УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Б.Очирбаттай Жендэрийн тухай, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар ярилцсан юм.
-Үе үеийн парламент дамжин 16 жил чанагдсан Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль батлагдлаа. Хууль хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийг хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. 2016 он хүртэл хуулийн зарим заалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хууль батлагдсанаар хүйсийн тэнцвэрт байдлыг хангах юм. Хууль чанартай болсон гэж бодож байгаа. Дөрвөн ч парламент дамжин олон ч гишүүний санаа бодлыг тусгасан.-Хууль энэ олон жил гацах болсон шалтгаан нь ганц сонгуулийн квотын асуудал уу?
-Шалтгаан нь улс төрийн намуудын сонгуулийн квотын асуудал байсан. Нам, улс төр доторх квотын эрх тэгш байдлыг хангахад чиглэгдсэн заалт нэлээд маргаан үүсгэж, хуулийг гацахад хүргэсэн. Гэхдээ ямар ч байсан байнгын хороо, ажлын хэсгээр хуулийн төслийг хэлэлцээд олон ч салбарын квотын асуудлыг шийдвэрлэсэн. Эр, эм хүйсийн харьцааны асуудлыг 40:60 байхаар тусгасан.-Сонгуулийн квотын асуудлыг хэрхэн тусгах вэ. Мэдээж, ажлын хэсэг дээр хэд хэдэн санал яригдсан байх?
-Энэ асуудал нэлээд маргаантай байсан. Энэхүү маргаантай асуудлыг Сонгуулийн тухай хууль батлагдсаны "даргаар шийдвэрлэхээр болж хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоо хэрхэн гарахаас хамаарч энэхүү заалт батлагдах учиртай. Өнөөдрийн байдлаар хуулиа хэлэлцэж эхлээгүй байгаа тохиолдолд сонгуулийн квотын асуудлыг тавих боломжгүй гэж үзсэн.-Боловсрол, эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн хэт давамгай. Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтан, багш, сурган хүмүүжүүлэгч нарын 83 хувь нь эмэгтэй байна. Нэг үгээр эмэгтэй хүйс нь хэт давамгайлсан байдалтай. Иймээс хуульд дээд тал нь 40 хувьд нь эрэгтэй багш, сурган хүмүүжүүлэгчид байх заалт оруулсан.-Тэгэхээр 83 хувийг нь эзэлж буй эмэгтэйчүүдийг 60 хувьд зангидахын тулд ажлаас нь хална гэсэн үг үү. Эсвэл өөр ажилд оруулах уу. Үүнийг ямар аргаар зохицуулна гэсэн үг вэ?
-Ийм асуудалтай тулгарч, нэлээд удаан хугацаанд тал бүрээс нь хэлэлцсэн. Үнэхээр 20 гаруй хувийн эмэгтэйчүүдийн төлөөллийг хасах уу гэх асуулт гарч буй. Тэгэхээр Засгийн газрыг 2016 он хүртэл сургалтандаа эрэгтэй боловсон хүчин бэлтгэх чиглэл өгч байгаа юм. Эрэгтэй захирал, багш сурган хүмүүжүүлэгчдийн түлхүү бэлтгэхэд дэмжих. Үүнд нь салбарын яам нь ч дэмжлэг үзүүлэх юм.-Гэхдээ эдгээр салбарт эмэгтэйчүүдийг нэг хэсэгтээ бэлдэхгүй нь гэж ойлгож болох уу?
-Хууль өнөөдрөөс автоматаар хэрэгжээд явна гэсэн үг биш. Хуульд заасан тэр квотыг хангах чиглэлийн дагуу л ажиллана. Түүнээс биш шууд эмэгтэй багш нарыг бэлтгэхгүй гэж хэлж болохгүй. Хууль 2016 он хүртэл үе шаттайгаар л хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, зарим хүнийг ажилтай болгох, ажилгүй болгох асуудал өнөөдөр яригдахгүй.-Дэлхийн бусад оронд Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг хэрхэн баталсан байдаг юм бол?
-Дэлхийн бусад оронд ч мөн ялгаагүй ийм хуультай. Гэхдээ манай улс тэдэнтэй адилгүй. Манай улс Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг хангаж явахын тулд анхан шатнаас нь үндэс сууриа тавих юм. Улмаар дээшээгээ пирамид хэлбэрээр шат шатанд нь энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах учиртай. Жишээ нь, аймаг, сум, хороодын дунд 40 хувийн квот, дээшлээд хэлтэс салбарууд яамдын квот 15-25 хувь, Засгийн газрын түвшинд 15 хувь байхаар хуульчилсан.-Саяхан Герман улсад туршлага судлаад ирсэн байх аа. Аяны богцоо задлахгүй юу?
-Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж буй. Байнгын хорооноос ажлын хэсэг гарч таван хүний бүрэлдэхүүнтэй Герман улсад дээрх чиглэлээр туршлага солилцоод ирлээ. Герман улс Висмаркийн онолын дагуу 100 гаруй жилийн өмнө эрүүл мэнд болон даатгалын тогтолцоогоо шинэчилсэн орон. Энэ олон жил чанагдаж, туршлагажсан улсаас авах юм их байна лээ. Эрүүл мэндийн даатгалын санг дангаар нь бие даалгах хэрэгтэй юм. Улмаар хэн нэгэн сайд, эрх мэдэлтний гар тэрхүү санд хүрэхээргүйгээр эрх зүйн орчин бүрдүүлж өгөх нь чухал. Иймээс энэ тогтолцоог хэрэгжүүлэхээр хуулийн төсөл дээрээ ажиллаж байна.-Хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэгдэж, батлагдах уу?
-Тиймээ. Хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэгдэж, батлагдах учиртай. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгаснаар иргэд өөрсдөө эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй авах боломж нь бий болно. Мөн эрүүл мэндийн байгууллагаа иргэн өөрөө сонгох эрх нь нээгдэх юм. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын бие даасан агентлаг, статустай байгууллага бий болсноор иргэнийхээ эрүүл мэндэд хэр анхаарлаа хандуулж, чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, албан байгууллагаас худалдан авдаг тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Нөгөө утгаараа, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалтай болно. Энэ даатгалаараа анхан шатны тусламж, үйлчилгээг үнэгүй авах юм. Цаашлаад Эрүүл мэндийн даатгалын сан бэхжиж сангийн хуримтлал үүссэнээр бусад үйлчилгээг ч үнэгүй авах эрх зүйн орчин бий болно.-Өнөөдрийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо тавд хэр санагддаг вэ?
-Харамсалтай нь өнөөдөр эрүүл мэндийн тогтолцоо санасан хэмжээнд хүрэхгүй байгаа гэдэгтэй санал нийлнэ. Иргэнийхээ эрүүл мэндийг хангалттай хэмжээнд хамгаалж чаддаггүй. Иргэд цалингаасаа Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гэвч эргээд ашиг, тусыг нь мэдэрдэггүй.-Тэгвэл энэхүү хууль батлагдсанаар ямархуу томоохон өөрчлөлтүүд гарах вэ?
-Хууль батлагдсанаар нэлээд өөрчлөлтүүд гарна. Эмч нарыг үнэлгээ, үнэлэмжтэй болгоно. Анхан шатандаа ажиллаж байгаа Эрүүл мэндийн байгууллагууд хэр сайн ажиллаж байгаагаараа санхүүжнэ. Мөн тэр хэмжээгээрээ ашиг орлоготой байх боломж бүрдэнэ. Мөн чанаргүй, замбараагүй эмийн худалдааг нэг мөр цэгцэлнэ. Анагаах ухаанд мөрдөгдөж буй олон төрлийн өвчинд стандарт тогтооно. Тэр стандартын дагуу дүүрэг, аймаг, нийслэлийн эмнэлэг шат шатандаа нэг хэм хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болно.-Ёс зүйгээ алдсан эмч нарт хэрхэн хариуцлага тооцох талаар хуульд тусгагдаж байгаа юу. Өнөөдөр эмч нар набор, бууз, эсвэл мөнгө авч байж л хөдөлдөг болсон гэдэгтэй та санал нийлэх үү. Та ч гэсэн эмч хүн шүү дээ?
-Би тиймэрхүү үгнүүдэд үнэхээр эмзэглэж явдаг. Өнөөдөр иргэн намайг эрүүл болгосонд баярлалаа гэж набор өгчхөөд маргааш нь эмч нар авилга авдаг гаж ярих тохиол-дол бий. Би үүнийг гайхдаг. Гадныханд эмнэлэгт очих болохоороо танил талаа хайх үзэгдэл огт байдаггүй. Тэгвэл манайх ч гэсэн яагаад ийм байж болохгүй гэж.-Өнөөдөр иргэн эмнэлэгт хэвтэхийн тулд хэдэн сараар хүлээдэг. Гэтэл сайд, дарга нар бүр эмнэлэгийн нэг давхрыг нь шахуу хөлслөөд тохижуулчихсан, дуртай цагтаа хэвтэж байна. Иймэрхүү шударга бус тогтолцоог халах боломж нь хэр байдаг юм бэ?
-Бүх иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах юм. Ингэснээр даатгалд хамрагдсан хүн бүр эрх тэгш үйлчлүүлнэ. Өндөр цалин, орлоготой хүмүүс эрүүл мэндийн нэмэлт даатгалд хамрагдах эрхийг нь нээгээд өгчихнө. Ингэснээр илүү үйлчилгээ аваад явах боломжтой. Түүнээс биш шууд бүгдийг нь хаачхаж болохгүй.
Л.Нинжсэмжид
Нийгмийн толь
2011 оны 3-р сарын 01, Мягмар гариг
No comments:
Post a Comment