрыг нь нэр дэвшүүлэх байх. Харин АН-аас аймгийн засаг дарга Я. Санжмятав өрсөлдөх нь баараггүй. Мөн Хаан банкны захирал Батсайхан, Шуудан банкны захирал Нарантуяа зэрэг хүмүүсийн нэр дуулдаж байна лээ.

- Та тойрогтоо амласан ажлаа биелүүлээгүй юм уу?


- Би биелүүлсэн. Тосонцэнгэлийн 2-р арван жилийн сургуулийг шинэ байртай болгоё гэж ярьсан. Гэтэл 1-р арван жилийг шинэ байртай болгож байгаа, нэг суманд хоёр арван жил барихгүй гэсэн. Тэгээд барих боломжгүй болсон. Мөн Улиастай хотын 2-р арван жилийн сургуулийн байрыг шинээр барина. Газрын асуудлыг шийдсэн байгаа. Намайг гурилын үйлдвэр бариагүй, тариа будаа тариагүй гэж бичсэн байна лээ. Тэр хүмүүсийг Завхан аймагт очоод нүдээрээ очиж хар гэж хэлмээр байна. Өнөөдөр Завхан аймгийн 23 сум, Улиастай хотын иргэд “Өгөөмөр” гэдэг гурил идэж байгаа. Энэ гурилын үйлдвэрийг өөрийнхөө хөрөнгөөр барьж байгуулан нутгийн хүмүүсийг холоос тээвэрлэж ирсэн үнэтэй гурил биш нутгийнхаа хөрсөнд ургасан буудайгаар хийсэн гурил хэрэглэх боломжийг олгосон. Тариалалт ч, гурилын үйлдвэрлэл ч сайн явж байгаа. Намайг харлуулах гэж худлаа гүтгэж, захиалгынх нь хар пиар юм байгаа биз. Үүнийг хэн бичүүлээд байгааг нь ч мэдэж байна.

- Хэн юм бэ. Нэрийг нь хэлж болохгүй юу?


-Сонгуульд өрсөлдөхийг зорьж байгаа нөхдүүдийн нэг л биз.Би бараг мэдэж байна даа.Хүнийхээс илүү өөрийнх нь балбаад байдаг шүү дээ.

-Танай намын хүмүүсээс гэж үү?


-Манай намын хүмүүс ярьж бичүүлж байгаа гэдгийг мэдэж байгаа.Сонгууль дөхөхөөр тууз хайчилсан, төр засгийн ямар нэгэн үйл ажиллагаанд гүйж очиж оролцон, малийтлаа инээж дүр эсгэдэг нөхдүүдийн үнэн дүр төрхийг би мэднэ ээ. Тэр нөхдүүд чинь аймаг ,сумын наадам болохоор гүйгээд оччихно. Саяхан сайн малчны шагнал гардуулах болоход Засгийн газрын гишүүдтэй булаацалдаад би гардуулна гээд хөгөө чирж байгаа байхгүй юу даа. Цөөн хүнтэй суманд биш олон айл өрхтэй суманд очиж шагнал гардуулна гэж гүйсэн байгаа юм. Засгийн газрын гишүүн л шагналыг нь гардуулна биз. УИХ-ын гишүүн булаацалдаж түүнийгээ телевизээр гаргаж хүмүүст таалагдах гээд л. Ер нь сонгогчид ингэж хэлбэр хөөдөг нөхдийг биш бодитой ажил хийж байгаа хүмүүсээ сонгох хэрэгтэй.

- Ер нь нэг намынхан дотроо хоорондоо өрсөлдөөд байгаа юм уу?


- 2008 оны сонгуулиар ийм асуудал гарч байсан. Одоо бол мандатын тоо нь цөөрсөн болохоор эхлээд дотроосоо бие биенээ бичиж байна. Ардчилсан нам ч гэсэн энэ зовлонг дайраад гарч байна. Аймгийн засаг дарга хуулиар олгогдсон ажлаа хийх ёстой. Үүрэгт ажлаа хийж байгаа атлаа мундаг их зүйл хийчихсэн юм шиг пиардах нь дэндэж байна. Үүнийг аймаг, сумын иргэд мэдэж байгаа. Үнэн худлаа ярьж шоу хийж байгаа хүмүүстэй сонгогчид тэмцэх ёстой. Аймгийн засаг дарга ч, УИХ-ын гишүүн ч хийх ёстой ажлаа л хийх хэрэгтэй. Сонгогчид гишүүдээс гурван тэрбум төгрөгөө яасан бэ гэдэгт хариулт авах хэрэгтэй.

- Та тэр мөнгөө юунд зарцуулсан бэ?


- Би Тосонцэнгэлд 500 хүний суудалтай театрын байр барихад зарцуулсан. Энэ жил ашиглалтад орох гэж байна. Энэ барилга 50 жил ашиглагдана гэж бодож байна. Намын нэрэн доор нуугдсан хулгайч, луйварчид шиг аар саархан зүйлд тарааж цацан үрээгүй. Зарим нь энэ мөнгийг төрийн байгууллага шалгахад бэрхшээлтэй болтол нь хувааж байрлуулсан байгаа юм. Гишүүн бүрээс энэ мөнгийг юунд зарцуулсныг нь асуух хэрэгтэй. Төрийн мөнгөөр гараа угаасан луйварчдыг сонгож болохгүй гэдгийг хэлмээр байна.

- Та сонгуулиар амалсан амлалтаа биелүүлэх гэж маш их хөрөнгө оруулж гурилын үйлдвэр байгуулсан гэл үү?


- Үүнийг манай Завхан аймгийнхан сайн мэднэ дээ.Би худлаа ярих дургүй. Бас дөвийлгөж сайрхаж пиардах сонирхол ч үгүй. Манай сонгогчид энэ хүн юу хийсэн бэ гэдгийг хэлээд өгнө. Ямар үнэтэй гурил хэрэглэж байгаа гэдгийг ч мэддэг болохоор өөрийгөө өмөөрч олон долоон зүйл яриад байх хэрэггүй ээ.

- УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барихад Сайхансамбуу ,Чойжилсүрэн нар нэг тэрбум, Дамба-очир 500 сая төгрөг хандивласан гэж нэр цохож мэдэгдэл хийсэн. Та тийм их мөнгө бэлэглэсэн юм уу?


- Бага хурал дээр шиг санаж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга У. Хүрэлсүх намын байр барихад мөнгө хандивласан хүмүүсийг нэрлэж баяр хүргэсэн юм. Тэрбум төгрөг өгсөн хүмүүсээ эхэлж нэрлээд, дараагаар нь Ш.Сайхансамбуу бас хандив өгсөн гээд уншчихсан. Тэгээд л намайг тэрбум төгрөг хандивласан гэж ойлгосон юм байлгүй. Би тийм мөнгө өгөөгүй л дээ. Гэхдээ тодорхой хандив өгч байснаа нуухгүй ээ. Улс төрчдийг ингэж мөнгө идсэн байна гэдэг бол намайг тэдэн төгрөг өгсөн, хандивласан байна гэх юм аа.

Эх сурвалж
Times.mn

No comments:

Post a Comment